Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2022/00015

 

 

                          Говь-Алтай аймгийн Н Э-ийг

                               төлөөлөн Говь-Алтай аймгийн П Г-ын

              гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ж.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 133/ШШ2022/00200 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Н Э-ийг төлөөлөн Говь-Алтай аймгийн П Г-ын гаргасан нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 35- ... тоотод оршин суух Б овгийн Г.Л /РД: ДЮ............/ холбогдох

гэм хорын хохирол 1,724,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Д.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П Г нь нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Л нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус Эмнэлгийн сувилахуйн албаны дарга Н.Ц үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар томилжээ. Уг шийдвэрийг Н.Ц эс зөвшөөрч миний бие нь сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэлийг гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэж, намайг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сувилахуйн албаны даргаар томилж, 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, иймээс 03 сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сувилахуйн албаны даргаас сувилагчийн албан тушаалд ажилласан хугацааны зөрүү цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Уг нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 147 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 264,080 төгрөгийг хасаж, нэгдсэн эмнэлгээс 1,724,000 төгрөгийг гаргуулж Н.Ц-д олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Н.Ц-д 1,724,000 төгрөгийг Нэгдсэн эмнэлгээс 2017 оны 6, 7 дугаар сарын цалин дээр Төрийн сангаар дамжуулан түүний данс руу шилжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн байна. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Л нь сувилахуйн албаны дарга Н.Ц-ийн ажлыг өөрчилсний улмаас байгууллагаас 1,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн. Уг мөнгийг нэгдсэн эмнэлгээс төлсөн бөгөөд Аудитаар авлага үүсгэсэн байна. Иймд буруутай албан хаагчаас төрд учирсан 1,724,000 төгрөгийг гаргуулах ажиллагаанд хамтарч ажиллах талаар хүсэлт ирүүлсэн байна. П Г тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж тус тус зааснаар төрийн ашиг сонирхлыг хамгаалж төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ц-д олгосон цалингийн зөрүүг Г.Л гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Дээрх хууль тогтоомжид зааснаар Г.Л нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар П Г нэхэмжлэл гаргаж байна. Төрийн албан хаагч Н.Ц-ийн ажлыг өөрчилсөн хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Г.Л шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 1,724,000 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн П Г тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл ажиллах хугацаанд ажил олгогч надтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй ба надтай байгуулсан үр дүнгийн гэрээнд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл: Эд хөрөнгийн хариуцлага хүлээж буй этгээд нь ажилтан, албан хаагч байх бөгөөд амьдралын баталгаа болсон цалин хөлстэй холбоотой учруулсан хохирлын хэмжээтэй нь холбохгүйгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ерөнхий зарчим байна. Харин хуульд тусгайлан хатуу тогтоосон, эсхүл гэрээгээр харилцан тохирч үүрэг хүлээлгэсэн тохиолдолд л эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох юм. Хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой ажилтан, албан хаагчдад хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх /бүрэн хариуцлагын талаар хуульд заагаагүй, гэрээгээр тохиролцоогүй бол/ ерөнхий зарчимтай харшлах зохицуулалт байхгүй гэж хариуцагч миний бие үзэж байна. Би аймгийн Н.Э-т хууль бус үйлдлээр хохирол учруулаагүй мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх, байгууллагад учруулсан хохирлыг бүрэн арилгах бүрэн хариуцлагын гэрээгүй ажиллаж байсан учраас хохирлыг хариуцан арилгах хуульд заасан үндэслэл байхгүй. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 498 дугаар зуйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг хуулийн зохицуулалттай байна. Миний бие тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон бөгөөд ажил олгогчийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх хэмжээтэй байсан. Би хувийн ажлаа хийгээгүй, дээрээс томилогдож төрийн өмнөөс ажил хийж байсан байж яагаад хариуцлага хүлээх ёстой юм. Тухайн үед Н.Ц сувилахуйн албаны даргын ажлаас чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар өөр ажилд шилжүүлснийг тус шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 1,724,000 /нэг сая долоон зуун хорин дөрөв мянга/ төгрөгийг байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хууль бусаар өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэн Иргэний эрх зүйн харилцаа болон зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаагаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

 Учир нь: Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. Хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдлээс зааглах ёстой юм. Н.Ц сувилахуйн албаны даргын ажлаас чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар өөр ажилд шилжүүлснийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба тухайн үед 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 135.3-д зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар мөн хуулийн 135.4-д заасан байна. Мөн тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байх ба тус хуульд мөн төр хариуцахаар зохицуулалттай байсан. Иймд тухайн шүүхийн шийдвэр гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг буцаан хэрэглэж өгнө үү. Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд ажилтанг ажлаас буруу халсантай холбоотой тушаал хууль зүйн үндэслэлгүй байснаас байгууллага цалин, хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгосон байгууллагад учирсан хохирлыг шаардах эрх зүйн хэм хэмжээнд Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа дахь 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг хамааралгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсаны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэсэн зохицуулалт хууль бус зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа, өөрөөр хэлбэл хуулиар хориглосон буюу хийх ёсгүй хууль бус өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл, субъектив санаа зорилгоор гэм хор учруулсантай холбоотой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.Л анхан шатны шүүхэд тайлбараа хүргүүлсэн байгаа. Г.Л нь Говь-Алтай аймгийн Н.Эт хууль бус үйлдлээр хохирол учруулаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх, байгууллагад учирсан хохирлыг бүрэн арилгах, бүрэн хариуцлагын гэрээ хийж ажиллаагүй байсан учраас хохирлыг хариуцан арилгах хуульд заасан үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүнд, эд хөрөнгөд санамсаргүй буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заадаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 498.1, 498.2, 498.4-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хор учирсан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж хэдий заасан боловч тухайн үед Г.Л болон Н.Ц нарын хооронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Г.Л-ын тухайд албан тушаалынхаа дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулаагүй. Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажил олгогчийг төлөөлж шийдвэр гаргах бүрэн эрхийнхээ хүрээнд ажилчдаа хольж солих үйлдэл хийж байсан. Хувийн ажил хийгээгүй, төрийн өмнөөс ажил хийж байсныхаа хариуцлагыг хүлээх үүрэггүй юм гэж үзэж байна. Н.Ц эмнэлгийн сувилахуй албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар томилсныг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэсэн. 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 135.3-д зааснаар ажил олгогч эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэж болох ажил албан тушаалыг жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийг бүрэн хариуцлагын гэрээ байгуулах эрхтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгаагүй бол түүнд бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Тус хуулийн 135.4-д мөн заасан байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ хуульд бас төр хариуцах зохицуулалт байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Л.Г нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн П Г хяналтын прокурор Л.Г би Монгол Улсын П Г тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлд заасан төрийн байгууллагын өмнөөс оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Төрийн албан хаагч Н.Ц-ийн ажлыг өөрчилсөн, хууль бус шийдвэр гаргасан алба тушаалтан Г.Л шүүхийн шийдвэрийн дагуу төрийн сангаас олгосон 1,724,000 төгрөгийг гаргуулж Улсын төсөвт оруулах шаардлагыг гаргасан байна. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Л нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус эмнэлгийн сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан Н.Ц үүрэгт ажлаас нь чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар томилсон байдаг. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны 147 дугаартай шийдвэрийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б-98 дугаартай тушаалаар тус эмнэлгийн сувилахуйн албаны даргаар Н.Ц эргүүлэн томилсон байдаг. Ажлаас үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу 1,724,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2017 оны 06 сард 700,000 төгрөг, 7 сард 1,024,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийг биелүүлж Н.Ц-д олгосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтай байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил төрлийн нэр хүнд, эд хөрөнгөд санамсаргүй буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол түүний ажиллаж байсан хуулийн этгээд буюу төр хариуцна гэж заасан байдаг. Н.Ц-д олгосон цалингийн зөрүүг Г.Л гаргуулж Улсын төсөвт оруулах нь зүйтэй байна гэж үзсэн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овгийн Г.Л-аас 1,183,569 /нэг сая нэг зуун наян гурван мянга таван зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Н.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540,431 /таван зуун дөчин мянга дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 1,183,569 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 32,956 төгрөгийг хариуцагч Г.Л гаргуулж, улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Говь-Алтай аймгийн П Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Говь-Алтай аймгийн П Г хяналтын прокурор Л.Г би, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 133/ШШ2022/00200 дугаартай шийдвэрийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овгийн Г.Л-аас 1,183,569 төгрөг гаргуулж, Говь-Алтай аймгийн Н.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540,431 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гомдлын агуулга, үндэслэл: Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Л нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус эмнэлгийн сувилахуйн албаны дарга Н.Ц үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар томилжээ. Уг шийдвэрийг Н.Ц эс зөвшөөрч сувилахуйн албаны даргаас сувилагчийн албан тушаалд ажилласан хугацааны зөрүү цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Уг нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 147 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 264.080 төгрөгийг хасаж, нэгдсэн эмнэлгээс 1.724.000 төгрөгийг гаргуулж Н.Ц-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу Н.Ц-д 1.724.000 төгрөгийг Нэгдсэн эмнэлгээс 2017 оны 6, 7 дугаар сарын цалин дээр Төрийн сангаар дамжуулан түүний данс руу шилжүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ц-д олгосон цалингийн зөрүүг Г.Л гаргуулж улсын төсөвт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хянан хэлэлцээд Г.Л-ын үйлдэл нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Дээрх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн түүний нэг сарын дундаж цалин хөлс болох 1,183,569 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хууль нь 2015 онд батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн ба уг хуулийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж хуульчилснаар буруутай этгээд маргасан тохиолдолд захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх боломжтой болсон.

Хариуцагч Г.Л нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхдээ алба хаагч Н.Ц үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар томилсон ба уг шийдвэр хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу сувилахуйн албаны даргаас сувилагчийн албан тушаалд ажилласан хугацааны зөрүү 1,724,000 төгрөгийг авч, захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх хуулийн шаардлага, үндэслэл бий болж байна.

Хариуцагч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан Г.Л-ын албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас иргэн Н.Ц-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага нөхөн олговор байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг нэхэмжлэгчээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Г.Л-ын Н.Ц үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон шийдвэрийг хууль бус буюу гэм буруутай үйлдэл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Маргааныг шийдвэрлэх цаг хугацаанд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 4 дүгээр зүйл “Төрийн албаны зарчим”, 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэжээ.

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан буюу төрийн жинхэнэ алба хаагч Г.Л нь хууль дээдлэх, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн аль нэгнээр хууль бус шийдвэр гаргасныг гэм буруугүй гэж үзэхгүй ба түүний хууль бус шийдвэрийн улмаас иргэн Н.Ц-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, цалин хөлсөнд зөрүү гарч хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн түүний гаргасан шийдвэрийг хууль бус болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон болно. Иймд Г.Л-ын үйлдэл нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Үндэслэл: Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн ажлын байрны онцлог ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдлаас шалтгаалан ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах бөгөөд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан байна. Мөн зүйлийн 135.3-т бүрэн хариуцлагын гэрээг албан тушаалын жагсаалтын дагуу байгуулах, хуулийн 133 дугаар зүйлд бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх энэ нь ажилтны нэг сарын цалин хөлснөөс хэтэрч болохгүй талаар зохицуулсан байх ба хуулийн эдгээр заалт нь төрийн захиргааны албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохиролд гаргуулах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага нь ажилтан, ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай хамааралтай бөгөөд төрд учирсан хохирлыг гаргуулах гэрээний бус үүрэгтэй хамааралгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл нь төрийн албан тушаалтны учруулсан хохирлыг арилгаж, хохирлыг уг албан тушаалтнаас шаардсан, гэрээний бус үүргийн харилцаа болно. Тиймээс дээрх маргааны харилцаанд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 болон Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй гэж прокуророос үзэж байна. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 133/ШШ2022/00200 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагч Г.Л гэм хорын хохирол 1,724,000 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтын талаар талуудын гаргасан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт хийж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Н.Э төлөөлөн Говь-Алтай аймгийн П газар нь хариуцагч Г.Л холбогдуулан Н.Ц-ийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сувилахуйн албаны даргаас сувилагчийн албан тушаалд ажилласан хугацааны зөрүү цалинг байгууллагаас төлсний улмаас учирсан гэм хорын хохирол 1.724.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Л эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар тус эмнэлгийн сувилахуйн албаны дарга Н.Ц үүрэгт ажлаас нь чөлөөлж, хүүхдийн тасгийн сувилагчаар томилжээ.

Н.Ц-ийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны сувилахуйн албаны даргаас сувилагчийн албан тушаалд ажилласан хугацааны зөрүү цалин 1,724,000 төгрөгийг түүний ажиллаж байсан байгууллагаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгджээ.

Г.Л нь ажил олгогчийг төлөөлж ажилтныг өөр ажилд шилжүүлэх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоосон боловч тухайн үйлдлийг хууль бус, санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл түүний гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсны улмаас ажилтныг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил эрхэлж байсан хугацааны нөхөн олговрыг тухайн байгууллагаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь Г.Л-ыг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч Г.Л нь Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба энэ бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тушаал  гаргаж байсан байна.

Г.Л нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа эрх зүйн хувьд алдаатай шийдвэр гаргаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байна.

Хэрэгт авагдсан баримтаар Г.Л нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байсныг нэхэмжлэгч нотлоогүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул Г.Л-ыг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан гэж үзэх боломжгүй.

 

Ийнхүү эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд энэхүү хязгаарлагдмал хариуцлагын хэмжээ нь тухайн ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.

 

 Г.Л-ын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр тусгасан болох нь тогтоогдоогүй тул Г.Л тухайн үед авч байсан нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, хохирол төлүүлэх үндэслэлгүй байна.

 

Тиймээс Г.Л хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад учруулсан хохиролд түүний нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 1,183,569 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 540,431 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

П байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Мөн Говь-Алтай аймгийн НЭ нь байгууллагад учирсан хохирол барагдууллах ажиллагаанд оролцуулахаар прокурорт итгэмжлэл олгосон байх бөгөөд прокурорыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субьект биш гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 133/ШШ2022/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Ж.Б

                                                                                        Т.Ж