Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0125

 

П.Д-н нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч П.Д-н гаргасан давж заалдах гомдлоор, П.Д-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-н Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Д давж заалдах гомдолдоо: “Миний бие 2017 онд сумын баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аж ахуйн комиссын даргаар ажилласан бөгөөд баяр наадмын өмнөх өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Хужирт баг дахь 1063 дугаар хэсгийн хорооны ахлах зохион байгуулагчаар томилогдон ажилласан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр аль болох баяр наадмын үйл ажиллагааг явуулахгүй байх чиглэлийг аймгийн Засаг даргаас өгч байсан боловч манай сумын баяр наадмын үйл ажиллагаа 2017 оны 07 сарын 08-09-ний өдөр товлогдсон байсан.

Би наадмын өмнөх өдөр няравт санхүүгээс мөнгө төгрөгөө аваад тавгийн чихэр идээг бэлтгэх үүрэг өгсөн бөгөөд чихэр, жимс, таваг бэлдэх ажил нярвын хийж гүйцэтгэх ажил юм. Үүнд тодруулан хэлэхэд баяр наадмын төсвийг гаргах эрх бүхий Засаг дарга захирамжаа эрт гаргаагүй учраас наадмын морь, бөхийн болон бусад шагналын мөнгө, чихэр, жимс авах мөнгө зэргийг нярав авч чадаагүй байснаас наадмын өглөө 09 цаг өнгөрч байхад явсан. Мөн Засаг дарга өөрөө захирамжаа зөрчин аж ахуйн хэсэгт томилогдсон жолооч Л.Ж-г авч явснаас үүдэн наадмын өглөө аж ахуйн хэсгийн машин олох, жолооч хайх зэрэг хүндрэл надаас шалтгаалахгүйгээр гарсан байхад намайг буруутгаж, баяр наадмын үйл ажиллагааг саатуулсан гэж үзэж байгааг үндэслэлгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хэдийгээр баяр наадмын үйл ажиллагаа хугацаандаа эхлээгүй гэж үзэж байгаа ч үүнээс болж ямар нэгэн бодит хохирол, хор уршиг учраагүй тул дээрх үндэслэлээр миний албан тушаалыг бууруулсан нь хуульд нийцэхгүй байна.

Сумын баяр наадмын өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 09-ний орой миний хүү Д.Ц мориноос унаж гараа хугалсан тул би аж ахуйн комиссын хүмүүстээ наадмын 2 дахь өдөр хэрхэн ажиллах талаар заавар, чиглэл, үүрэг даалгавар өгөөд хүүгээ эмнэлэгт үзүүлэхээр Улаангом сум явсан ба Засаг дарга Ч.Б-ын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.

Өөрөөр хэлбэл, Наранбулаг сумын баяр наадмын үйл ажиллагаа болсон "Хайст" гэх газарт утасны сүлжээ барьдаггүй юм. Наадмын 2 дахь өдрийн өглөө би хүүгээ эмчид үзүүлж, зөвлөгөө аваад хүүгийн минь гар маш их зовиуртай байсан тул бариачид бариулахаар явсан бөгөөд энэ хугацаанд Засаг дарга Ч.Б нь сүлжээгүй газар буюу наадмын талбайд байсан учраас мөн холбогдох боломжгүй байсан. Надад хүндэтгэн үзэх шалтгаан гарч би явсан ч наадмын 2 дахь өдөр, миний эзгүйд ямар нэгэн зөрчил гараагүй, баяр наадмын үйл ажиллагаа хэвийн явагдаж дууссан, хүүгээ авч эмнэлэг явсны улмаас сумын баяр наадмын үйл ажиллагаанд болон байгууллагад ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, түүний дараагийн нь эхлээд үргэлжилсэн олон амралтын өдөр тохиосон учир би Засаг даргатай дахин яриагүй. Гэтэл намайг шалтгаангүйгээр ажлын байраа орхин явсан гэж үзсэнийг зөв гэж үзсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга Ч.Б нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр "П.Д-ийг албан тушаал бууруулах тухай" захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 13.1.4, 23.1.1 дэх хэсгийг баримталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зохицуулсан байх бөгөөд 13.1.4 дэх хэсэгт "Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх" үүрэгтэй гэжээ. Энэ үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээхээр хуульчилсан байна. Гэтэл хариуцагч Ч.Б нь албан тушаал бууруулах захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэрэглээгүй нь уг захирамж үндэслэлгүй, хуульд нийцээгүй болохыг харуулж байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг 26 дугаар зүйлтэй давхар хэрэглэх ёстой байсныг шүүх анхаараагүй.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан хаагчийн албан тушаалыг бууруулах үндэслэлийг зохицуулсан бөгөөд 23.1.1 дэх хэсэгт "Албан тушаал, ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн" бол албан тушаалыг бууруулахаар хуульчилжээ.

Миний бие ажлын байрны тодорхойлолт болон төсвийн захирагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж ажиллаж ирсэн. Нөгөө талаар намайг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, ажлын байрны зорилго зорилтоо биелүүлсэн эсэхийг үр дүнгийн гэрээг дүгнэснээр тодорхойлох учиртай гэж үзэж байна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Ажлын байрны /албан тушаалын/ тодорхойлолт боловсруулах заавар"-ын 4-д "Ажлын байрны тодорхойлолт нь хууль тогтоомж, эрх зүйн актад заасны дагуу ажилтныг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, нийгмийн баталгааг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болно, ...ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн боловсруулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19.2-д заасан ёсоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаалыг бууруулах асуудлыг шийдвэрлэнэ" гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 1.4.1, 1.6, 1.9.1, 3.1, 6.3, 6.4, 7.1-д тус тус зааснаар ажлын байрны тодорхойлолт нь үр дүнгийн гэрээ байгуулах үндэслэл болох бөгөөд байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө нь уг гэрээний салшгүй хэсэг болдог байна.

Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээ болон түүний салшгүй хэсэг болох байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг дүгнэж, өгсөн үнэлгээ нь тухайн төрийн албан хаагчийг ажлын байрны зорилго, зорилтоо хэрхэн биелүүлснийг дүгнэх үнэлгээ болно.

Гэтэл нэхэмжлэгч П.Д миний төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг үнэлж дүгнээгүй байхад ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, албан тушаалыг минь үндэслэлгүйгээр бууруулсан байгааг шүүх  анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, үндсэн 8 зорилтыг нэг бүрчлэн биелүүлсэн бөгөөд намайг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг ажлын байрны тодорхойлолтын хариуцлага хэсэгт заасан 4 заалтын нэгийг ч зөрчөөгүй байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад өрөөсгөл дүгнэлт хийж, миний эрх ашгийг хохироож, нэхэмжлэлийг минь хэрэгсэхгүй болгосны зэрэгцээ хэргийн хугацааг сунгаж, удаашруулж, хэргийг шийдвэрлэхгүйгээр хүнд суртал гаргаж, мөн шүүх хуралдааныг товлон зарлаж урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа хэргийг хурдан хугацаанд шийдвэрлүүлэх миний хүсэлтийг үл хэрэгсэн, нөгөө талын эрх ашигт нийцүүлэн явуулж, шүүхийн шийдвэрээ хугацаанд нь гардуулахгүйгээр намайг чирэгдүүлсэнд гомдолтой байна.

Хариуцагч Ч.Б нь миний албан тушаалыг бууруулж эрх зүйн акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, надад сонсох ажиллагааны мэдэгдэл гардуулаагүй.

Тодруулбал, сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдрийн талаар урьдчилан мэдэгдээгүй, захиргааны шийдвэр гаргахад баримтлах хэм хэмжээний актын зүйл заалтаа танилцуулаагүй, надад тайлбар санал гаргах боломж олгоогүй, зөвхөн өөрийн эрх мэдлийг ашиглан намайг өрөөнд нь орсноор далимдуулан сонсох ажиллагааг нэр төдий явуулахаар оролдож, гарын үсэг зурахыг шаардаж, ажлын байрны дарамт үзүүлсэн хууль бус үйлдлийг анхан шатны шүүх сонсох ажиллагааг явуулсан гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хууль бусаар бүрдүүлсэн баримт бөгөөд уг баримтыг хариуцагч тал шүүхийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүйгээс үзэхэд нөхөж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, нөхөж бүрдүүлэх бүрэн боломжтой, уг тэмдэглэлийг үйлдсэн цаг хугацаа тодорхойгүй, нотариатаар гэрчлүүлээгүй, өөрөөр хэлбэл Ч.Батжаргал өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнаараа нөхөж бичүүлж авч ирсэн байхыг үгүйсгэхгүй юм. Гэтэл уг баримтыг нотлох баримтын шаардлагад нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь хэт нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэснийг харуулж байна.

Иймд эдгээр үндэслэлүүдээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар нэхэмжлэгч П.Д-ийг “сумын баяр наадмыг саатуулж, үүрэгт ажлаа зөвшөөрөлгүйгээр орхиж явсан” гэсэн үндэслэлээр, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг үндэслэн “Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт албан тушаалаас чөлөөлж албан тушаал бууруулсугай” гэж, захирамжийн 2 дахь заалтаар түүнийг мэргэжил, дадлага, туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсний дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хууль, эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Нэхэмжлэгчээс “Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг зөрчөөгүй. Сумын баяр наадмын үеэр миний буруутай гэх үйлдлийн улмаас баяр наадмын үйл ажиллагаа саатаж, тус сумын ард иргэдийг хохироосон асуудал огт гараагүй, наадам хөтөлбөрийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 2 өдөр явагдаж дууссан байхад намайг баяр наадмыг саатуулсан гэснийг зөвшөөрөхгүй. Би үүрэгт ажлаа зөвшөөрөлгүй орхиж яваагүй, өөрийн удирдлагад харьяалах хүмүүстээ үүрэг даалгавар өгөөд мориноос унаж, гараа хугалан өвчиндөө шаналж байсан бага насны хүүхдээ аваад аймгийн төвийн эмнэлэг рүү яаралтай явсан” гэж маргажээ.

1. “Сумын баяр наадмын үйл ажиллагааг саатуулсан” гэх зөрчлийн тухайд:

Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/62 дугаар захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг 2017 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хайст гэдэг газарт бүх нийтийн баяр болгон тэмдэглэхээр тогтож, аж ахуйн хэсгийн бүрэлдэхүүнд 5 албан хаагчийг томилсны дотор ахлагчаар П.Д-ийг томилжээ.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан тайлбараас үзвэл, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, санал хураалтын ажиллагаа 21 цагт дуусч, тухайн үед Хужирт багийн хэсгийн хорооны зохион байгуулагчаар ажиллаж байсан П.Д шөнийн 03 цагийн сонгуулийн дүн мэдээгээ нэгтгэж дуусаад, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өглөө наадмын аж ахуйн хэсэгт жолоочоор ажиллахаар томилогдсон жолооч Л.Ж өөр ажилд томилогдож явсан эзгүй байсан тул П.Д-ийн тухайд аж ахуйн машиныг өөр хүнээр жолоодуулах арга хэмжээ авч сумын төвөөс 40 км-ын зайд болсон наадмын талбай руу явж очсон болох нь тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус заажээ.

Гэтэл дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч П.Д нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нярав Г.Э-н “...сонгуулийн урд өдөр нь наадмын үйл ажиллагаанд хэрэглэх зар, танилцуулга, ширээ, туг зэргийг асарын хажуу дахь өрөөнд хийж бэлтгэсэн байсан. Наадмын өглөө баяр наадамд төсөвлөсөн мөнгийг манаачаас аваад 9-10 цагийн үед чихэр боов, боорцгоо дэлгүүрээс аваад зогсож байтал Тамгын газрын дарга П.Д ирсэн. Наадмын талбай дээр яваад очтол Засаг дарга та нар оройтлоо гэхээр нь машин барьдаг хүн олдохгүй машины ус халаад хөргөх гэж зогсоод оройтлоо гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч П.Д-ийг “сумын баяр наадмын үйл ажиллагааг саатуулсан” гэж үзэх үндэслэлгүйн зэрэгцээ тухайн өдөр Наранбулаг сумын наадам саатсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй байна.

2. “үүрэгт ажлаа зөвшөөрөлгүй орхиж явсан” гэх зөрчлийн тухайд:

Дээрх зөрчлийг гаргасан гэх үндэслэлээ хариуцагчаас амаар тайлбарлахдаа “...П.Д нь баяр наадмын комисст ажиллаж байхдаа эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар зөрчиж, ажлын байраа хаяж явсан. Ингэж явахдаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр явсан” гэжээ.

Сумын наадам болж байсан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч П.Д-ийн 12 настай хүү Д.Ц соёолон насны морь унаж уралдаж байх явцдаа мориноос унаж баруун гараа хугалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, тэрээр дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Увс аймгийн төв Улаангом руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр яаралтай явсан болох нь тогтоогдсон байна.

Тухайн үед Наранбулаг сумын наадмын үйл ажиллагаа болж байсан газарт “Жи-Мобайл” үүрэн сүлжээнээс өөр утас холбогдохгүй байсан талаар нэхэмжлэгч тайлбарласан байх тул “хүүгээ эмчид үзүүлсний дараа баяр наадмын хоёр дахь өдөр энэ тухайгаа удирдах албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж, чөлөө зөвшөөрөл авах боломжтой байсан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, энэ нь захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч П.Д-ийг албан үүргээ хэрхэн, яаж биелүүлээгүй, хууль тогтоомж, албаны чиг үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдлыг хариуцагч шалган тогтоогоогүй атлаа дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж, албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2017 оны Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний 12 дугаар зүйлийн 12.2.1-д зааснаар Тамгын газар нь баяр наадмыг зөрчилгүй зохион байгуулах үүргийг хүлээсэн хэдий ч маргаан бүхий тушаал гаргах үндэслэл болсон “сумын баяр наадмын үйл ажиллагааг саатуулсан, үүрэгт ажлаа зөвшөөрөлгүй орхиж явсан” гэх асуудал нь Тамгын газрын дарга П.Д-ийг “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Д-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Д-ийг Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д  зааснаар  шүүх  хэрэглэвэл  зохих  хуулийг  хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН