| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2020/01733/И |
| Дугаар | 225/МА2020/00035 |
| Огноо | 2020-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 225/МА2020/00035
| 2020 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 225/МА2020/00035 |
Б.Мөнхцэцэг нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Болор-Эрдэнэд холбогдох хэлцлийн дагуу 20,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Мөнхцэцэг нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 155/ШШ2020/01066 дугаартай шийдвэрээр нөхөр Б.Болор-Эрдэнээс гэр бүлээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шийдвэр гаргуулж байсан билээ. Энэхүү шийдвэр гарахаас өмнө нь Б.Болор-Эрдэнэ нь надтай харилцан тохиролцож хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 2020 оны 7 сарын 01-нд 10,000,000 төгрөг, 2020 оны 8 сарын 01-нд 10,000,000 төгрөгийг тус тус өгөхөөр хэлцэл байгуулсан боловч Б.Болор-Эрдэнэ нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Б.Болор-Эрдэнээс энэхүү 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттөмөр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг, хариуцагч Б.Болор-Эрдэнэ нар нь 2012 оноос 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан. Хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон ба 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр талууд шүүх хуралдаанд орохоосоо өмнө дундын хөрөнгөө хэрхэн хуваах талаар хэлцэл хийсэн бөгөөд банк бус санхүүгийн байгууллагад төлөх зээлийн төлбөрийг хариуцагч Б.Болор-Эрдэнэ хариуцан төлж барагдуулах, хуваарьт болон дундын хөрөнгөөсөө хоёр хүүхэддээ ногдох хэсэг болгож 20,000,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт өгөхөөр харилцан тохиролцож хэлцэл хийсэн байдаг юм. Хэлцэл ёсоор 20,000,000 төгрөгийг л гаргуулах хүсэлтэй байгаа юм.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тухайд банк бус санхүүгийн байгууллагуудаас Б.Мөнхцэцэгийн нэр дээр бүртгэлтэй байдаг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж зээл авсан ба эдгээр хөрөнгүүдийг барьцаанаас гаргасны дараа мөнгө өгөх саналтай байгаа юм. Хариуцагч нь хамт амьдарч байх хугацаандаа бүх зээлээ өөрөө төлдөг байсан ба хамгийн гол нь нэхэмжлэгч бүх хөрөнгийг нь барьцаалж зээл авахуулаад мөнгийг нь авч явсан. Өнөөдрийн байдлаар 20,000,000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй гэж үзэж байна. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 26 дугаар гудамжны 5 тоотод байрлах 28 м2 орон сууцыг 20,000,000 төгрөгт тооцуулан шилжүүлж өгөх боломжтой. Энэ байдлыг нь харгалзан үзээд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Б.Болор-Эрдэнээс 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болор-Эрдэнээс 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь 20,000,000 төгрөг гаруулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шалтгаан болсон Б.Мөнхцэцэг, Б.Болор-Эрдэнэ нарын хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоосон шийдвэр байхгүй байхад шүүх Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр болсон. Мөн Б.Мөнхцэцэг дундын эд хөрөнгө гаргуулахаар /гэр бүлийн тухай хуулиар эрх үүсэх/ нэхэмжлэл гаргахдаа түүний үндэс суурь болсон хамтын амьдралтай байсан /Б.Болор-Эрдэнэтэй/ эсэх асуудлыг тогтоолгох шаардлага гаргаагүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хамтын амьдралтай байсныг нөхөн тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг нотолж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь хариуцагч Б.Болор-Эрдэнэд холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хэлцлийн дагуу 20,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 26 дугаар гудамжны 5 тоотод байрлах 28 м2 орон сууцыг 20,000,000 төгрөгт тооцуулан шилжүүлж өгөх боломжтой гэж анхан шатны шүүхэд маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Б.Болор-Эрдэнээс 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:
1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хавтаст хэргийн 15-р хуудсанд авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ....Б.Болор-Эрдэнэ нь Б.Мөнхцэцэгт гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний дотор 10,000,000 /арван сая/ төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 01-ний дотор 10,000,000 /арван сая/ төгрөгийг Б.Мөнхцэцэгт өгнө.... гэж харилцан тохиролцож хийгдсэн хэлцэл байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд дээрх хэлцэлд талууд гарын үсэг зурж нотариатчаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын ....нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь 20,000,000 төгрөг гаруулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндсэн шалтгаан болсон Б.Мөнхцэцэг, Б.Болор-Эрдэнэ нарын хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоосон шийдвэр байхгүй байхад шүүх Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр болсон. Мөн Б.Мөнхцэцэг дундын эд хөрөнгө гаргуулахаар /гэр бүлийн тухай хуулиар эрх үүсэх/ нэхэмжлэл гаргахдаа түүний үндэс суурь болсон хамтын амьдралтай байсан /Б.Болор-Эрдэнэтэй/ эсэх асуудлыг тогтоолгох шаардлага гаргаагүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хамтын амьдралтай байсныг нөхөн тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг нотолж байна.... гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг, хариуцагч Б.Болор-Эрдэнэ нар нь гэр бүлийн харилцаатай байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1066 дугаар шийдвэр,
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр анхан шатны шүүх хуралдаанд: ....өнөөдрийн байдлаар 20,000,000 төгрөгийг бэлнээр өгөх боломжгүй гэж үзэж байна. Харин Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 26 дугаар гудамжны 5 тоотод байрлах 28 м2 орон сууцыг 20,000,000 төгрөгт тооцуулан шилжүүлж өгөх боломжтой.... гэх тайлбар мэдүүлэг,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1066 дугаартай шүүхийн шийдвэр гаргахаас өмнө дундын эд хөрөнгийн асуудлаа харилцан тохиролцож хэлцэл хийх замаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн ....хэлцэл ёсоор хариуцагч Б.Болд-Эрдэнээс гэрээний үүргийн биелэлт 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй.... гэж үндэслэх хэсэгтээ дүгнэлт хийж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын гаргасан ...Б.Мөнхцэцэг, Б.Болор-Эрдэнэ нарын хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоосон шийдвэр байхгүй байхад шүүх Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр болсон гэх агуулга бүхий давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан дээрх баримтаар үгүйсгэгдэж байх тул гомдлыг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттөмөрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар шүүх үнэлээгүй болно.
Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1867 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