Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 299

 

М.О, О.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр магадлалтай, М.О, О.Ц нарт холбогдох 190603667 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.О, шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Г.Баатарсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн  2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, М.Оргил,

 

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, О.Цогтбаяр нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч М.О, О.Ц нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, О.Ц нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О, О.Ц нараас 215,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярт олгохоор” шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Г.Баатарсүрэн, шүүгдэгч М.О нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.О гаргасан гомдолдоо “Миний бие ам бүл зургаа. Эцэг, эх маань хөдөлмөр эрхлэх чадвараа тодорхой хувиар алдсан бөгөөд эрүүл мэндийг группд хамрагддаг. Дүү нар маань ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Нэн ядуу амьдардаг. Би Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн харьяа Монголын анагаах ухааны олон улсын их сургуулийн 4 дүгээр курст суралцдаг. Хичээлийн бус цагаар “Cannies” лоунжид зөөгч ажил хийгээд олсон орлогоо гэр бүлдээ зориулж, ар гэртээ нэмэр тус болдог байсан. Хэрэгт холбогдсоноос хойш сургууль маань түр завсарлаад байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэл хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг ашиглавал сургуульдаа буцаж суралцаад төгсөнө. Ингэснээр Монгол Улсдаа хэрэгтэй хүн болно гэдгээ өөрийн биеэр илэрхийлж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Мөн хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээгээд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хөнгөрүүлэн шийдэж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Г.Баатарсүрэн гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалын О.Ц-т оногдуулсан ялын хэмжээг зөвшөөрөхгүй байна. Хохирогч А.Л /хх-ийн 15 хуудас/, шүүгдэгч М.О /хх-ийн 23, 45 хуудас болон хуралдааны тэмдэглэлийн 4 хуудас/, шүүгдэгч О.Ц /хх-ийн 19, 20, 50, 51 хуудас/ нарын мэдүүлгүүдээс үзэхэд О.Ц нь тухайн хэргийг шууд үйлдэх санаа зорилгогүй, мөн хэргийг гардан гүйцэтгээгүй болох нь тогтоогдоно. Хэрэв М.О нь хохирогчийн утсыг булаах үйлдлийг гаргаагүй бол гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан. О.Ц нь М.Отой хамт явсан тул гэмт хэргийг хамтран үйлдсэн хэмээн буруутгагдаад байна. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг ялгамжтай оногдуулна гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо нь ялгамжтай байтал ижил хэмжээтэй ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан. О.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн О.Ц нь өмнө сүрьеэ өвчнөөр эмчилгээ хийлгэж байсан ба одоог хүртэл бүрэн эдгэрээгүй, уушиг нь толботой тул хорих ял эдлэхэд тухайн өвчин сэдрэх, хүндрэх магадлалтай. Онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох тухай зарчмыг баримтлах боломжтой. Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт 1 жил 6 сар хорих ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүх ямар үндэслэлээр 2 жил хорих ял шийтгэсэн нь тодорхойгүй бөгөөд үндэслэлээ тайлбарлаагүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан О.Ц-т оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч М.О, О.Ц нар нь илээр хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Шүүх шүүгдэгч нарын хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулсан хууль зөрчөөгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.О, шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Г.Баатарсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн М.О, О.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.О, О.Ц нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны баруун талын төв зам дагуу явж байсан 18 насанд хүрээгүй хохирогч А.Лын 408,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-7” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.О, О.Ц нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч М.О-ын ял шийтгэл хөнгөрүүлэхтэй холбоотой гомдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хорих ял 5 жил хүртэлх хугацаатай бөгөөд анхан шатны шүүхээс М.О-ыг 2 жил хорих ял шийтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, үйлдлийн шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж үзэх тул шүүгдэгч М.Оын гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Мөн шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгчийн зүгээс “...О.Ц нь тухайн хэргийг шууд үйлдэх санаа зорилгогүй, гардан гүйцэтгээгүй. М.О нь хохирогчийн гар утсыг булаах үйлдлийг гаргаагүй бол уг гэмт хэрэг гарахгүй байсан” хэмээн шат шатны шүүхүүдэд гэм буруугийн асуудал дээр маргасаар иржээ.

 

Гэтэл хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Ц нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах талаар М.Отой үгсэн тохиролцож, насанд хүрээгүй хохирогчийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хууль бусаар авч, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулах ажиллагаанд нэгдсэнээс гадна олсон мөнгөө өөрийн цалингийн зээлд тушаасан зэрэг дэс дараатай үйлдлүүдийн шинж байдлаар нь О.Ц-ыг энэ гэмт хэргийн оролцогч бөгөөд сэдэлт, зорилго нь хангалттай нотолсон гэж үзэх бүрэн боломжтой байна.  

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Ц, М.О нарт ял оногдуулахдаа гэмт хэрэгт хамтран оролцсон тус бүрийн үйлдэл, оролцооны хүрээ, хэр хэмжээг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд нийцсэн ял шийтгүүлэх нь шударга ёсны зарчмын үндсэн агуулга юм.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд О.Ц-ын уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруугийн хэлбэр, үйлдэл оролцоог М.Оын үйлдэлтэй харьцуулан жишихэд нийгмийн аюулын хэр хэмжээ нь ялимгүй бага байх тул хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр О.Ц-т анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил 6 сар болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулж, шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Г.Баатарсүрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авч шүүгдэгч М.О-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгэсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр магадлалд:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Г.Баатарсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч М.О-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН