Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/00795

 

“Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Касстаун” ХХК болон Д.Энхбат нарт холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 857 382 342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр, Ж.Базарсад

Хариуцагч “Касстаун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху, нөгөө талаас “Касстаун” ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Энхбат нар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Зээл болон хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.2-т Д.Байгалмаагийн эзэмшлийн газар дээр 15 давхар барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 ам.долларыг “Касстаун” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д “Касстаун” ХХК нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 05 дугаар сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-иас зээлсэн 1 000 000 ам.долларыг тус гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу сарын 1 хувийн хүүгийн хамт 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэгтэй байсан. Гэтэл “Касстаун” ХХК-иас өнөөдрийг хүртэл барилгын ажлыг эхлүүлээгүй бөгөөд зээлсэн 1 000 000 ам.долларыг хүүгийн хамт төлөөгүй. Мөн талууд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.1, 2.1, 2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Касстаун” ХХК нь “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-иас зээлсэн 1 000 000 ам.долларыг зээл олгосон өдрөөс уг хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140 000 ам.долларын хамт нийт 1 140 000 ам.долларыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Касстаун” ХХК, түүний захирал Д.Энхбат нараас 1 140 000 ам.доллар буюу Монгол банкны албан ёсны ханш 2 388,45 төгрөгөөр тооцож 2 722 833 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 5 сар 19 хоногийн зээлийн хүүд 134 549 342 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 110 000,73 ам.долларыг “Касстаун” ХХК-иас манай компанид төлсөн нь үнэн гэжээ.

Хариуцагч “Касстаун” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Касстаун” ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 413 м.кв талбайтай газар дээрээ оффис, үйлчилгээний зориулалттай 15 давхар барилга барих төсөлтэй холбогдох тооцоо шинжилгээ болон төрийн байгууллагын зөвшөөрөл олголтыг судлаж, улмаар хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах иргэн, аж ахуй нэгжтэй уулзаж, санал солилцсон. Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын “Сеожүүн Ложистикс монголиа” ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Ингээд төслийн хөрөнгө оруулагчаар “Сеожүүн Ложистикс монголиа” ХХК-тай хамтран ажиллахаар анх 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 тоот “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалтын зорилгоор 1 000 000 ам.долларыг “Сеожүүн Ложистикс монголиа” ХХК-иас авсан. Манай компани хөрөнгө оруулалтын төлбөрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 110 000,73 ам.долларыг төлсөн. Эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг манай компани зориулалтын дагуу зарцуулж, 2015 оны 11 дүгээр сард газрын доорх шугам сүлжээний байршлыг солих, суурийн нүх ухах, барилга барих газрын хэмжээг ихэсгэх зорилгоор уг газрын залгаа орших газрын эзэмшигч “Майнголиа” ХХК-тай хамтран ажиллаж гэрээ байгуулан, 213 м.кв газрыг нэмэгдүүлж авсан зэрэг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Мөн төрийн байгууллагаас барилга барих зөвшөөрөл авах зэрэг манай компаниас шалтгаалахгүй хүчин зүйлсийн улмаас барилгын ажил эхлэх хугацаа хойшилсон. Харин дараагийн ээлжийн санхүүжилтыг хөрөнгө оруулагч тал тохирсон ёсоор хугацаандаа өгөөгүй. Ингээд хөрөнгө оруулагч тал хамтран ажиллах гэрээний баталгаа болгож гэрээний 2.2-т зааснаар “Касстаун” ХХК-ийн оффис, агуулахын байр, гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл “Сеожүүн Ложистикс монголиа” ХХК-иас хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалтын хугацааг хойшлуулах, барилга барих 413 м.кв газар, “Майнголиа” ХХК-ийн 213.мкв газар болон хувьцаа эзэмших эрхийг өөртөө шилжүүлэхийг тулгаж, хугацаа их алдсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан боловч эцэст нь “Сеожүүн Ложистикс монголиа” ХХК-иас хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/30 албан бичгээр хөрөнгө оруулалтын төлбөрийг төлөх тухай санал хүргүүлсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хамтран ажиллахаар тохиролцож байсан дээрх гэрээнүүдийг цуцлаж, акт үйлдсэн. Гэтэл хөрөнгө оруулагчаас 2016 оны 09 дүгээр сард дахин хүсэлт ирүүлж, барилгын ажлын төслөө үргэлжлүүлэхээр болж 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулагдсан боловч “Сеожүүн Ложистикс монголиа” ХХК-иас хөрөнгө оруулалтыг 2016 онд хийхгүй, дараа жилээс хийнэ гэснийг “Майнголиа” ХХК-иас эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсанаар зохигчдын хоорондын гэрээ дуусгавар болсон. Энэ бүх үйл явдал нь хөрөнгө оруулагч нь дээр дурдсан гэрээ, тэдгээрийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг үл хүндэтгэн, төсөл хэрэгжүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн зардлыг манай компанид учруулсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Касстаун” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, зээлийн хүүд 2 460 101 756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 280 586 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Энхбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 13 772 120 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 830 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Касстаун” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12 458 458 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Касс таун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл ийн 77.2, 77.3-т заасныг дараах хэлбэрээр шүүх зөрчжээ. Хариуцагч Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион Махатма Гандийн гудамж 17-р байрны 74 тоотод оршин суугч Д.Энхбатад шүүх хуралдааны тов мэдэгдэж хүргүүлсэн талаар баримт хэрэгт байхгүй тул хуульд заасан журмын дагуу "шүүхийн мэдэгдэх хуудас"-ыг хүргүүлсэн гэж үзэх боломжгүй. Шүүх "шүүхийн мэдэгдэх хуудас"-ыг шуудангийн салбар хүлээн авсан учир Д.Энхбатад уг мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, шүүх шуудангийн салбараас хариуцагч Д.Энхбатын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхийн тулд ямар ажиллагаа хийсэн талаар баримтжуулсан нотлох баримт байж хариуцагчид хүргүүлсэн гэж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтаар "шүүхийн мэдэгдэх хуудас"-ыг хэргийн зохигчдод хүргүүлэх хэлбэрүүд, субьектүүдийг тодорхойлсны дотор шуудангийн ажилтнаар биечлэн хэрхэн хүргүүлснээ баримтаар баталгаажуулсан байхыг шаардсан байна. Энэ ажиллагаа хийгдээгүй нөхцөлд хэргийн оролцогчдод хурлын товыг мэдэгдсэн гэж үзэхгүй. Шүүх хуралдаан товлогдсон 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Д.Энхбат Монгол Улсад байгаагүй, гадаадад ажлаар явж байсан. Түүний өмгөөлөгч М.Бадрахад шүүх хурлын товыг хуулийн дагуу мэдэгдээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасны дагуу шүүхийн "мэдэгдэх хуудас"-ыг өмгөөлөгчид хүргүүлэх ажиллагааг шүүх зөрчсөн байна.

"Касстаун" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Цэрэндавааг томилсон. М.Цэрэндаваа 2017 оны 12 сарын 14-ний өдөр хальтарч унасны улмаас эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч, энэ талаарх мэдээллийг шүүгчийн туслах н.Бат-Уянгад 88022563 дугаарын утсаар холбогдож урьдчилан мэдэгдсэн. Мөн Гэмтэл Согогийн Үндэсний төвийн гэмтлийн хүлээн авах тасагт М.Цэрэндаваа хөлөө үзүүлж, улмаар гэмтлийн нарийн мэргэжлийн эмчийн гаргасан албан ёсны эмнэлгийн магадлагааг хүнээр хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Шүүх эмнэлгийн магадлагааг хүлээн авсан атлаа уг асуудлыг нягтлан үзэж, хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчдын санал сонсмогц шүүх даруй шийдвэрлэнэ, 105.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болохоор тус тус зохицуулсныг шүүх зөрчсөн.

Нөгөөтэйгүүр, дээрх асуудлыг шүүх шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан зарчмыг хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хэлцлийн агуулга, нөхцлийг нягтлан үзэлгүйгээр "зээлийн гэрээ" байгуулагдсан гэж шууд дүгнэхдээ ямар үндэслэлээр "хамтран ажиллах гэрээ" байгуулаагүй гэж үзсэн эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна. Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар "Хамтран ажиллах гэрээ" болно. Тухайлбал, Гэрээний нөхцлүүдэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан үндэслэлүүдийг тусгаж, харилцан ашигтай хамтран бизнес эрхлэх зорилго, энэхүү хамтын зорилгод хүрэх талуудын гүйцэтгэх үүрэг оролцоо, ашиг хуваарилаж авах зарчим, "Сеожүүн ложистикс монголиа" ХХК нь оффис, худалдааны төвийн зориулалттай 15 давхар барилга угсралтын ажилд хөрөнгө оруулснаар барилгын 1 давхрын 466.22 м.кв талбайг зах зээлийн ханшаас доогуур үнээр буюу зөвхөн 1 давхрын барилга баригдах зардлаар тооцож авах, "Касс таун" ХХК-ийн 2 барилга дээр рекламны самбарыг 5 жилийн турш үнэ төлбөргүй байршуулах, нэхэмжлэгч нь оффисын талбайг хүлээн авахаас татгалзаж болохоор, барилга барихад шаардагдах мөнгөн хөрөнгийг зээл хэлбэрээр өгч, 1 хувийн хүү тооцож авах, "Касс таун" ХХК-г нь барилга угсралтын ажлыг хариуцахаар харилцан тохиролцож "Зээл болон хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан.

Талуудын дээрх үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан ашиг олох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан гэрээний шинж чанарыг агуулж, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч тал мөнгөн хэлбэрээр, хариуцагч үйлчилгээ үзүүлэх буюу барилга угсралтын ажлыг хариуцах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж ажилласан. Шүүх дээрх гэрээний нөхцлийг эрх зүйн талаас хэрхэн үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүйн дээр нэхэмжлэгч энэ талаар баримтаар үгүйсгэн мэтгэлцээгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 ам.долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн. Гэрээний батлан даагч болох "Eastren Road" ХХК-ийн эзэмшил Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 66 байрлах 5.873 м.кв талбай бүхий газар, 984.4 м.кв оффис, 883.1 м.кв агуулах, 443.8 м.кв гаражийг "Сеожүүн ложистикс монголиа" ХХК худалдан авч, эзэмшигчийн нэрийг шилжүүлэн авсны дараа барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн үлдэгдэл 2 000 000 ам долларыг "Касс таун" ХХК-д шилжүүлэн егөх гэрээний үүргийг биелүүлээгүй.

"Касстаун" ХХК нь эхний хөрөнгө оруулалт болох 1 000 000 ам.долларыг гэрээгээр тохирсон хамтын зорилгоо хэрэгжүүлэхээр 2014 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 5-р хороонд баригдах барилгын газрын доорх шугам сүлжээний байршлыг солих, суурийн нүх ухах, барилга барих газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор "Майнголиа" ХХК-тай "Хамтран ажиллах" гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн 213 м.кв газрыг худалдан авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

..."Сеожүүн ложистикс монголиа" ХХК нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас "Касстаун" ХХК тухайн цаг хугацаанд зорилгодоо хүрч чадаагүй, хариуцагчийн дахин зээл авсан асуудал ч нэхэмжлэгч гэрээний үүргээ удаа дараа зөрчсөний үр дагавар гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч "Сеожүүн ложистикс монголиа" ХХК нь хариуцагч “Касстаун” ХХК, Д.Энхбат нарт холбогдуулан зээл болон хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 857 382 342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “хөрөнгө оруулагч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2 дахь удаагийн хөрөнгө оруулалтыг хийгээгүй, гэрээнээс татгалзсан тул хамтран ажиллах гэрээнүүд дуусгавар болсон” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, “Касстаун” ХХК болон батлан даагч “Ийстерн роуд” /Eastern Road/ ХХК, И Юүн Сэ, Д.Энхбат, Д.Байгалмаа нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дүгээр “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээ”-ээр талууд харилцан ашигтайгаар хамтран бизнес эрхлэх зорилгоор Д.Байгалмаагийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Аэрофлотын зүүн талд оффис, худалдааны төвийн зориулалттай 15 давхар байшингийн барилга угсралтын ажилд шаардлагатай 3 000 000 ам.долларыг сарын 1 хувийн хүүтэй олгох, зээлдүүлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь нийт 3 000 000 ам.доллараас урьдчилгаа 1 000 000 ам.долларыг тус гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсан өдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгох, үлдэгдэл зээлийг “Eastern Road” ХХК-ийн эзэмшлийн “Касстаун” ХХК-ийн ашиглаж байгаа оффис, агуулах, гараашийг “Сеожүүн ложистикс монголиа” ХХК худалдан авч, эзэмшигчийн эрхийг шилжүүлэн авч, барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн 2 000 000 ам.долларыг олгохоор тохиролцож, гэрээний дагуу зээлдүүлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-иас 1 000 000 ам.долларыг зээлдэгч “Касстаун” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн байна. /хх 14-17, 18/

            Мөн “Касстаун” ХХК, “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаар “Хэлцэл”-ээр 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээ”-ний 7.5-д заасан хугацаанд “Касстаун” ХХК нь оффис, худалдааны төвийн барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга баригдаагүй тул үндсэн зээл 1 000 000 ам.доллар, зээлийн хүүг 1 сарын 10 000 ам.долларыг зээл олгосон 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс зээлийг төлөх 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 14 сарын зээлийн хүүд 140 000 ам.доллар, нийт 1 140 000 ам.долларыг “Касстаун” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д төлж дуусгах, маргаан гарвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэх, баталгаа гаргагч И Юүн Сэ, Д.Байгалмаа, “Ийстерн роуд” ХХК-ийг гэрээнээс хасахаар тохиролцож, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дүгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар талууд маргаагүй болно. /хх 19-20/

 

            Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээ биелэгдэх боломжгүй болсноор уг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байсан 1 000 000 ам.долларт хүү тооцож, зээл болгон буцаан төлөх нөхцөлийн талаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дүгээр “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээнд заагдсан урьдчилгаа төлбөр болох 1 000 000 ам.долларыг нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-иас хариуцагч “Касстаун” ХХК-д бодитойгоор шилжүүлсэн /I-хх 18/ байх тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцэхгүй.

                                               

Иймээс дээрх гэрээний дагуу зээлдэгч “Касстаун” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор буюу өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1 000 000 ам.доллар, зээлийн хүүд үндсэн зээл 1 000 000 ам.долларын 1 хувийн хүү болох 10 000 ам.долларыг 14 сараар тооцож 140 000 ам.доллар”, нийт 1 140 000 ам.доллар төлөхөөс 110 000,73 ам.долларыг төлж, үлдэх 1 029 999,27 ам.долларыг зээлдүүлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д төлөөгүй талаар зохигчид маргаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Касстаун” ХХК-иас үндсэн зээл, зээлийн хүүд 1 029 999,27 ам.доллар буюу 2 460 101 756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 134 549 342 төгрөг болон хариуцагч Д.Энхбатад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваагийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанаас өмнө хэргийг хэлэлцэхээс өмнө гаргаж өгсөн талаарх баримт байхгүй байна. Иймд шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Касстаун” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 458 458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН