Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00887

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2022/00155 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,712,600 төгрөг гаргуулах, хариуцагчД.Б-ын 3,240,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С-гийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2020-2021 ондД.Б-ын гэрт хэсэг хугацаанд хамт амьдарч байсан. Тухайн үедД.Б- нь гэртээ 10,092,600 төгрөгийн тавилгыг бэлэн мөнгөөр болон миний нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахуулж, худалдан авсан. Уг мөнгөнөөс 6,280,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 3,812,600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнд банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү багтаж байгаа гэжээ.

2. ХариуцагчД.Б-ын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 9,849,800 төгрөгийн тавлигыг хамт амьдрах хугацаандаа Д.С- худалдан авсан, уг тавилгууд одоо өөрт нь байгаа. 7 790 000 төгрөгийг төлсөн, сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчээс авах ёстой тул одоо төлбөрийн тооцоо байхгүй. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүг төлөхгүй гэжээ.

ХариуцагчД.Б-ын сөрөг нэхэмжлэлийн агуулга: Д.С-тай 2020-2021 онд хамтран амьдарч байх хугацаанд Д.С- нь охиндоо утас авна гээд 150,000 төгрөг, турк улсаас цүнх авна гээд 300,000 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 300,000 төгрөг, өвлийн гутал, цамц, куртик нийт 800,000 төгрөг, өвлийн куртик 1,000,000 төгрөг, өөр хүний дансаар 2,000,000 төгрөг, эм тарианы мөнгө 1,000,000 төгрөг, нийт 5,450,000 төгрөгийг Д.С-д өгсөн.Д.Б-ын шилжүүлсэн 7,790,000 төгрөгийг нэмээд 13,240,000 төгрөг болж байгаа. Үүнээс нэхэмжлэгчийн тавлигын үнэ 9,849,800 төгрөгийг хасч, үлдэх 3,240,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.С- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Утасны үнэ 150,000 төгрөгийг зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчД.Б-оос 2,234,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д, нэхэмжлэгч Д.С-гаас 150,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Б-од тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,577,800 төгрөг гаргуулах хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,090,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас хувцасны үнэ 900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөг, хариуцагчийн төлсөн 66,790 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50,707 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 5,150 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

4. ХариуцагчД.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Д.С-гийн данс руу шилжүүлсэн 7,790,000 төгрөгөөс 405,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хамтран амьдарч байх хугацаандаа авч өгсөн хувцас, эд зүйлийн мөнгийг гаргуулаагүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талаас хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагчД.Б-од холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,712,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 3,812,600 төгрөг болгон багасгасан байна. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ ... бид хамт амьдарч байх хугацаанд миний нэр дээр зээл авахуулж гэртээ тавилга авсан, зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт гаргуулна гэж тайлбарлажээ.

2.Хариуцагч эс зөвшөөрч, ... тавилгыг хамт амьдрах хугацаандаа авсан, зээлээс 7,790,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчээс мөнгө авах ёстой, төлбөр тооцоо байхгүй гэж марган, нэхэмжлэгчээс 3,240,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон. Тодруулбал, зохигчид хамтран амьдарч байх хугацаандаа Д.С-гийн, БСБ финанс ББСБ-аас авсан зээлийг оролцуулан гэрийн тавилга авсан, уг тавилга хариуцагчД.Б-ын эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, хариуцагчийн 9,849,800 төгрөгийн тавилгын хамт амьдрах хугацаанд Д.С- худалдан авсан, тавилга өөрт байгаад маргахгүй гэх агуулга бүхий тайлбараар нотлогдсон байна./хх-45/ Мөн нэхэмжлэгчийн данс руу тавилга авахаас өмнө 405,000 төгрөг, тавилга авснаас хойш зээл төлөх гэсэн утгаар 7,615,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хариуцагчийн ХААН банк дахь дансны хуулгаар тогтоогджээ. /хх-16-24, 26/

Дээрх баримтуудыг харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2,334,800 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймээс 7,790,000 төгрөгөөс 405,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Харин талуудын маргааныг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундын өмчийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. Учир нь зохигчдын хооронд хуулиар болон гэрээгээр үүрэг үүсээгүй байх тул хариуцагчД.Б- нь өөрийн эзэмшилд байгаа тавилгын үнийн зөрүү болох 2,234,800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

4.ХариуцагчД.Б- нь 3,240,000 төгрөг нэхэмжлэгч Д.С-гаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамт амьдрах хугацаанд түүнд 5,450,000 төгрөг өгсөн, зээлд 7,790,00 төгрөг төлсөн, үүнээс тавилгын үнийг хасч зөрүү мөнгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаарД.Б- нь Д.С-тай хамтран амьдрах хугацаандаа түүний ахуйн болон гоо сайханы хэрэглээнд зориулж ханьдаа, Болдоос.... гэх утгаар мөнгө шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх17-24, 26/ Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Харин сөрөг нэхэмжлэлээс 150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШШ2022/00155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД