Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/00394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Э.Б холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 292,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Г /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0020/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Бт 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 сарын хугацаагаар 10 хувийн хүүтэйгээр 150,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунган, хүүг 5 хувь болгосон. Мөн дахин 2015 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс огт төлөгдөөгүй, зээлийн гэрээний хүүд 112,500,000 төгрөг төлөгдсөн. Зээлийн гэрээний хүүд 75,000,000 төгрөгөөр, 52,500,000 төгрөгийн төлөлт хийсэн ба нийт 112,500,000 төгрөг төлсөн. Төлсөн хүүг гэрээний хүүд тооцож үзэхэд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 4 сарын 10 хувийн хүүд 60,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын 5 хувийн хүүд 45,000,000 төгрөг болох ба 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан 7 сарын 5 хувийн хүүд 52,500,000 төгрөгөөс хүүд төлсөн 7,500,000 төгрөгийг хасаад энэ хугацааны хүү 45,000,000 төгрөг болж байгаа. Ингээд үндсэн төлбөр 150,000,000 төгрөг дээр нийт хүүгийн төлбөрт 45,000,000 төгрөг, алдангид 97,500,000, нийт 292,500,000 төгрөгийг шаардаж байна. Анх нэхэмжлэл гаргахад зээлийн үндсэн төлбөрт 150,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 52,500,000 төгрөг, алдангид 101,250,000 төгрөг, нийт 303,750,000 төгрөг байсныг хүүгийн төлбөрийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 сарын хүү 45,000,000 төгрөг гэж тооцсон. Иймээс анх гаргасан шаардлагаас 11,250,000 төгрөгөөр бууруулж байгаа гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас зээлийн гэрээний хугацаанд нийт 112,500,000 төгрөгийг зээлдэгчид төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Нэг, талууд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд 150,000,000 төгрөгийг 10 хувийн хүүгийн хамтаар төлөх зээлийн гэрээг байгуулсан. Хугацааг сунгах тохиолдолд Иргэний хуулийн 72.7-д гэрээний хугацааг шинээр тоолно гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нөхөж сунгасан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй. Хоёр, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ нь нийт 4 сарын урт хугацааны гэрээ болно. Энэхүү урт хугацааны зээлийн гэрээний хүүг 10 хувиар тогтоосон нь хэт өндөр гэж үзэж байгаа бөгөөд үүнийг шүүхээс харгалзан үзнэ үү. Иргэний хуулийн 282.1-д заасны дагуу талууд зээлийн гэрээний хүүг харилцан тогтоож болно, 282.2-д хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хувьд хэт өндөр байвал үүнийг шүүхээс багасгаж тогтооно гэж заасан байдаг. 150,000,000 төгрөгийн зээлийн хүүнд 60,000,000 төгрөг буюу зээлийн үндсэн үнийн дүнгийн бараг 40 хувь байгаа нь зээлийн хүүг хэт өндөр болохыг харуулж байна. Мөн зээлдэгч талаас зээлийн гэрээний хугацаанд нийт 112,000,000 төгрөгийг төлсөн нь гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн болно. Гурав, нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ зөрчсөн учир алдангийн хэмжээг бууруулж хариуцагчид оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232.8-д анзын хэмжээ их байвал нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг харгалзан үзэж болно гэж заасан. Хариуцагч талаас зээлийн гэрээний үндсэн үүрэг 150,000,000 төгрөг, хүү 60,000,000 төгрөг, нийт 210,000,000 төгрөгөөс 112,500,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд 98,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу алдангийн хэмжээг  50 хувиар тооцвол 49,000,000 төгрөг болж байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн төлөх нийт зээлийн хэмжээ нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 150,000,000 төгрөг, хүү 60,000,000 төгрөг, алданги 49,000,000 төгрөг, нийт 252,000,000 төгрөгөөс 112,500,000 төгрөгийг хасан тооцож зээлийн гэрээний үүрэгт 147,000,000 төгрөгийг төлөх нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Баас зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг, хүүд 52,500,000 төгрөг, алдангид 101,250,000 төгрөг, нийт 303,750,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр үндсэн үүрэгт 150,000,000 төгрөг, хүүд 45,000,000 төгрөг, алдангид 97,500,000 төгрөг, нийт 292,500,000 төгрөг шаардана хэмээн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 11,250,000 төгрөгөөр багасгажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг талуудын хоорондын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах ба 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунган, хүүг 5 хувь бууруулсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Э.Бын бичгийн гаргасан тодорхойлолтоор гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан хэмээн тодорхойлжээ.

Хариуцагч 147,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Э.Бт 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 150,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх-2/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2201025712 дугаартай, 168 мкв талбай бүхий автозогсоол, улсын бүртгэлийн Ү-2201030150 дугаартай, 43 мкв талбай бүхий орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201004650 дугаартай, 48 мкв талбай бүхий орон сууцыг тус тус барьцаалж, талууд барьцааны гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаагүй байна. /хх-5-12/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба гэрээний чөлөөт байдлын зарчим болон өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзнэ. 

1. Зээлийн үндсэн гэрээ хугацаа 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан ба талууд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулан, гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунган, мөн хүүг 5% болгосон байна. /хх-3/

Хариуцагч гэрээний нэмэлт өөрчлөлтийг нөхөн байгуулсан нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д заасантай нийцэхгүй, хугацаа сунгасан гэж үзэхгүй хэмээн маргажээ.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйгээс гадна мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурахаар заасан нь гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт тохиролцоонд мөн адил хамаарна. Уг нөхцлийн дагуу талууд нэмэлт гэрээг үндсэн гэрээний нэгэн адил бичгээр байгуулж, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсныг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасантай нийцсэн байна. Учир, зээлийн гэрээний хугацааг сунгахдаа үндсэн гэрээний дууссан огноо болох 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шинэ хугацааг тоолсон нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагч нэмэлт гэрээний дагуу сунгасан 6 сарын хүү болох 45,000,000 төгрөг /150,000,000*5%*6/-ийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бичгээр гаргасан тодорхойлолтоор гэрээний хугацааг сунгаагүй хэмээн маргажээ.

Хариуцагч Э.Бын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А.Бд хэмээх бичиг нь гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тохиролцоо нь үндсэн гэрээний нэгэн адил хэлбэртэй байх талаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Э.Быг уг бичигтээ сунгасан хугацааны хүүг төлөхөө хүлээн зөвшөөрч мэдэгдсэн хэмээн шаардлагаа үндэслэж байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасан нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцож болох тухай зохицуулалт нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг тогтоох эрх зүйн үндэслэл болох боловч үүрэг гүйцэтгэх шинэ үндэслэл бий болгодоггүй. Тодруулбал, өмнө хийсэн зээлийн гэрээг баталгаажуулсан шинжтэй болохоос гэрээг дахин 7 сарын хугацаагаар сунган, түүнд ногдох хүү төлөх үүргийг бий болгоогүй.

Бичгээр гаргасан тодорхойлолтод “. . . Бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас тохирсон хугацаанд мөнгөө төлж чадаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл (2015.04.05-11.18) 52,500,000 төгрөгийн хүү хуримтлагдсан болно. . . “ гэж бичсэн, зохигчдын “. . . 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 112,500,000 төгрөгийг төлсөн” гэх тайлбараас үзэхэд хариуцагч нь энэ хугацаанд ногдох хүүг төлөөгүй тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн гэх зохицуулалт хамаарахгүй.

Иймээс зээлийн гэрээний хугацааг сунгагдаагүй гэж дүгнэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдсан гэж үзнэ. 

Зохигчид 112,500,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй ба 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 4 сарын хүүд 60,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээний 6 сарын хүүд 45,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг хүүд төлсөн гэж үзэж, үлдэх 7,500,000 төгрөгийг зээлийн үндсэн үүрэг 150,000,000 төгрөгөөс хасаж тооцон, гүйцэтгэх үүргийн хэмжээг 142,500,000 төгрөг хэмээн тодорхойлж байна.  

3. Хариуцагч 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 10 хувийн хүүг хэт өндөр тогтоогдсон тул хүүг 8 хувиар тогтоож өгнө үү хэмээжээ. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.

Талууд гэрээг бичгээр байгуулсан, төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэг бүхий нотариатаар гэрээг гэрчлүүлсэн, гэрээний хугацаа, хүүгийн талаар талууд дахин харилцан тохиролцсон, хариуцагч 4 сарын хугацааны хүүд 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтаас гэрээний талуудын тэгш эрхийн байдал илтэд алдагдаж, шударга ёсны зарчимд нийцээгүй байдал буюу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн хүүгийн талаар санал гаргах, тохиролцох эрхийг ямар нэгэн байдлаар илтэд хязгаарлах замаар өндөр хүүгээр гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хүүгийн хэмжээг багасгах үндэслэлгүй гэж үзлээ.  

4. Хариуцагч нь гэрээний үүргийн зөрчлийн шинж байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгах боломжтой хэмээн маргажээ.

Үүрэг гүйцэтгэгч зээлийн хүүг төлж байсан хэдий ч үндсэн төлбөрийн үүргийг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зөрчсөн байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй гэж үзлээ. 

Зохигчид гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй үйл баримтад маргаагүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг зөвхөн гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар заажээ.

Талуудын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний 3-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй.” хэмээн заасан нь дээр дурдсан хуулийн заалттай нийцэж байна.

Хариуцагч гэрээний үүргийг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 983 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. /хх-3, 1/

Гүйцэтгээгүй үүрэг болох 142,500,000 төгрөгийн алданги нь түүний 50 хувиас хэтрэх тул (142,500,000*0,5%*983) Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 142,500,000 төгрөгийн 50 хувиар хязгаарлан, 71,250,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Э.Баас зээлийн гэрээний үүрэгт 142,500,000 төгрөг, алдангид 71,250,000 төгрөг, нийт 213,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгон, нэхэмжлэлээс 78,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.  

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,676,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотой тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурдаж, хариуцагчаас 1,226,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Нэхэмжлэлийн үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар тодорхойлсон бөгөөд хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тогтоож, хуваарилалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57, 60 дугаар зүйлд заасны дагуу хийсэн болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь түүнээс өмнө гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01170 дугаар захирамжаар ханган шийдвэрлэсэн Б.Ж нь Хаан банк, Голомт, Худалдаа хөгжлийн банкинд данстай эсэх, данстай бол “Э.Баас зээл төлөв” гэсэн агуулга бүхий орлого 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орсон эсэх, орсон бол огноо бүхий дансны хуулгыг гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Баас зээлийн гэрээний үүрэгт 142,500,000 төгрөг, алдангид 71,250,000 төгрөг, нийт 213,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгон, нэхэмжлэлээс 78,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,676,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,226,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН