Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 16

 

                                                       

 

 

 

 

 

 2019          12           24                                    2019/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Я.Сансар,

Шүүгдэгч М.О, О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О, О.Ц нарт холбогдох 1906 03667 1846 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны 4 дүгээр дамжааны оюутан, Баянзүрх дүүргийн “Каннис” Лоунжид зөөгч ажилтай гэх, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар гудамжны 191 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Б овогт Мын О /РД:............/

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн “Каннис” Лоунжид тогооч ажилтай гэх, ам бүл 4, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 37 дугаар гудамжны 1940 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ургах наран хорооллын 9 дүгээр байрны 2-45 тоотод түр оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацааагаар хорих ял шийтгэгдсэн, Б овогт Оийн Ц /РД:.............../,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.О, О.Ц нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны баруун талын төв зам дагуу явж байсан 18 насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын 408.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-7 эдж маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Оын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Цын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын өгсөн: “... Миний бие Энканто хотхонд байрлах усан бассейны сургалтандаа хамрагдчихаад эргээд гэртээ харихаар явж байтал “О” худалдааны төвийн ертөнцийн хойд талд төв зам дагаад алхаж явсан, тэгтэл үл таних 20 орчим насны 2 эрэгтэй хүн гэнэт гарч ирсэн, тухайн үед би ээжтэйгээ утсаар ярих гээд гар утсаа халааснаасаа гаргаж ирээд гартаа барьчихсан явж байсан тэгтэл “сайн уу ахын дүү” гэсэн тэгэхээр нь “би таныг таних билүү” гэхэд “намайг таних албагүй” гэж хэлээд гарт байсан гар утсыг булааж Баянмонгол хорооллын зүгт зугтаасан... 2017 оны 8 сард ээжтэйгээ хамт Солонгос улс руу явсан, тэгэхдээ Солонгосоос 350.000 воноор худалдаж авч байсан... Миний биед гар хүрээгүй, цохиж зодоогүй ямар нэгэн гэмтэл шарх байхгүй...’’ гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярын өгсөн: “... өндөр нуруутай залуу нь голчлон яриад үнэ хөлсийг нь тохирох гээд “230.000 төгрөгөөр авахгүй” гэхэд “215.000 төгрөгөөр авчих” гэхээр нь утас нь хэвийн ажиллагаатай байсан ба би хаширлаад “иргэний үнэмлэхний зургийг чинь дарж авна” гэхэд хоёр залуу нь иргэний үнэмлэхээ өгч зургийг нь дарсан. Өндөр нуруутай залуу нь иргэний үнэмлэхгүй байсан... 215.000 төгрөгөө авчихвал сайн байна...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эрхэмбаярын гэрчээр өгсөн: “Би "Орон зай" худалдааны төвийн 3 давхарын С-7 павильонд гар утас засвар ажилуулдаг ба 2018 оны 11 дүгээр сарын дундуур 20-25 орчим насны 3 залуу ирээд “Самсунг галакси эс-7 эдж загварын гар утас авах уу, зарна шүү” гэхээр нь 215.000 төгрөгөнд худалдаж авсан. Би гар утсыг худалдаж авахдаа тухайн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний нь зургийг дарж авсан бөгөөд 1 дэх нь О овогтой Ц /Й395122810 регистрийн дугаартай/ 2 дахь нь Цагаан овогтой Мөнхцоож /МХ95071315 регистрийн дугаартай/ байсан...’’ гэх мэдүүлэг /хх.17/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхцоожийн өгсөн: “... ямар хэрэг хийж байж авсан утас гэж хэлээгүй, өөрсдийнхөө утсыг зарж байна гэсэн, би тийм юм байх гэж л бодсон...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

“Дамно” ХХК-й 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б31-19-09 дугаартай: “....Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлээр үнэлгээгээр нийт 408.000 /Дөрвөн зуун найман мянган төгрөг/-р үнэлэгдэв” гэх дүгнэлт /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Оын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр найз Цын хамт цагийн ажил хийхээр хайгаад явж байсан юм. Тэгээд бид хоёр Энканто хотхоны орчимд төв замаар явж байсан 16 цагаас 17 цагийн хооронд байсан байх цаг хэд болж байсныг бол мэдэхгүй байна. Бид хоёр хоорондоо тоглоом хийгээд “хүний юм булааж аваад гүйчихвэл балрах байхдаа” гэж тоглоод ярьж байсан юм. Тэгсэн чинь бид хоёрын урд талд нэг арван жилийн сургуулийн хүүхэд явж байсан, гар утсаа гартаа барьчихсан явж байхаар нь би шууд араас нь очоод гартаа барьсан гар утсыг булааж аваад чигээрээ гүйсэн. Миний араас Ц гүйсэн. Тэгээд бид хоёр Бөмбөгөр худалдааны төв рүү шууд яваад найз Мөнхцоожийг дуудсан юм. Тэгээд Мөнхцоожийг дуудаад ирэхээр нь Бөмбөгөр худалдааны төвд байх нэг гар утасны лангуун дээр очиж булааж авсан gold өнгөтэй Самсунг эс-7 эдже гар утсыг 210.000 төгрөгөөр зараад уг мөнгөнөөс Ц өр болох 30.000 төгрөгийг Мөнхцоожид өгсөн юм. Тэгээд үлдсэн 180.000 төгрөгийг би зээл төлнө гэсэн учраас чи ав гэж хэлсэн ба бид гурав нийлээд 20.000 төгрөгөөр хоол идчихээд үлдсэн 160.000 төгрөгийг Ц авч явсан. Гар утсыг нь буцааж хүлээлгэн өгсөн. Хийсэн хэргтээ маш их гэмшиж байна. Дахин ийм асуудал үүсгэхгүй тул хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх. 44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Цын яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед ажлаасаа гараад удаагүй байсан, ХААН банкнаас цалингийн зээл авсан байсан юм. Тэгээд цалингийн зээлээ төлөх болчихоод мөнгөгүй болчихсон байсан ба О бид хоёр цагийн ажил олж хийхээр хамт ажил хайгаад явж байсан юм. Тэгтэл тэр өдөр 16 цагаас 17 цагийн хооронд байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто хотхоны тэнд явж байхдаа О бид хоёр “хүний юм булаагаад авчихвал бөөн асуудал болох байх даа” гэж тоглоом маягаар яриад явж байсан юм. Тэгтэл О урд явж байсан хүүхдийн гар утсыг гарнаас булаагаад зугтаахаар нь би сандраад араас нь дагаж гүйсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ шууд Бөмбөгөр худалдааны төвийн тэнд очсон ба гар утсыг нь зарахаар болоод мөн би найз Мөнхцоожид өртэй байсан учраас ирж мөнгөө аваарай гэсэн. Ингээд Мөнхцоож ирээд, гар утсаа О бид хоёр олсон юм гэж Мөнхцоожид хэлээд Бөмбөгөр төвийн тэнд байх гар утас засварын газарт орж утсыг 210.000 төгрөгөөр зарсан юм. Би утас зарж байхад арай зайтай зогсож байсан учраас юу гэж хэлж зарсныг мэдэхгүй байна. Ер нь бол олсон гэж хэлнэ гэж байсан. Ингээд 210.000 төгрөгнөөс би Мөнхцоожид 30.000 төгрөгний өрөө өгч, хоол идэхээр болоод 20.000 төгрөгөөр нийлж хоол авч идээд үлдсэн мөнгийг нь би цалингийн зээлэндээ тушаасан. Би тухайн үед өөрийнхөө 5028802430 гэсэн данс руу хийчихээр зээл татдаг байсан. Ингээд салаад явсан юм... Гар утсыг нь буцааж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх. 49-50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

М.О, О.Ц нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны баруун талын төв зам дагуу явж байсан 18 насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын 408.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-7 эдж маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.8-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын өгсөн: “... 20 орчим насны 2 эрэгтэй хүн гэнэт гарч ирсэн, тухайн үед би ээжтэйгээ утсаар ярих гээд гар утсаа халааснаасаа гаргаж ирээд гартаа барьчихсан явж байсан, тэгтэл “сайн уу ахын дүү” гэсэн тэгэхээр нь “би таныг таних билүү” гэхэд “намайг таних албагүй” гэж хэлээд гарт байсан гар утсыг булааж Баянмонгол хорооллын зүгт зугтаасан...’’ гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярын өгсөн: “... өндөр нуруутай залуу нь голчлон яриад үнэ хөлсийг нь тохирох гээд 230.000 төгрөгөөр авахгүй гэхэд 215.000 төгрөгөөр авчих гэхээр нь утас нь хэвийн ажиллагаатай байсан...” гэх мэдүүлэг /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эрхэмбаярын гэрчээр өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын дундуур 20-25 орчим насны 3 залуу ирээд “Самсунг галакси эс-7 эдж загварын гар утас авах уу зарна шүү” гэхээр нь 215.000 төгрөгөнд худалдаж авсан...’’ гэх мэдүүлэг /хх.17/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхцоожийн өгсөн: “... хэрэг хийж байж авсан утас гэж хэлээгүй, өөрсдийнхөө утсыг зарж байна гэсэн, би тийм юм байх гэж л бодсон...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

“Дамно” ХХК-й 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б31-19-09 дугаартай: “... Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлээр үнэлгээгээр нийт 408.000 /Дөрвөн зуун найман мянган төгрөг/-р үнэлэгдэв” гэх дүгнэлт /хх.31-32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Оын яллагдагчаар өгсөн: “... бид хоёрын урд талд нэг арван жилийн сургуулийн хүүхэд явж байсан, гар утсаа гартаа барьчихсан явж байхаар нь би шууд араас нь очоод гартаа барьсан гар утсыг булааж аваад чигээрээ гүйсэн. Миний араас Ц гүйсэн... булааж авсан gold өнгөтэй Самсунг эс-7 эдже гар утсыг 210.000 төгрөгөөр зараад уг мөнгөнөөс Ц өр болох 30.000 төгрөгийг Мөнхцоожид өгсөн юм. Тэгээд үлдсэн 180.000 төгрөгийг би зээл төлнө гэсэн учраас чи ав гэж хэлсэн ба бид гурав нийлээд 20.000 төгрөгөөр хоол идчихээд үлдсэн 160.000 төгрөгийг Ц авч явсан...” гэх мэдүүлэг /хх. 44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Цын яллагдагчаар өгсөн: “... О урд явж байсан хүүхдийн гар утсыг гарнаас булаагаад зугтаахаар нь би сандраад араас нь дагаж гүйсэн... утсыг 210.000 төгрөгөөр зарсан юм... 210.000 төгрөгнөөс би Мөнхцоожид 30.000 төгрөгний өрөө өгч, хоол идэхээр болоод 20.000 төгрөгөөр нийлж хоол авч идээд үлдсэн мөнгийг нь би цалингийн зээлэндээ тушаасан...” гэх мэдүүлэг /хх. 49-50/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О, О.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.О, О.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

М.О, О.Ц  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Насанд хүрээгүй хохирогч А.Лхагва-Очирын хууль ёсны төлөөлөгч  В.Өнөр нь гар утсаа хүлээн авсан, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, харин шүүгдэгч М.О, О.Ц нараас 215.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.О, О.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.О, О.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          М.О, О.Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч М.О, О.Ц нар “хөнгөн ял шийтгэл оногдуулна уу” гэх боловч тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг нөхөн төлж арилгаагүй нөхцөл байдал зэргээс үзэхэд шүүгдэгч нарын уг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          М.О, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэд урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Мын О, Б овогт Оийн Ц нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, О.Ц нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар, М.О, О.Ц нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. М.О, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. М.О, О.Ц нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О, О.Ц нараас 215.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Эрхэмбаярт олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.О, О.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР