Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2022/00013

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

 Хариуцагч Ц.*******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 57,442,600 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагч Ц.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.******* /цахимаар/, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлдээ:

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26000000 төгрөг, хүү 18442600 төгрөг, алданги 13000000 төгрөг нийт 57442600 төгрөгийг гаргуулах

... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.******* нь ******* ******* ХХК-тай 19000114 дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота Ланд круйзер 200 маркийн 45-19 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 26000000 төгрөг, хүү 18442600 төгрөг, алданги 13000000 төгрөг нийт 57442600 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ц.******* үүрэг гүйцэтгэх хугацааг 608 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна... гэжээ.

Хариуцагч Ц.******* хариу тайлбартаа:

... Миний бие нь ******* ******* " ХХК-аас зээл авсан нь үнэн болно. Тухайн үед зээлийн үлдэгдэл 5850000 /таван сая найман зуун тавин мянга/-н төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нэмж 20000000 /хорин сая /төгрөг зээлж 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр авч нийтдээ 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийн зээлтэй болсон. Уг зээлийг авахдаа миний баталгаат нөхөр болох Чулуунбаатарын ******* бид хоёр хувааж авсан. Тэр үед бага хүү маань Солонгост сурах болсон учир 10000000 /арван сая/ төгрөгийг хүүгийн сургалтад зориулахаар би авч, 10000000 /арван сая/ төгрөгийг Ч.******* өөрөө хэрэглэхээр авсан. Иймд би энэ асуудалд ганцаараа хариуцагч биш, Ч.******* хамтран хариуцагчаар татагдах ёстой учир миний бие ганцаараа хариуцахгүй гэдгээ мэдэгдэж байна. Мөн Монре даатгалд даатгуулсан даатгалын мөнгийг ******* *******" ХХК надад мэдэгдэж асууж зөвшөөрөл авахгүйгээр Ч.*******од 11700000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн өгсөнд би гомдолтой байна. Би энэ мөнгийг зээл авсан компани руугаа шилжүүлэхийг удаа дараа сануулж анхааруулсаар байхад Ч.*******ын данс руу шилжүүлж хувь хүнд илүү боломж олгосон. Энэ нэхэмжилж байгаа 57442000 /тавин долоон сая дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөгийн хохирлыг би зөвшөөрөхгүй. Надад одоогоор ямар ч эх үүсвэр байхгүй, би улс орон байтугай, дэлхий даяараа ковидоос болж эдийн засаг хүнд, ямар ч ажил явах боломжгүй байсан учир зээл хойшлуулах тухай асууж байсан компани боломжгүй" гэж хариулт өгч байсан. Апданги болох 13000000 /арван гурван сая/ төгрөгийг төлөх ямар ч боломжгүй зөвшөөрөхгүй болно...гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******гаас нийт 57442600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445170 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 445170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.******* давж заалдах гомдолдоо:

1.2022 оны 02 сарын 15-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

2. 2020 оны 01 сарын 27-ны өдөр ******* ******* ХХК-с 2,600,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг авахдаа үлдэгдэл өртэй байсан тэр өрөн дээрээ 17,000,000 төгрөгийг /******* гэсэн Хаан банкны дансаар С.Шинэбаяраас өөрийн хамтран амьдарч буй Б.Төгсбаярын 5688064374 хааны данс руу авсан. Энэ хуулгыг өргөдлийн хамт хавсаргав. Энэ зээлийн гэрээг хэдий би авсан боловч ******* ******* ХХК бас хамтран эзэмшигч байх үүрэгтэй нэр дээрээ шилжүүлж авдаг адилхан үүрэгтэй. Тэгсэн хэрнээ эзэмшигч биш гээд байгаа Ч.*******од Монре даатгалаас тээврийн хэрэгслийн даатгалын мөнгө болох 11,700,000 төгрөгийг гаргуулж авах боломжоор хангаж албан тоот хийж өгсөн. Үүнийг нь Монре даатгал баталж байгаа. Энэ машин аваар хийсэн. Дарханд байгаа гээд *******ын хаана байгаа утасны дугаарыг би өөрөө гэсэн дугаараас 2021 оны 3 сарын 25-ны үед Ариунбаяр гэж ахлах менежер хэлж байсан. ******* ******* одоо миний хэлж байсан болгоныг үгүйсгэж бйагаад би гомдолтой байна. Мөн энэ зээлийн гэрээнд 2020 оны 1 сарын 27-ноос 1 жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурсан. 2020 оны 11 сараас Монгол Улс даяар ковидын хөл хорионд орж зээлийн төлөлтийг бүгд хойшлуулж байсан. Би ч бас ажилгүй, орлогогүй иргэний хүний хувьд энэ дахин 1 жил бодож байгаа 608 хоногийн хүүг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хамаарна гэж заасан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн. ******* ******* ХХК Ц.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх юм бол 26.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 12 сарын хугацаа гэрээ байгуулсан. Гэрээг цаашид сунгасан талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх дээр би нэхэмжлэгч болон хариуцагч талаас асуусан. Аль аль нь гэрээг цаашид сунгаагүй гэж хэлсэн. Гэрээнд хэтэрсэн хугацааны талаар тусгаагүй байдаг. Иймд анхан шатны шүүх зээлийн хүүг 608 хоног буюу 2.2 сараар тооцож 18.442.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэрээний хүчинтэй хугацаа болох 12 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр тооцоход 10.920.000 төгрөгийг зээлийн хүүд гаргуулж, илүү тооцсон 8.2 сарын хугацааны буюу 7.522.600 төгрөгийг хасаж шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Нэг сарын зээлийн хүү нь 910.000 төгрөг болж байгаа. Гэрээ байгуулагдсан хугацаа буюу 12 сарын хугацаагаар хүүг тооцно гэсэн байр суурьтай байна. Ийм учраас 12 сарын хугацаагаар тооцож 10.920.000 төгрөгийг зээлийн хүүд гаргуулж, илүү тооцсон 7.522.600 төгрөгийг хасаж шийдвэрлэхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн үндсэн зээлд маргаагүй хүүгийн хувьд маргаж байна. Хэдийгээр хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацааг сунгаагүй боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар сарын хүүг 3.5 хувийг хэвээр үлдээх нэгдмэл хүсэл зорилготой байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд мэтгэлцсэн байдал зэргээс тогтоогддог юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд гэрээ байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй. Ч.*******той холбоотой татгалзлын шаардлагыг хариуцагч гаргаад байдаг. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу хариуцагчийг сонгох эрх хуулиараа нэхэмжлэгчид байгаа.

...Зээлийн хүүтэй холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Гомдлын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой гэж харж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Хариуцагч Ц.******* нь ... шүүх хамтран хариуцагч татан оролцуулаагүй, барьцааны хөрөнгө болох автомашины даатгалын мөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлээгүй талаар тайлбар гаргасан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул хэргийг хянаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт дутуу хийсэн, маргааныг шийдвэрлэхдээ хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Хэргийг судлан үзвэл: Талуудын хооронд 2020 оны 01 сарын 27-ны өдөр 19000114 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 26.000.000 төгрөгийг 30 хоногт 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай гэрээ байгуулж, үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, мөн тухайн өдрөө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө болох Тоёото Ланд Крузер-200 маркын тээврийн хэрэгслийг барьцаалж, хөрөнгийг өмчлөгчийн эзэмшилд үлдээхээр тохиролцжээ.

Хэргийн зохигчид нь зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байна.

Харин хэргийн хариуцагч Ц.******* нь өөрийн нөхөр болох Ч.*******той хамт зээлийн гэрээг байгуулсан тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах ёстой, мөн гэрээний барьцаа хөрөнгө болох автомашин нь хөрөнгийн даатгалтай байсан бөгөөд ослын улмаас даатгалын нөхөн төлбөрөөс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний төлбөрт суутган тооцох боломжтой байсан гэж маргажээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч татан оролцуулах хуулийн үндэслэлгүй, хамтран хариуцагч татан оролцуулах эсэх нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх тул нэхэмжлэгчийн хүсээгүй этгээдийг шүүх татан оролцуулах эрхгүй тул хариуцагч Ц.*******гийн хамтран хариуцагч татан оролцуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь хуульд нийцсэн байна.

Хэдийгээр хариуцагч Ц.******* зээлийн гэрээгээр түүний нөхөр Ч.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Ц.******* нь гэрээг дангаараа байгуулсан байх ба түүний нөхөр Ч.******* нь тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу хүлээн авсан хөрөнгийг /мөнгийг/ хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх бөгөөд хариуцагч Ц.*******гийн ...зээлийн мөнгийг нөхөр Ч.*******той хувааж авсан тул зээлийн тодорхой хэсгийг хариуцах ёстой ...гэсэн түүний нэхэмжлэлийн татгалзал хуулийн үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан ...хамтран үүрэг гүйцэтгэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөхөр Ч.*******ыг оролцуулаагүй... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэл болон гэрээний хариуцлага болох алданги зэргийг гаргуулахаар шаардсан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байхаар тохирсон байх ба зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 сарын 27-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 26.000.000 төгрөг, зээлийн хүү 18.442.600 төгрөг, алданги 13.000.000 төгрөг нийт 57.442.600 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон атлаа зээлийн хүү болон алдангийг хэдий хугацаагаар хэрхэн тооцсон талаар тооцоолол ирүүлээгүй, шүүх энэ талаар тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.

Талуудын хооронд 2020 оны 01 сарын 27-ны өдөр 19000114 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээний 2 дахь заалтад гэрээний нөхцлийн талаар зээлийн хэмжээг 26.000.000 төгрөг, зээлийн хүүг 30 хоногт 3,5 хувь, зээлийн гэрээний хугацааг 12 сар буюу 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 сарын 27-ны өдөр хүртэл, алдангийг үүргийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар тооцохоор тохиролцжээ.

Нэхэмжлэгч ******* Прайм ХХК-ний үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ байх тул тухайн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний (үндсэн) харилцаа боловч Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 286 дугаар зүйлийг зээлийн үйл ажиллагаандаа баримтлах учиртай.

Зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүү болон алдангийн талаар талууд харилцан тохиролцон гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.2, 286.5-д заасан зохицуулалттай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний (үндсэн) харилцаа үүссэн тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, гэхдээ талууд зээлийн гэрээгээр зээлийн хугацааг тогтоож, зээлийн гэрээг сунгаагүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагч Ц.*******гаас үндсэн зээл 26.000.000 төгрөг, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 сарын 27-ны өдөр дууссан бөгөөд талууд гэрээг сунгаагүй байх тул зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар буюу 12 сараар / 26.000.000х3.5%=910.000 төгрөг, 910.000х12сар = 10.920.000 төгрөг/ тооцож 10.920.000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн үүрэгт, талууд гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 36.920.000 төгрөгийн 50 хувь буюу 18.460.000 төгрөгийн алдангиас мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг 50 хувиар багасган /18.460.000 : 2 = 9.230.000/ хариуцагчаас алданги 9.230.000 төгрөг нийт 46.150.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.292.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж тус гэрээгээр хариуцагч Ц.*******гийн өмчлөлийн Тоёото Ланд Крузер-200 маркын 15-19 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан байх ба зээлийн барьцаа болох тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхийг өмчлөгчид үлдээж, тээврийн хэрэгслийн ашиглалтай холбоотой үүргийг зээлдэгч буюу өмчлөгч хариуцахаар гэрээний 5.7-д тусгайлан заажээ.

Түүнчлэн барьцааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь авто ослын улмаас эвдэрснээр тухайн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон, гэрээний зүйл болох хөрөнгийн даатгалын эрсдэл түүнтэй холбоотой нөхөн төлбөр /хөрөнгийн болон жолоочийн хариуцлагын даатгал/ -ийг даатгалын компаниас нэхэмжлэгч шууд гаргуулахаар шаардлага гаргах хуулийн үндэслэлгүй тул хариуцагчийн даатгалын нөхөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч шууд суутган тооцох байсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 26.000.000 төгрөг, хүү 10.920.000 төгрөг, алданги 9.230.000 төгрөг нийт 46.150.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* Прайм ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.292.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445.170 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 388.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445.163 төгрөгөөс 195.632 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.*******д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

Top of Form