Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00832

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00838 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ч-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,575,763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Б.Ч- нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Г.Б тай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг сарын бэлэн бус зээлийн хэрэглээнд 2 хувийн, бэлэн зээлийн хэрэглээнд 3.5 хувийн хүүтэй, зээлийн эрх нэмэгдүүлсний хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай картын зээл авсан. Зээлдэгч, карт эзэмшигч Б.Ч- нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн эрх бүхий картаа ашиглан зарцуулсан төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон болно. Иймд хариуцагч Б.Ч-аас үндсэн зээлийн төлбөр 4,974,469 төгрөг, хүүгийн төлбөр 1,276,851 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 235,151 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 89,290 төгрөг, нийт 6,575,763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд хариу тайлбар гаргаагүй болно.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ч-аас зээлийн гэрээний үүрэгт 6,575,763 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.а.Анхан шатны шүүх хэргийн оролцогч нар эвлэрэх талаар хүсэлт гаргасан байхад эвлэрэх боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулаагүй.

4.б. Өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хурлын танхимаас албадан гаргасан.

4.в.Зээлийн гэрээний эх хуулбарыг гаргуулахаар шүүгчийн захирамж гаргасан боловч уг захирамж биелэгдээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Манай зүгээс 6,500,000 төгрөгийг 6 сарын дотор 6 хувиар сар бүр тэнцүү хуваагаад төлөх санал тавихад хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хариуцагч талаас тавьсан. Зээлийн гэрээг манай талаас шүүхэд нотлох баримтаар болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуулбарлан гардуулж өгсөн. Зээлийн гэрээг шүүх хуралдаанаас өмнө манай байгууллагаас авах бүрэн боломжтой байсан. Шүүх хуралдаанаас хөөн гаргасан гэх асуудалд Г.Б ХХК-аас шалтгаалсан зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

2. Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Б.Ч-ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,575,763 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид гардуулжээ. /хх 33/, Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлосон баримтаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлэх хугацааг шүүх тогтоосон. Хариуцагч нь уг хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар шүүхэд гаргаж өгсөн зээлийн гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ч-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 6,575,763 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

4.Хариуцагч тал шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг эдлүүлээгүй гэх үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

4.а.Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б ХХК, хариуцагч Б.Ч-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээж авч, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, холбогдох ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт нийцжээ. /хх 27/

5.б.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж байжээ./хх 53-54, 63, 71-72/, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс эвлэрэх хугацаа авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх зарчимд нийцэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ. гэж заасан.

Хариуцагч Б.Ч-аас Г.Баттогтоход олгосон итгэмжлэлд зохигчтой эвлэрэх эрхийг тусгасан байна. /хх 32/ Эвлэрэх хугацаа авах хүсэлт гаргасан нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ хариуцагч тал нотлоогүй. Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан, энэ хугацаанд хэргийн оролцогч нар нь шүүх хуралдаанд бэлтгэн ирэх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй тул эвлэрэх боломжоор хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

4.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-114 дүгээр зүйлд анхан шатны шүүх хуралдаан явуулах дэг дарааллыг тогтоожээ. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

4.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хурлын танхимаас албадан гаргасан гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

4.д.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2022/02183 дугаартай захирамжаар зээлийн гэрээг нэхэмжлэгчээс гаргуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй, уг баримтыг хариуцагч өөрөө бүрдүүлэх боломжтой гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00838 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ч-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 120,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД