Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 213

 

Нигер Улсын иргэн О О-гийн  нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн,

харъяатын газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   Б.Мөнхтуяа,    

Шүүгчид:                                  М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №98 тоот УБ-06 ХАСАВ тэмдэглэгээ хийсэн захиргааны акт нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, О О-ийн визний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, О О-ийн Монгол улсад оршин суух визний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0927 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат нарыг оролцуулан, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0927 дугаар шийдвэрээр: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.3.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан “2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №98 тоот УБ-06 ХАСАВ тэмдэглэгээ хийсэн захиргааны акт нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, О О-ийн визний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, О О-ийн Монгол улсад оршин суух визний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах”ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Нигер Улсын иргэн О О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 206 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна...

4. Нэхэмжлэгч О О-гид Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26.26.2 дахь заалтыг танилцуулсан, энэ талаар хууль сануулсан, орчуулгын шаардлага хангасан баримтыг хариуцагч хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Гадаадын иргэн Монгол улсад оршин суух талаар тогтоосон журмыг нэхэмжлэгч анх удаа зөрчсөн байхад шүүхээс Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т “энэ хуульд заасан виз, бүртгэл, оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн” тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно” гэж заасныг баримталж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэр гаргах байтал түүний статусыг буруу тайлбарлан, хуулийг буруу хэрэглэж, энэ талаар анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч нь гадаад улсын иргэнд хориглох зүйлийг зөрчиж, оршин суух, бүртгүүлэх, шилжин суурьших талаарх журмыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон ... тул нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй бөгөөд хуульд нийцсэн байна” гэж маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

5. Улмаар Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.8.1.6-д “Гадаадын иргэн Монгол улсын нутаг дэвсгэрт... Монгол улсын виз, оршин суух, виз бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ...шилжин суурьшихыг хориглоно” гэсэн гадаадын иргэнд хориглох зүйлийг О О-гийг зөрчсөн гэж хариуцагчаас үзэж, мөн хуулийн 27.3.3-т “энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан бол Монгол улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчаас эрх хэмжээнийхээ  хүрээнд түүний визний хугацааг сунгахаас татгалзаж, хүчингүй болгосныг буруутгах боломжгүй... гэж дүгнэсэн байна.

6. Нэхэмжлэгч нь Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасан, суралцах зорилгоор нэхэмжлэгч нь Монгол улсад оршин сууж байгааг анхаарч үзээгүй бөгөөд суралцахаас бусад зорилгоор Монгол улсад оршин сууж байгаа гадаадын иргэдэд хариуцлага хүлээлгэх тухай заалтыг буюу төсөөтэй харилцааг зохицуулсан зүйл заалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, ...нэгэнт Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.8.1.6-д заасныг зөрчиж, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгохоор зохицуулсан байх тул Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3.2-т зааснаар оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, гадаадын иргэн Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суухдаа хүлээсэн үүрэг, хууль тогтоомжийг сахин биелүүлж буй байдалд дүгнэлт хийж, хариуцагч өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна... гэж дүгнэн нэхэмжлэгчийн эрхийг ноцтой хохироосон шийдвэр гаргасан байна. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Нэхэмжлэгч О О нь Рояаль олон улсын дээд сургуулийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №79 тоот албан бичгээр өөрийн хүсэлтийн хамт гадаадын иргэн харьяатын газар хүргүүлснийг түүний хүсэлтийг үл харгалзан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №98 тоот УБ-06 ХАСАВ гэсэн тэмдэглэгээ хийж түүний оршин суух хугацааг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой байтал 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болгосон байна. Энэ захиргааны актыг гаргахдаа үндэслэлийг тайлбарлаагүй, улмаар ямар нэгэн шалтаг шалтгаан заалгүйгээр шийдвэр гаргасан нь Нигер Улсын иргэн О О-ийн суралцах, халдашгүй байх эрхийг хөндөөд зогсоогүй, гадаад улсын иргэний эрх зүйн байдлыг эрс дордуулсан хууль бус захиргааны акт болсон.

8. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.5-д зааснаар аливаа гадаад улсын иргэний оршин суух эрхийг суралцаж байгаа бол 5 хүртэл жилээр олгох боломжтой байхаар зохицуулагджээ. Гэтэл дээрх хуулийн 27.3-д заасан үндэслэлийн яг аль заалтыг О О зөрчсөн талаар урьдчилан тайлбарлалгүйгээр Монгол улсад оршин суух хугацааг сунгахаас татгалзан, улмаар хасалт хийсэн нь ойлгомжгүй тодорхой бус болсон. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.6-д заасан шилжин суурьших гэсэн ойлголт нь тодорхой эрх бүхий байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авах ёстой үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл /нэг аймгаас нөгөө аймагт, эсхүл нэг дүүргээс нөгөө дүүрэгт/ гэх зарчим хамаарахаас бус нэг дүүрэгт оршин сууж байгаа тохиолдолд,  мөн хуулийн 27.3.2-т заасан журам буюу оршин суух журмыг хоёроос дээш удаа зөрчсөн бол хугацааг сунгах буюу татгалзах тухай ойлголт юм. Гэтэл хариуцагч байгууллагаас дээрх хуулийг буруу хэрэглэж О О-ийн визний хугацааг сунгахаас татгалзан улмаар “хасав” тэмдэглэгээ дарж түүнийг Монгол улсад сурч, боловсрох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргажээ.

9. Мөн визний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хууль, журамд заасны дагуу өгсөөр байхад түүнийг ямар нэгэн үндэслэл заалгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл юм. Уг захиргааны актыг нэхэмжлэгч гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, хуульд заасан журам зөрчсөн, Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн захиргааны акт байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Гадаадын Иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.6, 26.1, 26.2, 27.3.3-д заасан хуулийг буруу тайлбарласан, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл юм. Хэдийгээр нэхэмжлэгч нь шилжин суурьшсан газрынхаа хорооны Засаг даргад 14 хоногийн дотор бүртгэл хийлгэх үүрэгтэй ч энэ арга хэмжээ авсан шийтгэвэр нь өөрөө хууль зөрчсөн шийтгэвэр байсан. Энэ зөрчлөөс өөр нэхэмжлэгчийн хувьд гаргаагүй байхад түүнээс ямар нэгэн тайлбар авалгүйгээр шууд хасав тэмдэг дарсан нь иргэний эрхийг зөрчсөн зөрчил байсан.

10. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т оршин суух журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол” гэж заасан байхад хариуцагчаас О О-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдлыг тодруулалгүйгээр түүний Монголд оршин суух эрхийг хассан шийдвэр гаргасан нь хууль буруу хэрэглэсэн. Захиргааны акт гаргахдаа зохих журмаар шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, тухайлбал тухайн актад сонсох ажиллагаа хийх эсэх, хийхгүй бол ямар хуулийн заалтаар зөвтгөж байгаагаа үндэслэлтэй зөв тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэрүүд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Иймд, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

​ХЯНАВАЛ: 

11. Шүүхүүд хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

12. Гадаадын иргэн, харьяатын газар нь, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн О О /Осузава Осасоги/-ийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, тус тэмдэглэгээг паспортад нь хийсэн; нэхэмжлэгчээс уг тэмдэглэгээ /захиргааны акт/-г хүчингүй болгуулах, визний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль болохыг тогтоолгох, Монгол Улсад оршин суух визний хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Монгол улсад сурч боловсрох эрхийг зөрчсөн, ...хууль бус” гэж  маргажээ.

13. Нигер  Улсын иргэн  Осузава  Осасоги нь, Рояаль олон улсын дээд сургуульд бизнесийн удирдлагын мэргэжлээр магистрын сургалтанд сурдаг ба цаашид үргэлжлүүлэн суралцаж, диплом авах шаардлагаар, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр “Оюутны визийг үргэлжлүүлэн сунгах тухай” хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасныг виз, оршин суух зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, хүчингүй болгох чиг үүрэгтэй ажилтан нь, Осузава Осасогийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, оршин суух зөвшөөрлийн хугацааг нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож бүртгэн, “УБ-06 ХАСАВ.98” гэсэн тэмдэглэгээ бүхий дардасыг түүний А09103180 дугаартай паспортад дарсан, уг шийдвэрийг эс зөвшөөрч тус агентлагийн даргад гаргасан гомдолд нь эрх бүхий албан тушаалтнаас “татгалзсан шалтгааныг тайлбарлах үүрэггүй бөгөөд  зөвшөөрлийн хугацааг 1 жилийн  хугацаагаар сунгах боломжгүй талаар, харин 90 хүртэлх хоногийн богино хугацааны виз мэдүүлэх боломжтой”-г Осузава Осасогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонцэцэгт амаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

12. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үүрэг хүлээнэ:”, 7.4.2-т “энэ хуулийн 24, 26 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Монгол Улсад хувийн хэргээр ...оршин суугч гадаадын иргэн 14 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад хаягийн бүртгэл хийлгэнэ”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан гадаадын иргэн оршин суугаа хаягаа өөрчилбөл анх бүртгүүлсэн газартаа мэдэгдэн хасалт хийлгэж, шилжин очсон сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэнэ” гэж тус тус заасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Осузава Осасоги нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдаж олгогдсон Монгол Улсад оршин суух үнэмлэх дээрх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, АОС-54 тоотод  оршин  суудаггүй, харин Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 19 тоотод оршин суудаг болохыг тус хорооны Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0100 дугаар, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1343 дугаартай тодорхойлолтуудаар тодорхойлсон ба эрх бүхий улсын байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0113730 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн” зөрчилд 100,000 төгрөгөөр торгуулж, захиргааны шийтгэл хүлээсэн байна.

13. Иймээс, нэхэмжлэгчийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан “ Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших;” гэсний “бүртгүүлэх журам зөрчсөн” гэж үзэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно:”, 27.3.3-т “энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан;”-д хамааруулж, оршин суух хугацааг сунгахаас “татгалзсан” хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

14. Нөгөө талаар, хариуцагч нь “оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан” талаарх шалтгааныг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т “гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй” гэсний дагуу “шалтгаан”-ыг тайлбарлах үүрэггүй нь тухайн этгээдийн хувьд уг асуудлаар “маргах эрхгүй” гэсэн агуулгыг илэрхийлэх хэдий ч  шүүхэд  маргасан  энэ тохиолдолд,  нэхэмжлэгчийн “салшгүй эрхтэй нь” холбоотой авч үзэх тул хариуцагчийн бүрэн эрхтэй нь холбогдуулж дүгнэсэн шүүхүүдийн дүгнэлт зөв юм.

15. Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан “...Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 27-д заасныг хэрэглээгүй, ...хууль буруу тайлбарласан ...эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.