Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00742

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Х ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00200 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Ч.Х ББСБ ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д 1,195,621,533 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу хариуцагч нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, үнэлгээ хийлгэх хөндлөнгийн шинжээч томилсон зэрэг ажиллагаанд гомдолгүй.

Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-185/22823, 4-185/22826, 4-185/22829 тоот мэдэгдлээр улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байр, 305 тоот, 152 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 602,604,403 төгрөгөөр, бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 805 дугаар байр, мөн байрны В2 давхры 11 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206036709 дугаартай 12 м.кв, 12 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206036708 дугаартай 12 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус бүр нь 29,433,443 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж, 21/4 дүгээр байр, 20 тоот, 97.15 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 273,960,000 төгрөгөөр, мөн байрны, 45 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206036457 дугаарт бүртгэлтэй, 14.4 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 24,050,000 төгрөгөөр тус тус үнэлснийг үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар үл хөдлөх хөрөнгийн үнийг тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдсэн.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүд Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай /зайсанд/, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хууль болон журамд заасан арга аргачлалаар хийгээгүй, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл. Дээрх үнэлгээ зах зээлийн бодит үнээс хэт доогуур байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Тухайн байрлалд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв нь 5,000,000 төгрөгөөс доошгүй үнэлгээтэй. Будда виста дах орон сууцыг 1,2 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан. Зар мэдээллийн сайтаас үзэхэд үнэлгээ харьцангуй доогуур болох нь харагдана. Мөн өмчлөгч Ө.Мөнхөөгөөс 4 эд хөрөнгөд үнийн саналыг аваагүй. Иймд дээрх 5 хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Ч.Х ББСБ ХХК болон өмчлөгч Ө.Мөнхөө, М:Э , төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нарт үнийн санал өгөх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь үнийн саналаа харилцан тохиролцоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/325 тоот тогтоолоор шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, тус өдрийн 11/324 тоот тогтоолоор А.Б ХХК-ийг тус тус томилсон. Эдгээр шинжээч нарын гаргасан үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр танилцуулж, санал хүсэлт байгаа эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.

Нэхэмжлэгч үнэлгээ хэт бага, зах зээлийн ханшаас бага гэж тайлбарлаж байгаа ч баримтгүй байна. Өмчлөгч Ө.Мөнхөөгөөс үнийн санал авахаар хүргүүлсэн мэдэгдэл, утсаар ярьсан тэмдэглэл, шуудангийн байгууллагаар хүргүүлсэн баримтууд хэрэгт авагдсан тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан А.Б ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байр, 305 тоот, 152 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 602,604,403 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036709 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 805 дугаар байр, В2 давхар, 11 тоот, 12 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 29,433,443 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036708 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 805 дугаар байр, В2 давхар, 12 тоот, 12 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 29,433,443 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж, 21/4 дүгээр байр, 20 тоот, 97.15 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 273,960,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036457 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр, Зайсангийн гудамж, 21/4 дүгээр байр, 45 тоот, 14.4 м.кв, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 24,050,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ч.Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хүсэлт шийдвэрлэх тухай тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/00031 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурджээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үндэслэл бүхий судлаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсан эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор хураасан бөгөөд уг тогтоолуудад шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа тогтоосон боловч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилсон нь төлбөр төлөгчид боломжит хугацаа олгоогүй байна.

Ө.Мөнхөөгөөс үнийн саналыг утсаар авсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх нотлох баримтыг шинжлэн судлаагүй. Шийдвэр гүйцэтгэгч өмчлөгчөөс үнийн саналыг авалгүйгээр шууд шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нэмэгдэж байгаа үл хөдлөх хөрөнгө бөгөөд үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ч.Х ББСБ ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 571 дугаартай Хөрөнгө үнэлсэн тухай, А.Б ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ҮХХ-******* дугаартай Үнэлгээний тайлан-г тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-3, 60-61/

3.Талууд барьцаа хөрөнгүүдийг битүүмжилсэн, хураан авсан, хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон ажиллагаанд маргаангүй, барьцаа хөрөнгүүдээс өмчлөгч Ө.Мөнхөө, М:Э нарын 5 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

3.а.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ГХ2020/00802 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-4-7, 8-12, 13-19, 52, 53/

3.б.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Үнийн санал ирүүлэх тухай албан бичгээр дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Ч.Х ББСБ ХХК, барьцаа хөрөнгийн өмчлөгч Ө.Мөнхөө, М:Э нарт мэдэгдсэн болох нь хэргийн 86-87, 89, 166 дахь талд авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

3.в.Мөн өмчлөгч М:Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох автозогсоолыг дуудлага худалдаагаар худалдах доод үнэд 60,000,00 төгрөгийн үнийн санал, өмчлөгч Ө.Мөнхөөгийн хувьд 4 үл хөдлөх эд хөрөнгөд шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт, төлбөр төлөгч Ч.Х ББСБ ХХК-ийн санал, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт зэргийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/324, 11/325 дугаартай тогтоолуудаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, А.Б ХХК нарыг шинжээчээр тус тус томилж, барьцааны хөрөнгө болох М:Э , Ө.Мөнхөө нарын өмчлөлийн 5 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон үйл баримт хэргийн баримтаар мөн тогтоогджээ. /хх-94, 168/

3.г.Иймээс өмчлөгч Ө.Мөнхөөгөөс үнийн саналыг утсаар авсан тухай тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаагүй, өмчлөгчөө үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

3.д.Өмчлөгч Ө.Мөнхөөд дуудлага худалдаагаар худалдах 4 үл хөдлөх эд хөрөнгөдөө үнийн санал ирүүлэх мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, мөн түүний утсаар мэдэгдсэн болох нь хэргийн 85, 89-90, 158, 161-162 дахь талд авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон байх ба хариуцагч байгууллагаас явуулсан дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

3.е.Мөн шийдвэр гүйцэтгэгч Г.Алтангэрэл, өмчлөгч Ө.Мөнхөө нарын үүрэн утсаар харилцан ярьсан Ө.Мөнхөө өөрийн өмчлөлийн 4 үл хөдлөх эд хөрөнгөд шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан, мөн мэдэгдлийг оршин суугаа газрын хаягаар хүлээн авах талаар мэдэгдсэн агуулга бүхий 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг зөрчөөгүй байна. /хх-159/

3.ё.Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013935 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсан гудамжны 21/4 дүгээр байрны 20 тоотод байрлах 97.15 м.кв талбай бүхий 3 өрөө сууцыг 273,960,000 төгрөгөөр, эрхийн улсын Ү-2206035457 бүртгэлийн дугаартай мөн байрны 45 тоотод байрлах 14.4 м.кв талбайтай автозогсоолыг 24,050,000 төгрөгөөр /хх102-116/,

шинжээч А.Б ХХК эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036706 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 803 дугаар байрны 305 тоотод байрлах 152 м.кв, 4 өрөө орон сууцыг 602,604,403 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206036709, Ү-2206036708 дугаарт бүртгэгдсэн тус байрны В2 давхар, 11 болон 12 тоотод байрлах 12 м.кв талбайтай 2 ширхэг автозогсоолыг тус бүрийг нь 29,433,443 төгрөгөөр тус тус үнэлжээ./хх 175-190/

4.Шинжээч нар нь зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан барьцаа хөрөнгүүдийг үнэлж, зах зээлийн аргаар тогтоосон үнэлгээг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заасантай нийцсэн байна. /хх 104-116, 178-191/

4.а.Дээрх эд хөрөнгүүдийн үнэлгээг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, хотын А зэрэглэлд байршилтай, зах зээлийн эрэлт ихтэй, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь нэмэгдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хэд доогуур үнэлсэн, Будда виста дахь нэг орон сууцыг 1,2 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан зэрэг нөхцлийг харгалзаж үзээгүй гэж маргасан байх боловч энэ талаар нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.б.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ барьцааны зүйлүүдийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор хураасан бөгөөд уг тогтоолуудад шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа тогтоосон боловч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилж төлбөр төлөгчид төлбөр төлөх боломжит хугацаа олгоогүй гэжээ.

Хэргийн баримтаас үзвэл, барьцааны эд хөрөнгүүдийг хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20280918/26 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол тус бүрт шүүхийн шйдвэрт заасан үүргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор биелүүлэх хугацааг тогтоож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдсэн байна. /хх 80-83, 154-157/

Иймээс хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нарт гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг сайн дураар биелүүлэх хугацаа олгосон, мөн зүйлийн 54.6 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч энэ хуулийн 54.5-д заасны дагуу сайн дураар худалдан борлуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/00200 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД