Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0148

 

“Т Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дүгээр шийдвэрийн “Т Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т Х” ХХК-ийн NE-026393 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Т Х” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутгийн “Шаргалт” 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын газрын даргын тушаалаар батлагдсан дотоод заавраар Кадастрын дарга шийдвэр гаргахдаа аймгийн Засаг дарга нарын шийдвэр хууль ёсны болсон эсэх талаар заавал хянахаар үүрэг болгосон байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга нараас хууль зүйн үндэслэлгүй хариу ирсэн болохыг шүүх тогтоосон байхад түүнийг хянаж өөрийн шийдвэрээ гаргах үүрэгтэй захиргааны байгууллагыг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны шийдвэр болоогүй гэж үзэж байна.

Шүүхээс шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Сонсох ажиллагааны талаар өдрийн сонины 2017 оны 02 сарын 15 дугаар нийтэлсэн гэх боловч энд талаар нотлох баримт хэргийн материалд байхгүй, сонсох ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй, сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байхад тухайн шийдвэрийг “үндэслэл бүхий” гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Шүүхээс "...хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох боломжгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл "Өргөдлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагаа"-тай холбоотой хуулийн зохицуулалт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонтой холбогдуулан цаашид өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагаа гэх хуулийн ойлголт байхгүй болсон" гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, маргаан бүхий заалт буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалт хүчингүй болсон ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд тухайн хуулийг буцаан хэрэглэх боломжтой.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Т Х” ХХК-ийг төлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирал Р С-с “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 359 дугаар шийдвэрийн “Т Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Т Х” ХХК-ийн NE-026393 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “Т Х” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдын нутгийн “Шаргалт” 1 нэртэй 508.03 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл болон мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргах эрхтэй бөгөөд шүүх тайлбар, мэдүүлэг, нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг хэргийн оролцогчид орчуулагчаар дамжуулан танилцуулах үүрэгтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх “Т Х” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гадаад улсын иргэн Р С-г Монгол хэл мэддэг эсэх, үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг ойлгож нэхэмжлэлд гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй байхад Монгол хэл дээр бичгээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, шууд захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн “Т Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р С-с 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ц.Д-д итгэмжлэл олгохдоо өөрийн эх хэл эсхүл мэддэг хэл дээр орчуулан итгэмжлэлийн учир холбогдол, үүсэх үр дагаврыг ойлгосон эсэх нь тодорхойгүй, уг итгэмжлэлийн баталгаат орчуулга хэрэгт авагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэх боломжгүй.

Зүй нь анхан шатны шүүх “Т Х” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Р С-н өөрийн мэддэг, эсхүл эх хэл дээр бичиж, гарын үсэг зурсан нэхэмжлэл болон итгэмжлэлийг баталгаат орчуулгаар орчуулуулан хэрэгт хавсаргаж, түүний шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэл зориг байсан эсэх, түүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг мэдсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН