Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2020/0206

 

 Н улсын иргэн О О-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Г.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 927 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н улсын иргэн О О-ийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 927 дугаар шийдвэрээр: “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.3.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан “2019 оны 06 дугаар сарын 10-ны №98 тоот УБ-06 ХАСАВ тэмдэглэгээ хийсэн захиргааны акт нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, О О-ийн визний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болхоыг тогтоолгох, О О-ийн Монгол улсад оршин суух визний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Н улсын иргэн О О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч нь “Рояаль” олон улсын дээд сургуульд магистрын сургалтад суралцаж байгаа бөгөөд 2019 оны 06 дугаар сарын байдлаар 1-р курсээ бүрэн төгсөж улмаар оршин суух зөвшөөрлөө оршин суух тухай ангиллын дагуу бүрдүүлж сурч байгаа сургууль болох “Рояаль” олон улсын дээд сургуулийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 79 тоот албан бичгээр өөрийн хүсэлтийн хамт гадаадын иргэн харьяатын газар хүргүүлснийг түүний хүсэлтийг үл харгалзан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 98 тоот УБ-06 ХАСАВ гэсэн тэмдэглэгээ хийж визний хугацааг 06 дугаар сарын 18-ны өдөр дуусах ёстой байтал 10-ны өдрөөр дуусгавар болгосон байна. Энэ захиргааны актын үндэслэлийг тайлбарлаагүй, улмаар ямар нэгэн шалтаг шалтгаан заалгүйгээр визний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн суралцах, халдашгүй байх эрхийг хөндөөд зогсохгүй, гадаад улсын иргэний эрх зүйн байдлыг эрс дордуулсан хууль бус захиргааны акт болсон. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.6-д заасан шилжин суурьших гэсэн ойлголт нь тодорхой эрх бүхий байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авах ёстой үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл нэг аймгаас нөгөө аймагт, эсхүл нэг дүүргээс нөгөө дүүрэгт гэх зарчим хамаарахаас бус нэг дүүрэгт оршин сууж байгаа тохиолдолд мөн хуулийн 27.3.2-т заасан журам буюу оршин суух журмыг хоёроос дээш удаа зөрчсөн бол хугацааг сунгах буюу татгалзах тухай ойлголт юм. Гэтэл хариуцагч байгууллагаас дээрх хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийн визний хугацааг сунгахаас татгалзан улмаар “хасав” тэмдэглэгээ дарж, түүнийг Монгол улсад сурч, боловсрох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргажээ. Мөн визний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хууль, журамд заасны дагуу өгсөөр байхад түүнийг ямар нэгэн үндэслэл заалгүйгээр сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэл юм. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, хуульд заасан журам зөрчиж гарсан захиргааны акт бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн захиргааны акт байхад анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.6, 26.1, 26.2, 27.3.3-д заасан хуулийг буруу тайлбарласан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О О нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...гадаадын иргэн оршин суугаа хаягаа өөрчилбөл анх бүртгүүлсэн газартаа мэдэгдэн хасалт хийлгэж, шилжин очсон сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэнэ” гэж заасан гадаадын иргэн Монгол Улсад оршин суух талаар тогтоосон журмыг зөрчсөн болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0113730 дугаартай шийтгэлийн хуудсаар тогтоогдсон.

Энэ талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч нь гадаадын иргэнд хориглох зүйлийг зөрчиж, оршин суух, бүртгүүлэх, шилжин суурьших талаарх журмыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон ... тул нэхэмжлэгчийн оршин зөвшөөрлийг хүчингүй болгож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй бөгөөд хуульд нийцсэн байна” гэж маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Тодруулбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт ... Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр .... шилжин суурьших”-ыг хориглоно” гэсэн гадаадын иргэнд хориглох зүйлийг О Ойг зөрчсөн гэж хариуцагчаас үзэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т “энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан” бол Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчаас эрх хэмжээнийхээ хүрээнд түүний визний хугацааг сунгахаас татгалзаж, хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.

Нэгэнт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг зөрчиж, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т зааснаар оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчөөгүй” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суухдаа хүлээсэн үүрэг, хууль тогтоомжийг сахин биелүүлж буй байдалд дүгнэлт хийж, хариуцагч өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН