Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 248

 

Д.А нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, шүүгч                   М.Батсуурь,    

Шүүгчид:                                  Г.Банзрагч,

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Б.Уранзаяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоол, түүний дагуу гаргасан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах”,

Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 166 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ш.Отгон, нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгч С.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Очир, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, Б.Баясгалан нарыг оролцуулан, 

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгч нарын Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Сэлэнгэ үндэс” ХХК-ийн “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дэх заалт, тогтоолын хавсралтын хүснэгт 4-ийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гомдлоор хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 166 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг “Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолын хавсралт 4 дүгээр хүснэгтийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасугай” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох нь хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Сэлэнгэ үндэс” ХХК-ийн “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 3 дахь заалт нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “4” гэж, 4 дүгээр заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээд “Сэлэнгэ үндэс” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

    Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд “Сэлэнгэ үндэс” ХХК-ийн захирал М.Жаргалсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч нар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай захирамж, Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын талаар дээд шатны байгууллагад гомдол гаргалгүй шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг зөрчсөн нь тодорхой байгаа... Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирсэн 02/339 дугаартай албан бичиг энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт мөн байхад шүүх тус нотлох баримтыг... хуулийн заалтууд, Засгийн газрын тогтоолыг зөв үнэлж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлгүй гарсан.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 478 дугаар захирамжид “хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ф.Серикбол нь шүүхэд хүсэлт гарган, гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө уг гомдлоосоо татгалзсан тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрт хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг гомдол гаргаагүйд тооцсугай” гэж заасан… иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн хамтын шийдвэр ирээгүй байхад давж заалдах шатны шүүх зөвхөн Ф.Серикбол гэдэг нэг хүний гарын үсэгтэй албан бичгийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гомдлоосоо татгалзсан байна гэж үзэж захирамж гаргасан нь үндэслэлгүй... Давж заалдах шатны шүүх хууль бусаар томилогдсон байсан Ф.Серикболын хийсэн албан бичгийг баримталж захирамж, магадлал гаргасан тул хууль зүйн үндэслэлгүй. С.Мягмартогтохын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлаасаа хууль бусаар халагдсан тухай нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх байсан. Энэ хэргийг шийдвэрлэх үйл ажиллагаанд хуулийн дагуу оролцож байсан хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Мягмартогтох, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан зүй ёсны гомдлыг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь тус оролцогчдын эрхийг зөрчсөн зүйл болсон...  Давж заалдах шатны шүүх магадлалдаа ийм шаардлага гаргасан бол бие даасан шаардлага гэж үзэх байсан гэж тодорхойлж бичээгүй хэрнээ манай гаргасан шаардлагыг үгүйсгэсэн нь үндэслэлгүй… Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан газрын даамлыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу... Манай гомдлыг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх аливаа газрыг Тариалангийн тухай хуульд заасны дагуу атар газар мөн болохыг тогтоохдоо юуны түрүүнд энэ газар нь Тариалангийн тухай хуулийн 3.1.3-т заасны дагуу холбогдох судалгаа хийгдсэн эсэх, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаж байсан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай буюу энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн байх шаардлагатай. Хавтаст хэргээс харахад, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын өмгөөлөгч Т.Урангэрэл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 300 га газрын дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлтийг гаргаж, шүүх Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газраас “маргаан бүхий 300 га газар нь яаж тооллогод хамрагдсан, өмнө нь бусдад эзэмшүүлж байсан эсэх” талаар лавлагаа авахуулах захирамж гаргуулсан боловч энэ баримт ирээгүй буюу шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг хийж, шийдвэр гаргасан байдаг. Харин холбогдох судалгаа хийгдсэн эсэх талаар огт баримт байхгүй. Мөн Тариалангийн тухай хуульд заасан тодорхой нэр томъёог хэрэглэн маргаан бүхий үйл баримтыг тогтоосон бол өөрийн дотоод итгэлээр үнэлсэн нотлох баримтыг дурдаж, ишлэх ёстой байсан боловч тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн албан тушаалтны нэг ч лавлагаа, тодорхойлолт, дүгнэлтийг үндэслээгүй байдаг. Дээрхээс дүгнэхэд “Сэлэнгэ үндэс” ХХК-д эмийн ургамал тарих зориулалтаар эзэмшүүлсэн газрыг давж заалдах шатны шүүх тариалангийн атар газар болохыг хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

