| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 106/2020/0065/Э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 284
Д.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Д.Алтайсайхан, түүний өмгөөлөгч Э.Туул, Т.Мөнхцэцэг, хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 311 дугаар магадлалтай, Д.А-д холбогдох 1905030661073 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул, Т.Мөнхцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.А-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.А-с 1,617,196 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ц-т олгохоор” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолыг үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогч Б.Ц , шүүгдэгч Д.А нар нь 15 жилийн хугацаанд хамт амьдарч, дундаасаа төрсөн 1 охинтой гэр бүл юм. Тус хугацаанд шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн шинж тогтоогдохгүй байгаагаас гадна хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй учир хяналтын шатны шүүхээс зөвтгөж өгнө үү. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан байдлыг тогтоосон дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Учир нь шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр гаргуулаагүй. Жишээ нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн өвчтөний түүх нь хуулбар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасныг баримтлаагүй. Мөн мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээч томилсон тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн нэг цэгийн үзлэгийн баримтыг үндэслэж сарын дараа дүгнэлт гаргасан. Гэтэл хохирогч аль эмнэлэг, газрын нэг цэгийн үйлчилгээнд үзүүлсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт баримт байхгүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангахгүй. Томографикийн шинжилгээний шинж тэмдгүүд зөрүүтэй буюу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжилгээгээр тархины бор, цагаан эдийн ялгарал хэвийн байсан байхад 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шинжилгээнд тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай гэж бичсэн байна. Тэгэхээр тодорхой цаг хугацааны дараа шинж тэмдэг үүссэн байгаа нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд гэмтэл үүссэн байх боломжгүй юм. Шинжээч эмч хохирогчийг гэмтэл авснаас хойш 30 хоногийн дараа үзлэг хийхэд “зүүн нүдний дээд зовхи хамрын нурууг хамарсан хүрэн ягаан өнгийн цус хуралттай” гэж бичсэн нь эргэлзээтэй байна. Хөнгөн гэмтэл нь 28 хоногийн хугацаанд эдгэрэх боломжтой байдаг. Мөн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт хамрын хугарлыг засуулах мэс ажилбар хийлгэсэн байхад 30 хоногийн дараа “хамрын яс хавирах чимээтэй” гэж бичсэн нь эргэлзээ бүхий байна. 70,000 төгрөгийн үнэтэй хоёр өөр хугацаатай баримт нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжилгээг эргэлзээтэй байдалд оруулж байна. Хохирогч дээрх баримтуудыг нэг баримт гэж хэлсэн. Иймд шүүгдэгч нь хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг дахин тогтоолгох шаардлагатай” гэсэн байна.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан бол Д.А-ны гаргаж өгсөн 9 минут 47 секундын гар утасны бичлэгээс болж хардалт үүссэн байдаг. Гэтэл шүүх тус бичлэгт ач холбогдол өгөөгүй. Тус бичлэгт хохирогч Б.Ц ямар нэгэн тайлбар хийгээгүй. Б.Ц-ийн мэдүүлгүүд зөрүүтэй буюу урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл байсан, эсвэл байгаагүй гэх хоёр төрлийн мэдүүлэг өгсөн. Мөрдөгч И.Цэрэндулам нь Б.Ц-с мэдүүлэг авахын тулд маш олон удаа утсаар ярьсан байдаг бөгөөд Д.А-ны гомдлын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулж, буруутай байсан учир түүнд 1 сарын цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан. Тэгэхээр мөрдөгч И.Цэрэндуламын Б.Ц-с авсан мэдүүлгүүд нь нотолгооны чадвараа алдана. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь байнгын шинжтэй байхыг хуульд тодорхойлсон. Гэтэл байнгын шинжтэй хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Ц-н гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа ил болсноор гэмт хэрэг шалтгаан болсон. Тухайн үед хэргийн газрын үзлэгийг хийсэн бол хэзээ гэмтэл авсан болохыг тогтоох боломжтой байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр учирсан гэж тогтоосон. Гэтэл хохирогч олон удаа цохисон гэж мэдүүлсэн нь дүгнэлтэд нийцэхгүй байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд хэлсэн саналдаа “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхий магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мэдүүлэг өгсөн 5 гэрчийн мэдүүлгээр орц, хаалганд ямар нэгэн цус байгаагүй, харин хаалга онгойлгож дотогш ороход хананд цус болсон байсан нь тогтоогддог. Д.А-ны төрсөн дүү Д.Алтанзул миний үйлчлүүлэгчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, үзүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч хүүхдээ бодож, амьдрал ахуйгаа авч үлдэх бодол агуулж, эргэлзээ төрсөн байхад нь Д.А “хүчиндэх гэмт хэрэг болсон гэх” өргөдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргуулсан. Гэхдээ бодит байдалд хүчиндэх гэмт хэрэг болоогүй учир өргөдлөө буцааж авсан байдаг. Мөн хохирогч өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл байсныг яриагүй. Мөрдөгч И.Цэрэндуламтай хувийн харьцаа тогтоосон асуудал шалгагдаж, холбогдох хариуцлага хүлээсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл тогтоогдсон учир шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Д.А-д холбогдох хэргийн хохирогч Б.Ц гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг сарын дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Учир нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд “бусдад хүчиндүүлсэн асуудлаар гомдол гаргах” яриа байсан болох нь хэргээс харагддаг. Иймд шинжээчийн дүгнэлт 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарсан. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 07 дугаар сарын 09-ний өдрүүдийн шинжилгээгээр хохирогчийн биед хамрын ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний алимны цус харвалт гэсэн гэмтлүүд тогтоогдсон. Харин шинжээч дүгнэлт гаргахдаа сар, өдрийг андуурч бичсэн байна. Харин 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шинжилгээ хийгдэж, 07 дугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гарсан болох нь тамга, тэмдгээр нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх шинжийг заасан. Хэрэг оршин суугчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдээлэл, цагдаагийн байгууллагын гурван ажилтны мэдүүлгээр нотлогддог. Цагдаагийн ажилтнууд очиход хана болон шаланд нөжирсөн цус болсон байсан. Шүүх Д.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул, Т.Мөнхцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийг шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 57-1 дүгээр байрны 36 тоотод эхнэр Б.Ц-н нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Д.А нь эхнэр Б.Ц ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ц-н мэдүүлэг /хх-ийн 77-79, 80-81 хуудас/, гэрч Т.Ш-н мэдүүлэг /хх-ийн 82-83 хуудас/, гэрч Г.М-н мэдүүлэг /хх-ийн 84-85 хуудас/, гэрч Б.А-н мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/, гэрч Э.Б-н мэдүүлэг /хх-ийн 144 хуудас/, гэрч Г.Ж-н мэдүүлэг /хх-ийн 145 хуудас/, шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9067 дугаартай дүгнэлт /хх-ийн 92 хуудас/, өвчний 09880 дугаартай түүхийн хуулбар /хх-ийн 96-102/ болон бусад нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн давах, хяналтын шатны шүүхүүдэд гаргасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас Д.А-ийн санаа сэтгэл хүчтэй цочирдсон, тохиолдлын шинж чанартай байсан гэх гомдлын тухайд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн эрх зүйн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах тухай ойлголтод хамаарахгүй болно.
Учир нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас хоромхон зуур гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд оруулсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт хэлбэрээр илэрч буюу тухайн агшинд үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал гэж ойлгоно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Д.А нь 9 минут 37 секундын дуу авиаг сонссоноос хойш 1 цаг гаруй хугацаанд тамхи татсан, тагтан дээр эхнэр Б.Ц-г хүлээсэн, бичлэгийг дуу хураагуурт хуулсан зэрэг үйл баримтуудаар Д.А-г өөрийгөө удирдан жолоодох чадвараа алдаагүй, болж өнгөрсөн цаг хугацааг бүрэн тооцоолж, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт хийх чадвартай байсан гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин хоёр шатны шүүх Д.А-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хэмээн хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Тодруулбал гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчисан бөгөөд дээрх үйлдлийг ямар нэгэн онцлох учир шалтгаан, сэдэлтгүйгээр бие махбодь, эдийн засгийн хүч чадал, хүйсийн давуу байдлыг хохирогчид тогтмол мэдрүүлж, айдас түгшүүртэй гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлсэн байхыг шаарддаг.
Уг хэргийн тухайд нийгэмд тогтсон ёс суртахуун, заншлын хэм хэмжээнд харш, гэр бүлийн гишүүний нийтлэг үнэт зүйлсийг үнэгүйдүүлсэн, үнэнч бус байсан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан Д.А нь хувийн сэдэлтээр хохирогч Б.Ц ийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжид хамааруулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тиймээс хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул, Т.Мөнхцэцэг нарын гаргасан хэргийг прокурорт буцаалгах агуулга бүхий гомдлуудыг хүлээн авахаас татгалзаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 311 дугаар магадлалын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Туул, Т.Мөнхцэцэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН