Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01309

 

 “C” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 795 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “C” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “К” ХХК болон Д.Э нарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 857 382 342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, хариуцагчийн төлөөлөгч Л.Отгонбаатар, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“C” ХХК, түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху, нөгөө талаас “К” ХХК, түүнийг төлөөлж захирал Д.Э нар 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Зээл болон хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.2-т Д.Байгалмаагийн эзэмшлийн газар дээр 15 давхар барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу “C” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 ам.долларыг “К” ХХК-ийн харилцах дансанд шилжүүлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д “К” ХХК нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 05 дугаар сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд “C” ХХК-иас зээлсэн 1 000 000 ам.долларыг тус гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу сарын 1 хувийн хүүгийн хамт 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэгтэй байсан. Гэтэл “К” ХХК-иас өнөөдрийг хүртэл барилгын ажлыг эхлүүлээгүй бөгөөд зээлсэн 1 000 000 ам.долларыг хүүгийн хамт төлөөгүй. Мөн талууд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.1, 2.1, 2.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “К” ХХК нь “C” ХХК-иас зээлсэн 1 000 000 ам.долларыг зээл олгосон өдрөөс уг хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140 000 ам.долларын хамт нийт 1 140 000 ам.долларыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК, түүний захирал Д.Э нараас 1 140 000 ам.доллар буюу Монгол банкны албан ёсны ханш 2 388,45 төгрөгөөр тооцож 2 722 833 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 5 сар 19 хоногийн зээлийн хүүд 134 549 342 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 110 000,73 ам.долларыг “К” ХХК-иас манай компанид төлсөн нь үнэн гэжээ.

 

Хариуцагч “К” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“К” ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 413 м.кв талбайтай газар дээрээ оффис, үйлчилгээний зориулалттай 15 давхар барилга барих төсөлтэй холбогдох тооцоо шинжилгээ болон төрийн байгууллагын зөвшөөрөл олголтыг судлаж, улмаар хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах иргэн, аж ахуй нэгжтэй уулзаж, санал солилцсон. Энэхүү ажлын хүрээнд БНСУ-ын “C” ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Ингээд төслийн хөрөнгө оруулагчаар “C” ХХК-тай хамтран ажиллахаар анх 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 тоот “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалтын зорилгоор 1 000 000 ам.долларыг “C” ХХК-иас авсан. Манай компани хөрөнгө оруулалтын төлбөрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 110 000,73 ам.долларыг төлсөн. Эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг манай компани зориулалтын дагуу зарцуулж, 2015 оны 11 дүгээр сард газрын доорх шугам сүлжээний байршлыг солих, суурийн нүх ухах, барилга барих газрын хэмжээг ихэсгэх зорилгоор уг газрын залгаа орших газрын эзэмшигч “Майнголиа” ХХК-тай хамтран ажиллаж гэрээ байгуулан, 213 м.кв газрыг нэмэгдүүлж авсан зэрэг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Мөн төрийн байгууллагаас барилга барих зөвшөөрөл авах зэрэг манай компаниас шалтгаалахгүй хүчин зүйлсийн улмаас барилгын ажил эхлэх хугацаа хойшилсон. Харин дараагийн ээлжийн санхүүжилтыг хөрөнгө оруулагч тал тохирсон ёсоор хугацаандаа өгөөгүй. Ингээд хөрөнгө оруулагч тал хамтран ажиллах гэрээний баталгаа болгож гэрээний 2.2-т зааснаар “К” ХХК-ийн оффис, агуулахын байр, гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч талд шилжүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл “C” ХХК-иас хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалтын хугацааг хойшлуулах, барилга барих 413 м.кв газар, “Майнголиа” ХХК-ийн 213.мкв газар болон хувьцаа эзэмших эрхийг өөртөө шилжүүлэхийг тулгаж, хугацаа их алдсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан боловч эцэст нь “C” ХХК-иас хамтран ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/30 албан бичгээр хөрөнгө оруулалтын төлбөрийг төлөх тухай санал хүргүүлсэн.

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хамтран ажиллахаар тохиролцож байсан дээрх гэрээнүүдийг цуцлаж, акт үйлдсэн. Гэтэл хөрөнгө оруулагчаас 2016 оны 09 дүгээр сард дахин хүсэлт ирүүлж, барилгын ажлын төслөө үргэлжлүүлэхээр болж 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулагдсан боловч “C” ХХК-иас хөрөнгө оруулалтыг 2016 онд хийхгүй, дараа жилээс хийнэ гэснийг “Майнголиа” ХХК-иас эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсанаар зохигчдын хоорондын гэрээ дуусгавар болсон. Энэ бүх үйл явдал нь хөрөнгө оруулагч нь дээр дурдсан гэрээ, тэдгээрийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, төсөл хэрэгжүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн зардлыг манай компанид учруулсан.

Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, зээлийн хүүд 2 460 101 756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “C” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 280 586 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “C” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 13 772 120 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 830 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 12 458 458 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “C” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 795 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “К” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 458 458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны товыг зохигчид утсаар мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлджээ. Тухайн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай “Мэдэгдэх хуудас”-аас үзэхэд хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгджээ. Харин хариуцагч Д.Э-ын өмгөөлөгч М.Бадрахад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг өмгөөлөгчид хүргүүлэх ажиллагаа хийгдээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигджээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа зам дээр хальтарч унасны улмаас гэмтэл авч, гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, албан ёсны эмнэлгийн магадлагааг хүнээр хүргүүлж байгаа талаараа шүүгчийн туслах Бат-Уянгатай 8802-2563 дугаарын утсаар холбогдож, Гэмтэл согогийн Үндэсний төв дээр үзүүлж, эмнэлгийн магадлагаа авснаа мэдэгдэж, уг магадлагааг хүнээр хүргүүлж байгааг урьдчилан мэдэгдсэн. Энэ тухай шүүгчийн туслах “Утсаар ярьсан тухай тэмдэглэл”-д тусгагдсан болно. Шүүгчийн туслах хэргийг хянан хэлэлцэх шүүгчид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй албан ёсоор мэдэгдэх, шүүх хуралдаан эхлэх үед эмнэлгийн нотолгоо хүргэгдсэнийг шүүх хүлээн авч, хэлэлцэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болно. Учир нь, энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдаагүй, хүсэлт ирээгүй гэх байдлаар шүүх хуралдааныг явуулсан байна. Иймд шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хэргийн оролцогчтой харилцах үүрэг бүхий шүүгчийн туслах үүрэгт ажлаа хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй үлдсэнээс хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчим зөрчигдөхөд хүрсэн гэж үзэж байна. Хүндэтгэн үзэх шалтгаанд хальтаргаатай замд хальтарч, хөлөндөө гэмтэл авсан үйл баримт, түүнийг нотолсон эмнэлгийн магадлагаа зүй ёсоор хамаарагдана гэж үзэж байна. Шүүхэд хүргүүлсэн баримтыг шүүх хуралдаанд албан мэдээлэх, эмнэлгийн магадлагааг шүүх хүлээн авсан атлаа хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг тус тус зөрчиж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласныг давж заалдах шатны шүүх нягтлан үзэж, эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Анхан болон давж шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг биечлэн оролцуулаагүйгээс шүүхийн өмнө эрх тэгш байх болон мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэж үзнэ. Шүүх хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3-т заасан зарчмын шаардлагыг хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа гаргажээ.

Иймд хяналтын шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар “Зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах бүрэн эрхэд хамаарагдана гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “К” ХХК, Д.Э нарт холбогдуулан зээлийн болон хамтран ажиллах гэрээний үүрэгт 2 857 382 342 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн шүүхийн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК, хариуцагч “К” ХХК болон “Ийстерн роуд” ХХК, иргэн И Юүн Сэ, Д.Э, Д.Байгалмаа нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “зээл болон хамтран ажиллах гэрээ”-ээр талууд харилцан ашигтай бизнес эрхлэх зорилгоор Д.Байгалмаагийн эзэмшлийн оффис, худалдааны төвийн зориулалттай 15 давхар барилгын угсралтын ажилд шаардлагатай 3 000 000 ам.долларыг “К” ХХК-д сарын 1%-ийн хүүтэй олгох, зээлдүүлэгч “С” ХХК нь нийт 3 000 000 ам.доллараас 1 000 000 ам.долларыг гэрээнд гарын үсэг зурсан өдөр олгох, үлдэгдэл 2 000 000 ам.долларыг  “Ийстерн роуд” ХХК-ийн эзэмшлийн “К” ХХК-ийн ашиглаж байгаа оффис, агуулах, гараашийг “С” ХХК худалдан авч, эзэмшигчийн эрхийг шилжүүлэн авснаар төлөх зэргийг тохиролцжээ. Тухайн гэрээнд зээлдүүлэгчээр нэхэмжлэгч “С” ХХК, зээлдэгчээр “К” ХХК, батлан даагчаар “Ийстерн роуд” ХХК, иргэн И Юүн Сэ, Д.Э, Д.Байгалмаа нар оролцжээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “С” ХХК хариуцагч “К” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 ам.доллар шилжүүлсэн байна.

Зохигч нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “хэлцэл” нэртэй гэрээ байгуулж, “К” ХХК барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга баригдаагүй учир үндсэн зээлийн 1 000 000 ам.долларыг сарын 10 000 ам.доллараар тооцон 14 сарын 140 000 ам.долларын хүүгийн хамт нийт 1 140 000 ам.долларыг “С” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгах, батлан даагч нарыг гэрээнээс хасах талаар харилцан тохиролцжээ.

Хамтран ажиллах гэрээний зорилгод талууд хүрээгүй, гэрээ биелэгдэх боломжгүй болсон нөхцөлд талууд зээлийн үүргийг биелүүлэх хугацааг тодорхой болгож, хүү тооцохоор тохиролцсон нь хуульд харшлахгүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч “К” ХХК нь зээлийн үүрэгт төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон дээрх 1 140 000 ам.доллараас 110 000 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир шүүх үлдэх 1 029 999 ам.доллар буюу 2 460 101 756 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо  анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар заасан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй байна. Шүүх хариуцагч талын гаргасан удаа дараагийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан, шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалдаа тодорхой дүгнэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/02769 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 795 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 458 458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН