Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0474

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 111/ШШ2018/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Э-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 111/ШШ2018/0015 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.14, 351 дүгээр зүйлийн 351.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын гаргасан “Баянхонгор сумын Засаг дарга нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн салбар зөвлөлийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.Э-ыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Э давж заалдах гомдолдоо: “Миний  бие Л-И овогтой Т-Ө-ийн Э нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянхонгор сумын Засаг дарга Х.М-ын аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй, тухайн тогтоолоор нэр дэвшүүлсэн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгааг хянуулахаар нэхэмжлэл гаргасан. 2018 оны 06 дугаар сарын 29-нд шүүх хурал хуралдаж миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хурлын мэтгэлцээний явцад хариуцагч талаас нэхэмжлэлд үл хамаарах асуулт асуух замаар шийдвэрт сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, Төрийн албаны салбар зөвлөлийг эрх хэмжээний асуулт тавьж хариулт авахыг оролдож байсан.

Шүүх шийдвэртээ Төрийн албаны салбар зөвлөлийг татан оролцуулаагүй, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, журам, зааврыг дутуу дулимаг судалсан байна.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот захиргааны хэргийн анхан шатны шийдвэртэй адил төстэй нэхэмжлэлийн шаардлага байхад шүүгч өөрөөр шийдвэрлэж байгаад эргэлзэж байна. Шийдвэртээ Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах үнэлгээ, дүгнэлт гаргах” зааврын 6.1 дэх заалтыг үндэслэж байсан байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Нэхэмжлэгч Т.Э Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдуулан “...сумын Засаг даргын аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.Э-ыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлуулах тухай саналыг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14-ийн в/-д зааснаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсний дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтад Б.Э орж 81.98 оноогоор тэнцэн, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэн, түүний нэрийг дэвшүүлж, мөн тус зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 213 дугаар албан бичгээр Баянхонгор сумын Засаг даргад хандаж, томилгоо хийх тухай санал, дүгнэлтийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно” гэж, мөн Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 33-ын б/-д 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлэхээр тус тус заасан байхад Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл дээрх тогтоол болон албан бичгээр зөвхөн нэг иргэнийг буюу Т.Э-ын нэрийг дэвшүүлсэн нь дээрх хууль болон журмыг зөрчсөн бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтанд сонгох боломж олгоогүй байна.

 Дээрх үндэслэл болон Т.Э нь 2013-2016 онд улс төрийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчиж байсан, Засаг даргын албан тушаалаас 1 удаа огцорч байсан, Монгол Ардын намын гишүүнчлэлээ түдгэлзүүлээгүй байгаа зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа тул Баянхонгор сумын Засаг дарга 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 64 дүгээр албан бичгээр “...сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохоос татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдье. Саналыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж татгалзсан нь үндэслэл бүхий байна.

Сумын Засаг даргын татгалзсан энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351.6-д “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй...” гэж томилох эрх бүхий этгээдэд хуулиар олгосон эрх олгожээ. Иймд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй.

Дээрх нөхцөл байдлаас үндэслэн анхан шатны шүүх “Төрийн байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлах ёстой бөгөөд иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэхийг хуулиар зохицуулсан байхад дээрх хуулийн заалтууд хэрэгжээгүй байх бөгөөд хариуцагчийн нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан нь оновчтой болоогүй тул энэ хэсэгт нь хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 111/ШШ2018/0015 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.14, 351 дүгээр зүйлийн 351.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын гаргасан “Баянхонгор сумын Засаг даргын аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Т.Э-ыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР