Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2022/00008

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 208/МА2022/00008

 

 

 

О.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.*******,

 

Хариуцагч Э.*******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Моторын үнэ 650.000 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлдээ:

Моторын үнэ 650,000 төгрөг гаргуулах тухай

...2021 оны 11 сарын 04-нд Мандал сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Гоё авто засварын газарт очиж машинаа үзүүлэхэд тус газрын засварчин Э.******* гэх хүн мотор нь ажиллагаагүй болсон байна, шинэ мотор тавихаар байна гэхээр нь өөртэй нь ярьж тохиролцоод мотор тавиулахаар болсон. Уг нь нөхөр бид хоёр хүнээс 900.000 төгрөгийн үнэтэй мотор олсон боловч засварчин Э.******* энд ямар ч асуудалгүй 650000 төгрөгийн мотор байна, энийг тавьчихъя гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд манай нөхөр байлцаад мотороо сольж тавьцгааж байсан.

...Машин тэрэг мэдэхгүй, залуу хүмүүсийг техник мэдэхгүйгээр нь далимдуулан чанаргүй ажил гүйцэтгэж өгсөнд нь гомдолтой байна.

 

Одоо машинаа Улаанбаатар хотод моторыг нь дахин солиулж байгаа учир Гоё засварын тавьсан моторыг буцаан өгч, тус газраас мотор худалдан авсны төлбөр 650,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.******* хариу тайлбартаа: ....650000 төгрөгийг төлөхгүй.

... моторыг нь ачиж ирж машинд нь сольж тавиад янзлаад нөхөр нь цуг байсан гурвуулаа мотор авсан хүнтэй нь гурвуулаа цуг янзалсан. Тэр мотор авч ирсэн залуутай цуг би мотор тавилцсан. Чи өөрөө мотороо зарж байгаа юм чинь цуг тавилцаад өгчих хурдан, ганцаараа болохоор мөд дуусахгүй гээд цуг мотор тавиад асаахад догол байхгүй. Мотор нь зүгээр байсан. ...Орж ирсэн шинэ мотор биш. Адилхан л задаргааны мотор авч тавьсан. Тухайн үедээ бол доголдоогүй мотор нь зүгээр байсан. 650000 төгрөгийг төлөхгүй. Би зөвхөн сольж өгсөн гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.*******гаас 650000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас 20150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах гомдолдоо:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Миний үйлчлүүлэгч Э.******* нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш. Учир нэхэмжлэгч О.*******д мотор худалдаагүй, нөхөр Лхагвабаяр нь моторын эзэн Эрхэмбаяр хоёр энэ моторын талаар ... наймаа хийсэн. Би хажууд нь байсан. Моторыг би Лхагвабаярын машинд тавьж засварчны үүрэг гүйцэтгэсэн. Ажлын хөлс 150,000 төгрөг авсан.

 

3. О.******* миний данс руу моторын үнэ, ажлын хөлс, тосны мөнгө гээд 2021-11-05-нд 800,000 төгрөг шилжүүлсэн. Би уг мөнгийг моторын эзэн Эрхэмбаярт мөнгийг нь шилжүүлье гэсэн чинь манай эхнэр лүү шилжүүлчих гэсэн тэгэхээр нь би эхнэр лүү нь 500,000 төгрөгийг 2021-11-05-ны өдрийн 18 цаг 11 минутад шилжүүлсэн байдаг.

Миний үйлчлүүлэгч Э.******* иргэний хэргийн хариуцагч биш ба *******г иргэний хариуцагч гэж шийдвэр гаргасанд гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 800.000 төгрөг шилжүүлснээс 500.000 төгрөгийг моторын үнэ, 150.000 төгрөгийг ажлын хөлс, 150.000 төгрөгийг тос масло төлбөр гэж тайлбарладаг. Э.******* хэлэхдээ 650.000 төгрөгийг моторын төлбөр гэж хэлдэг. Би 800.000 төгрөгийг Э.******* руу шилжүүлсэн дансны хуулга надад байна гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан зүйл байхгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүхээс үйл баримтыг тогтоож, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, харин хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй, бодит байдалд нийцээгүй нотлох баримтыг үнэлж, хариуцагч биш байхад 650.000 төгрөг гаргуулж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан доголдолтой машины эд анги тавьж, чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсний үүрэг моторын үнэ 650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлаа ...би уг моторыг худалдаагүй, зөвхөн хүнээс худалдаж авсан моторыг тавьж өгч ажил гүйцэтгэсэн, худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй... гэж маргажээ.

 

Хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлт:

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг Гоё авто засварын газрын засварчин Э.*******тай 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр уулзаж Соната-6 маркийн машинаа оношлуулахад мотор ажиллагаагүй болсныг мэдэгдсэн ба түүний танилаас 650.000 төгрөгөөр мотор худалдан авч Э.*******гаар машиндаа суурилуулж гүйцэтгүүлжээ.

Нэхэмжлэгч О.******* нь нөхрийн хамт машиныхаа эд ангийг солиулаад Мандал сумаас Баянгол сум руу хөдлөөд замдаа машин нь хүчгүй, 20 км/цагаас дээш гарч хурдлахгүй байсан тул маргааш нь дахин Гоё засварын газарт мэдэгдэж үзүүлэхэд яндан бөглөрсөн гэж оношлоод янданг цэвэрлэж явуулсан боловч Улаанбаатар хот явах замд 60 км/цагаас дээш хурдлахгүй, доголдсон тул замдаа Эмээлтэд байрлах засварын газарт оношлуулахад ...өмнө нь цохисон, 1 цилиндр нь ажиллагаагүй, доголдолтой мотор тавьж өгсөн... гэж тайлбарласан байна.

Ингээд уг машиныг Улаанбаатар хотод үлдээж, Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах гэртээ ирсний дараа Э.*******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба хариуцагч Э.******* уг моторыг нэхэмжлэгчид худалдаагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч моторын үнэ 800.000 төгрөгийг Хаан банканд өөрийн эзэмшдэг 5086006620 тоот дансаар о.*******гаас авч, цааш 500.000 төгрөгийг 5001063917 тоот дансанд дамжуулсан үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд түр зорчиж явах үедээ тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн, түүнийг засуулахаар албан ёсны үйл ажиллагаа явуулдаг авто засварын төвд хандсан байх бөгөөд мотор зарсан хүнийг танихгүй түүнээс мотор худалдан авахыг засварчин Э.******* зуучилж өгсөн бөгөөд түүнд итгэж түүний танилаас моторыг худалдан авч машиндаа тавиулж үйлчилгээ хийлгэж мөнгийг түүний дансанд шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт баримт болгон ирүүлсэн дансны хуулгуудаар нотлогджээ.

Иймд нэхэмжлэгч О.*******, хариуцагч Э.******* нарын хооронд худалдах худалдан авах /Иргэний хуулийн 243 дугаар зүйл/, болон ажил гүйцэтгэх гэрээний /Иргэний хуулийн 343 дугаар зүйл/ харилцаа үүссэн бөгөөд, нэхэмжлэгч нар худалдан авсан барааны доголдлын талаар хуульд заасан хугацаанд буюу мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор гомдлоо гаргасан, хариуцагч Э.******* нь уг моторын бүрэн бүтэн байдал буюу баталгаат байдлыг хариуцахаар худалдан авагчид итгэл үнэмшил түрүүлсэн, тэдний өмнө хариуцлага хүлээх этгээд мөн гэж дүгнэв.

Гэрээ гэдэг нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд хоёр ба түүнээс дээш этгээд хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүрэг үүсгэж, дуусгавар болгож буй үйлдэл бөгөөд талуудын тохиролцоо юм. Харин талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь тухайн этгээдийн хэрэгцээ шаардлага түүнтэй холбоотой үйлдэл байх ба талуудын хүсэл зориг сайн дурын үндсэн дээр нэгдсэн байх ойлголт юм.

Мөн талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгож байгаа гэдгээ ухамсарласан байх ёстой.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн Э.******* иргэний хэргийн хариуцагч биш байхад түүнд шүүхээс дүгнэлт хийгээгүй гэсэн гомдлын тухайд:

Хариуцагч Э.******* нь худалдах худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болсон бөгөөд гэрээний зүйл машины моторыг гуравдагч этгээдээс авахыг санал болгон авчирч нэхэмжлэгчийн авто машинд суурилуулж гүйцэтгэж өгсөн, түүнд нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэх боловч уг гэрээг хэн нэгэн хүний дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр байгуулан гэрээний үр дагаврыг ойлгосон болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон байх тул түүнийг худалдагч мөн гэж үзсэн бөгөөд тэрээр өөрийн татгалзлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тус гэрээний дагуу биет байдлын доголдолгүй барааг нийлүүлэх, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар ...доголдлыг арилгах, ...төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг сольж өгөх, 253 дугаар зүйлийн 235.3-д зааснаар ...доголдлыг арилгасан бол доголдолтой хөрөнгөө буцаан шаардаж авах эрхтэй... тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Э.*******гаас моторын үнэ 650.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар буюу доголдолтой моторыг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж Э.*******д олгоогүй байх тул байх тул шийдвэрийн 1 дэх заалтанд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.3, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Э.*******гаас 650.000 төгрөг гаргуулан О.*******д олгож, О.*******гаас Соната-6 маркийн машины хуучин моторыг гаргуулан Э.*******д буцаан олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 20150 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