Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2018/0507

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 114/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 114/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр: Монгол Улсын үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийг хэрэглээгүйн улмаас хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.А-ын гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “маргаан бүхий захирамжаар Б.А-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон учраас Д.А нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар тус захирамжтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны актын бичилтийн алдааг засуулах хүсэлтээ захиргааны байгууллагад гаргах байсан” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Д.А-ын Дархан-Уул аймгийн Засаг даргад хандаж гаргасан “2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд газар эзэмших” хүсэлтийн дагуу гарсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/135 дугаар захирамжид Д.А-ын овгийн эхний үсэг Б.А гэж бичигдсэн байна.

Улмаар газар эзэмших эрх олгосон дээрх А/135 дугаар захирамжийг үндэслэн иргэн Д.А-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000556068 дугаартай гэрчилгээ олгогдож, нэгж талбарын 4506102569 дугаар бүхий 680 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулжээ.

Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 дүгээр захирамжаар дээрх газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийн Б.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон боловч бодит байдал дээр Д.А-ын  4506102569 дугаар бүхий 680 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, харин шүүх маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчид хамааралгүй, түүнд чиглээгүй болох нь илт тодорхойгоос бусад тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст дүгнэлт өгч маргааныг хянан шийдвэрлэх ба энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Д.А-ын газар эзэмших эрх зөрчигдсөн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байна

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад хандан Д.А-ын газар эзэмших эрхийг сэргээх, маргаан бүхий захирамж хүчинтэй эсэхийг тодруулах хүсэлтийг гаргасан байх ба Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/135, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжуудын бичилтийн алдаанд хариуцагч өөрөө засвар оруулах эрхтэй, уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй атлаа “нэхэмжлэгчээс захирамжид засвар оруулах талаар хүсэлт гаргаагүй” гэх гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 114/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

    ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

    ШҮҮГЧ                                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН