Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2022/00016

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ж.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00159 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, Миний байшин, 1- ... тоотод оршин суух, ДЮ............... регистрийн дугаартай, Х овгийн Д.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Цэлмэг 10 дугаар байрны ... тоотод оршин суух, ДЮ.......... регистрийн дугаартай, Х овгийн Ц.Т-т холбогдох

 

Гэм хорын хохирол 45,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ж-ы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, хариуцагч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2020-2021 онуудын эмчилгээ, сувилгаа, эм тариа, унааны зардал 13,890,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 7,680,000 төгрөг, эхнэр Ч.Х-ийн нөхөр Д.Г асарсан 2020-2021 онуудад олох ёстой орлого 24,000,000 төгрөг, нийт 45,570,000 төгрөг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч Ц.Т нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 40-1- ... тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэхэмжлэгч Д.Г зодож, биед нь санаатайгаар хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид эмчилгээ, сувилгаа, асаргааны зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсэн.

Иймд хариуцагч Ц.Т-аас гэм хорын хохирол болох дараах зардлуудыг нэхэмжилж байна. 2020-2021 оны эмчилгээ, сувилгаа, асаргааны унааны зардал болох 13,890,000 /арван гурван сая найман зуун ерөн мянга/ төгрөг.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасан хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсанаас болж, ажил хийж байсан үеэсээ доогуур халамжийн тэтгэвэр болох 350,000 төгрөг авдаг. Эм тариа, эмчилгээ, хэрэглээний зардал нэмэгдсэн. Үүний зөрүүг хамгийн сүүлийн сарын цалин болох 670,000 төгрөгөөр тооцож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2020/00360 дугаар шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож бодоход хоёр жилийн хугацааны зөрүү болох 7,680,000 төгрөг.

Нэхэмжлэгч Д.Г би өмнөх нэхэмжлэлдээ цалин, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү гэж нэхэмжилж байсныг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар нэхэмжлэх нь зүйтэй гэснийг үндэслэсэн болно.

 

Миний эхнэр Ч.Х-ийн нэхэмжлэгч Д.Г намайг хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан бусдын байнгын асаргаанд байх шаардлагатай улмаас олох ёстой байсан бизнесийн орлогоо алдсан учир бизнес эрхэлж олох ёстой байсан орлого болох 24,000,000 төгрөг.

 

Үүний зарим хэсгийг би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжилсэн боловч нотлох баримтууд шаардлага хангахгүй байна гэж үзээд нотлох баримтаа хуулийн дагуу шаардлага ханган бүрдүүлж дахин нэхэмжлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжилж байна. Ч.Х нь “О Ш” нэртэй 1 гишүүнтэй ХХК-иар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж орлого олж байсан болно гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзал: Д.Г-д хохирол учруулсан гэж шүүх үзсэн тул 25 сая төгрөгөөр торгуулж, 2018 онд бүх торгуулиа төлсөн. Гэвч Д.Г нь 2018-2020 онуудад 3 удаа тус бүр 100 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл өгснийг хоёрыг нь буцааж, нэгийг нь 10 сая төгрөг гарсныг одоо төлж байгаа. Үүний дараа 2020-2021 онд 80 сая төгрөг нэхэмжилж, одоо шүүх дээр маргаан үүсээд явж байгаа. Одоо дахин 45,570,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2015-2021 онуудын гаргаж байгаа баримт нь урьд шүүхээр хэрэгсэхгүй болгосон баримтууд байна. Нэг жил болоогүй, шүүх дээр маргаан явж байхад маш богино хугацаанд их мөнгө нэхэж байна. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х овгийн Ц.Т-аас 5,391,131 /таван сая гурван зуун ерөн нэгэн мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х овгийн Д.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,178,869 /дөчин сая нэг зуун далан найман мянга найман зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Т-аас 5,391,131 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 101,208 /нэг зуун нэг мянга хоёр зуун найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х бид Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00159 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

Уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг зөрчсөн учир энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байгааг минь хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү.

 

1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар зайлшгүй гарсан зардал болох 8.498.869 төгрөг гарсаныг нотлож холбогдох баримтаа өгсөөр байтал эрүүл мэндэд хохирол учирсантай холбогдох зайлшгүй зардал болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Учир нь бид эмчилгээ, сувилгаа, эм тариа, унааны зардлаа яг тухай тухайн үед нь гарсан зардлуудаа баримтуудаар нь үдэж наагаад цаг хугацаагаар нь дэс дараалуулаад нэхэмжилсэн болно. Бид эмчилгээ сувилгаа, асаргаа эм тарианы мөнгөө л нотлох баримтын хүрээнд нэхэмжлэснээс зөвхөн 5.391.131 төгрөг хангасантай санал нийлэхгүй гомдолтой байгаа болно.

 

2. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.3-т зааснаар цалин, хөдөлмөрийн чадвараа алдсаны зөрүү болох 7.680.000 төгрөгийг хавтаст хэрэгт нотлох баримт байсаар байтал ямар хуулийн, ямар заалтыг үндэслэлээд олгохгүй байгааг бид ойлгохгүй байна. Шүүх бүрэлдэхүүн зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлагдсан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй 2020-2021 онуудад хамаарч байна гэж хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Учир нь Ц.Т-ийн хууль бус үйлдлээс л энэ зардал буюу хохирол гарсан. Ц.Т-т зодуулж эрүүл мэнддээ хохирол учруулаагүй бол бид тус тусынхаа ажлыг хийгээд эрүүл сайхан явж, Ц.Т-аас гараагүй хохирлыг нэхэхгүй байсан.

 

3. Ц.Т-ийн хууль бус үйлдлээс хорвоог харах мэлмийгүй болж ажилгүй орох орлогогүй болтлоо хоосрохгүй байсныг хэнээр ч хэлүүлэлтгүй бүгд мэдэх байх. Өмнөх нэхэмжлэлүүдийг шийдвэрлэсэн шүүх хурлууд дээр баримт бүрдүүлээгүй дутуу байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосоор ирсэн цалин болон цалингийн зөрүүгээ бид дутуу гэсэн бүх баримтуудыг нь бүрдүүлээд нэхэмжилсэн тул хангах үндэслэлтэй байсан. Гэтэл хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Бүх бүрдүүл гэсэн баримтуудыг нь бүрдүүлээд, шүүхийн шийдвэрүүдийг нь хавсаргаад өгөхөөр хэрэгсэхгүй болгосонд харамсаж, одоо ямар баримт бүрдүүлж өгөхөө мэдэхгүй болоод байна. Мөн шүүх бүрэлдэхүүн Ц.Т-т урд шүүхээр шийдвэрлэгдсэн орлогыг дахин нэхэмжилсэн гэх агуулга бүхий тайлбараар шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэсэн нь утга, агуулгын хувьд эрс зөрүүтэй байна. Бид үүнийг шүүх бүрэлдэхүүн хэтэрхий нэг талыг барьж, хуулийг гууль болгож, нотлох баримтуудыг үнэлэх ямар ч сонирхолгүй байсан гэж үзэхэд хүрч байна.

Мөн эхнэр Ч.Х-ийн олох ёстой байсан 24.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонтой санал нийлэхгүй байна. Ц.Т миний эрүүл мэндэд хохирол учруулаагүй бол эхнэр Ч.Х ажлаа хийгээд олох ёстой байсан орлогоо олоод явж байх байсан.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Т-ийн хууль бус үйлдлээс хамаарч гарсан зайлшгүй зардал болно. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хамааралгүй гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Өмнөх шүүх хурлууд дээр энэ асуудал яригдсан боловч шийдвэрлэгдээгүй бүгд л материал дутуу гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Бид уг шүүхийн шийдвэрүүдэд дутуу гэж үзсэн материалуудыг нь бүрдүүлээд шүүхийн шийдвэрүүдийг нь хавсаргаад өгөхөд үнэлээгүйд харамсаж байна. Өөрөөр хэлбэл би тангараг өргөсөн хуульчдыг идсэн бөөлжсөө эргэж залгиж байгаад гайхаж, өргөсөн тангарагаасаа няцаж байна гэж бодоход хүрч байна. Олго гэж зохицуулсан хуулийн заалт байсаар байтал хэрэгжүүлэхгүй байгаад ашиг сонирхолын зөрчил байгаа юм болов уу гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байна. Бид хэрэгт хамааралтай ач холбогдолтой бүхий л нотлох баримтаа бүрдүүлээд зайлшгүй гарсан зардлуудаа л нэхэмжилсэн. Гараагүй болон Ц.Т-т хамааралгүй нэг ч зардал нэхэмжлээгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Бидний нэхэмжилсэн бүхий л зардал Ц.Т-ийн балмад үйлдлээс хамааралтай  гэдгийг анхаарч бидний нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Бидний ямар амьдрал, ажил төрөлтэй байгаад одоо ямархуу байдалтай болсныг Говь-Алтайн ард түмэн биднээр хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа болно.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00159 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон эмчилгээ, сувилгаа, эм тариа, унааны зардал 8.498.869 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 7.680.000 төгрөг, эхнэр Ч.Х-ийн олох ёстой байсан орлого болох 24.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, дээрх шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Т-аас 45.570.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа 2020 оноос 2021 онуудын эмчилгээний зардал 13.899.000 төгрөг, гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 7.680.000 төгрөг, эхнэр Ч.Х-ийн олох ёстой байсан орлого 24.000.000 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа “Ц.Т нь өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хохирлыг нэхэмжилсэн, тэгээд ч торгуулийн ял, өмнө гарсан хохирлыг төлөөд, төлбөрийн чадваргүй болоод байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

 

Анхан шатны шүүх Ц.Т-т холбогдох гэм хорын хохирол 45.570.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хариуцагч Ц.Т нь нэхэмжлэгч Д.Г биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

 

Мөн Д.Г нь Ц.Т-т зодуулсны улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0140114 дүгээр актаар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд хууль бусаар, санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Т-аас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой, учирсан хохиролд гэм хор учруулагч гэм буруутай болох нь тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

 

Нэхэмжлэгч Д.Г эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсанд хариуцагч буруутай бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зардал гаргаж хохирсон нь хариуцагчийн хууль бусаар, санаатайгаар түүний эрүүл мэндэд хохирол учруулсантай шууд шалтгаант холбоотой байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Т-ийн хууль бус, санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Г эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул хариуцагч Ц.Т өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, харин  гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсны доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд гэмт хэргийн улмаас биед учирсан гэмтлээ эмчлүүлсэний зардалд 406.000 төгрөг, эм тариа худалдаж авсан зардалд 4.007.531 төгрөг, эмчилгээний үед асран хамгаалахаар хамт явсан эхнэр Ч.Х-ийн болон өөрийн унааны зардал 977.600 төгрөг, нийт 5.391.131 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зайлшгүй зардалд 5.391.131 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж нэхэмжлэлийн энэхүү шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Мөн нэхэмжлэгч Д.Г гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 7.680.000 төгрөг, Ч.Х-ийн нөхөр болох Д.Г асрамжилсны улмаас олж чадаагүй буюу олох ёстой байсан орлого 24.000.000 төгрөг нэхэмжилсэн нь нотолсон баримтгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагынхаа үндэслэлийг нотлож чадаагүй учир нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож буй зайлшгүй зардлыг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцсэн байх тул нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2022/00159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                         ШҮҮГЧИД                            Ж.Б

                                                                              Т.Ж