Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 226/МА2019/00021

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр          Дугаар 226/МА2019/00021                               Хэрлэн сум

 

  С-ын хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

 

226/2019/00021/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Отгонзаяа,   

Прокурор Д.Энхжаргал,   

Хүсэлт гаргагч С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарыг оролцуулан,

            Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2019/00470 дугаар шийдвэртэй,  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80000000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч С-ын давж заалдах гомдлоор 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1934 онд Б-н Д гэдэг хүний 3 дах хүү болж төрсөн. Миний эцэг Д нь 1937 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаартай хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж буудан хороогдож нас барсан. Тэр цагаас хойш бид өнчирч хүнд хэцүү цаг үеийг туулсан. Бидний ээж М 1981 онд нас барсан. Ах дүү нар маань ч гэсэн цагийн эрхэнд нас барцгаасан. Аавыг маань Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн магадлалаар цагаатгасан.

            Намайг төрөхөд С гэдэг нэр өгсөн бөгөөд хүн амын тооллогоор монгол бичгийн алдаа гарч бүртгэлд Сүхцэдэн гэж бичсэн байсан. Ингээд сургуульд орохдоо С гэдэг нэрээр бүртгүүлсэн. Иргэний үнэмлэхээ авахдаа С гэдэг нэрээр авсан. Миний албан ёсны нэр бол С юм.

          Хэнтий аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 420 дугаартай шийдвэрээр намайг Д-н төрсөн хүү мөн болохыг  тогтоосон. Иймд  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор  80000000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-н Д нь 1937 оны 11 дүгээр 01-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан 1937 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Д-н төрсөн хүү болох миний өвөө С нь  1937 онд аавыгаа баривчлагдаад явахад  ээж, эгч, хоёр эрэгтэй дүүгийн хамт үлдсэн. Тухайн үед 900 төгрөгийн эд хөрөнгө, 1 богийн хамт хурааж явсан гэж ярьдаг. Миний өвөө С нь хэлмэгдэгч Д-н төрсөн хүүхэд мөн бөгөөд хэлмэгдлийн хор хохирлыг нь өөрийн биеэр амссан хүн юм. Иймд  нөхөх олговор 80000000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

            Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5/3223 дугаартай лавлагаанаас харахад Б-н Д нь улс төрийн хэрэгт хэлмэгдэж ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн хэдий ч гэр, орон сууц хураалгасан тухай баримт байдаггүй, нэг бод, гэрийн эд зүйлсийг хураалгасан байдаг. Д-н хувьд гэр, орон сууцаа хураалгасан талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй тул нөхөх олговрын 80000000 төгрөгийг олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 470 дугаартай шийдвэрээр: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан С-ын нөхөх олговор 80000000 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 168.1.7 “...энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Манай эцэг Б-н Д нь эхнэр, 4 хүүхдийн хамт одоогийн Биндэр сумын нутаг, тухайн үеийн “Хурхын боомтын гурван хавцлын ар” гэх газарт нутаглаж байхад нь хэсгийн төлөөлөгч, орон нутгийн нэг хүнтэй ирж аавыг маань барьж явсан гэж байдаг. Тухайн үед өвлийн 11 сар өнгөрч, гадаа их хүйтэрч байсан бөгөөд ээж маань 4 нялх хүүхэдтэй өнчирч үлдсэн болохоор гэрийг нь хураагаагүй, авдар дотроос дээл, хувцас, эрдэнэсийн зүйлсээс бүтсэн эрх, цан, хэнгэрэг, бүрээ, бишгүүр, 1 бод, 900 төгрөгийг хурааж явсан байдаг.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөх олговор олгох хэргийг шийдвэрлэхэд бүрдүүлбэрийг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлэх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “...хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага ...нууцтай холбоотой, өөр орон нутагт байгаа учраас тэдгээрийг олж авах боломжгүй ...тохиолдолд ...шүүх бүрдүүлнэ” гэж заасан байна.

Миний бие 85 настай, хараа, сонсгол муутай, хэдийгээр би өөрөө шүүхэд хандаж, өөрийн асуудлыг шийдвэрлүүлж байгаа хэдий ч шүүхээс надад энэрэнгүй хандаж дээрх хуулийн заалтын дагуу эцгийг минь цаазлуулснаас хойш ээж маань гэрээ хураалгасан эсэхийг шалгаж өгөх боломжтой байсан гэж бодож байна. Улс төрийн буруутай үйл явдлаас болж гэмгүй хүний амь нас хохирчихоод байхад  прокурор зөвхөн гэр хураалгасан байх шаардлагатай гэж  яриад байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нөхөх олговор болох 80000000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай магадлалд нэр бүхий 16 хүнийг буудан алах ялаар шийтгэж, хөрөнгийг нь хураасан талаар дурдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолыг нэг бүрчлэн тайлбарлаж цагаатгажээ. Анхан шатны шүүх хөрөнгө хураалгасан талаар баримт байхгүй гэж үзсэн боловч хөрөнгө гэдэг ойлголт нь өргөн цар хүрээг хамаардаг тул гэр, орон байрыг хураасан гэж үзэж болохоор байна. БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай магадлалыг үндэслэж тухайн үед Д-н гэрийг хураасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, С-ад нөхөх олговрын 80000000 төгрөгийг олгож өгнө үү гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

С нь ”Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор  80000000 төгрөгийг гаргуулах” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алах ялаар шийтгэгдэж, цагаатгагдсан нь БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Үнэмлэх, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 05/3223 тоот лавлагаа, хүсэлт гаргагч С нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б-н төрсөн хүүхэд болох нь Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 420 дугаар шийдвэр,  Үндэсний төв архивын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03-2/1750, 03-2/1751 тоот лавлагаа, Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 05/003464 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Мөн “Зууны мэдээ” сонины 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 132/6099 дугаарт Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах тухай улсын комиссоос нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад хэлмэгдэгч Д-н хүүхэд С-ын нэр нийтэд зарлагджээ /хх-ийн 14 хуудас/.

           Хэлмэгдэгч Д-н нэр дээр байр орон сууцны дэмжлэг аваагүй болохыг тодорхойлсон Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 10 тоот албан бичиг, мөн Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 12 сарын 10 ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор буудан алах, хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн, 1938 онд “гэр 1, бод мал 1, 900 төгрөг...” зэрэг хөрөнгөтэй байсан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 5 дугаар сарын 14-ний 05/3223 дугаартай архивын лавлагаа зэргээс үзэхэд С-ад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80000000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “...80000000 төгрөгийн нөхөх олговрыг...” цаазаар авах ялаар хэлмэгдэгч шийтгүүлсэн, хэлмэгдэгчийн эхнэр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд, урьд нь орон сууц аваагүй нөхцөлд олгохоор хуульчилсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.           

         Иймд С-ын давж заалдах гомдлыг хангаж,  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.      

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 156/ШШ2019/00470 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1-т заасныг баримтлан нөхөх олговрын 80000000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-23 тоотод оршин суух,  Х овогт М-н С-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар С нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.