Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00627

 

 

 

 

 

 

 

 

 

Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/00338 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/,33, 9/34 дугаар тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дах албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг болон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 дугаар өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.О, О.Ө , Б.И.Б - ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2207 дугаар шийдвэрээр Ш.О, О.Ө , Б.И.Б - ХХК нараас 870,926,366 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсэн. НШШГГ- нь тус шүүхийн 271 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан.

1а.Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээч Мөнх оргил трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайланд нийт 3,244,000,000 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус газраас анхны албадан дуудпага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй.

Анхны албадан дуудлага худалдаа явагдсаны дараа нэхэмжлэгч нар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2264 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Улмаар төлбөр төлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасан хэдий ч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдлыг хэлэлцэхээс татгалзсан ба шийдвэр 7 хоногийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр албажиж гарсан.

1б.Хариуцагч НШШГГ- нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын өмчлөлийн эд хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн гэдгийг 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/166/15344 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч нарт мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц сэргээн явуулна гэжээ. Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж үзэх бөгөөд энэ өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, хоёр дахь албадан дуудпага худалдаа явуулах хугацааг тоолох ёстой.

Гэвч хариуцагч НШШГГ- нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн.

1в. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр авагч Хас банк ХХК-аас хоёр дах албадан дуудлага худалдааг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/01 дугаартай тогтоолоор 6 сар буюу 180 хоногоор хойшлуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсэгт энэ хуулийн 67.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, ... бол дуудлага худалдааг явуулахгүй гэжээ. Гэвч хоёр дах албадан дуудлага худалдааг хойшлуулсан 6 сарын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан ба энэ өдрөөс хойш төлбөр авагчаас албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гаргаагүй байхад НШШГГ- нь хоёр дах албадан дуудлага худалдааг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсэгт заасныг зөрчсөн.

1г.Төлбөр төлөгчдийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 305,438,948 төгрөг төлсөн.

Мөн хөрөнгийн үнэлгээ гарснаас хойш 1 жил 7 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сард Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагааг хязгаарласан үеийг ашиглан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээ дотно, гадна бүхэлд нь засан сайжруулж, төвийн дулаанд холбосон, мөн тус газар дээрээ 2 давхар авто засварын төв барьснаар үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ үлэмж нэмэгдсэн төдийгүй өнгөрсөн 2 жилийн хугацаанд барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зохицуулсан. Хариуцагч байгууллагын томилсон хөндлөнгийн шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээний тайланг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар гаргасан. Барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь хэд хэдэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч зоорийн давхраас эхлээд нийтдээ 6 давхар 1 объект бөгөөд давхар тус бүрээрээ өөр өөр гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгах боломжгүй.

Нэхэмжлэгч нарын зүгээс хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд тэд гомдлыг шийдвэрлэхдээ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар магадлалыг зааж, тус магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн, хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар магадлал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах заалтыг хэрэгжүүлэхэд саад болох үндэслэлгүй.

1д.Дээрх хууль зөрчиж явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болсон хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр авагч Хас банк ХХК нь оролцож, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээс Ш.Огийн өмчлөлийн Ү-22******** дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргиин 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран 1 дүгээр гудамж 191 дугаар хаягт байршилтай 960 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдан авахаар болсон нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоох хуульд заасан үндэслэл бий болсныг төлбөр төлөгч нараас баримтаар нотлон, хүсэлт гаргасаар байхад хариуцагч байгууллага дахин үнэлгээ тогтоолгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаа хэтрүүлж зохион байгуулснаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан нь шийдвэр гүйцэтгэгч нарыг төлбөр авагч Хас банк ХХК-тай ашиг сонирхол нэгтэй, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зорилготойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэж байна.

Хариуцагч байгууллага хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоол болон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү.

1е.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарахаас өмнө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсныг нэхэмжлэгч нарт шуудангаар ирүүлсэн болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

2а.Төлбөр төлөгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/Ш32019/05394 дугаар захирамжаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг холбогдох хэсгээр түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/01571 дугаар шийдвэрээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 1481 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан. Тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03220 дугаар шийдвэрээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул төлбөр авагч Хас банк ХХК нь давж заалдах гомдол гаргалгүй дахин шинжээч томилуулах хүсэлтээр манай байгууллагын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, тайланг үнэлгээний хөлс төлөөгүй удааширсаны улмаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 8 үл хөдлөх хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлгээг тогтоосон. Үүнд:

-төлбөр төлөгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нарын төлбөрт хураагдсан Ш.Огийн эзэмшлийн эрхийн 0346125 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 11-191 дугаар хаягт байршилтай, нэгж талбарын 3025/5011 дугаартай, 515 м.кв талбайтай газарт шинжээчийн тогтоосон үнэ 358,300,000 төгрөг, Б.И.Б - ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********, Ү-2*********, Ү-2********* дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын 1, 2, 3-5 давхар дугаар хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 920,100,000 төгрөг, Б.И.Б - ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075900 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дүгээр барилгын зоорийн давхар дугаар хаягт байршилтай, 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ 165,600,000 төгрөг,

-төлбөр төлөгч О.Ө ын эзэмших эрхийн №000465929 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 18649310952454 дугаартай 448 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 311,600,000 төгрөг,

-төлбөр төлөгч Ш.Огийн эзэмших эрхийн №0386673 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд талд байрлах АОС хаягт байршилтай, нэгж талбарын 133025/5021 дугаартай 759 м.кв талбайтай газрыг шинжээчийн тогтоосон үнэ 586,700,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дугаар хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 901,700,000 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудаст дурьдсан хаяг болон улсын бүртгэлийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгч Ш.Огийн гүйцэтгэх хуудаст дурдсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж 191 тоотод очиж 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6410, 4/6408, 4/6409, 4/6405, 4/6404, 4/6406 дугаар үнэлгээний мэдэгдлүүдийг танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 70 хувиас эхлэн дуудагдахыг хуулиар сануулж тус бүр эх хувиар нь өгч, мөн О.Ө д өгөхийг даалгаж үлдээсэн.

Төлбөр төлөгч О.Ө ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 315 дугаар өрөөнд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуудан ирүүлж үнэлгээний мэдэгдлийг мөн танилцуулж тус бүр нэг хувийг өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлүүдийг хугацаанд нь талуудад хүргүүлсэн.

Түүнчлэн төлбөр төлөгч О.Ө нарт 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7723, 4/7724, 4/7744, 4/7742, 4/7732, 4/7731 дугаар мэдэгдлүүдийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн.

Төлбөр төлөгч Б.И.Б - ХХК болон Ш.Од 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7734, 4/7733, 4/7730, 4/7729, 4/7745, 4/7746, 4/7749, 4/7748, 4/7726, 4/7725, 4/7722, 4/7721 дугаар мэдэгдлүүдийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 315 тоотод дуудан ирүүлж, тогтоол мэдэгдлүүдийн нэг хувийг өгсөн.

Мөн төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/7735 дугаар мэдэгдлийг тогтоолуудын хамт баталгаат шуудангаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр оршин суух хаягаар хүргүүлсэн. Төлбөр авагч Хас банк ХХК-нд 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоол, 4/7729, 4/7737, 4/7738 дугаар мэдэгдлүүдийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн ба итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэгт 99038514 дугаарын утсаар ирж тогтоол, мэдэгдэлтэй танилцахыг мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/45, 3/46, 3/47 дугаар тогтоолд зааснаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй.

2б.Төлбөр төлөгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нар Мөнх-Оргил трейд ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32020/07081 дугаартай захирамжаар төлбөр төлөгч нарт холбогдуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 8 үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоос бусад байдлаар төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад энэ захирамж саад болохгүйг дурдаж түдгэлзүүлсэн.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03858 дугаар шийдвэрээр Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2021/00092 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранзаяагийн гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4-166/14892 дугаар албан бичгээр хандаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 401 дугаар албан бичгээр хуулбарлаж авсан.

2в.Хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 дүгээр тогтоол, 4-166/15346, 4-166/15347, 4-166/15343 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нарт 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 311 тоотод 9/32, 9/33, 9/34 дүгээр тогтоол, 4-166/15349, 4-166/15345, 4-166/15344, 4-166/15348 дугаар мэдэгдлүүдийг өгсөн.

2г.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Хас банк ХХК-ийн ялагч болж Ш.Огийн эзэмших эрхийн 0386673 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, цахилгаан дэд станцын зүүн урд талд байрлах АОС хаягт байршилтай, нэгж талбарын 133025/5021 дугаартай 759 м.кв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн ү-22******** дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг Улаанхуаран 1 дүгээр гудамж, 191 дугаар хаягт байршилтай, 960 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 748,200,000 төгрөгөөр худалдаж авах эрхтэй болсон. Бусад үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирүүлээгүй буюу худалдан борлогдоогүй байна.

Иймд төлбөр төлөгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа нарт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/34 дугаар тогтоолд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд 748,200,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-166/16665, 4-166/16663, 4-166/16660, 4-166/16659, 4-166/16650, 4-166/16661 дүгээр мэдэгдлээр, 2021 оны 9/23 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тогтоол, 2021 оны 4-166/19837, 4-166/19836, 4-166/19834, 4-166/19833, 4-166/19832, 4/166/19835 дугаар мэдэгдлийг танилцуулж, баталгаат шуудангаар хүргүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХКК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нараас 875,438,948 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээг хийсэн боловч төлбөр төлөгч нараас гаргасан гомдлын дагуу хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон.

3а.Үүний дараа Мөнх-Оргил трейд ХХК-иар дахин хөрөнгийн үнэлгээ тогтоолгосны үндсэн дээр албадан дуудлага худалдааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүсэлт гаргаж дуудлага худалдаанд оролцох эрхтэй байдаг.

3б.Тус дуудлага худалдаагаар Хас банк" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 748,200,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Манай компани тус дуудлага худалдаанд ганцаараа оролцоогүй. Хэрэв ганцаараа дуудлага худалдаанд оролцсон тохиолдолд дуудлага худалдаа хүчингүй болох ёстой байдаг.

3в.Мөнх-Оргил трейд ХХК-ийн тогтоосон хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тогтоолыг Улсын Дээд шүүхээс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр албажсан боловч НШШГГ- уг тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан байдаг. Манай компани уг тогтоолыг гардаж аваагүй байгаа. Тус тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр авсан эсэх нь 92 дугаар тогтоолын доод хэсэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр З.Амартүвшин гэх ажилтнаас хуулбарлаж авсан болох нь нотлогдож байна. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нарын гаргасан хариуцагч НШШГГ-т холбогдох хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/,33, 9/34 дугаар тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг болон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/23 дугаар өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

5а.Нэхэмжлэгч нар хариуцагчийг хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаас үндэслэлгүйгээр татгалзсан буюу хоёр дахь албадан дуудлага худалдааг яаралтай явуулах байсан гэж гомдол гаргаагүй, харин Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлж явуулсан нь хуульд нийцэхгүй байгаа талаар гомдол гаргасан болно. Дээрх хоёр ойлголт нь агуулгын хувьд зөрүүтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болдог тул 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн 92 дугаар тогтоол гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-д хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох тухай зохицуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дах хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан эсэхэд хяналт тавих бөгөөд хариуцагч тал Улсын дээд шүүхийн 92 дугаар тогтоолыг нэг улирал өнгөрсний дараа хүлээн авсан байдаг. Эрх зүйн тодорхой үйл баримтыг тогтоохоор хугацаа тоолохдоо шүүх мэдрэмжгүй хандсанд гомдолтой байна.

5б.Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсгийг тайлбарлахдаа "анхны үнэлгээнд өөрчлөлт орсон гэдэг нь тодорхой баримтаар тогтоогдсон байх ёстой ба тийм баримт байгаа тохиолдолд НШШГГ- нь хүсэлт гаргасан талын зардлаар хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох ажиллагааг явуулж болно" гэж дурджээ. Шүүх хуулийн зүйл, заалтад тусгагдсан эрх зүйн хэм хэмжээний агуулгыг буруу ойлгож, тайлбарласан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс өмнөх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй учраас харьцуулсан байдлаар үнэлгээний тайлан дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д нэхэмжлэгч нарын хүсэл зоригт нийцсэн зохицуулалт байгаа, түүнийг хэрэглэх боломжтой нөхцөлд заавал өөрсдөө үнэлгээний тайлан, дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.

Хариуцагч НШШГГ- нь өөрсдийн үйл ажиллагааг илүү нарийвчлан зохицуулсан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийг хэрэглэхдээ хэдхэн зүйл заалтын хүрээнд хязгаарлагдаж, тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 гэх мэт санхүүгийн эрсдэлд орсон жижиг дунд бизнес эрхлэгчдэд буюу төлбөр төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд боломж олгосон, эд хөрөнгийн эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан зохицуулалтуудыг хэрэглэдэггүй сөрөг үр дагавартай практик тогтоож байна. НШШГГ- нь хэдийгээр албадан гүйцэтгэх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа албадлагын байгууллага хэдий ч уг ажиллагааг хуулийн дагуу явуулах, талуудын хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй ажиллах ёстой. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан дахин үнэлгээ тогтоолгох төлбөр төлөгч нарын хүсэлтийг хүлээж авах боломжтой байхад энэ байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.

Анхан шатны шүүх барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барилгын гадна дулааны шугам, узелын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ, эрх бүхий этгээдээс авсан техникийн нөхцөл зэрэг баримтаар уг ажлыг хүлээн авсан эсэх, улмаар барьцаалуулсан хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг бий болсон, мөн хөрөнгийн үнэ цэнэ өссөн гэдгийг нотлохгүй байна" гэж дурджээ. Тэгвэл зах зээлд төвийн дулаанд холбогдсон халуун хүйтэн устай объект, дулааны шугамд холбогдоогүй халуун ус, халаалтгүй барилга хоёрын үнэ ханшийн зөрүү ялгаатай байх нь нийтэд илэрхий үйл баримт. Харин шүүх энэхүү баримтаар тус барилга төвийн дулаанд холбогдож үнэ цэнэ нь өссөн нь нотлогдохгүй байна гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлж болох байсан.

5в. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д ...төлбөр авагчийн хоёр дах албадан дуудлага худалдааг явуулах тухай хүсэлтийг зайлшгүй бичгээр авах ёстой байсан гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд төлбөр авагч нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж маргахгүй байх тул хариуцагч... хууль зөрчсөн гэж үзэхгүй гэжээ. Нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хууль зөрчиж хоёр дах албадан дуудлага худалдаа явуулсан гэж маргаж байгаа учраас хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл тус бүрийг дурдах нь нотлох үүргээ хэрэгжүүлж буй идэвхтэй үйлдэл юм.

5г.Мөн шүүх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг дүгнэхдээ Хас банк ХХК нь дуудлага худалдааны үнэ 748,200,000 төгрөгийг төлсөн тул үүнийг баталгаажуулахын сацуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна" гээд хариуцагч НШШГГ- нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байна гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно" гэж заасан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Б.И.Б - ХХК, Ш.О, О.Ө нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 дугаартай тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай 9/23 дугаартай тогтоолыг, мөн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, барьцааны эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.НШШГГ- нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2207 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх-10-18, 121-123, 133/

Хэрэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийг тогтоосон үнэлгээтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд авагдсан байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /2хх-86-104, 108/

4.Талууд шийдвэр гүйцэтгэлийн газраас явуулсан дээрх ажиллагаанд маргаагүй, харин хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, дахин үнэлгээ тогтоолгох үндэслэл бий болсон эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/32, 9/33, 9/34 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах үндэслэлээ хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, Улсын Дээд шүүхийн хэргийг хэлэлцэхээс татгалзсан тогтоол гарснаас хойш буюу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор дуудлага худалдааг явуулах байтал 6 сар буюу 180 хоногоор хойшлуулсан гэж тайлбарласан байна.

Төлбөр төлөгч нар төлбөрт хураан авсан хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4-166/19892 дугаартай, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мөн сарын 18-ны өдрийн 401 дугаартай албан бичгүүд, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2021/00092 дугаартай тогтоол зэрэг баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд хариуцагч байгууллага хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна. /2хх-86-106, 108 хуудасны дугаар давхардсан/

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.3 дах хэсэгт хоёр дахь дуудлага худалдаа явуулах хугацаа заасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах зарчимд хамааралтай учир энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/37, 4/38, 4/39 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах хоёр дахь дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулахаар товлож, мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүргүүлсэн болох нь нотлогдсон байна. /2хх-35-59/

6.Төлбөр авагч Хас банк хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцсон нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсгийн үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж заасантай нийцэх тул Хас банк ХХК оролцож, Ш.Огийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар болсон нь төлбөр төлөгчийн эрхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр авагчтай нийлж зөрчсөн ноцтой үйлдэл гэх нэхэмжлэгч талын татгалзал үндэслэлгүй.

7.Нэхэмжлэгч нар барьцааны эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоохыг даалгах нэхэмжлэлийн үндэслэлээ шинжээчийн үнэлгээ тогтоосноос хойш дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгүүдийг засан сайжруулж, төвийн дулаанд холбосон, мөн газар дээр 2 давхар автозасварын төв нэмж барьсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ нэмэгдсэн гэж тайлбарласан байна. Тэрээр Ш.О, Тэргүүн жинст ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 201/2020 дугаартай техникийн нөхцөл, Дулааны эрчим хүчийг тооцох хэмжих хэрэгслийг суурилуулах 130/2020 дугаартай техникийн нөхцөл, 14,097,748 төгрөгийн үнийн дүн бүхий төлбөрийн нэхэмжлэх, дулааны тоолуур суурилуулж, хүлээлгэн өгсөн акт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. /1хх-45-50/ Эдгээр бичгийн баримтууд нь барьцааны эд хөрөнгүүдийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дах хэсгийн заасныг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан гэж маргасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлээр дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах, төлбөр авагч хүсэлтээ буцаахтай холбоотой ажиллагаа явуулах журмыг зохицуулжээ.

Хариуцагч байгууллага нь төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 6 сараар хойшлуулах тухай тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байна. Төлбөр төлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар мөн сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргаж, шүүхээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарчээ. Төлбөр авагч Хас банк ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудлага худалдааг хойшлуулах хугацааг үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд гомдол гаргаагүй байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

9.Хоёр дахь албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь төлбөр төлөгч Ш.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 191 тоот хаягт байршилтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн 0386673 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цахилгаан дэд станцын зүүн урд байрлах АОС хаягт байршилтай, нэгж талбарын 133025/5021 дугаартай 759 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдааны ялагч Хас банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай 2021 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 9/23 дугаартай тогтоол гаргажээ. Уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.11 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/00338 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД