Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2018/00963

 

А.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12ы өдрийн 184/ШШ2018/00394 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Бүүвэйбаатарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 292 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Батжаргал

Хариуцагч: Э.Бүүвэйбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Ганхөлөг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Бүүвэйбаатарт 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэйгээр 150 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунган, хүүг 5 хувь болгосон. Мөн дахин 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлийн гэрээний хүүд 75 000 000 төгрөгөөр, 52 500 000 төгрөгийн төлөлт хийсэн ба нийт 112 500 000 төгрөг төлсөн. Төлсөн хүүг гэрээний хүүд тооцож үзэхэд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 сарын 10 хувийн хүүд 60 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын 5 хувийн хүүд 45 000 000 төгрөг болох ба 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан 7 сарын 5 хувийн хүүд 52 500 000 төгрөгөөс хүүд төлсөн 7 500 000 төгрөгийг хасаад энэ хугацааны хүү 45 000 000 төгрөг болж байгаа. Ингээд үндсэн төлбөр 150 000 000 төгрөг дээр нийт хүүгийн төлбөрт 45 000 000 төгрөг, алдангид 97 500 000, нийт 292 500 000 төгрөгийг шаардаж байна. Анх нэхэмжлэл гаргахад зээлийн үндсэн төлбөрт 150 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 52 500 000 төгрөг, алдангид 101 250 000 төгрөг, нийт 303 750 000 төгрөг байсныг хүүгийн төлбөрийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын     18-ны өдрийг хүртэл 6 сарын хүү 45 000 000 төгрөг гэж тооцсон. Иймээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 11 250 000 төгрөгөөр бууруулж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч зээлийн гэрээний хугацаанд нийт 112 500 000 төгрөгийг зээлдэгчид төлсөн. Талууд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 150 000 000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамтаар төлөх зээлийн гэрээг байгуулсан. Хугацааг сунгах тохиолдолд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “гэрээний хугацааг шинээр тоолно гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөж сунгасан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй.

2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ нь нийт 4 сарын хугацааны гэрээ болно. Энэхүү урт хугацааны зээлийн гэрээний хүүг 10 хувиар    тогтоосон нь хэт өндөр гэж үзэж байгаа бөгөөд үүнийг шүүхээс харгалзан үзнэ үү. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу талууд зээлийн гэрээний хүүг харилцан тогтоож болно, 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хувьд хэт өндөр байвал үүнийг шүүхээс багасгаж тогтооно гэж заасан, 150 000 000 төгрөгийн зээлийн хүүнд 60 000 000 төгрөг буюу зээлийн үндсэн үнийн дүнгийн бараг 40 хувь    байгаа нь зээлийн хүүг хэт өндөр болохыг харуулж байна. Мөн зээлдэгч талаас зээлийн гэрээний хугацаанд нийт 112 000 000 төгрөгийг төлсөн нь гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн болно. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ зөрчсөн учир алдангийн хэмжээг бууруулж хариуцагчид оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ их байвал нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг харгалзан үзэж болно гэж заасан. Хариуцагч талаас зээлийн гэрээний үндсэн үүрэг 150 000 000 төгрөг, хүү 60 000 000 төгрөг, нийт 210 000 000 төгрөгөөс          112 500 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 98 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувиар тооцвол 49 000 000 төгрөг болж байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн төлөх нийт зээлийн хэмжээ нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 150 000 000 төгрөг, хүү       60 000 000 төгрөг, алданги 49 000 000 төгрөг, нийт 252 000 000 төгрөгөөс 112 500 000 төгрөгийг хасан тооцож зээлийн гэрээний үүрэгт 147 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бүүвэйбаатараас зээлийн гэрээний үүрэгт          142 500 000 төгрөг, алдангид 71 250 000 төгрөг, нийт 213 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэд олгон, нэхэмжлэлээс 78 750 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 676 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 226 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 78 750 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч Э.Бүүвэйбаатарын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь хариуцагч Э.Бүүвэйбаатар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолтыг өөрийн хүсэлтээр бичиж, талуудын хооронд зээлийн гэрээ хэзээнээс хэдий болтол сунгагдсан талаархи нөхцөл байдлыг тодруулсан байхад тухайн тодорхойлолтыг хуулинд нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчаас 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 7 500 000 төгрөг төлсөн, энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зуйлийн 199.3 дахь хэсэгт "...Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй..." гэж заасантай нийцэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч зээлдэгч зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдаж тухайн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаж нотариатаар батлуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байсаар байтал шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөнөөс төлбөр гаргуулахаар тусгаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 78 750 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулахаар тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Бүүвэйбаатар давж заалдах гомдолдоо:  Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 213 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр талууд анхны буюу 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байдаг. Нэхэмжлэгчид сүүлд сунгасан 6 сарын хугацааны зээлийн хүүг нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд энэ хугацаанд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч шийдвэрлэх ёстой байсан.

