Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 986

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан би “Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгож, бичилт хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгуулах тухай” шаардлага бүхий иргэн С.Д*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч С.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн С******* овогтой Д******* миний бие 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан /ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх төлүүлэх тухай/ нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хохих 433 дугаар ангийн захиргаа санхүү 2016 оны 12 дугаар сарын цалинд багтаан олгох болсон тул /зөвшөөрсөн/ иргэн С.Д******* миний бие 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн нэхэмжлэлээсээ татгалзан татаж авах хүсэлт гаргаж байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. 

                                                           ҮНДЭСЛЭХ нь: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах...”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Д******* нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан С.Д*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэрэгт нэхэмжлэгч С.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                        Л.ӨЛЗИЙСАЙХАН