Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00743

 

 

 

 

 

 

 

 

 

"Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00675 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч "Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Х -т холбогдох

орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 43,047,064 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, "Б" ХХК болон Д.Х - нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: "Б" ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Д.Х -т Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур 2 хотхон 40 дүгээр байр, 1 дүгээр орц 10 давхар 99 тоотод байрлах 2 өрөө 46,08 м.кв талбайтай орон сууцыг 113,531,904 төгрөгөөр худалдах, нийт үнийн дүнгийн 15 хувь болох 17,030,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт бэлнээр авч, үлдэгдэл 96,501,904 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 71 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй сар бүр 1,900,000 төгрөг төлөх, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Х -ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Хариуцагч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж графикийн дагуу төлбөрөө төлөөгүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Д.Х -т гэрээний үүргээ удаа дараа зөрчиж компанид их хэмжээний хохирол учруулж байгаа тул худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээ цуцалсантай холбоотой хохирлоо шаардана гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Хариуцагчийн төлсөн 31,030,000 төгрөгийг төлбөрөөс хасч тооцоход татгалзах зүйлгүй. Иймд тус гэрээний 4.1.2, 5.3-т заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ цуцалж, хохиролд 43,047,064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэлээс зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авахаас өмнө нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал М.Гэрэлмаагийн хүсэлтээр тус компанийн өмгөөлөгч Д.Золзаяатай уулзаж, түүний санал болгосноор 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хариу тайлбар бичиж өгсөн. Ийнхүү утгаар хариу тайлбараа бичвэл нэхэмжлэлээ буцаан авна гэсэн. Үүний дараа гэрээг нэмэлтээр өөрчлөлт хийе гэснээр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл цаашид үргэлжлэхгүй, дуусгавар болсон гэж ойлгосон учир нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд гарын үсэг зурсан. Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сараас эхлэн ажилд орсон ба үүнд үндэслэн нэхэмжлэгч талд гэрээний төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төлөх тухай хэлэхэд зөвшөөрсөн. Тухайн үед намайг төөрөгдүүлэн хууран мэхлэж илтэд хохиролтой гэрээг өөрчилсөн гэж ойлгоогүй. 2020 оны 02 дугаар сараас эхлэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бүх дэлхий нийтийг хамарч байгаа учир нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан хэмжээний хүрээнд тооцон төлөх үүрэгтэйгээ ойлгож байгаа боловч шаардсан хэмжээгээр нь бүрэн төлөх, мөн орон сууцнаас гарах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Д.Х - нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу 31,030,000 төгрөгийг төлсөн байх үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд дахин ямар нэгэн гэрээ хэлцэл хийх ажиллагаа явагдах эрх зүйн үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь өмнөх төлөгдсөн 31,030,000 төгрөгийг үндсэн гэрээний үнийн дүнд тооцон авч нэмэлтээр 82,528,210 төгрөгийн төлбөрт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай дахин гэрээ хийж өмнөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэх ойлголтыг хариуцагчид төрүүлжээ. Ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл цаашид үргэлжлэхгүй, дуусгавар болсон гэж хариуцагч ойлгосон учир нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд нь гарын үсэг зурж өгсөн боловч шүүхээс нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлээ татан аваагүй, харин ч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтдаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг шинээр нотлох баримтаар гарган өгсөн байна.

Энэ гэрээг өөрт ашигтай байдлаар орон сууцыг бүхэлд нь авах зорилгоор нэмэлт гэрээг хууран мэхлэж хийсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хариуцагч нэгэнт 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 31,030,000 төгрөгийг төлсөн, энэ төлбөр нь өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлд нэгэнт тооцогдсон байхад шүүхэд дахин нэг гэрээг иргэний хэрэг үүсгэснээс хойш гарган өгч байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болгосон. Энэ нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хууран мэхлэж хийсэн хэлцэл болохыг илэрхийлэх үйл баримт юм. Иймд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагч Д.Х - нь гэрээний үүргээ биелүүлэхгүй манай компанид маш их хэмжээний хохирол учруулж байна. Хариуцагч нь гэрээний нэмэлт өөрчлөлтийг өөрийн санаачилгаар хүсэлт гаргасны дагуу байгуулсан. Гэвч өөрийн санал гаргасан хугацаандаа мөн үүргээ биелүүлээгүй. Тус гэрээ нь хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Х -т холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 43,047,064 төгрөг гаргуулах, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч "Б" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдри йн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 684,336 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570,592 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 69,613.3 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч "Б" ХХК-д олгож, хариуцагч Д.Х -ээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 49,984 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч "Б" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 620,576 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Х -т олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасантай нийцээгүй. Энэхүү хуулийн зохицуулалтад заасан үүргийг ялимгүй зөрчих гэдэг нь хоёр талын гэрээнд нөгөө талын эрх ашгийн илт хохироосон байж болохгүйгээс гадна зөрчигдсөн үүргийг хожим биелүүлж, цаашид зохих ёсоор хэвийн үргэлжлэх боломжтой байх учиртай. Тодруулбал, хэрэв хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд зөрчсөн ч тэр нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй байж болно. Ялимгүй зөрчил гэдэг нь хууль болон гэрээнд тодорхойлогдоогүй бөгөөд гэрээний дагуу зээлээ төлөөгүй байх нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний ноцтой зөрчил болно. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь учирсан хохирол зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан. Үндсэн гэрээний 5.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ дараалан 3 удаа зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй байсан. Энэ талаар шүүх дүгнэхдээ төлбөр төлөгч үүргээ таван удаа зөрчсөн нь тогтоогдсон гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчийн зүгээс боломжит хугацаа олгож өгөөч гэсэн өргөдөл гаргасны дагуу нэхэмжлэгч товолсон хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулж шүүхээс хариуцагчийг торгох хүртэл арга хэмжээ авч байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байранд амьдарсаар байгаа.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс байрыг худалдан авах хүсэл сонирхол байгаа бол хэвийн төлөлтөнд оруулаад зөрчлөө арилгаад гэрээгээ цааш үргэлжлүүлж болно гэдэг саналыг гаргадаг боловч хариуцагч ямар ч санаачилга гаргаж байгаагүй. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь түүний санхүүгийн чадваргүй болсон гэдгийг нотолж байгаа бөгөөд цаашид компанид их хэмжээний хохирол учруулж болохуйц байна. Шүүхээс гаргаж буй энэхүү шийдвэр нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байх ба хариуцагч ямар үндэслэлээр гэрээгээ зөрчих болсон талаар болон татгалзлаа ямар баримтаар нотлож байгаа дээр дүгнэлт гаргаагүй. Цаашид энэхүү гэрээгээ үргэлжлүүлээд явах санхүүгийн боломж хариуцагч талд байгаа эсэх мөн энэ байдлаар гэрээний харилцаа үргэлжилсэн тохиолдолд зохигчид хэн аль нь хэдий хэмжээний хохирол хүлээх тал дээр дүгнэлт гаргаж чадаагүй. Хариуцагч нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад байрнаас албадан гаргах шаардлагыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүхээс мөн энэ тал дээр хөндөлөнгийн байр сууьтай байх зарчмаа баримтлаагүй. Тус хэрэг 2019 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл шүүхэд хянагдаж байх хугацаанд хариуцагч зөрчлөө арилгах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн төлсөн 31,030,000 төгрөгийг хохирлоос хасуулан тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан боловч шүүхээс мөн анхаарч үзээгүй.

Шүүхээс гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар дүгнэлт гаргахдаа 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч өргөдөл гаргасан байдаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү гэрээгээр өмнөх гэрээний агуулгад өөрчлөлт орсон гэж тайлбарласан боловч тус нэмэлт өөрчлөлтийг Иргэний хуулийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж байгаа нь мөн зөрчилтэй. Нэхэмжлэгч нь тус хэлцлийн хүчин төгөлдөр эсэхтэй маргаагүй бөгөөд хариуцагч нь уг хэлцлийг нэхэмжлэгчийг хуурч мэхлэн төлбөр төлөх боломжгүй гэдгээ нуун дарагдуулж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэлд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хэмжээг тооцоолоогүй учир шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлд Гэрээний хэрэгжих хугацаа захиалагчийн үүргээ биелүүлэх хугацаагаар тодорхойлогдоно. Хэрвээ захиалагч үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцлага хүлээх хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр байна гэж тохиролцсон. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар хариуцагчийг үүргээ ялимгүй зөрчсөн гэж үндэслэлтэй дүгнэсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжилж буй хохирол болон бусад үнийн дүнг хэрхэн тооцсон гэдгээ нэхэмжлэлдээ дурдаагүй, тайлбарлаж чадаагүй. Гэрээний хавсралтаар сард 1,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл сард 1,900,000 төгрөгөөр тохиролцсон гэж нэхэмжилсэн. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

2. Нэхэмжлэгч Бест ремикон ХХК нь хариуцагч Д.Х -т холбогдуулан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалснаас учирсан хохиролд 43,047,064 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Талууд гэрээг цуцалсан үндэслэл, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргажээ.

3. Хэргийн 1 дүгээр хавтасны 7-9 дэх талд авагдсан 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г нэг талаас худалдан авагч Д.Х -, нөгөө талаас худалдагч Бест ремикон ХХК оролцон байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аман хуур 2 хотхон 40 дүгээр байр, 99 тоотод байрлах 2 өрөө 46,08 м.кв талбайтай орон сууцыг 113,531,904 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 17,030,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 96,501,904 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 71 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 1,900,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үлдэх 1,355,168 төгрөгийг төлөх, энэхүү төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Х -ийн нэр дээр шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

4. Талууд энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд болон нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчид 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч нь уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 17,030,000 төгрөг болон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 14,000,000 төгрөг, нийт 31,030,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

5. Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээг цуцалснаас учирсан хохирол шаардаж нэхэмжилсэн байна. Гэрээний нийт хугацаанд төлбөл зохих төлбөртэй үүргийн зөрчилд хамаарах төлбөрийг харьцуулан ялимгүй зөрчил гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг зөв хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна. Иймээс нэхэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрхгүй.

Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхаас гадна хариуцагч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 23,400,000 төгрөг төлөх үүргээс 14,000,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн байна. Иймд нэхэмжлэгч талын хуулийг буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг үргэлжилж байгаа үндэслэлээр хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

7. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр талууд 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /1хх40/-г байгуулахдаа тохиролцсон нөхцөл нь анхны гэрээний нөхцөлтэй нийцээгүй. Мөн тухайн өдөр нь хариуцагчаас нэхэмжлэгч талд гаргасан өргөдлийн /1хх38/ агуулгаас үзэхэд анхан шатны шүүх уг хэлцлийг талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцлийг хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Цаашид хариуцагчийг гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй зөрчил ноцтой тохиолдолд нэхэмжлэгчид гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү магадлалд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД