Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2018/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга ******* холбогдох Баянхонгор сумын Засаг дарга нь Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргуулахыг даалгах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж Баянхонгор сумын Тамгын газрын даргын ажлын байранд тэнцсэн бөгөөд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Баянхонгор сумын Засаг дарга ******* уг албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол, албан тоотыг хүргүүлсэн. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсанаар тухайн албан тушаалд ажиллах хүсэлтээ Баянхонгор сумын Засаг дарга ******* 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар албан тоотын хамт явуулж хариу нь 2018 оны 01 сарын 11-ний өдөр зөрчилгүй гэсэн дүгнэлттэй ирсэн болно. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянуулснаар томилгоо хийнэ гэж ойлгож байгаа ба Баянхонгор сумын Засаг дарга ******* томилгоо хийлгэхээр удаа дараалан хүсэлт тавьсан боловч Төрийн албаны тухай хууль, Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын хэрэгжилт хангагдахгүй байна.

Иймд Баянхонгор сумын Засаг дарга *******ын аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд тэнцсэн гэх *******тай сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллах боломжгүй байна. ******* нь шалгалтад тэнцсэн гэх хугацаанаас хойш удаа дараа утсаар ярьж элдэв янзын үгээр доромжилж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байсан учир уг ажлын байранд томилохоос татгалзсан хариуг аймгийн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилох асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, 351 дүгээр зүйл дээр тодорхой зааж өгсөн байгаа. Тухайн заалтанд төрийн албаны зарим удирдах албан тушаалтныг төрийн албанд томилохдоо ямар ямар шалгуур байх болон түүнийг томилж байгаа эрх бүхий албан тушаалтанд ямар эрх олгогдож байгаа гэдгийг тодорхой заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 351.6. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно гэж заасны дагуу Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно гэж заасан үндэслэлээр *******ыг тухайн албан тушаалд томилохоос 1 удаа татгалзсан юм. *******ыг татгалзсаны дараа төрийн албаны салбар зөвлөл дахин өөр хүний нэр санал болгоогүй нь хуулийн зөрчил гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргад холбогдуулан Баянхонгор сумын Засаг дарга нь Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн салбар зөвлөлийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *******ыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдын болон тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор сумын Засаг дарга нь Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *******ыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлуулах тухай саналыг Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14-ийн в-д зааснаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсний дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтад Б.Эрдэнэбат орж, 81.98 оноогоор тэнцэн, Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэн, түүний нэрийг дэвшүүлж, мөн тус зөвлөлийн 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 213 дугаар албан тоотоор Баянхонгор сумын Засаг даргад хандаж, томилгоо хийх тухай санал, дүгнэлтийг хүргүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ. гэж, 17.14-т Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд орох иргэний бэлтгэл нөөцийн санг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ.гэж заасан бөгөөд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталж, нарийвчлан зохицуулжээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж Засаг дарга томилно. гэж, мөн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33-ын б-д ...2-оос доошгүй иргэний нэрийг... дэвшүүлэхээр тус тус заасан байхад Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөл дээрх тогтоол болон албан бичгээр зөвхөн нэг иргэний буюу *******ын нэрийг дэвшүүлсэн нь дээрх хууль болон журмыг зөрчсөн бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтанд сонгох боломж олголгүй байна.

Түүнчлэн Баянхонгор сумын Засаг дарга 2018 оны 2 сарын 01-ний өдрийн 64 дүгээр албан тоотоор ...******* нь 2013-2016 онд улс төрийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчиж байсан, Засаг даргын албан тушаалаас 1 удаа огцорч байсан, Монгол Ардын намын гишүүнчлэлээ түдгэлзүүлээгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангахгүй байх тул сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохоос татгалзаж байна. Саналыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэж татгалзсан бөгөөд уг албан тушаалд ******* түр үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Сумын Засаг даргын татгалзсан энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351.6-д Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй... гэж томилох эрх бүхий этгээдэд хуулиар олгосон эрх хэмжээний асуудал байна.

Харин Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл энэ хуулийн дээрх заалтын энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно... гэснийг хэрэгжүүлж өөр хүн санал болгоогүй нь буруу болжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Төрийн байгууллага нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хуулийн Нэг дүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлах ёстой бөгөөд иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх нөхцлийг бүрдүүлэхийг хуулиар зохицуулсан байхад дээрх хуулийн заалтууд хэрэгжээгүй байх бөгөөд хариуцагчийн нэр дэвшигчийг томилохоос татгалзсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Үндсэн хуулийн Нэг дүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.14, 351 дүгээр зүйлийн 351.6, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлин 33.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан Баянхонгор сумын Засаг дарга нь Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн салбар зөвлөлийн 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *******ыг Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулах шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА