Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/00792

 

 

 

 

 

 

 

 

 

Э.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Б , О.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86,450,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Б , О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч С.Б, О.Т нар нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 35,000,000 төгрөгийн зээл хүсч, тус өдөр талууд 002018122402 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нарт зээл олгосон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 45 дугаар байрны 45 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан.

Зээлдэгч С.Б , О.Т нар нь зээлийн гэрээний дагуу огт төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 35,000,000 төгрөг, зээлийн хүү 42,875,000 төгрөг, нийт 75,875,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүү 8,575,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагч О.Тийн хариу тайлбарын агуулга: 86,450,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 11,025,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,205,000 төгрөг, нийт 48,230,000 төгрөгийг зөвшөөрч, төлөхөд татгалзах зүйлгүй. Монгол Улс даяар ковид өвчин гарч, онцгой байдал зарлаж бүх үйл ажиллагааг таслан зогсоосон тул нэхэмжлэгч байгууллага энэ нөхцөл байдлыг харж үзнэ үү. Одоо бол мөнгийг төлнө, гэхдээ анх шүүхэд нэхэмжлэл гаргахад хүү зогсдог гэж сонсогдсон учраас түүний дагуу шийдэхэд болж байна гэжээ.

 

3.Хариуцагч С.Б гийн хариу тайлбарын агуулга: Ө.Т-ийг өөрийн орон сууцандаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд уг орон сууцаа барьцаалж зээл авч өгсөн. Үүнээс хойш О.Ттэй холбогдох боломжгүй болсон. Өнөөдөр хүний өмнөөс 70,000,000-80,000,0000 төгрөгийн өрөнд орчихсон хэцүү байна. Ямар ч байсан орон сууцтай минь үлдээж өгөөрэй гэж О.Т ахаас гуйж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй, О.Т ахыг мэддэгийн хувьд 49,000,000 төгрөгийг төлье гэж байгаад санал нэгтэй байгаа, алданги, хүүг төлөх боломжгүй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Төөс 77,575,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эбо Инвест ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч О.Т, С.Б нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 45 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205006601 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 660,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 547,325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Эбо Инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч О.Тийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 77,575,000 төгрөгийн 48,230,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь улс даяар Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор улсаас зээлийн хүүг хойшлуулах зэргээр хөнгөлөлт, тусламж үзүүлсэн байхад нэхэмжлэгч байгууллага үүнд хамрагдсан гэж үзэж байна. Шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх зээлийн төлбөрийг С.Б гаас гаргуулаагүйд гомдолтой гэсэн агуулгаар гаргасан гомдлоосоо татгалзаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч О.Төмөрсүхийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Э.И ББСБ ХХК нь хариуцагч С.Б , О.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,450,000 төгрөг гаргуулах шаардлагаа 77,875,000 төгрөг болгон багасгаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлээ дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

3.Хариуцагч О.Т нь нэхэмжлэлээс 48,230,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Ковид-19 цар тахлын улмаас бизнес зогссон, хүү төлөх боломжгүй гэх үндэслэлээр үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч С.Б гийн хувьд орон сууцаа барьцаалж О.Төд зээл авч өгсөн учир зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

4.Хэргийн 17-21 дэх талд авагдсан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00208122402 дугаартай зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Эбо Инвест ББСБ ХХК, О.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

5.Нэхэмжлэгч тал үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүд 42,875,000 төгрөг, нийт 77,875,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч О.Т нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, мөн гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн гэдгээ зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасан байна. /хх-55/ Иймээс нэхэмжлэгч Эбо Инвест ББСБ ХХК нь хариуцагч О.Төөс үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Харин Б.Бүжмаатай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зээлийн үүргийг хариуцагч О.Төөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв. Гэхдээ зээлийн хүүд 42,875,000 төгрөг гаргуулах шаардлагыг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заажээ.

Талууд харилцан тохиролцоод зээлийн гэрээг нэг сарын хугацаатай, үндсэн хүүгийн хэмжээг нэг сарын 3.5 хувиар тооцох, гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үндсэн зээл 35,000,000 төгрөг, 1 сарын зээлийн хүүд 1,225,000 төгрөг, нийт 36,225,000 төгрөг төлөх, энэхүү хуваарьт өдөр зээлийн хүүгээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг гэрээний 2.2, 6.1 дэх заалтаар хүлээжээ. Харин гэрээнд хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг тодорхой тусгаагүй байна. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 8,575,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан учир хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээг 36,225,000 төгрөг гэж үзнэ.

Гэвч хариуцагч О.Т нь үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүд 11,025,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,205,000 төгрөг, нийт 48,230,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журам болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах талуудын зарчимд нийцнэ.

7.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын тухайд,

7.а.Эбо инвест ББСБ ХХК, О.Т, С.Б нар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор О.Т, С.Б нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205006601 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 45 дугаар байр, 45 тоот, 3 өрөө 40 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлага хангасан талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. /хх-20-21, 26/

Мөн хариуцагч О.Т зээлийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд дээрх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэжээ. Энэ шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.Тийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2022/00521 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Төөс 48,230,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,220,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 547,325 гэснийг 464,100 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Тийн давж заалдах гомдол гаргахдаа 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД