Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 212/МА2021/00030

 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2020/01280 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, тус аймгийн **** оршин суух, Т.Е-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Т.Е- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшиж байгаа 876 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлд: “Иргэн Т.Е- нь 1994 оны 11 дүгээр сарын 11-нд батлагдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, төрийн байгууллага болох Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдлийн 12495 м.кв газраас 4000 м.кв газрыг хувьдаа өмчилж авсан байсан тул түүний одоогийн хашаа татаж эзэмшиж байгаа 4876 м.кв газрыг бүхэлд нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж улмаар Т.Е-д газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 46 дугаар захирамж, аймгийн Засаг даргын 677 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Т.Е- нь төрийн байгууллагын газрыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Тийм учраас Т.Е-ы эзэмшиж буй 4876 м.кв газрыг бүхэлд нь нэхэмжилснийг өөрчилж, түүний хууль бус илүү эзэмшиж байгаа 876 м.кв газрыг Онцгой байдлын газрын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Т.Е-ы Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын мэдлийн 876 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 110/Ш32016/0124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өмиржаны 01 дүгээр дүгнэлтээр давхар тогтоогдож байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 876 м.кв газрыг хариуцагч Т.Е- би 2002 оноос эзэмшиж байгаа бөгөөд Иргэний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 75.2.2-т Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна" гэснийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэснийг тус тус зөрчиж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

1. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 тоот тогтоолын хянавал хэсгийн Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2002 оны захиргааны актыг 2004 оноос хойш мэдэх боломжтой байсан атлаа эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ. Анхан шатны шүүхээс "...ердийн харьяаллын шүүхэд газрын асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдохоор байна гэсэн дүгнэлт хийсэн нь буруу болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Тийм учраас тус 84 дүгээр тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Иргэний хэргийн шүүх дахин үнэлэхгүй гэж үзэж байна.

2. Маргаан бүхий 876 м.кв газрыг 2002 оноос эхлэн Т.Е- би эзэмшиж байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөлд газар эзэмших эрх хүчингүй болох учир нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь тухайн газрыг 15 жил ашиглаагүй учир эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч энэхүү шинжээчийн дүгнэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн дээрх 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн. Тухайн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Онцгой байдлын газар нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 шийдвэртэй захиргааны хэргээс хуулбарлан авсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир дахин нотлохгүй.

Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.А-ийн тайлбарт: “Нэхэмжлэгч тал болох Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1563 м.кв эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас хүү Ж.Д бид хоёрын хууль ёсны эзэмшил газар болох 416 м.кв талбайд холбогдох хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Т.Е- бид харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, тохиролцсоны үндсэн дээр түүний Баян-Өлгий аймгийн Засаг даргын 348 тоот захирамжийн дагуу эзэмшсэн 0198993 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4000 м.кв талбай эзэмшил газраасаа 416 м.кв талбай газрыг нь нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан тул Баян-Өлгий аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай дугаар 677 тоот захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хуульд заасны дагуу дурдсан гэрээ, хураамж төлсөн баримт бусад холбогдох материалуудыг бүрэн хавсарган бүрдүүлж өгсний үндсэн дээр хүү Ж.Д-д 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000476573 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Улмаар тэр газарт хашаа татаж, 2 давхар байшин барьсан ба 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 000201395 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүү Ж.Д бид хоёрын нэр дээр гарсан.

 

Мөн Засаг даргын 677 тоот захирамжид Т.Е-ы 4000 м.кв талбайгаас 22416 м.кв нь хасагдсан тул үлдэж байгаа 3584 м.кв талбай газарт шинэ газар эзэмших гэрээ хийх, эрхийн гэрчилгээ олгож, өөрчлөлтийг улсын бүртгэлд тусган бүртгүүлэх, хувийн хэрэг нээхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгосон байсан. Үүнээс үзэхэд манай эзэмшсэн газар болох 416 м.кв талбай нь Т.Е-ы 4000 м.кв талбай газраас хасагдсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагчид эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газрын Засаг даргын захирамжид холбогдуулан түүнийг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн шүүхэд гомдол гараагүй нь тус захирамж хууль зүйн үндэслэлтэй, эзэмшүүлсэн газар нь хууль ёсны эзэмшил хэвээр байх тул байршлын хувьд Т.Е-ы эзэмшлийн координатын 3 цэгээс дотогш буюу 4000 м.кв талбай бүхий газарт багтах манай эзэмшлийн 416 м.кв талбай газар ч мөн л хууль ёсны эзэмшил гэсэн дүгнэлт гарах юм. Манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хариуцагчийн эзэмшиж буй 4000 м.кв талбайн дотогш байршилтай гэдэг нь Ж.Д-ы /**********/ эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаас харагдана.

Иймд манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь аймгийн Онцгой байдлын хэлтсийн буюу нэхэмжлэгч талын газар нутагт огт хамаарагдахгүй болно.

2. Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамж нь Газар эзэмших хууль ёсны эрхтэй этгээд болох газар эзэмших эрх шилжүүлэгч Т.Е-, газар эзэмших эрх хүлээн авагч хүү Ж.Д нарын хэн алиных нь газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хураамж төлсөн баримт зэрэг хүсэлтэд хавсаргавал зохих бүх баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлэн өгсөн тул үүний дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 677 тоот захирамжаар Т.Е-аас Ж.Д-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

3. Тус хэргийн маргааны зүйл болж буй хариуцагч нь хууль ёсоор эзэмшүүлсэн 4000 м.кв талбай газраас гадна нэхэмжлэгч талын буюу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн хууль ёсны эзэмшлийн гэх 1563 м.кв газрыг үндэслэлгүйгээр илүү эзэмшиж байгаа эсэхийг тогтоох нь хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарахад ач холбогдолтой. Харин манай эзэмшлийн 416 м.кв талбай газрыг хариуцагчийн хууль ёсны эзэмшлийн 4000 м.кв газраас эзэмшүүлсэн тул уг маргааны зүйлд хамааралгүй болж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар манай хууль ёсны эзэмшлийн 416 м.кв талбай газар нь нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг шаардаж буй 1563 м.кв газрын байршилд хамааралгүй болох нь, мөн хариуцагч Т.Е-ы эзэмшлийн 4000 м.кв талбай газар болон түүнээс шилжүүлэн авсан манай эзэмшлийн 416 м.кв талбай газар нь хууль ёсны болох нь хангалттай хэмжээнд бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн албадан чөлөөлүүлэхийг хүссэн 1563 м.кв талбай газрын нэхэмжлэлийн шаардлагаас манай эзэмшлийн буюу хүү Ж.Д-ы нэр дээр бүртгэгдсэн 416 м.кв талбай газарт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2020/01280 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Төлек овогт Тилегений Е-ы хууль бус эзэмшлээс 876 м.кв газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2020/01280 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, Эрүү иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь 1999 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэс нэртэй байхад 12495 м.кв газрыг эзэмшиж байсан. Тухайн үед өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчиж 4876 м.кв газрыг тухайн үеийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар шилжүүлэн авсан байна. Энэ нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Т.Е- нь хууль бус эзэмшсэн болох нь тогтоогдсон. Гэвч Т.Е- нь 4000 м.кв газрыг эзэмшиж байгаа талаар эрх бүхий байгууллагаас мөн шийдвэр гаргуулсан байна. Үлдсэн 876 метр квадрат газар нь хэний эзэмшлийн газар болохыг тогтоох талаар Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 124 дугаартай шинжээч томилох захирамжаар гаргасан шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өмиржаны 01 тоот дүгнэлтээр 876 метр квадрат газар нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болохыг тогтоосон. Энэ дүгнэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр тогтоолоор нотлох баримтаар үнэлсэн нотлох баримтууд иргэний хэргийн хавтаст хэрэгт тодорхой байхад шүүгч зөвхөн нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан.

2. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өмиржаны 01 тоот дүгнэлт, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен, Газрын төлбөр татвар үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Баатар, ЭЛ ЭМ ЛАНД ХХК-ийн кадастрын инженер З.Бахберген нарын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2019/А1 дүгнэлт хоорондоо зөрүүтэй байхад шүүгч аль дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна.

3. Шинжээч нарын дүгнэлт болон маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хариуцагч Т.Е- нь гэрчилгээгээр эзэмшүүлсэн газраас зүүн талаараа 880 метр квадрат газрыг илүү эзэмшиж байгаа нь тогтоогдсон боловч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын эзэмшлийн газар болох нь тогтоогдохгүй байна гэж үндэслэх хэсэгт шүүх дүгнэсэн нь эргэлзээтэй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд гомдлыг давж заалдах журмаар бүхэлд нь хянаж, Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШШ2020/01280 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар нь хариуцагч Т.Е-д холбогдуулан 876 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэж 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн 0065604 дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 031304071 дугаар бүхий 7350 м.кв талбайтай газрыг 50 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлжээ.

 

Хариуцагч Т.Е-д Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 677 дугаар захирамжаар нэгж талбарын 031304072 дугаар бүхий 4000 м.кв талбайтай эзэмшил газраас 416 м.кв талбайтай газрыг Ж.Д-д шилжүүлж, Т.Е-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000476574 дугаар гэрчилгээгээр нэгж талбарын 031304072 дугаар бүхий 3584 м.кв талбайтай газрыг эзэмшүүлсэн байна.

 

Зохигчийн эзэмшиж буй газар нь хөрш залгаа байрладаг ба тус тусын эзэмшил газраа хашаалсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 7350 м.кв газраас 876 м.кв талбайтай газрыг хариуцагч Т.Е- нь хашаалж, хууль бусаар /илүү/ эзэмшиж байгаа гэж үзэн албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2019/а1 дугаар шинжээчийн дүгнэлтээс талуудын бодитой эзэмшиж буй хашаалсан талбайд хийсэн хэмжилтийг үзвэл, нэхэмжлэгч аймгийн Онцгой байдлын газрын хашаалсан талбай нь 6413 м.кв, Цамба-2 орон сууцны хашаалсан талбай нь 1502 м.кв бөгөөд өмнө нэхэмжлэгчийн бодитой эзэмшиж байсан талбайн хэмжээ /6413+1502/ 7915 м.кв, хариуцагч Т.Е-ы бодитой эзэмшиж буй хашаалсан талбайн хэмжээ нь 5174 м.кв болох нь тогтоогджээ.

 

Түүнчлэн уг дүгнэлтэд хариуцагч Т.Е-д хууль ёсоор эзэмшүүлсэн 3584 м.кв газраас баруун талаараа шугам сүлжээ бүхий газар 770 м.кв талбайгаар, зүүн талаараа 880 м.кв талбайгаар кадастрын зурагт зааснаас тус тус илүү, харин урьд талаараа 60 м.кв талбайтай газар кадастрын зурагт зааснаас дутуу байрласан талаар тэмдэглэсэн байна.

 

Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн эзэмшлийн 7350 м.кв талбайтай газраас /эсхүл зарим хэсгийг/ 1449 м.кв газрыг Цамбагарав констракшн ХХК-ийн Цамба-2 орон сууцны барилга, орчны газарт шилжүүлэн эзэмшүүлсэн ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны А/718 дугаар захирамжаар тус аймгийн Онцгой байдлын газарт 6454 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан, ингэхдээ нэхэмжлэгч байгууллагад 1246 м.кв газрыг шинээр нэмж эзэмшүүлсэн талаар дурджээ. Энэ нь хэрэгт авагдсан 2017 оны А/718 дугаар захирамж, 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 000000047 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. гэж хуульчилжээ. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны А/718 дугаар захирамжаар нэхэмжлэгч байгууллагын урьд нь эзэмшиж байсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, шинээр газар нэмж олгох шийдвэр гаргасан бол нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй газрын хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. Тодруулбал, талуудын бодитой эзэмшиж буй хашаалсан талбайн хэмжээг шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэгээр болон нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгосон эзэмшил газрын хэмжээ баримтаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шинжээч нарын дүгнэлт болон маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан эзэмшил газрын гэрчилгээ, кадастрын зураглал болон бусад нотлох баримтуудаас хариуцагч Т.Е- нь гэрчилгээгээр эзэмшүүлсэн газраас зүүн талаараа 880 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа нь тогтоогдож байгаа боловч тухайн газар нь нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хууль ёсны эзэмшлийн газар болох нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хууль, Газрын тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2020/01280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                        Д.КӨБЕШ