Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 58

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: П.Д-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох,

      “Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д түүний өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2006-2017 он хүртэл 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ сайн биелүүлж, жил бүр үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн дүгнүүлж ирсэн. 2017 оны 7 сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажиллаад шөнө нь ирсэн бөгөөд 2017 оны 7 сарын 08-09-ний өдрүүдэд Наранбулаг сумын баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахаар товлосон байсан. Миний бие уг наадмын аж ахуйн комисст томилогдон ажиллаж байсан ба сумын баяр наадмын үйл ажиллагаа товлосон өдрөө болсон бөгөөд миний бие үүрэгт ажлаа зөвшөөрөлгүй орхиж, наадмын үйл ажиллагааг саатуулсан зүйл байхгүй. Баяр наадмын эхний өдөр буюу 2017 оны 7 сарын 08-ны орой миний хүү Д.Цэрэнтогтох мориноос унаж баруун гараа хугалж, би хүүгээ аваад яаралтай Улаангом сум явж, хүүгээ эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон тул аж ахуйн комиссын хүмүүстэй хэрхэн яаж ажиллах талаар чиг үүргээ өгөөд явсан. Намайг явсны дараа аж ахуйн комисст ажиллаж байсан хүмүүс ажлаа сайн хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд ямар нэгэн алдаа зөрчил гарч, сумын баяр наадмын үйл ажиллагаа тасалдсан, саатсан асуудал гараагүй байсан болно. Гэтэл Наранбулаг сумын Засаг дарга намайг сумын баяр наадмыг саатуулж үүрэгт ажлаа зөвшөөрөлгүйгээр орхин явсан гэдэг үндэслэлээр 2017 оны 8 сарын 02-ны өдөр Б/11 тоот захирамж гарган, миний албан тушаалыг бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Наранбулаг сумын Засаг дарга миний албан тушаалыг бууруулсан захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх хэсэг, 23.1.1 дэх хэсгүүдийг тус тус баримталсан бөгөөд дээрх хуулийн заалтуудыг миний бие зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сумын баяр наадмын үеэр миний буруутай гэх үйлдлийн улмаас баяр наадмын үйл ажиллагаа саатаж, Наранбулаг сумын ард иргэдийн хохироосон ноцтой асуудал огт гараагүй, тухайн өдрүүдэд сумын баяр, наадмын үйл ажиллагаа хөтөлбөрийнхөө дагуу 2 өдөр явагдаж, 2017 оны оны 7 сарын 09-ний өдөр дууссан байхад намайг сумын баяр наадмын үйл ажиллагааг саатуулсан гэх үндэслэлээр албан тушаал бууруулж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн би үүрэгт ажлаа зөвшөөрөлгүй орхиж яваагүй, тамгын даргын хувьд өөрийн удирдлагад харъяалагдах хүмүүстээ үүрэг даалгавар өгөөд мориноос унаж, гараа хугалан өвчиндөө шаналан зовж байгаа бага насны хүүхдээ Улаангом сумын эмнэлэгт яаралтай үзүүлэх ажлаар явсан юм. Иймээс би Наранбулаг сумын Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч, 2017 оны 8 сарын 29-ний өдөр аймгийн Засаг дарга болон Төрийн албаны салбар зөвлөлд бичгээр хандсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй 30 хоногийн хугацаа өнгөрч байна. Иймд Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 8 сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017 оны 10 сарын 02-ны өдөр П.Д нь Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 02-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ. Миний бие Наранбулаг сумын Засаг дарга нь уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь П.Д нь 2017 оны 07 сарын 09-ны өдөр баяр наадмын комисст ажиллаж байхдаа эрх бүхий албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар зөрчиж ажлын байраа хаяж явсан. Ингэж явахдаа шууд удирдах албан тушаалтандаа мэдэгдэхгүйгээр явсан учир П.Д-ийг Төрийн албаны тухай хуулинд заасан үндэслэлээр хариуцлага тооцож, албан тушаалыг нь бууруулж Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын “Хууль эрх зүй, сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий албанд томилсон. Наранбулаг сумын Засаг дарга миний бие П.Д-ийг хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан учир 2017 оны 08 сарын 02-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгч П.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Өндөрхангай суманд зохион байгуулагдсан даншиг наадамд аж ахуйн албанд ажиллаад ирсэн. Баяр наадам болон дотоод ажил цэгцэрсэн учраас ажилчдынхаа ээлжийн амралтыг олгож эхэлсэн. Би өөрийн ээлжийн амралтыг авах хүсэлтээ бичээд Засаг даргатай орж уулзахад Засаг дарга нь надад “чамайг сумын баяр наадмын ажлыг алдагдуулсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаас чинь чөлөөлж байна” гэж хэлсэн. Түүний маргааш нь намайг үүрэгт ажлаас чөлөөлж албан тушаал буруулах тухай захирамж гарсан. Тухайн захирамжид зааснаар намайг сумын баяр наадмыг саатуулсан тасалсан гэх үндэслэлээр албан тушаал бууруулах захирамжийг гаргасан байсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай сумын баяр наадам нь 2017 оны 07 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд сумын төвөөс 40 орчим км зайд байрлах “Хастын шил” гэх газар зохион байгуулагдсан. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр засаг даргын орлогч мөн эрх бүхий албан хаагчид хуралдаж баяр наадмын комиссыг томилж наадмын төсвийн талаар асуудлыг ярилцаж шийдсэн. 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажил явагдаж манай сумын саналын хуудас тооллогын ажил явагдаж шөнийн 03 цагийн орчимд дуусаж гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь буюу баяр наадмын нээлтийн өглөө 8 цагт наадмын талбай дээр бэлэн байх ёстой байсан боловч баяр наадмын комиссын жолоочоор томилогдсон жолооч маань олдохгүй байсан тул би няраваас утсаар асуухад жолооч өглөө 6 цагийн үед Засаг даргатай хамт явсан гэж хэлсэн. Тэгтэл нярав маань манай нэг дүү машин барьдаг тэр хүүхдээр жолооч хийлгэе гэхэд нь би зөвшөөрч тэр хүүг яаралтай дуудаж ажлаа эхлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр хүүхэд 9 цагийн орчимд машинтай ирж бид 2 наадмын талбайн зүг явж байхад машины ус халж түр зогсох шаардлагатай болж зогсоход морины комиссын дарга хажуугаар зөрсөн. Бид 11 цагийн үед наадмын талбайд очиход баяр наадмын нээлт болсон, Засаг дарга нь нээлтийн үгээ хэлсэн, хурдан морьд гараанаас гарсан байсан. Тэгээд баяр наадмын дараагийн үйл ажиллагаа болох хурдан морьдын барианы газарт очсон. Миний том хүү морьтой явж байгаад мориноосоо унаад гараа бэртээсэн. Тухайн үед ямар нэгэн бариач болон эмч олдоогүй. Миний бие аж ахуйн комиссын гишүүдтэй уулзаж би маргааш ажиллаж чадахгүй учраас та нар ажлаа сайн хийх хэрэгтэй байна гэж гуйж үүрэг өгснөөр эхнэр бид 2 хүүхдээ авч Улаангом руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр явсан. Эхнэр бид 2 тухайн өдрийнхөө шөнө аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирж хүүхдээ үзүүлэхэд эмч нар гэртээ амарч байгаа та өглөө ирж үзүүл гэж хэлэхээр нь маргааш өглөө нь очиж үзүүлсэн. Энэ талаараа Засаг даргад хэлэх гэж 2 удаа залгасан боловч утас нь холбогдоогүй. Иймд намайг баяр наадмыг саатуулсан гэх зорилгоор албан тушаал бууруулсан захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Би 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Увс аймгийн төрийн албаны салбар зөвлөл, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн засаг дарга нарт өргөдөл өгсөн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй.” гэжээ.

      Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Засаг дарга  нь албан тушаалаа аваад бүрэн эрхийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтанд шаардлага тавьж хариуцлага тооцож ажиллах ёстой. Сумын баяр наадмын комиссын хуралдаанаар П.Д-ийг аж ахуйн албаны даргаар томилж, мөн баяр наадмыг цагтаа эхлэх талаар ярилцсан тухайгаа тэмдэглэл дээр тодорхой бичсэн байгаа. Урьд өмнөх жилүүдээд манай сумын наадам цагтаа эхэлдэггүй гэж шүүмжлэлд өртдөг байсан учраас би комиссын салбар хороодын дарга нарт баяр наадмыг цагт нь эхлүүлэхийг үүрэг болгосон. П.Д тайлбартаа би өмнөх өдөр нь сонгуулийн ажилтай байгаад шөнийн 3 цагийн орчимд харьж унтсан гэж хэлж байгаа. Миний бие ч мөн ялгаагүй шөнө харьж амраад өглөө 06:00 минутад босч ажлаа эхлүүлсэн. Төрийн албан хаагч өдөр бүр биш юм аа гэхэд онцгой өдрүүдэд хариуцлагатай, зарчимтай ажиллах ёстой байх гэж бодож байна. Би 09 цагийн үед наадмын талбайд ирсэн ба орлогч руу залгахад П.Д тавгийн чихэр цуглуулаад явж байна гэж хэлсэн. Өглөө 10 цагт хурдан морьд гараанаас гарч хоцорсон морьдыг уралдуулахгүй талаар хэлсэн. Мөн өглөө баяр наадам эхлэх цаг болоход төрийн туг далбаа тавгийн чихэр жимс байхгүй тамгын газрын дарга нь ирээгүй байсан. Би орлогч даргаа загнаж байж 12 цагийн үед айлаас  туг авч ирж баяр наадмаа эхлүүлсэн. П.Д нь хүүхдийнхээ гарыг эмчлүүлэхээр Улаангом явахдаа надад өөрөө шалтгаанаа хэлээд явах боломжтой байсан ба өөрийн эхнэр нь эрүүл мэндийн газрын даргаар олон жил ажиллаж байсан. Тухайн үед П.Д нь өөрийн ажилдаа хэт хайнга хандсан ба баяр наадмын үеэр 3 бөх шинээр цол авсныг цол үнэмлэхийг тамгын газрын дарга бэлдэж гардуулах ёстой байдаг ба надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр явсан байсан. Сонсгох ажиллагаа явуулахдаа би П.Д-д би чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэдэг талаараа хэлж байсан. Зүүн бүсийн санхүүгийн ажлын хэсэг ахалж явж байгаа хүн архидан согтуурсан зэрэг олон удаагийн алдаа дутагдал гаргасан учраас би П.Д-ийг ажлаас нь халахгүйгээр албан тушаалыг нь бууруулсан. Баяр наадмын ажиллагааг саатуулсан гэдгийг баталж чадахгүй байна гэж байна. Баяр наадам нь 12 цагийн үед ямар нэгэн тавгийн идээ, төрийн туг далбаагүй эхэлсэн. Мөн миний бие П.Д-той үр дүнгийн гэрээ байгуулаагүй ба энэ гэрээнд 2 тал гарын үсэг зурсан байх ёстой байдаг боловч энэхүү үр дүнгийн гэрээнд нэг талын гарын үсэг л байгаа. Сонсгох ажиллагаа явуулах талаар би судалсан ба энэхүү ажиллагааг би ажлын цагт багтааж явуулсан. Тэрхүү сонсгох ажиллагаа явуулсан тэмдэглэл дээрх цагийг харж болно” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “П.Д-ийг Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар албан тушаал бууруулж Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын хууль эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Албан тушаал эрх мэдэл цалин хөлс нь өөрчлөгдсөн буюу буурсан тохиолдолд ажлаас халагдсанаас ялгаагүй гэж миний бие үзэж байгаа. Албан тушаалыг бууруулсан үндэслэл нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг тус тус үндэслэл болгож албан тушаал бууруулсан. П.Д-ийг Төрийн албаны тухай хуулийн 13.1.4-т зааснаар төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа боловч хариуцлага тооцох ёстой уг хуулийн 26 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй. Тухайн хуулийг үндэслэсэн байтал 26 дугаар зүйлийг хэрэглээгүй нь тухайн тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна. П.Д нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажил үүргээ хангалтгүй хийсэн гэж хэлэх боломжгүй. Мөн сумын Засаг дарга П.Д нар нь үр дүнгийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээнд хариуцлага хэсэгт зааснаар үр дүнгийн гэрээний дүгнэлт хийгээгүй байж ажлаас халсан байдаг. Мөн ажлаас чөлөөлөхдөө сонсгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй. П.Д-д ажлаас чөлөөлөх талаар мэдэгдээгүй сонсгох ажиллагаа явуулах хугацаа олгоогүй, тайлбар мэдүүлэг аваагүй тул энэхүү тушаал нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Олон удаа П.Д-той зөрчилдөж байсан ба сарын өмнөөс ажлаас чөлөөлөх тухай хэлж байсан гэж хэлж байна. Хувийн үзэл бодлын зөрчлөөс болж ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба сонсгох ажиллагааг хийгээгүй. Хариуцагч тал сонсгох ажиллагаа хийсэн гэж байгаа нь ажлын бус цагаар хийсэн үйл ажиллагаа тул сонсгох ажиллагааг хууль ёсны дагуу хийж чадаагүй гэсэн үг. Мөн тухайн өдөр П.Д нь хүүхдийнхээ гарыг эмчлүүлэхээр Улаангом руу явсан ба үүнээс болж баяр наадам завсардсан болон тасалдсан зүйл байхгүй. Мөн үр дүнгийн гэрээнд зааснаар үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж муу үнэлгээ авсан бол ажлаас чөлөөлөх үндэслэл болон гэж заасан байдаг боловч үр дүнгийн гэрээг дүгнээгүй байдаг. Мөн байгууллагын дотоод журамд зааснаар албан тушаал дэвшүүлэх бууруулах гэж заасан нь ажлын байрны тодорхойлолтыг үнэлж дүгнэж төрийн албан хаагчийн албан тушаалыг бууруулах дэвшүүлэх зэрэг асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар төрийн албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч П.Д нь “Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаарлага гаргасан байна.

       Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандан гомдол гаргасан байх ба гомдолд хуулинд заасан хугацаанд хариу өгөөгүй байх тул шүүх үүнийг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзээд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

        Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

      2017 оны  08 дугаар сарын 02-ны өдрийн Наранбулаг сумын Засаг даргын  Б/11 дүгээр захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт , Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн П.Д-ийг “сумын баяр наадмыг саатуулж үүрэгт ажлаа зөвшөөрөлгүйгээр орхин явсан “ гэдэг үндэслэлээр  2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж албан тушаал бууруулахаар шийдвэрлэж, түүнийг мэргэжил дадлага туршлагад нь нийцсэн ажлын байраар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон байна. Уг захирамжийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр П.Д-ашдоржийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилжээ.

        2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Наранбулаг сумын Засаг дарга П.Д-той биечлэн уулзаж, албан тушаалыг нь бууруулах болсон тухай мэдэгдэж, Тамгын газрын хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтнээр ажиллах санал тавьсан нь нэхэмжлэгч,  хариуцагчийн тайлбар, нарийн бичгийн дарга Ц.Будьмэдхандын хөтөлсөн тэмдэглэлээр  тогтоогдож байна.  

          Нэхэмжлэгч П.Д “Миний бие уг наадмын аж ахуйн комисст томилогдон ажиллаж байсан ба сумын баяр наадмын үйл ажиллагаа товлосон өдрөө болсон бөгөөд үүрэгт ажлаа зөвшөөрөлгүй орхиж, наадмын үйл ажиллагааг саатуулсан зүйл байхгүй, тамгын даргын хувьд өөрийн удирдлагад харъяалагдах хүмүүстээ үүрэг даалгавар өгөөд мориноос унаж, гараа хугалан өвчиндөө шаналан зовж байгаа бага насны хүүхдээ Улаангом сумын эмнэлэгт яаралтай үзүүлэх ажлаар явсан” гэж маргасан байна.

    Хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга” П.Д нь баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг хожимдуулсан, баяр наадмын үйл ажиллагаа эхлэх цаг болчихсон байхад тавгийн чихэр жимсээ цуглуулаад явж байсан, хүүхдийнхээ гарыг эмчлүүлэхээр Улаангом явахдаа надад өөрөө шалтгаанаа хэлээд явах боломжтой байсан” гэсэн тайлбарыг гаргажээ.

       Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/62 дугаар захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг 2017 оны 07 дугаар сарын 08,09-ны өдрүүдэд “Хайст”-д бүх нийтийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэж, баяр наадмыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон салбар ажлын хэсгийг байгуулан П.Д-ийг аж ахуйн салбар хэсгийн ахлагчаар томилсон байна. Мөн тус захирамжийн 6 дугаарт “баяр наадмыг батлагдсан цагийн хуваарийн дагуу эхлүүлж дуусгахыг салбар комиссын дарга нарт... “ даалгасан байх ба мөн сумын Засаг дарга баяр наадмыг гол нь товлосон цагт нь эхлэх талаар баяр наадам зохион байгуулах комиссын дарга нарт үүрэг даалгавар өгсөн нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн сумын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх комиссын хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.

       Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт зааснаар П.Д нь “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүрэгтэй. Хариуцагчийн тайлбар болон Наранбулаг сумын Засаг даргын орлогч ажилтай, гэрч Зуутраг овгийн Охиогийн Идэрмөнх, нярав ажилтай Тайцагаан овгийн Гэлэгжамцын Эрдэнэцогт нарын “...аж ахуйн салбар комисс ерөнхийдөө баяр наадмын бэлтгэл үйл ажиллагааг хариуцсан комисс байгаа. Ингээд 07 дугаар сарын 08-ны өглөө баяр наадам 10 цагт эхлэх ёстой байсан. Гэтэл 12 цаг өнгөрч байхад аж ахуйн салбар комисын гишүүд ирсэн” ,  “... Сонгуулийн урьд өдөр анонос, ширээ зэрэг эд хөрөнгийг асарын хажуудах өрөөнд хийж бэлтгэсэн байсан. Харин чихэр жимсээ аваагүй байсан. Баяр наадамд төсөвлөсөн мөнгийг манаачаасаа тоолж хүлээж аваад чихэр, боов боорцогоо аваад хүмүүсээ дуудаад явтал 12 цаг хүрч баяр наадам болох талбай дээр очсон. Тухайн үед тамгын газрын дарга гэрээсээ над руу ярьж байсан. 9-10 цагийн үед намайг чихэр үзмээ авах гээд дэлгүүр дээр зогсож байтал Тамгын дарга ирсэн...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа товлосон цагтаа эхлээгүй, аж ахуйн салбар комиссын гишүүд Наранбулаг сумын баяр наадмын ерөнхий хөтөлбөрт заасан баяр наадам эхлэх цаг хугацаанаас хожимдож баяр наадамын үйл ажиллагаа болсон газар хүрэлцэн очсон нь тогтоогдож байна. Мөн сумын баяр наадмын үйл ажиллагаа эхлэх цаг болох гэж байхад тавгийн чихрээ авах гээд зогсож байсан зэргээс үзэхэд П.Д нь салбар комиссын ажлаа зохих ёсоор удирдан зохион байгуулаагүй баяр наадмын бэлтгэл ажлыг урьдчилж хангаагүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэж үзэхээр байна.   

       Түүнчлэн Тамгын дарга нь  ажлын байрны тодорхойлолтонд зааснаар “..хууль тогтоомж, шийдвэр, Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх, удирдлагад мэргэжлийн цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө, бүх талын үйлчилгээ мэдээллээр хангах, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй хүргэх ...” зорилгын хүрээнд Тамгын газрын жил улирлын ажлыг төлөвлөн зохион байгуулдаг байна.

      Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2017 оны Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний 12 дугаар зүйлийн 12.2.1-д зааснаар Тамгын газар нь баяр наадмыг зөрчилгүй зохион байгуулах үүргийг хүлээсэн байна. Үүнээс үзэхэд  сумын баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах асуудал Тамгын даргын ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго зорилтод хамаарахгүй гэж үзэх боломжгүй юм.

        П.Д нь сумын баяр наадмын эхний өдрийн үдээш хойш хүүгээ эмчид үзүүлэхээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажил үүргээ орхин явсан байгаа бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цагт хүүг эмч үзээд өвчин намдаалт дор гөлтгөнө боолт хийж, зөвлөгөө өгч буцаасан байна. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас удирдах албан тушаалтанд хэлж амжилгүй хүүгээ эмчид үзүүлэхээр Улаангом сум руу аваад явсан гэж тайлбарлаж байгаа боловч хүүгээ эмнэлэгт үзүүлсний дараа баяр наадамын хоёр дахь өдөр П.Д энэ тухайгаа удирдах дээд албан тушаалтан болох Засаг дарга болон баяр наадмын комиссын дарга нарт албан ёсоор мэдэгдэх, чөлөө зөвшөөрөл авах боломж гарсан гэж үзэхээр байна.

         Хариуцагч Наранбулаг сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4,  23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгүүдэд заасан “харьяа дээд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр болон ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаал буруулсныг буруутгах үндэслэл байхгүй байна гэж үзлээ.  

       Иймээс нэхэмжлэгчийн “Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.1.1 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-ийн “Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 тоот захирамжийг хүчингүй болгож, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П.Д-оос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ОЮУНГЭРЭЛ