Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00921

 

 

 

 

 

 

 

 

 

С.К  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00608 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.П-д холбогдох,

2 зээлийн гэрээний үүрэгт 20,111,513 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/132 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,800,473 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6,349,000 төгрөг, нийт 8,149,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: С ББСБ ХХК нь Ж.Птэй 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2020/132 тоот зээлийн гэрээ байгуулж, түүнд 2,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг гэрээний үндсэн төлбөр 1,404,711 төгрөг, хүү 395,762 төгрөг, нийт 1,800,473 төгрөг гаргуулах,

1.б.Мөн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/266 тоот зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулах нөхцлөөр зээлсэн. Уг гэрээний үлдэгдэл 14,960,000 төгрөг, хүү 3,351,040 төгрөг, нийт 18,311,040 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 33-37 УБМ улсын дугаартай Приус маркийн автомашиныг хариуцагчаас буцаан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Хүлээн авсан автомашинаа Приус центер ХХК-д оношлуулж 1,144,000 төгрөг төлсөн, Дельта сервис ХХК 4,570,100 төгрөгийн засвар шаардлагатай гэж оношилсон. Мөн 2019 оны 06 дугаар сараас хойш Ж.П эзэмшиж байхдаа 635,000 төгрөгийн торгууль хуримтлагдсан тул нийт 6,349,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага мөнгө болон эд хөрөнгө хариуцагчид хүлээлгэн өгч байгаагүй. Иймд 2020/266 дугаар зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээнд тооцогдох тул нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эхний зээлийн гэрээний дагуу 595,289 төгрөг, 2 дахь зээлийн гэрээний дагуу 3,040,000 төгрөг, нийт 3,635,289 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлд дурдсан. Гэтэл энэхүү эргэн төлөлт бол эхний зээлийн гэрээ буюу 2020/132 дугаар зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт төлсөн төлбөр.

Иймд 132 тоот зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, 266 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө шилжүүлж аваагүй, түүний хүү Б.Г аас авсан автомашиныг нэхэмжлэгч байгууллага өөрийн нэр дээр шилжүүлэн, хариуцагчаас буцаан авсан.

Нэхэмжлэлээс автомашиныг эзэмшиж байх үеийн торгууль 635,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заасныг баримтлан хариуцагч Ж.Пгээс 635,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,514,473 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,208 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь 2020/132 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. Хариуцагч 2020/132 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 790,000 төгоөг төлж, 1,404,711 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нотолсон зээлийн дансны хуулга хэрэгт авагдсан. Мөн шүүх 2020/266 тоот зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн өмнөөс Н.Болдбаатар 3,000,000 төгрөг, Б.Ганболор 2,000,0000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй гэж үзсэн. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч талаас маргасан. Хариуцагч нь Б.Ганболортой хамтран ажилласан, ажлын хөлс авах ёстой гэх тайлбараа баримтаар нотлоогүй байхад уг тайлбарыг үндэслэн дүгнэлт хийсэн гомдолтой байна. Хариуцагч болон Б.Ганболор нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх асуудал нь энэ маргаанаас тусдаа асуудал юм. 2020/266 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 18,311,040 төгрөг төлөгдсөнөөр зээлийн гэрээ дуусгавар болох ёстой. Буцаан авсан автомашиныг худалдан борлуулснаар зээлийг хаах боломжгүй бөгөөд төлөгдөөгүй төлбөр үлдэнэ. Н.Болдбаатар, Б.Ганболор нар 2020/266 тоот зээлийн гэрээний төлөлт хийсэн нь баримтаар нотлогддог. Анхан шатны шүүх хариуцагчийн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрт тооцон авсныг буруу гэж үзсэн. Хариуцагч нь ажлын хөлс авах ёстой гэдгээ баримтаар нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй.

4.б.Хариуцагч зээлээр авсан автомашиныг буцаан өгснөөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд автомашинд учруулсан хохирлыг нэхэмжилсэн тул шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ёстой атал дангаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.в.Шүүхийн шийдвэрт автомашиныг 2020 оны 10 дугаар сард хариуцагчийн эзэмшилд шилжсэн гэж буруу тэмдэглэсэн. 2019 оны 06 дугаар сараас хойш автомашиныг хариуцагч эзэмшиж байсан талаар маргаагүй. Автомашин хариуцагчийн эзэмшилд байсан 2 жил 8 сарын хугацааны автомашины элэгдэл, жил тутам соливол зохих сэлбэг хэрэгсэл, кузовыг мөргүүлсэн хэсгийг будах, гадна талын өнгө үзэмжийг хэвийн байдалд оруулахтай холбоотой бодит хохиролыг нэхэмжилсэн. Тухайн зардал болон хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон, бодит хохирол байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.К ББСБ ХХК нь хариуцагч Ж.Пд холбогдуулан 2 зээлийн гэрээний үүрэгт 20,111,513 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/132 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,800,473 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6,349,000 төгрөг, нийт 8,149,473 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

3.Хариуцагч эс зөвшөөрч, 2020/132 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн, 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаас автомашины торгууль 635,000 төгрөгийг зөвшөөрч, иргэн Б.Г аас худалдан авсан автомашиныг нэхэмжлэгч тал өөрийн нэр дээр шилжүүлэн буцаан авсан учир үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан маргасан байна.

4.2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2020/132 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч С ББСБ ХХК нь 2,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Ж.П шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зөв.

5.Дээрх үйл баримтад зохигчид маргаангүй, зээлийн үүргийг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020/132 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Пг 2020/132 дугаартай зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэн нэхэмжлэлээс 1,800,473 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан, дүгнэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал 2020/132 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн зээлийн дансны хуулгын бичмэл нотлох баримтаар хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 595,289 төгрөг, хүүнд 194,711 төгрөг, нийт 790,000 төгрөг төлж, 1,404,711 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гаргажээ. /хх-11/ Хариуцагч нь уг баримтыг үгүйсгээгүй. Мөн нотолгооны хэрэгсэл болгон зааж буй бичмэл баримтууд нь дээрх зээлийн гэрээний үүргийг бүрэн төлсөн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна. Тодруулбал, хэргийн 48-51 дэх талд авагдсан Хас банкны дансны хуулга, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний дансны хуулга зэрэг баримтуудад 2020/266 Пүрэвсүрэнгээс зээл төлөв, Н.Болдбаатараас 2020/266 гэрээний зээл төлөв гэсэн агуулга тусгагджээ.

Иймээс хариуцагч Ж.П 2020/132 дугаартай зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж дүгнэн, түүнээс гэрээний үүрэгт үндсэн зээл 1,404,711 төгрөг, зээлийн хүүнд 395,762 төгрөг, нийт 1,800,473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6.Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь автомашины хохиролд 6,349,000 төгрөг хариуцагч Ж.Пгээс нэхэмжилсэн байна. Тэрээр үндэслэлээ ...2020/266 дугаартай зээлийн гэрээний дагуу худалдан авсан автомашиныг хариуцагчаас буцаан авсан тул автомашины оношлогооны болон засварын зардал, тээврийн хэрэгслийн торгууль зэргийг хохиролд тооцон гаргуулна гэх агуулгаар тайлбарлажээ.

6.а.Хариуцагч тал уг шаардлагаас автомашиныг эзэмшиж байсан хугацааны тээврийн хэрэгслийн торгууль 635,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

6.б.Харин хохирол нэхэмжилсэн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв боловч дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн заасантай нийцнэ.

Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэн Б.Г нь иргэн С.Б т өөрийн өмчлөлд бүртгэлтэй Тоёото Приус маркийн 33-37 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, бусдад шилжүүлэх, гэрээ хэлцэл байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үйлдэл хийх эрхийг итгэмжлэлээр олгожээ. /хх-5/

С ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал нь С.Б , иргэн Б.Г түүний хүү болох талаар талууд тайлбарласан байна. Мөн С.Б нь Ж.Птэй худалдах-худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулсан, Ж.Пгийн эзэмшилд 2020 оны 10 дугаар сард Тоёото Приус маркийн 33-37 УБМ улсын дугаартай автомашин шилжсэн болох нь талуудын тайлбараар нотлогджээ. /хх-40-42, 46, 82/

Нэхэмжлэгч С ББСБ ХХК, хариуцагч Ж.П нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/266 дугаартай зээлийн гэрээний зүйл болох 18,000,000 сая төгрөгийг иргэн Б.Г ын автомашин худалдах-худалдан авсан үнэд шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагч талыг 2020/266 дугаартай зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, барьцааны хөрөнгө болох автомашиныг зээлийн үүрэгт авсан гэжээ.

Хэргийн 15 дахь талд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/266 дугаартай барьцааны гэрээнд барьцааны хөрөнгийн талаар буюу Тоёото Приус маркийн 3337 УБМ улсын дугаартай автомашиныг зээлийн үүрэгт барьцаалж байгаа тухай тодорхой тусгаагүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иймд зээлийн үүрэгт барьцааны хөрөнгийг тооцон авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Маргааны зүйл болох Тоёото Приус маркийн 3337 УБМ улсын дугаартай автомашин иргэн Б.Г ын өмчлөлөөс С ББСБ ХХК нь өмчлөлд 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шилжин бүртгэгдсэн байна. /хх-83/

Хэрэгт иргэн Б.Г ын өмнөөс автомашиныг эзэмшиж байх хугацаанд ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгасан, гэрээнээс татгалзсантай холбогдуулан Ж.Пгээс хохирол шаардах эрхийг С ББСБ ХХК-д олгосон баримт авагдаагүй байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаанд хамаарах тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.П-гээс 2,435,473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 5,714,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын олгосугай гэснийг олгож, хариуцагчаас 53,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ББСБ ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,182 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД