Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2020/0029

 

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2020/0029

Сэлэнгэ аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2019/0017/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нарантуяа, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Алтангэрэл /РД:ИБ68050212/,

Нэхэмжлэгч: П.Эрдэнэбаатар /РД:ИВ70080413/,

Нэхэмжлэгч: С.Долзодмаа /РД:МЯ70112604/,

Нэхэмжлэгч: Д.Оюунчимэг /РД:УЗ68072001/,

Нэхэмжлэгч: Ш.Отгон /РД:МО69082300/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нарт холбогдох

Гуравдагч этгээд: Сэлэнгэ Үндэс ХХК /РД:6372546/

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ тогтоосон 4 дүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсэгт дурдсан тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Үржихийн энгэр-ийн баруун урд хэсэгт 100 га, Дулаан зөрлөг-ийн зүүн урд дэнж 200 га тус бүр эмийн ургамал тариалах зориулалтаар газар эзэмшүүлэхээр заасан хэсэг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюунчимэг, Ш.Отгон, П.Эрдэнэбаатар, нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Мягмартогтох, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалбадрах, гуравдагч этгээд Сэлэнгэ Үндэс ХХК-ийн захирал М.Жаргалсайхан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, Б.Баясгалан, шинжээч Д.Алтантамир, шүүхийн иргэдийн төлөөлөгч Г.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:

... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн малчин иргэд бид 49-р точик, Бааюу гэсэн газарт л малаа бэлчээж өвөлждөг юм. Манай нутгийн ихэнх газар нь газар тариалангийн зориулалттай байдаг ба бидэнд үлдсэн дээрх бэлчээрийн газарт Хятад Улсын хөрөнгө оруулалттай Сэлэнгэ Үндэс ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоол гаргуулж 300 га газарт эмийн ургамал /дэрвэгэр, жиргэвэр/ тариалах эрх буюу газрыг эзэмшсэнээр малчин өрх бидний амьдралын эх үүсвэр болсон бэлчээрийн газрыг сүйтгэх хэмжээнд хүрээд байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт эзэмшүүлсэн газрыг хагалахгүйгээр ашиглах эрхийг олгосон гэсэн боловч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус компанийн тоног төхөөрөмж орж ирэн дээрх бэлчээрийн газрыг хууль бусаар хагалж эхэлсэнд малчид бид гомдолтой байна.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эмийн ургамлыг орон нутгийн хөгжлийн сангаар тариалах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах тухай тогтоол гаргасан ба уг хуралд тус багийн малчин өрх биднийг оролцуулаагүй мэдэгдээгүй, саналыг сонсоогүйгээр хэсэг бүлэг хүмүүсийг оролцуулан шийдвэр гаргасанд мөн гомдолтой байна. Тус сумын малчин өрх бид нь энэ асуудлаар сумын удирдлагуудад өмнө нь удаа дараа хандан шаардлага гаргаж байсан боловч бидний үгийг сонсохгүй байгаа нь энэ асуудалд хувийн байр суурь, ашиг сонирхлын үүднээс хандаж байна гэж ойлгож байна. Учир нь багийн Нийтийн Хурлаас тогтоол гарахдаа орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил гэж хуралд оролцсон иргэдийг төөрөгдүүлж улмаар Хятад Улсын хөрөнгө оруулалттай Сэлэнгэ Үндэс ХХК-нд эзэмшүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль мөн малчин ард иргэд бидний хуулиар олгогдсон амьдрах эрх зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа ба нутгийн иргэдийнхээ амьдрах таатай орчин бүрдүүлэх үүрэгтэй нутгийн удирдлагуудын зүгээс гаргаж энэ хууль бус үйлдлүүд нь хөрөнгө мөнгөтэй компанид үйлчилж байна гэсэн хардлагыг төрүүлж байна. Иймд дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож малчид бидний бэлчээрийн газрыг хамгаалж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4 дэх хүснэгтэд дурьдсан тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Үржихийн энгэрийн баруун урд хэсэгт 100 га, Дулаан зөрлөгийн зүүн урд дэнж 200 га тус бүр эмийн ургамал тариалах зориулалтаар газар эзэмшүүлэхээр заасан хэсгийг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах. гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шаамар сумын 49 дүгээр зөрлөг-т амьдраад 29 жил болж байсан. Бид нарын гол эрх зөрчигдөөд байгаа зүйл нь малын бэлчээр юм. Түүнээс гадна малын бэлчээрийг сайжруулах зорилгоор 2000 оны эхээр согооврын үр суулгаж, 300 га газрын 200 га Үржихийн Энгэр гэх газарт маш том хашаа барьж, малын бэлчээрийг сайжруулах зорилгоор согооврын үр тарьж байсан. Яамнаас ирж, согооврын үр суулгаад хэд хэдэн удаагийн шалгалтаар ургаж байна уу? малын бэлчээр сайжирч байна уу? гэж ярьж байсан. Үүнийг яаж мэдээд байна гэхээр тухайн үед агрономич хийж байсан н.Баярсайхан гэдэг хүн хэлж байсан. Одоо тэтгэвэрт гарсан. Энэ газар 1997 оноос хойш тариалалт хийгдээгүй газар юм. Ингээд энэ газрыг малын бэлчээрт бүрэн шилжүүлсэн юм байна гэж ойлгож байгаа юм. Бэлчээрийн газрын зориулалтыг нь өөрчлөөд тариалангийн газар болгосонд нь бидний эрх зөрчигдөж байна. Багийн Нийтийн Хуралд би суугаагүй. Багийн Засаг дарга бид нарт хэлэх ёстой байсан. Энэ газар тариалангийн газар болох гэж байна шүү гэж хэлэх байсан. Сонсох үйл ажиллагаа гэж болдог. Энэ үйл ажиллагааг явуулаагүй. Шүүхийн байгууллага шударга шийдвэр гаргана байх гэж бодож байна. Төрийн байгууллагаар шийдүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Аймгийн Засаг дарга газар дээр нь очиж ажиллаад Сэлэнгэ Үндэс ХХК нь хууль зөрчсөн учраас эрхийн гэрчилгээг цуцаллаа гэж Монгол Улс даяар зарласан. н.Баярбаатар даргад эрхийг цуцал гэсэн албан бичиг өгсөн. Хаа хаанаа хяналт шалгалт байхгүй учир ард иргэдийн эрх зөрчигдсөөр байгаад гомдолтой байна. Хариуцлагын тогтолцоо төрийн байгууллагуудад алга байна. гэв.

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Малчдын бэлчээрийн газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх талаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын гаргасан тогтоол, захирамж нь хууль зөрчсөн үйлдэл их байна. Эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн талаар шинжээчийн удаа дараагийн дүгнэлт болон газрын нэгдмэл сангийн ангиллаар зун, намрын бэлчээрийн газрын 25 га, өвөл хаврын бэлчээрийн газрын 2.6 га газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Засаг даргын захирамжаар олгосон нь тогтоогдож байна. Хэргийн газрын үзлэгээр нутгийн иргэдийн хадлан авч байгаа хадлангийн газрыг Сэлэнгэ Үндэс ХХК-нд олгосон нь тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжихээс өмнө шинжээч томилогдож, шинжээчийн дүгнэлтэд уг газар нь байгалийн аргаар хадлан эрхэлж байсан гэж тогтоосон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гаргахдаа шууд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлаад Үржихийн энгэр-т 100 га, Дулаан зөрлөг-т 200 га газарт эмийн ургамал тариалах зориулалтаар олгох төлөвлөгөө баталсан. Энэ төлөвлөгөөнд 27.6 га бэлчээрийн газар орсон байна. Бэлчээрийн газрыг шууд олгох эрх хэмжээ нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад байхгүй. Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргаж сум дүүргийн Засаг даргын саналыг авч, холбогдох газраар дамжуулж, Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Засгийн газрын шийдвэрээр бэлчээрийн газрын ангилалд байгаа газрын зарим хэсгийг тариалангийн газар болгох талаар тогтоол гарсны дараа бусад этгээдүүдэд тариалангийн газар болгож эзэмшүүлэх төлөвлөгөө гаргаж Засаг дарга бусад үйл ажиллагааг явуулах ёстой. Дээрх процесс ажиллагаа явагдаагүй шууд гуравдагч этгээдэд газар олгосон байна. Энэ маргаанд мал бэлчээх үү газар тариалан эрхлэх үү гэсэн хоёр л асуудал байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн заалт байдаг. Төрийн хамгаалалтад байна гэдэг чинь малын бэлчээр, усыг хамгаалахыг хэлж байгаа юм. Нийтээрээ дундаа ашиглах газрыг тариалангийн зориулалтаар ашиглана гээд олгосон байна. Бэлчээрийн газар нэг цэг байна гэж хэзээ ч байхгүй. Малын хөл хүрэх хүртэлх газрыг бэлчээрийн газар гэж хэлнэ. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа хуучин тоосгоны үйлдвэр байсан газраас эхлэх цэгээ аваад 840 м, Дулаан зөрлөгөөс цэгээ аваад 1100 м байна гээд дүгнэсэн. Бэлчээр бол нутгийн ардын нэрлэгдсэнээр тэр газрыг бүгдийг Бааюу гэж нэрлэдэг. Хуучин тоосгоны үйлдвэрийг Бааюу гэж нэрлэхгүй. Иргэдийн нийтийн хурал дэмжсэн агуулгатай байж болно. Шууд олгох төлөвлөгөөг батлах биш тариалангийн зориулалтаар шилжүүлэх талаар уламжлах ёстой байсан. Иргэдийн нийтийн хуралд сумын төвд бүртгэлтэй иргэдийг оролцуулж санал авсан байсан. Хэрэглэсэн заалт актууд нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна. Маргаан бүхий актыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн талаар баримтууд цугларсан байгаа гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ Үндэс ХХК-нд 300 га газар олгохдоо бэлчээрийн газрыг давхардуулаад олгосон байна. Бэлчээрийн газар гэдэг нь тухайн сумын иргэд, багийн малчид нийтээрээ эзэмших эрхтэй байдаг. Бэлчээрийн газрыг хувьчилж өгдөггүй. Газрын тухай хулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар нийтээр ашиглана гэсэн байна. Нийтээр ашиглаж байгаа газарт Сэлэнгэ Үндэс ХХК нь тариа тарьсан. 26 га газарт маргаагүй, сүүлд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирсэн баримтад 36 га зун, намрын бэлчээр, 2.6 га өвөл, хаврын бэлчээр гэсэн байна. 26 га газраасаа илүү газар ашигласан. Шүүхэд үзлэг хийх хүсэлт гаргаж, үзлэгээр явахад нийтдээ 193 га газар Сэлэнгэ Үндэс ХХК нь гурвалжин будаа тарьсан байсан. 300 га газар олгосноос илүү 10 га газар ашигласан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим шаардлага болох Шаамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг биелүүлсэн гэж захирамжаасаа татгалзсан. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн бүх заалтыг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч нар татгалзсаныг анхан шатны шүүх тусдаа захирамж гаргаж батлаагүй, шүүх хуралдааны шийдвэрээрээ татгалзсаныг баталсан. Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосноор нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан үйлдэл байхгүй болсон тул эхнээсээ эхлээд явагдаж байгаа гэж ойлгож болно. 300 га дээр маргаад байгаа юм уу? бэлчээрийн газар дээр олгосон 36 га газар дээр маргаад юм уу гэдэг нь аль ч газар дээрээ маргасан ч тогтоол нь хуулийн дагуу гараагүй болж байна. Шүүхээс залруулах боломж байхгүй. Анхнаасаа хууль бусаар гарсан үйлдэл юм. Сэлэнгэ Үндэс ХХК нь 2 сарын дотор байгуулагдаад 300 га газар авсан. Байгуулагдсаныхаа дараа 1 сар ч хүрэхгүй хугацаанд Хятад компанид хувьцааны 50 хувийг зарсан талаар хавтаст хэрэгт байгаа. Худалдах, худалдан авах гэрээнд тусгахдаа хөрөнгө оруулалт авах зорилгоор гэсэн мөртлөө өмгөөлөгч сая хэлэхдээ Хятадын хөрөнгө оруулалттай биш гэж хэллээ. Хуулийн дагуу харагдаж байгаа хэрнээ хууль бус үйлдлүүд байгаад байна. Эмийн ургамал тариалах зориулалттай олгогдсон боловч гурвалжин будаа тарьсан. Хуралд суусан асуудал дээр бүх хүн суусан гэж байгаа боловч төлөөлж байгаа энэ 5 хүн нэхэмжлэл гаргахдаа олон хүний гарын үсэг зуруулан хавсаргасан байгаа. Гарын үсэг зурсан хүмүүсийг төлөөлж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоол нь Үржихийн Энгэр-ээс 100 га газрыг авах тухай байхад Засаг дарга хэтрүүлж хэрэглэн 221 га газар олгосон. С.Мягмартогтохын тайлбарыг сонсоход энэ бол Засаг даргын алдаа гэж байна. Засаг даргын алдаа юм бол буцаагаад яаж залруулах юм бэ? Өөр хоорондоо буруу чихээд байх юм. Анхан шатны шүүх хуралдаанд бэлчээрийн газар биш гэж маргаж байсан. Шүүхээс нотлох баримтуудыг цуглуулахад бэлчээрийн газар гэж нотлох баримт хангалттай гарч ирсэн. Бэлчээрийн газар олгосон асуудлыг яаж шийдсэн юм. Хяналт тавьсан юм уу? 71 дүгээр тогтоол гарахдаа хуулийн заалтууд тэс өөр гарсан. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлаад гаргасан. Энэхүү хуулийн заалт нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний заалт юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт заасныг баримтлаад гаргасан нь ямар ч холбогдолгүй заалт байна. Тухайн газрын нэршлийг мэдэхгүй тогтоол гаргаж газар олгосон. Малаа бэлчээдэг газарт хууль бусаар халдсан асуудал юм. гэв.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Мягмартогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд Сэлэнгэ Үндэс ХХК-ийн захирал М.Жаргалсайхан нь эмийн ургамал тариалах зориулалтаар 300 га газар эзэмших хүсэлтээ гаргажээ. Тус иргэдийн Нийтийн Хурлын 11 дугаар тогтоолоор газар эзэмших тухай хүсэлт нь дэмжигдэж 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж ажиллахыг газрын даамал Э.Жаргалбадрахад даалгасан байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дугаар тогтоолоор Дулаан зөрлөгийн зүүн урд дэнжид 200 га, Үржихийн энгэрийн баруун урд хэсэгт 100 га газрыг эмийн ургамал тариалах зориулалтаар олгохыг зөвшөөрсөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсэгт Иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум дүүргийн Хуралд уламжлах нь баг, хорооны Хурлын бүрэн эрхэд олгогдохоор тусгагдсан. Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн з хэсэгт Нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх ... бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах эрх нь сум, дүүргийн хурлын бүрэн эрхэд олгосон. Сумын хурал нь 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн дээрх хуулийн заалтыг удирдлага болгон газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд эмийн ургамал тарих зориулалтаар 300 га газар эзэмшүүлэх зөвшөөрлийг олгосон болно. Мөн нэхэмжлэгч нар нь иргэдийн Нийтийн Хурлаас ... эмийн ургамлыг орон нутгийн хөгжлийн сангаар тариалах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах тухай тогтоол гаргасан ба уг хуралд тус багийн малчин өрх биднийг оролцуулаагүй, мэдэгдээгүй, саналыг сонсоогүйгээр хэсэг бүлэг хүмүүсийг оролцуулан шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ. Шаамар сумын 1 дүгээр баг нь 414 өрхийн сонгуулийн насны 950 иргэнтэй. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт Баг хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэжээ. Багийн 414 өрхийн өрх тутмаас нэг хүн хуралд оролцоно гэж үзвэл 104-өөс дээш хүний ирцтэйгээр хуралд хүчин төгөлдөрт тооцогдох юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны ирцийг үзэхэд уг хуралд 1 дүгээр багийн 132 иргэн оролцсон нь хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хууль журам зөрчөөгүй хуулийн дагуу гарсан юм. Мөн хурлаар хэлэлцсэн асуудалд: Хаягжилтын тухай, газрын үнэлгээ, иргэд, аж ахуй нэгжийн газар хүссэн өргөдөл, олон нийтийн цагдаагийн зөвлөлийн гишүүн сонгох тухай, Байгаль орчин бохирдуулсны төлбөр хураамжийг сар бүрээр тогтоох, 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг танилцуулсан байна. Сэлэнгэ Үндэс ХХК-ийн газрын асуудал нь Иргэд, аж ахуйн нэгжийн газар хүссэн өргөдөл гэсэн хэсэгт хамаарах бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын танилцуулга нь хамаарахгүй асуудал юм. Нэхэмжлэгч нар нь худлаа гүтгэж хуулийг завхруулан гомдол гаргаж бичсэн байна. Бидэнд мэдэгдээгүй гэдэг боловч зарим нь багийн иргэдийн Нийтийн Хуралд суусан нь фото зураг, ирцийн бүртгэлд гарын үсэг зурснаар нотлогдож байна. Эдгээр зүйлүүдийг дүгнэн үзээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоол бол Засаг даргаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу оруулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олонхийн саналаар, хамтын шийдвэрээр дэмжигдсэн. Засаг дарга бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөг газрын даамалтай төлөвлөж Иргэдийн хуралд оруулж ирдэг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын газар зохион байгуулалтын талаар төлөвлөн оруулж ирсэн төлөвлөгөөг судалгаа шинжилгээний үндсэн дээр баталдаг. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны дараа Засаг дарга хяналт тавьж, дүгнэлт гарган захирамж гаргадаг. Мөн захирамж гаргахаасаа өмнө ямар нэг асуудал байвал Засаг дарга хурлын тогтоол дээр бүтэн болон хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Засаг даргын захирамж дээр алдаа гарсан уу гэхээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол дээр алдаа гараагүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахаас өмнө анхан шатны байгууллага буюу Багийн нийтийн хурлаар оруулан хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэний үндсэн дээр баталсан. Шинжээчийн дүгнэлтийг сонсож шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. гэв.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад Сэлэнгэ Үндэс ХХК-ийн захирал М.Жаргалсайхан нь газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд өргөдөл хүсэлтийг үндэслэн хуулийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар эмийн ургамал тариалах зориулалтаар 300 га газар эзэмших тухай хүсэлтийг хэлэлцүүлсэн тус иргэдийн Нийтийн Хурлаар тухайн газар эзэмших хүсэлт нь олонхийн саналаар дэмжигдэж 11 дүгээр тогтоолоор баталгаажсан. Уг тогтоолоор 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж ажиллахыг газрын даамал Э.Жаргалбадрахад даалгасан байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дугаар тогтоолд эмийн ургамал тариалах зориулалтаар 300 га газар олгохыг баталж сумын Засаг даргад газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг мөрдөж ажиллахыг даалгасан. Тухайн маргаан болоод байгаа Дэлгэрхаан 1 дүгээр багийн Үржихийн энгэрийн урд байрлах газар болон Дулаан зөрлөгийн зүүн урд талын энгэрийн газар нь Газрын тухай хуулийн 10 дугаар зүйл 10.1.1-д зааснаар хөдөө аж ахуйн газарт хамаарагдана. Мөн тус хуулийн 11 дүгээр зүйл 11.1-д заасан атаршсан газарт хамаарч байгаа. Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд тариалангийн газрын ангилалд 6.2.4 атаршсан газар гэх ангилалд хамаарна. Иймд тухайн 300 га газар нь нэхэмжлэлд дурьдаад байгаа бэлчээр, хадлангийн газарт хамаарахгүй. Учир нь Тариалангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тариалангийн газрын зориулалт өөрчлөх 14.1-д тариалангийн газрын зориулалтыг өөрчлөхгүйгээр өөр зориулалтаар эзэмшиж, ашиглахыг хориглоно гэж заасан байна. 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 14.6-д Тариалангийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.4-т заасан саналыг газрын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ 15 дугаар зүйл Тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах, 15.1-д Газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээ (цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулна. гэж заасан бөгөөд тухайн газар тариалангийн газрын атаршсан газарт хамаарч байгаа юм. Тухайн иргэдийн яриад байгаа бэлчээр хадлангийн газарт хамаарахгүй юм. 1992 оноос хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас тухайн газрыг тариалангийн газраас атар газар руу шилжүүлсэн тогтоол, шийдвэр гараагүй байна. Тариалангийн тухай хуулийн 18 дугаар зүйл 18.4-д Атар болон атаршсан газрыг эхний удаа эргэлтэд оруулах, холбогдох технологийн дагуу усалгаатай талбайг боловсруулах болон ногоон бордуурт уринш хийхээс бусад тохиолдолд үр тарианы үйлдвэрлэлд газрын хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашиглахыг хориглоно. гэж заасныг үндэслэн захирамж гарсан. Сэлэнгэ Үндэс ХХК нь тухайн газарт хөрсийг хөмрүүлж хагалах техник, технологи ашиглаагүй бөгөөд зөвхөн дискдэх технологийг ашигласан 4-5 см боловсруулалт хийсэн байна. Гомдол гаргасан дээрх иргэдийн газрыг хагалсан гэж мэдүүлсэн нь ташаа худал гомдол гаргасан байна. гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Газрын тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа танхимын аргаар зохион байгуулахад 4 иргэн, 1 аж ахуйн нэгж орж, бүрэн эрх үүсээгүй үүний дагуу 2 удаа зохион байгуулж 221 га болон 79 га гэж 2 тусдаа газар олгохоор болсон. Үүний дагуу Сэлэнгэ Үндэс ХХК нь 4-5 оролцогчтой өрсөлдөн ялж, дуудлага худалдааныхаа дэнчинг төлж, газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газар нь нэгдмэл сангийн ангиллаар тариалангийн талбайн атаршсан газар гэж байгаа. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргаж өгсөн дүгнэлт дээр байгаа. Мөн шинжээчийн гаргаж өгсөн дүгнэлтэд байгаа. Тариалангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны үндсэн дээр олгогдсон учраас хууль зөрчсөн зүйл байхгүй. гэв.

 

Гуравдагч этгээд Сэлэнгэ Үндэс ХХК-ийн захирал М.Жаргалсайхан шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

... Манай Сэлэнгэ Үндэс ХХК нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хууль журмын дагуу тариалангийн газар эзэмшиж талбайдаа эмийн ургамал тариалж байгаа билээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэн Д.Алтангэрэл, П.Эрдэнэбаатар, С.Долзодмаа, Д.Оюунчимэг, Ш.Отгон нар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ хүмүүс нэхэмжлэлд бичихдээ Сэлэнгэ Үндэс ХХК-ийн эмийн ургамал /дэрэвгэр, жирэвгэр/ тариалах эрх буюу газрыг эзэмшсэнээр малчин өрх бидний амьдралын эх үүсвэр болсон бэлчээрийн газрыг сүйтгэх хэмжээнд хүрээд байна. Захирамжид эзэмшүүлсэн газрыг хагалахгүйгээр ашиглах эрхийг олгосон гэсэн боловч бэлчээрийн газрыг хууль бусаар хагалж эхэлсэнд малчин бид нар гомдолтой байна. Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дугаар тогтоол, Шаамар сумын Засаг даргын А/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Энэ нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Манай компани нь эмийн ургамал тариалж байгаа бөгөөд зөвхөн дэрэвгэр, жирэвгэр ургамлаас гадна гурвалжин будаа бас тариалж байгаа билээ. Эдгээр эмийн ургамлууд нь хүний биеийн эрүүл мэндэд сайн ургамлууд юм. Манай компани нь тариалангийн газрыг хагалаагүй юм. Тариалангийн талбайд аливаа тариалалт хийхэд хөрс сийрүүлэлт хийх шаардлагатай байдаг. Иймд манай компани Тариалангийн тухай хуулийн дагуу хөрс сийрүүлэлт хийсэн юм. Нэхэмжлэгч нарын бичсэн шиг бэлчээрийн газрыг сүйтгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Гуравдагч этгээд Сэлэнгэ Үндэс ХХК-ийн өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэргийг шийдвэрлэхэд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Эхний дүгнэлт нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Энэ дүгнэлт нь газрын хөрсийг Сэлэнгэ Үндэс ХХК нь хагалаагүй байна. Харин сийрүүлэх, өнгөн боловсруулалт хийсэн байна гэж гарчээ. Илтгэх хуудсыг бичихдээ хавтаст хэргийн 214 дүгээр хуудсанд 3 шинжээч санал нэгтэй хагалаагүй байна гэжээ. Хоёрдугаар дүгнэлт 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. Маргаж буй талбай нь тариалангийн талбайн атаршсан газар байна гэж дүгнэлт гарсан. Гурвалжин будаа нь бие даасан эмийн ургамалд ордоггүй гэсэн байна. Энэ нь өөрөө бие даасан эмийн ургамалд ордог. Гуравдахь дүгнэлт нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатнаас хэрэг ирсний дараа гарсан. Сэлэнгэ Үндэс ХХК-ийн олгосон газрууд нь Дэлгэрхаан багийн иргэдийн малаа бэлчээдэг 49 дүгээр зөрлөг болон Бааюу гэдэг газартай давхцаагүй байна гэсэн дүгнэлт гарсан Сэлэнгэ Үндэс ХХК-ийн эзэмшүүлсэн газрын 37.6 га газар нь бэлчээрийн газар, 183,4 га газар нь тариалангийн газар, 21.71 га газар нь бэлчээр, 57.32 га нь тариалангийн газрын ангилалд тус тус ангилагдаж байна гэсэн дүгнэлт гарсан. Сэлэнгэ Үндэс ХХК болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль зөрчөөгүй байна. Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсгийн 15 дугаар зүйлд тариалангийн газрын зориулалтаар олгогдсон уг газар нь иргэдийн малаа бэлчээдэг газартай давхацсан эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн. Нөгөө талаараа давхцаагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Хятадын хөрөнгө оруулалттай компани гэж ярих нь үндэслэлгүй юм. Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн албан бичигт Ж.Солонго болон Н.Нарантуяа нарын 2 хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан гэж бүртгэгдсэн компани юм. Хоёрдугаар хавтаст хэргийн 171 дүгээр хуудсанд авагдсан Засгийн газрын тогтоолд Сэлэнгэ аймгийн 1, 2 ,3 дугаар багийг тариалангийн бүс нутгаар тогтоох тухай заасан байна. Хүчин төгөлдөр байгаа. Шинжээч нь тусгай мэдлэг шаарддаг учраас шинжээчийн дүгнэлтээ өөрөө тайлбарлах ёстой. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй 71 дүгээр тогтоол болон Засаг даргын захирамж ямар хууль зөрчсөн талаар бичээгүй байна. гэв.

 

Гуравдагч этгээд Сэлэнгэ Үндэс ХХК-ийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт бэлчээрийн газар ашиглах, зөрчигдсөн эрхийн талаар хэргийг шийдвэрлэх учиртай. Бэлчээрийн газар ашиглах, зөрчигдсөн эрхийн талаар шүүх бэлчээрийн газар ашиглах эрхтэй холбоотой уялдуулж дүгнэлт хийсний дээр нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн бэ? гэдэг дээр шүүх дүгнэлт хийх боломжтой болно гэж хянавал хэсэгтээ дурдсан. Үүнтэй холбоотой ажиллагаануудыг анхан шатны шүүхээс явуулсан байна. Нэхэмжлэгч нар нь Дулаан зөрлөг буюу Бааюу гэх газар огт давхцалгүй олгогдсон газартай маргаж байна. Нэхэмжлэгч нарын мал бэлчээгүй газар маргаад байгаа бөгөөд бэлчээрийн газар ашиглах эрх нь зөрчигдөөгүй байна гэсэн баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх хэсэгт зааснаар талууд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг уншихад гурван зүйл дээр худал мэдүүлэг өгсөн байна. Нэгдүгээрт энэ л газар малаа бэлчээдэг, мал бэлчээдэг газар тариалан эрхэлж байна гэж тайлбар гаргасан. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тухайн газарт Сэлэнгэ Үндэс ХХК нь газар эзэмших эрхийг аваагүй, хариуцагч нар ч олгоогүй байна. Нэхэмжлэгч нар нь сонсох ажиллагаанд оролцуулаагүй гэсэн боловч оролцсон тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Багийн Нийтийн Хурлаар олонх биш цөөнх болсон иргэд нь нэхэмжлэл гаргах нь хэр зохимжтой зүйл вэ? газар эзэмшүүлэх тогтоолыг дэмжиж олонх болсон иргэд шүүх хуралдаанд оролцоогүй. Тэр хүмүүсийн эрх, ашиг сонирхол нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор зөрчигдсөн асуудал байна. Сэлэнгэ Үндэс ХХК нь Хятадын хөрөнгө оруулалттай, авлига аваад газар эзэмшүүлэх эрх олгосон гэх талаар холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй. Сэлэнгэ Үндэс ХХК нь Хятадын хөрөнгө оруулалттай биш юм. Нэхэмжлэгч нар малаа бэлчээж байгаа газартай маргаад байгаа юм уу? Хятадын хөрөнгө оруулалттай компани гэж маргаад байгаа юм уу? гэдэг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тодруулаад Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа Засаг даргын А/12 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагаа дэмжинэ ээ гэж хэлчхээд татаж оруулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг давж заалдах шатны шүүх баталсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзвал уг эрхээ алдана гэж заасан. Гэтэл уг нэхэмжлэлээ дэмжиж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрсөн үйлдэл байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэж хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэгч нар 71 дүгээр тогтоолтой маргаж байна. Гуравдагч этгээдийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргахдаа шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, ойлгомжтой байх ёстой гэж үзээд, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, ойлгомжгүй байгаа цаад шалтгаан нь нэхэмжлэгч нар Засгийн газрын 131 дүгээр тогтоол, Багийн нийтийн хуралтай маргахгүй байна гэсэн атлаа зөвхөн 71 дүгээр тогтоолтой маргаад байдаг. 71 дүгээр тогтоол гарах болсон үндэслэлтэй маргахгүй байх шалтгаан байна. Нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол үнэхээр зөрчигдсөн эсэх нь харагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт бэлчээрийн 26 га газрыг тариалангийн журмаар олгосон гэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 26 га газартай маргаад байгаа юм уу? 300 га газартай маргаад байгаа эсэх нь тайлбар дээрээс харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэж заасан учраас нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Малчдын эрх ашгийг хамгаалж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын малчин иргэдийн малын бэлчээрийг буцаан олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Алтангэрэл, П.Эрдэнэбаатар, С.Долзодмаа, Д.Оюунчимэг, Ш.Отгон нараас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлтээ амаар болон бичгээр гаргасны дагуу шүүх мөн өдрийн 39 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн дээрх шаардлагаас татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул уг хэрэгт дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч нар 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ тогтоосон 4 дүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсэгт дурдсан тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Үржихийн энгэр-ийн баруун урд хэсэгт 100 га, Дулаан зөрлөг-ийн зүүн урд дэнжид 200 га тус бүр эмийн ургамал тариалах зориулалтаар газар эзэмшүүлэхээр заасан хэсэг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/12 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон шүүхэд бичгээр ирүүлсэн.

Шүүхээс нэхэмжлэгч нараас гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлж, хариуцагч захиргааны байгууллагуудаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актуудыг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ малчин иргэд бидний амьдралын эх үүсвэр болсон малаа бэлчээдэг газарт Сэлэнгэ Үндэс ХХК-нд тариалангийн газар эзэмшүүлсэн нь бидний эрхийг зөрчиж байна гэж үзээд холбогдох тогтоол, захирамж нь хууль бус, маргаж буй газрыг тариалангийн зориулалтаар олгосон нь Тариалангийн тухай хуульд заасан процесс ажиллагааг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэр гаргасан гэж тайлбарлан маргадаг.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай 71 дүгээр тогтоолын маргаж буй хэсэг болох дөрөвдүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсгийг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т нотлох баримт цуглуулах, 24.4-т захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, 25 дугаар зүйлийн 25.1.1-д ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.5-д баримт бичиг болон хууль бусад шийдвэртэй танилцах гэж зааснаар ажиллагааг явуулаагүй.

Тодруулбал, 1 дүгээр багийн Үржихийн энгэр-ийн баруун урд хэсгийн 100 га, Дулаан зөрлөг-ийн зүүн урд дэнжийн 200 га газруудын түүх, онцлогийг судлаагүй, газрын нэгдмэл сангийн аль ангилалд хамаарч байгааг тогтоогоогүй, тухайн шийдвэр гарснаар бий болох нөхцөл байдлыг урьдчилан судалж, холбогдох арга хэмжээ авалгүйгээр шууд тариалангийн газар гэж үзэн тарилангийн зориулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан нь учир дутагдалтай болжээ.

Мөн сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; гэж зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд түүний 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамж нь иргэдийн Төлөөлөгчдийн тогтоолыг үндэслэж гарсан.

Гэтэл Сэлэнгэ Үндэс ХХК-нд эзэмшүүлэх газрын хэмжээг Дэлгэрхаан нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Үржихийн энгэр-ийн урд байрлах 221 га газар, 49-р км зүүн урд энгэрт байрлах 79 га газар гэж заасан нь үндэслэл болгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд заасан газрын хэмжээнээс зөрүүтэй олгосон байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д бэлчээр гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг, Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т атар газар гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг, 6 дугаар зүйлийн 6.1-т Тариалангийн газарт тариалангийн зориулалтаар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа элдэншүүлэгт оруулсан нийт талбайг хамааруулна. 10 дугаар зүйлийн 10.1-д Атаршсан газар-т гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна гэж тус тус заасан байхад хариуцагч Шаамар сумын Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Сэлэнгэ Үндэс ХХК-нд эзэмшүүлсэн газрыг тариалангийн газрын атаршсан газар гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна.

Учир нь шүүхээс маргаан бүхий газрыг Сэлэнгэ Үндэс ХХК-нд эзэмшүүлэхээс өмнө нь бусдад эзэмшүүлж, ашиглуулж байсан эсэх талаар тодруулахад хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга өөрөө 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/259[1], 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/221[2] тоот албан бичгээр ирүүлсэн хариу болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/669[3], 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/514[4] тоот албан бичгээр тус тус бусдад өмнө нь эзэмшүүлж, ашиглуулж байгаагүй гэсэн хариу ирүүлснээс үзвэл шүүх маргаж буй газрыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын тайлбарласнаар гурван жил тариалалт уринш хийгээгүй тариалангийн атаршсан газар гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/669, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 03/58, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/2953 тоот албан бичиг, мөн шинжээч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын мэргэжилтэн Д.Алтантамирын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээр маргаж буй газрын 244 га газрыг тариалангийн, 56 га газрыг бэлчээрийн газар гэж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 02/339 тоот албан бичгээр 244 га газар нь тариалангийн зориулалттай, 56 га газар нь атар газарт хамаарч байна гэж, мөн газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/514 тоот албан бичигт ...Улсын газар зохион байгуулалт, хайгуул, зураг төслийн институтээс 1988 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэжээлийн аж ахуйн тариалангийн талбайд хийсэн хэмжилт, бүртгэл корректировийн материалд... тариалангийн зориулалттай газраар бүртгэгдсэн ... гэсэн дүгнэлт, мэдээллүүд ирүүлж байгаа нь эрх бүхий захиргааны байгууллагуудаас гаргаж өгсөн мэдээллүүд нь зөрүүтэй, тухайн маргаан бүхий газар нь газрын нэгдмэл сангийн ангилал болон аймгийн газрын мэдээллийн санд ямар зориулалтаар бүртгэгдсэн нь тодорхойгүй байдал үүсгэж байна.

Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т атар газар гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг ойлгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлд атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх үе шат, үйл ажиллагааг зохицуулсан ч хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нар нь Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.10, 54 дүгээр зүйлийн 54.1-д тус тус зааснаар газрын байршил хэмжээ тогтоохдоо тухайн газар нь бэлчээр, атар, тариалангийн газрын аль нь болохыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан, мөн уг маргаан бүхий газрын талаар Засгийн газрын холбогдох шийдвэр гарсан эсэх, шийдвэр гаргуулах шаардлагатай эсэхийг нягтлан шалгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Мягмартогтохын шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна., Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах хамгаалах нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам-ын 3.2.2-т Vумын Засаг дарга нь малчид, мал бүхий иргэдийн хаваржих, зусах, намаржих газрыг малын тоо, газар тариалангийн талбайн байршлыг харгалзан тогтоож, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж тус тус заасныг анхаарч, холбогдох арга хэмжээ авалгүй, 300 га тариалангийн газрын байршил, хэмжээ тогтоож, улмаар Сэлэнгэ Үндэс ХХК-нд тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлжээ.

Энэ нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багт амьдардаг[5], мал бүхий иргэд[6] болох нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлт[7]-ээр, цаашид зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа нь дээрх бодит нөхцөл байдал болоод хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалбадрахын Жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлахдаа бэлчээрийн газар хомсдолтой байгааг анхаарч, бэлчээрийн даац тодорхойлох, доголдол үүссэн газрыг нөхөн сэргээх, фотомониторинг хийх үүрэгтэй ... Тариалангийн талбайн 70 орчим хувь нь 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг. Үнэхээр нэгдүгээр багийн хувьд бэлчээрийн даац хэтэрчихсэн явж байгаа. Фотомониторинг үнэлэх арга хийгдэнэ л дээ. Жил болгоны 8 дугаар сарын 7-10-ны өдрийн дотор хийгдсэн байх ёстой байдаг юм гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нар маргаж буй газарт амьдарч байгаагийн хувьд тухайн газрууд нь бэлчээрийн газар байсан болохыг бид нотолно хэмээн маргаж байгааг үгүйсгэх боломжгүй юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай 71 дүгээр тогтоол гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д заасан Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын з-д нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах гэж заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлахтай огт хамааралгүй заалтуудыг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3-т захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана, 40.4-т захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасныг зөрчсөн нь хэлбэрийн хувьд эрх зүйн алдаатай акт гаргажээ.

Мөн Сэлэнгэ Үндэс ХХК нь газрыг захирамжид заасны дагуу хагалахгүйгээр тариалалт хийгээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй, эмийн ургамал биш, гурвалжин будааг тариалсан, гурвалжин будааг гэрээ, гэрчилгээнд заасан талбайн хэмжээнээс илүү гаргаж тариалалт хийсэн зэрэг нь шинжээчийн дүгнэлтүүд[8], шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг[9]-ээр тогтоогдсон бөгөөд гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...шинжээчийн дүгнэлтэд зааснаар бэлчээрийн газартай давхцаад байгаа газрыг буцаагаад өгөхөд харамсах зүйл байхгүй гэж тайлбарласан болно.

Дээрх бүгдээс дүгнээд шүүх бүрэлдэхүүн маргааны үйл баримт, хэрэгт цугларсан зөрүүтэй баримтууд, хариуцагч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэгдүгээр багийн хувьд бэлчээрийн даац хэтэрсэн гэх тайлбар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс иргэд, компани хоёр гэхээсээ илүү шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж бодож байна. гэх тайлбар, гуравдагч этгээдийн шинжээчийн дүгнэлтэд зааснаар бэлчээрийн газрыг хасаад үлдсэн талбайг эзэмшүүлвэл татгалзах зүйлгүй гэх тайлбаруудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хариуцагч байгууллагууд хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд цаашид тодруулах шаардлагатай, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр тухайн актуудыг хууль ёсны болохыг нотлуулах, үүнийг шүүхээс тогтоох нь ихээхэн хэмжээний ажиллагаа шаардах бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн.

Иймд хариуцагч байгууллагуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дүгээр тогтоолын хавсралтын дөрөвдүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсэг, түүнийг үндэслэн гарсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/12 дугаар захирамжийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэв.

Гуравдагч этгээд Сэлэнгэ Үндэс ХХК-иас шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсарган ирүүлсэн бөгөөд шүүх гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авах эсэхийг нэхэмжлэлийн нэгэн адил шалган шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 54 дүгээр зүйлүүдэд заасан бүрдүүлбэр болоод хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгадаг.

Хэдийгээр гуравдагч этгээд Сэлэнгэ-Үндэс ХХК-ийн захирал М.Жаргалсайхан шүүх хуралдаан дээр бие даасан шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргасан ч шүүхээс Сэлэнгэ Үндэс ХХК-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татсан захирамж гаргаагүй, тус шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа... гэж заасан нэхэмжлэгч Д.Алтангэрэл, П.Эрдэнэбаатар, С.Долзодмаа, Д.Оюунчимэг, Ш.Отгон нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн маргааны үйл баримттай уялдаагүй байна.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ гэж заасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсхүл татгалзаж байгаа эсэх талаарх тайлбар, байр суурийг илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 19 дүгээр зүйлийн 19.1.10, 52 дугаар зүйлийн 52.1, 54 дүгээр зүйлийн 54.1, Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дүгээр тогтоолын хавсралтын дөрөвдүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсэг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/12 дугаар захирамжийг тус тус Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шаамар сумын Засаг дарга нараас 6 /зургаан/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай 71 дүгээр тогтоолын хавсралтын дөрөвдүгээр хүснэгтийн 4, 5 дахь хэсэг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар захирамж тус тус хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Сэлэнгэ Үндэс ХХК-ийн нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Сэлэнгэ Үндэс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НАРАНТУЯА

 

П.УУГАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] II Хавтаст хэргийн 145-р хуудас

[2] IV Хавтаст хэргийн 172-р хуудас

[3] II Хавтаст хэргийн 127-р хуудас

[4] IV Хавтаст хэргийн 170-р хуудас

[5] II Хавтаст хэргийн 138-143-р хуудас

[6] II Хавтаст хэргийн 72-85-р хуудас

[7] IV Хавтаст хэргийн 128-130, 148-р хуудас

[8] II Хавтаст хэргийн 9-11-р хуудас, IV Хавтаст хэргийн 128-130, 148-р хуудас

[9] IV Хавтаст хэргийн 141-146-р хуудас