2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр талууд гэрээний хугацааг 4 сар үргэлжлэхээр тохирсон байдаг. Талуудын тохирсон 150 000 000 төгрөгт хүүгийн хэмжээ 10 хувь байгаа нь богино хугацааны зээлд нийцсэн байж болох боловч урт хугацааны гэрээнд хэт өндөр байгаа байдлыг шүүх харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох боловч мөн зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор зохицуулсан байдаг. Миний бие 4 сарын хугацаанд 1 сарын 15 000 000 төгрөг буюу нийт 60 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр гэрээг байгуулсан нь нийт зээлийн үнийн дүнгийн бараг тал буюу 40 хувиар хүүг буцаан төлөхөөр тогтоосон байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд миний зээлийн гэрээний хугацаанд гэрээний үүргээ 100 хувь биш ч гэсэн харьцангуй сайн /үндсэн зээл 150 000 000 төгрөг, үүнээс 112 000 000 төгрөгийг төлсөн/ төлж байсан, цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч төлбөрийг төлөх хүсэл зоригтой байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний хүүг 8 хувиар тогтоож өгнө үү.

...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Энэхүү хуулийн зохицуулалтын "...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн..." гэдэгт төлөгдөөгүй зээл, гэрээний хугацааны хүү хамаарах тул үндсэн зээл болон төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл нь дээр дурьдсанчлан 98 000 000 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан тул 98 000 000 төгрөгний 50 хувь нь 49 000 000 төгрөг болно. /алдангийг 50 хувиар бууруулвал 24 500 000 төгрөг/, Үндсэндээ 150 000 000 төгрөгийн зээлийг аваад 259 000 000 төгрөг буюу нэг нугалж гэрээний үүргээ гүйцэтгэж байгааг анхаарна уу. /98 000 000+24 500 000=122 500 000 төгрөг болох боломжтой./ Иймд шүүхээс 213 950 000 төгрөгийг /91 450 000 төгрөгийг нэмж/ гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэ нь хариуцагч Э.Бүүвэйбаатарт холбогдуулан зээлийн төлбөрт 150 000 000 төгрөг, хүүд 45 000 000 төгрөг, алдангид 97 500 000 төгрөг, нийт 292 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 147 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунган, зээлийн хүүг 5 хувиар тооцож, мөн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Э.Бүүвэйбаатарын гаргасан бичгийн тодорхойлолтоор гэрээний хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл дахин сунгасан гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “150 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд нэхэмжлэгчид 112 500 000 төгрөг төлсөн, зээлийн хүү, алдангийн хэмжээ хэт их байгаа тул багасгаж өгнө үү” гэж тус тус тайлбарлажээ.  

 

Зохигчид 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 150 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан, гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунган, зээлийн хүүг 5 хувиар тооцохоор тохиролцсон талуудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцсэн байна. /хх-2-3/

 

Зохигчдын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А.Болор-Эрдэнэд хариуцагч Э.Бүүвэйбаатарын гараар бичиж өгсөн тодорхойлолтод сунгасан хугацааны хүүг төлөхөө хүлээн зөвшөөрч мэдэгдсэн хэмээн шаардлагаа үндэслэжээ. /хх 5/

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Бүүвэйбаатарын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А.Болор-Эрдэнэд гараар бичиж өгсөн тодорхойлолт нь үндсэн гэрээний нэгэн адил байгуулагдаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.  

 

Зохигчид гэрээний хугацаанд 112 500 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, анхан шатны шүүх 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 4 сарын хүүд 60 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээний 6 сарын хүүд 45 000 000 төгрөг, нийт 105 000 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэж үзэж, үлдэх 7 500 000 төгрөгийг зээлийн үндсэн үүрэг болох 150 000 000 төгрөгөөс хасч, хариуцагчийн нийт гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 142 500 000 төгрөг гэж тооцоолсон нь зөв, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн байна.

 

Талуудын хоорондын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний  3-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний үүргийг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 983 хоногийн хугацаа хэтрүүлсэн, хариуцагчийн нийт гүйцэтгээгүй үүргийн хэмжээ 142 500 000 төгрөгийн алдангийг тооцож үзэхэд 50 хувиас хэтэрч байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн алдангид 71 250 000 төгрөг, нийт 213 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Болор-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч Э.Бүүвэйбаатар нь зээлийн хүүг бууруулах хүсэлт гаргасан боловч хүүг бууруулах үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2201025712 дугаартай, 168 мкв талбай бүхий автозогсоол, улсын бүртгэлийн Ү-2201030150 дугаартай, 43 м.кв талбай бүхий орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201004650 дугаартай, 48 мкв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалж, талууд барьцааны гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаагүй байна. /хх-5-12/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12ы өдрийн 184/ШШ2018/00394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Батжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551 700 төгрөгийг, хариуцагч Э.Бүүвэйбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

 

       ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

 

                                                            Д.ЦОГТСАЙХАН