Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00676

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00433 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч. Ганзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 487 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3529 дугаар захирамжаар Ч.Г-, Г.Алтанбагана, Б.Цогтгэрэл нар нь Нэт капитал финанс ББСБ ХХК-д зээлийн төлбөрт 79,315,624 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн.

Тохирсон хугацаанд төлбөрөө төлж чадаагүй тул барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлөөлөгчид, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх гэж заасан байдаг. Хариуцагч байгууллага нь барьцаа хөрөнгийг хураахдаа надад мэдэгдээгүй ба үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй.

Мөн төлбөр авагчтай уулзуулаагүй атлаа Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас шинжээч томилж, орон сууцыг 102,300,000 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд 70,000,000 төгрөгөөс худалдан борлогдох нөхцөлийг бүрдүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгчээс надад үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулах талаар мэдэгдээгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч үнэлгээ хийхдээ 4 байрны үнийг харьцуулаад м.кв талбайг 1,820,000 төгрөгөөр үнэлсэн байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд байрны үнэ өссөн байдаг. Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3529 дугаар захирамжаар Ч.Г-, Г.Алтанбагана, Б.Цогтгэрэл нараас 79,315,624 төгрөгийг "Нэткапитал финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 202 дугаар байрны 148 тоот хаягт байрлах 56.21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор битүүмжилсэн. Битүүмжлэх ажиллагаа хийхэд н.Насанжаргал гэдэг хүн байсан бөгөөд битүүмжилж хураах ажиллагаа хийхдээ лацдаж, цоожлоод хураах боломжтой байдаг. Бага насны 2 хүүхэдтэй гэр бүл байсан учраас өөрт нь хадгалалт хамгаалалтыг үлдээж битүүмжилсэн. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураахад н.Насанжаргал байсан. Хөндлөнгийн 2 гэрчийг оруулж зургийг дарж дахин хадгалалт хамгаалалтийг өөрт нь үлдээсэн.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахаар төлбөр төлөгч Ч.Г-, Г.Аптанбагана, Б.Цогтгэрэл нарт 2021 оны 4-144/18163, 4-144/18167, 4-144/18169 дугаар албан бичиг, төлбөр авагч Нэткапитал ББСБ ХХК-д 2021 оны 4-1444/8162 дугаар албан бичгээр тус тус үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй. Төлбөр авагч Нэткапитал ББСБ ХХК-аас орон сууцыг 84,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн. Талууд үнийн санал дээр харилцан тохиролцож чадаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/259 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.

Шинжээч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар барьцаа хөрөнгийг 102,300,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайланг ирүүлсэн.

Тус үнэлгээний талаарх мэдэгдэлийг төлбөр төлөгч Ч.Г-, Г.Алтанбагана, Б.Цогтгэрэл нарт 2021 оны 4/20522, 4/20519, 4/20520 дугаар албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Нэхэмжлэгч Ч.Г- нь үнэлгээний тайланг аваагүй гэдэг боловч баталгаат шуудангаар хүргүүлсэн. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, нийтэд зарласан хугацаанд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15130 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учраас дуудлага худалдааг зогсоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланд дурдсанаар барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээг гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Алтанбагана, Б.Цогтгэрэл нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2205051974 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 202 дугаар байрны 148 тоот хаягт байрлах 56.21 м.кв талбай бүхий хоёр өрөө сууцыг 102,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай Ч.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ч.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4а.Хариуцагч байгууллага барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураахдаа надад мэдэгдээгүй, үнийн санал аваагүй. Мөн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК барьцаа хөрөнгийг 102,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн ба үнэлгээний тайланг хийлгэж бага үнээр үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд 70,000,000 төгрөгөөс дуудагдаж, худалдан борлогдох нөхцөлийг бүрдүүлсэн.

4б.Шинжээч үнэлгээ хийхдээ 4 орон сууцны үнийг харьцуулаад м.кв талбайг 1,820,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээч Г.Баярбаатар нь орон сууцанд биечлэн очиж хөрөнгийн үнэлгээг гаргасан эсэх нь эргэлзээтэй. Сүүлийн 2 жилийн хугацаанд байрны үнэ өссөн, орон сууцны зах зээлийн бодит ханшийг тогтоож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Манай талаас гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

7.Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 487 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна. /хх 38-39/

8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3529 дугаар захирамж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ГХ2021/00160 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн мөн оны 06 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 41-42, 44-46, 50, 55-58, 59-63/

9.Талууд барьцааны эд хөрөнгийг хураах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, шинжээчийн үнэлгээ бодитой эсэх талаар маргажээ.

9а.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эд хөрөнгө хураах тухай 21370408/2 дугаартай тогтоол үйлдэж, Г.Алтанбагана, Б.Цогтгэрэл нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхон, Энхтайваны өргөн чөлөө 202 байр, 148 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Y-2205051974 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хураан авах ажиллагаа явуулахдаа тухайн орон сууцыг эзэмшиж буй этгээд болох Ц.Насанжаргалыг оролцуулан, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан нь дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт нийцсэн байна. Иймээс эд хөрөнгийг хураах ажиллагаанд оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хх 59-61/

9б. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүйн улмаас хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилсон байна. Тодруулбал, тухайн эд хөрөнгийг үнэлж буй саналаа төлбөр авагч Нэткапитал ББСБ ХХК нь барьцаа хөрөнгийг 84,000,000 төгрөгөөр үнэлсэн /хх 67/, төлбөр төлөгч Ч.Г-ийн хувьд үнийн санал ирүүлээгүй учир Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоох ажиллагааг хариуцагч байгууллагаас явуулсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. /хх 64, 68, 69, 72/

9в.Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргыг ашигласан байна. Тэрээр зах зээлийн хандлагын аргыг сонгон авч, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхон Энхтайвны өргөн чөлөөний гудамж, 202 дугаар байрны 148 тоот хаягт байрших 56,21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 102,300,000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заасантай нийцжээ. /хх 79-96/

9г.Шинжээч Г.Баярбаатар нь орон сууцыг очиж үзээд үнэлгээ хийсэн талаар гэрчийн мэдүүлэг өгснийг /хх 150/, нэхэмжлэгч тал үгүйсгээгүй учир шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй.

9д. Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгө нь сүүлийн 2 жилийн хугацаанд байрны үнэ өссөн, метр квадрат нь 2,200,000 төгрөгөөс буухгүй, 56.21 м.кв байр 123,662,000 төгрөг болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 30 хувь үнэ бууруулж орвол дуудлага худалдаанд 86,563,400 төгрөгийн хооронд үнэлэгдэнэ гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

10.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

11.Иймээс барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураахдаа надад мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, сүүлийн 2 жилийн хугацаанд орон сууцны үнэ өссөн, шинжээч орон сууцны зах зээлийн бодит ханшийг тогтоож чадаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00433 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД