Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 215/МА2022/00011

 

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 140/ШШ2021/00422 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг 6 дугаар байрны 2- ... тоотод оршин суух З овогт Х.Б /РД: ИЮ........./

 

Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудалд холбогдох

 

ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б /онлайнаар/, түүний өмгөөлөгч Б.Э /онлайнаар/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А /онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б би 2010 оны 09 дүгээр сараас хойш 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудалд ажиллаж байгаад Д нисэх буудлын дарга Д.А-ын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар ажлаас халагдсан.

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 474 дугаар шийдвэрээр ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Х.Б намайг ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын галчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 12.083.864 төгрөгийг ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шат, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэж 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

Хяналтын шатны шүүхэд хэрэг шилжсэнээс хойш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын даргын тушаал гарч Х.Б намайг ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын гэрэл суултын техникчийн албан тушаалд томилж, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаартай захирамжийг гүйцэтгэсэн.

 

Иймд Х.Б миний бие Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 474 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш ИНЕГ-ын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын гэрэл суултын техникчийн албан тушаалд томилогдож хөдөлмөрлөх эрх сэргэсэн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-т заасны дагуу ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалингийн дундажтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгч Х.Б-т нөхөн олгох Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/00676 дугаартай тогтоол гарсан тул дахин олговор авах нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

 

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчтэй холбогдох Улсын Дээд шүүхийн шийдвэр гараагүй байсан ба нэхэмжлэгч нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаар захирамжаар Д нисэх буудлын даргатай эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу 2020 оны 10 дугаар сарын 12-ноос Д нисэх буудалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бололцоотой байсан ч тухайн ажилд орохоос татгалзаж байсан нь ажилгүй байсан хугацааны цалинг Д нисэх буудал гаргаж өгөх үндэслэлгүй юм.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А/423 дугаар тушаалаар Д нисэх буудлын гэрэл суултын техникчийн орон тоог нэмэгдүүлэн баталж өгсний дагуу аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 731 дугаар захирамжийг биелүүлж Х овогтой Б-ыг гэрэл суултын техникчийн ажилд авах талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч тус нисэх буудлын дарга, Д нисэх буудлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Х.Б нар нь хэд хэдэн удаа биечлэн уулзаж дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х.Б-ыг Д нисэх буудлын гэрэл суултын техникчээр ажилд авахад татгалзах зүйлгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нэхэмжлэгч Х.Б-т Д.А дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар мэдэгдэж байсан.

 

Гэтэл нэхэмжлэгч Х.Б нь гэрэл суултын техникчийн орон тоо нь түр учраас би түр орон тооны ажилд орохгүй гэдэг тайлбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид бичгээр өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архивт хадгалагдаж байдаг. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Х.Б нь Д нисэх буудалтай хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс авах бүрэн бололцоотой байсан. Нэхэмжлэгч Х.Б нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаар захирамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Д нисэх буудалтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бүрэн боломжтой байсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Д нисэх буудал гэсэн байгууллагуудын дунд эргэлзээ төрүүлсэн үйлдлүүд гаргаж, эвлэрлийн гэрээний дагуу ажилдаа орохгүй байсаар 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс Д нисэх буудалтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн нь ажил эрхлэхгүйгээр цалин хөлс авах гэсэн залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би 2018 оноос хойш хөдөлмөрлөх эрхээ боогдуулж 2 жил гаруй хугацаанд явж байна. Миний хувьд 3 шатны шүүхээр уг хэргийг хэлэлцүүлэгдсэн байгаа. Улсын Дээд шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. Анхан шатны шүүхээс хойш Улсын дээд шүүх хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Өмнө нь намайг нэг ажлын байранд дээр хөдөлмөрийн байдлыг минь дордуулан шилжүүлэхэд нь би хүлцэнгүй хандаж хүлээн зөвшөөрч тухайн ажлын байр нь дээр ажиллаж байсан. Энэ хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулсан болов ч  жил гаруй хугацаанд биелүүлээгүй. Ер нь бол миний хөдөлмөрлөх эрхийг боогдуулах, ажлаас гаргах үзэл бодолтой байсан. Намайг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар гэрэл суултын техникчээр ажиллуулах тушаал гаргаснаа мэдэгдэхгүй байж байгаад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ирж ажлаа хүлээж аваарай гэсний дагуу очиж 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тухайн ажлыг хүлээж авсан гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолын дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг бүгдийг нь олгосон учраас дахиж нэхэмжлэл гаргаж нөхөн олговор олгох талаар тооцоолол байхгүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 23-наас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нэхэмжилж байгааг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу гэрэл суултын техникчийн орон тоо батлагдсан даруйд нь ажилд ав гэсэн эвлэрлийн гэрээ байгуулж энэ захирамжид давж заалдах эрхгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан.

 

Энэ гэрээний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа албан бичгийг манайд өгч байсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар гэрэлт суултын техникчийн орон тоог нэмэгдүүлж баталсан. Энэ түр орон тоон дээр ажилд орохгүй гэж нэхэмжлэгчийн яриад байгаа нь буруу ойлголт юм. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тухайн орон тоог нэмэгдүүлэн жигдрүүлж төсөв санхүүг нь суулгана тэр болтол авах ёстой хүмүүсээ ажилд нь ав гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, Х.Б, Д нисэх буудлын дарга нар нь 2-3 удаа уулзаж энэ орон тоо чинь батлагдсан учраас ажилдаа ор гэж ярилцсан. Түр орон тоо гэсэн шалтгаанаар ажилдаа ороогүй байх хугацааны цалин хөлсийг манай тал гаргаж өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацаанд орон тоо батлагдаж ажилдаа ор гэхээр ордоггүй.

 

Мөн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргах нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа ороход нээлттэй байсан болов ч ямар нэгэн шалтгаанаар ажилд орохгүй яваад байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлаас нэхэмжлэгч Х.Б-ын ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.788.184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 155.561 төгрөгийг гаргаж улсын төсвийн орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Х.Б нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Завхан аймаг дахь Д нисэх буудлын захиргаанд холбогдох ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Завхан аймаг дахь Иргэний хэргийн сум дундын шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

 

1. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч X.Б-ыг “галын бүлгийн ахлагчийн” ажлаас халсантай холбогдуулан талууд эвлэрч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2018 оны шүүгчийн захирамж, “галчийн ажилд эргүүлэн” томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахтай холбоотой Улсын дээд шүүхийн 2021 оны магадлал тус тус байна.

 

Дээрх шийдвэрүүд гарах болсон нэхэмжлэгчийн шаардлагууд өөр өөр байдаг. Иргэн Х.Б 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “галын бүлгийн ахлагчаар” ажиллуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч хатуу хучилттай авто зам тавигдахаар “гэрэл суултын техникч албан тушаалд” буюу илүү зэрэг дэв, цалингийн шатлал өндөр ажлыг санал болгосноор талууд эвлэрч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч байгууллага дээрх шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Х.Б-ыг гэрэл суултын техникч албан тушаалд томилон ажиллуулахаар 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр санал болгож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тухайн албан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгсэн атлаа 2019 онд дахин шүүхэд “галчийн” албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2021 онд дахиж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин олговрыг шаардаж нэхэмжлэл гаргасан. Ингэж нэхэмжлэл гаргахдаа ямар албан тушаалын цалинг шаардаж нэхэмжилж байгаагаа тодруулаагүй. Өөрөөр хэлбэл галчийн цалинтай тэнцэх хэмжээний цалин хөлс, галын бүлгийн ахлагчийн албан тушаалтай тэнцэх хэмжээний цалин хөлс, эсхүл гэрэл суултын техникч албан тушаалтай тэнцэх хэмжээний цалин хөлс алийг нь шаардаж байгааг тодруулах шаардлагатай байсан. Учир нь гэрэл суултын техникч албан тушаалд томилох, галчийн албан тушаалд томилох шүүхийн шийдвэр аль аль нь хүчин төгөлдөр байгаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлийг нотолж чадаагүй. Уг шаардлагыг анхнаасаа тодруулаагүй байсныг шүүх магадлалд дурдагдсан хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

2. 2018 онд зохигчид хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Тус эвлэрлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Х.Б “галын бүлгийн ахлагчийн” албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж “гэрэл суултын техникч албан тушаалыг” хүлээн зөвшөөрсөн. Ингэж хүлээн зөвшөөрсний дараа шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах шаардлага гаргаж хариуцагчаас нэхэмжилсэн. Хариуцагч 2018 оны шийдвэрийг биелүүлж 2020 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид ажил санал болгосныг хүлээн зөвшөөрөөгүй талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Ажил санал болгосныг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байдлаас үзэхэд уг хугацааны цалин хөлсийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр авахаас татгалзсан нь харагдаж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн уг тэмдэглэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дүгнэлт хийж чадаагүй.

 

3. Шүүх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2019 оны 9 дүгээр сард дуусгавар болсон. Нэгэнт талуудын хооронд дууссан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр мэтээр зүйлчилж, гэрээний эрх зүйн үндсэн дээр шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагатай нийцэхгүй байна.

 

Иймд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Х.Б хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөнийг шүүхээс эцэслэн тогтоожээ.

 

Х.Б нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаар захирамжаар Д нисэх буудлын даргатай эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу 2020 оны 10 дугаар сарын 12-ноос Д нисэх буудалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бололцоотой байсан ч тухайн ажилд орохоос татгалзаж байсан тул энэ хугацааны цалинг Д нисэх буудал гаргаж өгөх үндэслэлгүй гэж хариуцагч байгууллага маргажээ.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А/423 дугаар тушаалаар Д нисэх буудлын гэрэл суултын техникчийн орон тоог нэмэгдүүлэн баталж өгсний дагуу аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 731 дугаар захирамжийг биелүүлж Х.Б-ыг гэрэл суултын техникчийн ажилд авах талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч талуудтай уулзаж дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х.Б-ыг Д нисэх буудлын гэрэл суултын техникчээр ажилд авахад татгалзах зүйлгүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нэхэмжлэгч Х.Б нарт мэдэгдэж байжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б нь гэрэл суултын техникчийн орон тоо нь түр орон тоо учраас би түр орон тооны ажилд орохгүй гэдэг тайлбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид бичгээр өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Х.Б нь Д нисэх буудалтай хөдөлмөрийн гэрээ байгуулж цалин хөлс авах бүрэн бололцоотой ч, эвлэрлийн гэрээнд зааснаас өөрөөр буюу эрх зүйн байдлаа  дордуулж түр ажлын байранд ажиллахгүй хэмээн татгалзсаныг буруутгах үндэслэлгүй  байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 731 дугаар захирамжийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Д нисэх буудалтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах бүрэн боломжтой байсан, 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс Д нисэх буудалтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна.

 

Тиймээс эвлэрлийн гэрээнд заасан нөхцөл буюу гэрэл суултын техникчийн байнгын ажлын байранд томилуулахаар шаардсан Х.Б санал хуульд харшлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны А/423 дугаар орон тоо түр нэмэгдүүлэх тухай тушаал /хх 46 дугаар хуудас/-аар гэрэл суултын техникчийн ажлын байр түр ажлын байр байсан учир Х.Б ингэж татгалзах эрхтэй байжээ.

 

Мөн анхан шатны шүүх Х.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг зөв тооцож гаргуулахаар шийдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 140/ШШ2021/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЖА

   ШҮҮГЧИД                          Ч.Э

                                                     Ш.Б