6. ...Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолд Газрын тухай хуулийн 21.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2-ын “з” заалтыг тус тус үндэслэсэн байдаг. Хэргийн оролцогчдын тайлбар, татгалзлыг нотлох баримтуудтай танилцахад талууд маргаан бүхий захиргааны акт ямар хуулийн ямар заалтыг үндэслэж гарсан болоод захиргааны акт гаргах эрх хэмжээтэй этгээдтэй холбоотой асуудлаар маргадаггүй. Харин дээрх тогтоолын агуулгад тусгагдсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан асуудлын 4 дүгээр хүснэгт бүхий хэсэгт дурдсан газар эзэмшүүлэх зориулалтын асуудлаар маргадаг. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр дээрх маргаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна... Тухайн 71 дүгээр тогтоол гарах болсон үндэслэл нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 131 дүгээр тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар “2019 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын саналыг дэмжүүлэх тухай” Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол юм. Нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон дээрх ...тогтоолд тус тус гомдол гаргаж, маргаан үүсгэж байгаагүй. Газрын тухай хуулийн 54.4-т заасны дагуу маргаан бүхий 71 дүгээр тогтоолыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын А/12 дугаар захирамж гарсан.  Гэтэл нэхэмжлэгч нар дээрх А/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан… нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ бүрэн зөв тодорхойлоогүй, шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэн зөв үнэлээгүйгээс маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсноос үүсэх үр дагаврын талаар болон захиргааны актын үндэслэл болсон, захиргааны актыг үндэслэсэн хамаарал бүхий захиргааны актуудын талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

7. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ойлгомжтой тодорхойлоогүй, үүнийг шүүх тус хуулийн 52.5-д заасны дагуу тодруулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны шаардлагыг биелүүлэлгүй шууд шүүхэд хандсан байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон Сэлэнгэ аймаг Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд нийт 122 иргэн оролцож, олонхийн саналаар эмийн ургамал тариалах 300 га газрыг эзэмшүүлэх асуудлыг тогтоол гарган шийдвэрлэсэн үйл баримт тогтоол, тэмдэглэл, фото зургийн хамт хавтаст хэрэгт цугларсан, нэхэмжлэгч нар энэ хуралд оролцсон болохыг хариуцагч, гуравдагч этгээд нар нотлох баримт гарган тайлбарлаж мэтгэлцсээр байтал шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд тодруулаагүй.

8. Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх тодорхой бус асуудлуудыг эцэслэн нягтлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Тодруулбал, маргаан бүхий газарт үзлэг хийгээгүй, багийн нийтийн хуралд оролцож, олонхийн саналаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг тодруулаагүй, маргаан бүхий 300 га газрын дэлгэрэнгүй лавлагааг аваагүй, 2007 онд маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгогдоод цуцлагдсан талаарх лавлагааг болон зориулалтын талаар эцэслэн нягтлаагүй, хавтаст хэрэгт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын А/12 дугаар, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 02/669 дугаартай албан бичгээр маргаан бүхий 300 га газрын 244 га газар нь үр тариа тариалах чиглэлээр, 56 га нь бэлчээрийн чиглэлээр эзэмшиж, ашиглах газар байна гэж тодорхойлоод байхад хэрэгт ач холбогдол бүхий энэ үйл баримтыг огт тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн… Анхан шатны шүүх хуралдаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Мягмартогтохын гаргасан “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахыг хүссэн” хүсэлтийг хэлэлцэлгүй, хүсэлт хүлээн авч дууссан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан багийн Нийтийн Хурлын даргыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж, захирамж гаргасан атлаа захирамжийн биелэлтийг хангалгүй Т.Урангэрэлийг хэргийн оролцогч биш болсон гэсэн шалтгаанаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гэрчийг асуулгах хүсэлтэй байгаа талаарх тайлбарыг үл тоон гэрчийг асуулгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Багийн нийтийн хурлын даргыг гэрчээр асуулгах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж одоог хүртэл биелэгдээгүй хүчин төгөлдөр хэвээр байна.

9. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлтэй холбоотой Засгийн газрын тогтоол, багийн нийтийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж гэсэн хамаарал бүхий захиргааны актууд болон хэм хэмжээ тогтоосон актын асуудал яригдаж байхад тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2-т заасан эрх хэмжээнийхээ дагуу хамтран хариуцагчаар татаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй... Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.5-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Д.А нарын 5 иргэнээс “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоол, мөн сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...бэлчээрийн газарт тариалах эрх олгосон, ...багийн Хуралд малчин өрх биднийг оролцуулаагүй,  мэдэгдээгүй, саналыг сонсоогүй” гэж маргасан, анхан шатны шүүх хуралдааны явцад, сумын Засаг даргад холбогдуулж гаргасан шаардлагаасаа татгалзсан тул шүүх нэхэмжлэлийн үлдэх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэжээ.

11. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 71 дүгээр тогтоолоор 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Үржингийн энгэрийн баруун урд хэсэг”-т 100 га, “Дулаан зөрлөгийн зүүн урд дэнж”-д 200 га газрыг тус тус эмийн ургамал тариалах зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр баталсан ба уг 300 га газрыг нэхэмжлэгч нь “бэлчээрийн газар” гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нар  “тариалангийн атаршсан газар” гэж маргасан байна.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай” 97 дугаар захирамжийн 2.2-т шинжилгээ хийлгэх зүйл буюу маргаан бүхий газрыг “тариалангийн газар” гэж тодорхойлж бичсэн, шинжээч нар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн илтгэх хуудастаа “ашиглаж байсан тариалангийн газрын  атаршсан талбай байна” гэж дүгнэсэн, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/669 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Шаамар сумын газрын нэгдмэл сангийн зургаар “нэгж талбарын 2 хэсэг бүхий газрын 244 га талбай нь үр тарианы, харин 56 га нь бэлчээрийн газрын ангилалд хамаарч байгаа”-г тодорхойлсон байхад шүүхүүд, эдгээр баримтуудыг үнэлэлгүйгээр, маргаан бүхий газрыг “атар газар” гэж шууд дүгнэхдээ  ямар баримтад үндэслэж,  ийм дүгнэлт хийсэн нь тодорхойгүй,  шийдвэр, магадлалдаа  “нотлох баримт”-ыг заагаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцэхгүй, 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

13. Үүний зэрэгцээ, “атар газар” мөн гэх уг дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй, бүрэн  хангалттай  тогтоогдоогүй, тухайн газар нь газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал болох хөдөө аж ахуйн газрын аль газар /бэлчээр, тариалан, атаршсан газар гэх мэт/-т хамаарч байгаагаас шалтгаалж, нэхэмжлэгч нарын “бэлчээрийн газар ашиглах” зөрчигдсөн эрхийн талаар шүүх дүгнэж, хэргийг шийдвэрлэх учиртай.

14. Түүнчлэн, нэхэмжлэл гаргах эрх, маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж маргасан хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарт холбогдуулж, шүүхээс нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр заасанд нийцэхгүй байна.

15. Тухайлбал, маргаан бүхий актаар, эмийн ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газар нь 2 хэсэг тусдаа газар байх ба “49-р точик” буюу “Бааюу” гэх газарт малаа бэлчээдэг, өвөлждөг гэх нэхэмжлэгч 5 иргэний эрхийг уг акт бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн зөрчсөн эсэх нь тодорхойгүй, тариалангийн зориулалтаар олгогдсон уг газар нь иргэдийн малаа бэлчээдэг гэх “бэлчээрийн газар”-тай  давхацсан эсэхийг тогтоох шаардлагатай.

16. Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, маргааны талаар хийвэл зохих дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 123.3.4-т заасны дагуу хэргийг шийдвэрлэж, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь буруу.

17. Иймд, гуравдагч этгээд “Сэлэнгэ үндэс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баясгалангийн хяналтын журмаар “...нотлох баримт дутуу цуглуулсан, ...маргаан бүхий үйл баримтыг тогтоохдоо ...нэг ч баримтад үндэслээгүй, ...шийдвэр, магадлал ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангаагүй” гэх гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.