Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 164

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газар,

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

            Шүүгчид:                         М.Батсуурь  

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV-... тоот тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-... тоот тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/895 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 107 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А  нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/895 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 26 дугаар зүйлийн 26.3.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь “Цооногтын шил” нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 107 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

           3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрх шударгаар олж авах, өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж, Ашигг малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-14.6 дахь заалтын агуулга үзэл санаа болон хэрэгжүүлэх арга зам зэргийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.    

          4. Ашигт малтмалын хайгуулын ХҮ-... тоот тусгай зөвшөөрөл нь анх 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр “ЛЧ" ХХК-д олгогдсон. Уг тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан байгаа юм.

          5. Тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авснаас хойш 3 жилийн дараа Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын хайгуулын ХҮ-... тоот тусгай зөвшөөрлийг “ЛЧ” ХХК-иас “Импөриал метал групп” ХХК-нд шилжүүлэн авч эзэмшиж байна.

          6. 2012 оноос хойш “И” ХХК нь 2,621,066,967 төгрөгийн өртөг бүхий хайгуулын ажил хийж тухайн тусгай зөвшөөрлийн талбайд алт- холимог металлын орд нээж, нөөц тогтоосон.

           7. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” гэж заасан. Хуулийн уг тайлбараас харахад газрыг тусгай хэрэгцээнд авснаар тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглож, хязгаарлах ёстой. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага энэ хориглох, хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл төрийн захиргааны байгууллагаас энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж хориглолт, хязгаарлалтаа хийхгүйгээр аж, ахуйн нэгжийн үйл ажиллагааг 10 жил үргэлжлүүлэн явуулж их хэмжээний хөрөнгө оруулсных нь дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийг буруутгаж өмчлөх эрхийг нь хамгаалахгүй байгаа нь өмчлөх эрхийг үндсэн хуулиараа хамгаалсан ардчилсан улсын зарчимд нийцэхгүй байна.

          8. Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан талаараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж байгаагүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигч өнөөдрийг хүртэл 10 жил тусгай зөвшөөрлийг эзэмшиж 2,6 тэрбум төгрөгийн эрэл хайгуулын ажил хийчихсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар ч мөн захиргааны байгууллага газрын тусгай хэрэгцээнд авсан шийдвэрээ тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдээгүй болох нь хангалттай нотлогдож байгаа.

          9. Хэрэв захиргааны байгууллага газрыг тусгай хэрэгцээнд авсан захиргааны байгууллагын шийдвэрийг нэхэмжлэгч компанид тухай үед нь мэдэгдсэн бол цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй тусгай зөвшөөрлийн талбайд хэзээ ч 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Энэхүү нөхцөл байдал нь захиргааны байгууллага эрх ашиг сонирхлыг нь хөндсөн шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид мэдэгдээгүй өнөөдрийг хүрсэнтэй холбоотой юм. Дээрх үйл баримтууд нь бүгд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.

           10. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-14.6 дахь заалт нь газрыг тусгай хэрэгцээнд авсан нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн зааггг юм. Нөгөө талаар уг заалтыг хэрэгжүүлэх үүрэг нь газрын тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргасан захиргааны байгууллагад байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх заалтыг хэрэгжүүлэх үүргийг аж ахуйн нэгжид байгаа мэтээр тайлбарлаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг буруутган шийдвэр гаргаж байгаа нь хууль хэрэглээний ноцтой алдаа боллоо.

           11. Иймд хэргийн бодит үйл баримтыг сайтар нягтлан үзэж, тусгай зөвшөөрөл эээмшигчийн өмчийн эрхийг хамгаалсан агуулга бүхий Ашигт малтмалын тухай хуулийн агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/895 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                                    

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

13. Нэхэмжлэгч “И” ХХК-иас “...үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагууд гаргаж, үндэслэлээ “...2007 оноос хойш өнөөдрийг хүртэл хайгуулын ажил гүйцэтгэж их хэмжээний зардал гаргасан, нөөцөө тогтоож, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ хэлэлцэж, баталсан, нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ... гэтэл манай тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр  ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус, ... Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дэх хэсэгт заасан арга хэмжээг аваагүй” гэж, хариуцагчаас “... хайгуулын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан тул нөхөн олговор олгох харилцаа үүсээгүй, ... Засгийн газрын 100 дугаар тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

            14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (тухайн үеийн нэрээр)-ын даргын 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2122 дугаар шийдвэрээр 22776 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-... тоот тусгай зөвшөөрлийг “ЛЧ” компанид олгосон, мөн даргын 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 127 дугаар тушаалаар уг тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлыг WCS-84 тогтолцоонд албан ёсоор хүрвүүлж талбайн хэмжээг дахин тооцсон, тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “И” ХХК-д шилжүүлсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2008 оноос эхлэн тухайн талбайд хийж гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын тайлан, жилийн төлөвлөгөөг жил бүр эрх бүхий этгээдээр тухай бүр хянуулж баталгаажуулсан, 2015-2019 онуудад хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, тайланг Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нар хянаж, хүлээн авсан, Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 923, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 390, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаар шийдвэрүүдээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус 3 жилийн хугацаагаар сунгасан, тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд жил бүр төлсөн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ХХ-12-12 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/86 дугаар тушаалаар “И” ХХК-ийн “... 2012-2019 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь геологийн нөөцийг ... хүлээн авч, Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх”-ээр шийдвэрлэсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

15. Түүнчлэн, “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2009 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн, уг саналд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг “аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар” тусгай хэрэгцээнд авахаар тусгасан, тухайн үед уг 124.4 мянган га газарт “ЛЧ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаартай тусгай зөвшөөрөл болон өөр бусад аж ахуйн нэгжийн нийт 6 тусгай зөвшөөрлийн талбай бүрэн болон хэсэгчлэн давхцалтай байсан, газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “нөхөх олговор”-ын асуудлаар урьдчилж шийдвэрлэх, үүний дараа газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/22 дугаар албан бичгээр буцаасан,  Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд нараас дээрх тогтоолын төслийг дахин боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн, “...аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд нөлөөлөхгүй”, “... газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй” гэх санал дүгнэлтээр Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 100 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг “аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар” тусгай хэрэгцээнд авсан нь хэрэгт авагдсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2008 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн а/891, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/22, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/486, 1/472, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7-884, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-3529,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн х/894 дүгээр албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

16. - “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, ... тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

17. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар гэж ... эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг /ойлгох/”-оор, 26 дугаар зүйлийн 26.3.4-т “... /ашиглалтын тусгай зөвшөөрөл авах/ хүсэлтэд дурдсан талбай нь …/ашигт малтмал ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан/ талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх”-ээр тус тус заасан, “И” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн 5270.88 га талбайн 3479,87 га талбай нь Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор “аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар” тусгай хэрэгцээнд авсан газартай давхцсан, энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрээр “И” ХХК-нд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зөрчөөгүй, тусгай хэрэгцээнд авсан газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст шүүхээс даалгах  боломжгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

18. - “... нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

19. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “... /хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах /эрхтэй/”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл, хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгийн эрх нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан хамгаалагдсан гэж үзэхээр байна.

20. Тодруулбал, нэхэмжлэгч “И” ХХК нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, “Цооногтын шил” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр, Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулсан, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2007 оноос хойш өнөөг хүртэлх 12 жилийн хугацаанд ХV-... дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс явуулж буй хайгуулын үйл ажиллагааг бүхэлд нь хүлээн зөвшөөрч ирсэн, эрэл хайгуулын үйл ажиллагааны үр дүнд геологийн нөөц тогтоосон нь түүнд хуулиар хамгаалагдах хөрөнгийн эрх үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй, тухайн тохиолдолд, уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд түүнийг эзэмшигч “И” ХХК-д үүссэн “эрх зүйн харилцаа”, “хууль ёсны ашиг сонирхол”-ыг үгүйсгэх боломжгүй байна.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор, 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг /тодорхойлох/”-оор тус тус заасан, нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах эрхийг цаашид эдлэх боломжгүй болсноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй, нөгөө талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг цаашид эдлүүлэхээс татгалзсан захиргааны шийдвэр хуульд нийцэж байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн бусад төрлөөр, тухайлбал даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалуулах боломжгүй байх тул, хуулиар үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тогтоолгох зорилго бүхий “эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.    

22. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын төрөл, онцлог шинж, үндэслэлд холбогдуулж дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч “И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нөхөх олгвор авах, эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгоогүй тохиолдолд мөн хуулийн 14.6-д зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, уг асуудлаар эрх зүйн харилцаа байгаа болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж зааснаар шүүх шийдвэр гаргахаар байна.

23. Иймд, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/895 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 107 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 26 дугаар зүйлийн 26.3.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 439 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Цооногтын шил нэртэй талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-... дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.5, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын ХV-... тоот тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-... тоот тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ТУНГАЛАГ

                         ШҮҮГЧ                                                          Д.МӨНХТУЯА