Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2022/00925

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00925

 

Н.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 104/ШШ2022/00112 дугаар шийдвэртэй, Н.З-гийн нэхэмжлэлтэй А-ХХК, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох H.Зэсэндавааг Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байрны +++, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч А-ХХК-д даалгуулах, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байрны +++, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин, өмгөөлөгч М.Энхжин, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, П.Уранбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А-ХХК-д холбогдуулан гаргасан шаардлага, үндэслэлийн агуулга: А-ХХК болон Н.З- нар нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ байгуулан Н.З- нь нүүрс нийлүүлэх, А-ХХК нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 12 дугаар барилгын С блокын 96 тоот хаяг бүхий 69.49 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 137,974,200 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр тохиролцсон. Орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн актаар хүлээн авч, 2018 оны 05 дугаар сард төлбөр болох нүүрсийг бүрэн нийлүүлж тооцоог дуусган өөрийн эзэмшилдээ авсан. Н.З- нь орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа боловч түүний өмчлөлд шилжүүлээгүй тул нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан. Энэ байр Хас банк ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд 2015 оноос хойш барьцаанд байж байгаад 2018 оны 06 дугаар сард чөлөөлөгдсөн хэдий ч А-ХХК-ийн К- ХХК-д төлөх төлбөрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураан авч, үнэлүүлэн үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах болсныг олж мэдсэн. А-ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 дугаартай нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 274 дүгээр зүйлийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу иргэн Н.З- нь А-ХХК-аас орон сууцны өмчлөх эрх болон өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардах эрхтэй, мөн өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэжээ.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан шаардлага, үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-ХХК-аас 895,575,158 төгрөг гаргуулж, К- ХХК-д олгох тухай 181/ШШ2017/02497 дугаар шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад А-ХХК-ийн өр төлбөрт иргэн Н.З-гийн дээрх хаяг бүхий орон сууцыг битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 лүгээр зүйлийн 44.2.1, 44.2.2, 44.2.3 дахь зүйл заалтуудыг зөрчсөн байна. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн нотлох баримтад төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас гаргасан удаа дараагийн хүсэлтэд А-ХХК-ийн төлбөрт зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 4 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч дуудлага худалдаанд оруулах талаар дурдсан байдаг. Ийнхүү К- ХХК-аас гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуульд зааснаар төлбөр төлөгч талаас эд хөрөнгийн мэдүүлэг авч төлбөрт санал болгох эд хөрөнгийн талаар болон энэ төлбөрийг хэрхэн барагдуулах талаар лавлагаа тодорхойлолт гаргуулах ажиллагаа огт хийгдээгүй. Түүнчлэн төлбөр төлөгч А-ХХК-аас зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүд байгаа эсэх болон тухайн барьцааны эрх бүртгэлтэй хэвээр эсэх талаар тодруулалгүйгээр ажиллагаа явуулснаас үүдэн Н.З-гийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдсөн.

Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаар К-" ХХК болон А-ХХК-ийн хооронд байгуулагдсан 1008 оны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 48Б-1, 2, 3, тоот орон сууцууд барьцаанд бүртгэлтэй байна гэжээ. Хэдийгээр дээрх эд хөрөнгүүд нь М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүд байгаа боловч бусдын зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр барьцаалсан байх тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 158 дугаар зүйлийн 158.3-т заасны дагуу төлбөрөө сайн дураар биелүүлээгүй А-ХХК-ийн өр төлбөрт дээрх барьцаа хөрөнгүүдээр хангуулах, төлбөр гаргуулахаар шаардах эрх нь К- ХХК-д өнөөдрийг хүртэл нээлттэй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан хариу тайлбарын агуулга: Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 680 дугаар тогтоолоор төлбөр төлөгч А-ХХК-аас 900,210,983 төгрөг гаргуулж, К- ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч А-ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220408527 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байрны 96 тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаатай эсэхийг Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс тодруулсан. Н.З- нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо буруутай А-ХХК-аас шаардах эрхтэй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч А-ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон үл хөдлөх хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Түүнээс нэхэмжлэгч Н.З-гийн нэр дээр байгаа улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шүүхийн иийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаагаас үл шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч А-ХХК-ийн гаргасан хариу тайлбарын агуулга: Н.З- нь 2005 оноос хойш манай компанид нүүрс нийлүүлж эхэлсэн ба 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бид харилцан тохиролцож 16/16 тоот нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Налайх дүүргийн нүүрсний уурхайн шигшүүрийн нунтаг нүүрсийг А-ХХК-ийн халаалтын зууханд нийлүүлэх, А-ХХК нь нийлүүлж буй нүүрсний хариу төлбөрт Макс Пропертийз ХХК-ийн Баянзүрх дүүргийн 25 дугаар 4 хороонд барьсан 12 давхар барилгын С блок байрны 12 давхрын 96 тоот хаяг бүхий 69.49 м.кв талбайтай орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Н.З-тай байгуулсан гэрээний дагуу манай компани нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэгтэй байсан. Гэвч А-ХХК-ийг захирал Б.Инжиннаш итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд тухайн үед гадаадад удаан хугацаагаар томилолтоор ажиллаж байсан тул орон сууцыг Н.З-гийн нэр дээр шилжүүлэхэд холбогдох баримт бичгүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлэх боломжгүй байсан. Энэ хугацаанд төлбөр төлөгч А-ХХК, төлбөр авагч К- ХХК-д холбогдох хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцааны үл хөдлөх хөрөнгүүдээс гадна барьцааны бус үл хөдлөх хөрөнгө, харилцах банкны данс зэргийг битүүмжилсэн Н.З-гийн худалдан авсан дээрх эд хөрөнгийг мөн битүүмжилсний улмаас өнөөдрийг хүртэл орон сууцыг нэр дээр нь шилжүүлж чадаагүй. Иймд Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 74в байрны 96 тоот хаяг бүхий 65.70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Н.З-гийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Маргааны зүйл болсон орон сууц А-ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлтэй болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжпэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 тоот Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 43.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн шаардлагыг хангаж чадахгүй байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууц А-ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд талууд гэрээг нотариатаар батлуулаагүй учраас хэзээ байгуулсныг тогтоох боломжгүй байна. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд нь эргэлзээ төрүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. А-ХХК-аас 900,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт Иргэний хуульд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг дурдаагүй байдаг. Иймд А-ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөд хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.З-г Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байрны +++, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч А-ХХК-д даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байрны +++, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 058 421 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А-ХХК-иас 847 821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, илүү төлсөн тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг улсын төсвөөс буцааж гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Н.З-г энэ шийдвэрээр тогтоож буй боловч үүнээс өмнө өмчлөгчөөр албан ёсоор бүртгэгдсэн байсан Ану сервис" ХХК-ийн бусдад төлөх төлбөрийг хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу барагдуулахаар нэгэнт хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нөхөж хүчингүй болгох боломжгүй, тухайн ажиллагааг хийж гүйцэтгэж байхад Н.З- нь маргаантай орон сууцны өмчлөгчөөр тогтоогдоогүй байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэрээр А-ХХК-аас 895,575,158 төгрөгийг гаргуулж, К- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд барьцааны гэрээнд тусгагдсан 4 үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөрийг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч А-ХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн талаар мэдүүлэг гаргуулах үед эрхийн улсын бүртгэлийн Ү-2204085276 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байр, 96 тоот хаяг бүхий 65.70 м.кв талбай бүхий орон сууц нь иргэн Н.З-гийн төлбөрийг нь бүрэн төлж, эзэмшил ашиглалтандаа хүлээн авсан хөрөнгө болохыг мэдүүлж, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20/134 дүгээр албан тоотоор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх талаар албан ёсоор мэдэгдсээр атал бусдын өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсныг зөвтгөх боломжгүй. Учир нь гуравдагч этгээд болох К- ХХК нь М ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 48Б-1, 2, 3, тоот орон сууцнуудыг барьцаалсан, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд одоог хүртэл банкны барьцааны эрх бүртгэлтэй хэвээр байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог атал шүүх тэдгээр нотлох баримтыг дутуу үнэлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцсэн гэж үзсэн. Н.З-гийн хувьд шүүхийн шийдвэр гарахаас өмнө А-ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж, А-ХХК нь тухайн үед өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Н.З-д шилжүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хэлцэл байгуулсан учир Н.З- нь А-ХХК-ийн өр төлбөрийг өөрийн өмч хөрөнгөөр барагдуулах үүргийг К- ХХК-ийн өмнө хүлээх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч иргэн Н.З-г орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон боловч тухайн хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг хүчин төгөлдөр гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч иргэний эрхийг хамгаалах Иргэний эрх зүйн 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй орхигдууллаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх ажиллагаанууд хэвээр үлдсэнээр Н.З- нь өөрийн 100 хувь төлбөрийг нь төлсөн орон сууцныхаа өмчлөгч нэртэй боловч бусдын өр төлбөрт хөрөнгөө хураалгаж, дуудлага худалдаанд оруулж орон сууцаа алдах нөхцөлийг бүрдүүлсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулсан. 2020 оноос эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2 жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн. Хамгийн эхэнд маргаан бүхий хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Үүнээс хойш бусад хөрөнгө дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байсан. 2016 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2017 онд шүүхийн шийдвэр гарсан бөгөөд 1 жилийн хугацаанд өмчлөх эрхээ шилжүүлэн авах боломжтой байсан. Н.З-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг мэдэх боломжгүй байсан бөгөөд А-ХХК-ийн өмчлөл гэдэг нь тогтоогдсон учраас уг орон сууц дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шийдвэр гараагүй. Мөн гүйцэтгэх хуудсаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгаагүй. А-ХХК нь 190,000,000 орчим төгрөгийн төлбөр төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Барьцаа хөрөнгө нь 3 таун хаус байдаг бөгөөд М ХХК-ийн өмчлөлд байгаа. Төлбөр төлөгчийн хөрөнгөд хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь бартерийн гэрээг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх өөрийн санаачилгаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3- д заасныг үндэслэн тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан хариуцагч А-ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд тус компанийн үйл ажиллагаа явуулах хугацааг бичсэн байх боловч тус хугацаа харагдахгүй байгаа. Тус компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан байж болзошгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн. Хариуцагч А-ХХК нь хуулийн дагуу өөрийн үндсэн хөрөнгөндөө дээрх орон сууцыг бүртгэсэн эсэх, нэхэмжлэгчтэй өглөг, авлага хэзээнээс үүссэн эсэхийг тогтоолгох зорилгоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс болон Санхүү, Төрийн сангийн хэлтсээс А-ХХК- ийн тайланг татуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эхний нүүрэнд үйл ажиллагаа эрхлэх хугацаа гэсэн хэсэгт хугацаагүй гэдгийг бичсэн байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу хугацаа сунгадаг байсныг больсон. Н.З-тай гэрээ байгуулсан талаар худалдагч, худалдан авагч талын хэн аль нь маргадаггүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар 243.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч А-ХХК нь нэхэмжлэгчтэй нэгдмэл ашиг сонирхолтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх магадлалтай гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлыг хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.З- нь хариуцагч А-ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 74в байрны +++, 65.70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...А-ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ-г байгуулж, дээрх орон сууцыг 137,974,200 төгрөгт тооцон бартераар шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч өдийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарласан бөгөөд хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна. /1хх1-2, 70-71/

3. Харин хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02497 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй дээрх орон сууцтай холбоотой хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...А-ХХК-ийн өр төлбөрт дээрх орон сууцыг битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар зарласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.2, 44.2.3заасныг тус тус зөрчсөн, төлбөр төлөгч А-ХХК-аас зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүд байгаа эсэх болон тухайн барьцааны эрх бүртгэлтэй хэвээр эсэх талаар тодруулалгүйгээр ажиллагаа явуулснаас үүдэн Н.З-гийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдсөн гэсэн агуулгаар тайлбарласныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэхийг улсын бүртгэлийн хэлтсээс тодруулахад үүрэг ногдуулсан тухай бүртгэлгүй байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /2хх 121-125, 2хх14, 185-193/

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон К- ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул өмчлөх эрх шилжих үндэслэлгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн агуулгаар тайлбар гаргасан байна. /2хх 136/

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.З- хариуцагч А-ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ-г худалдах, худалдан авах гэрээнийг шинжийг агуулсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Уг гэрээгээр нийлүүлэгч буюу нэхэмжлэгч Н.З- нь Налайх нүүрсний уурхайн шигшүүрийн нунтаг /Змм- 5мм/ нүүрсийг 1 тонныг 40,000 төгрөгөөр Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байрлах захиалагч талын халаалтын зуухуудад нийлүүлэх, захиалагч буюу хариуцагч А-ХХК нь нүүрсний үнэд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороонд баригдсан 12 давхар барилгын С блокын байрнаас 96 тоот 64.49 м2, 12 давхарт, 3 өрөө шинэ орон сууцыг 137,974,200 төгрөгөөр тооцон өгөхөөр харилцан тохиролцсоноос гадна 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлж, нийлүүлсэн нүүрсний үнээс орон сууцны үнэ 137,974,200 төгрөгийг хасч, зөрүү 20,099,200 төгрөгийг Н.З-гаас А-ХХК-д төлөхөөр тохиролцсон, улмаар талууд тооцоо нийлсэн протоколоор хүлээсэн үүргээ хэн аль нь гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх 7-20, 26-46, 2хх 36, 40/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ХХК нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбар гаргасан нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч Н.З-, хариуцагч А-ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/16 дугаартай Нүүрс нийлүүлж, орон сууц худалдах, худалдан авах бартерийн гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй буюу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын болон гэрээний үүргийг харилцан биелүүлсэн талаар маргаангүй гэдгээ илэрхийлсэн тул нэхэмжлэгч Н.З-г дээрх орон сууцыг хүлээн авсан үеэс эхлэн тухайн хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Н.З- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахаар хариуцагч А-ХХК-аас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Н.З-гийн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй субъектийн хувьд уг эрх нь улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулах шаардлагын үндэслэл юм. Нэхэмжлэгч Н.З- нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардаагүй, харин гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч А-ХХК-аас шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байна. Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсэг хангах нь зүйтэй байна.

6. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын маргаан бүхий орон сууцанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан хүсэлт нь талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад ач холбогдолгүй байх тул нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 104/ШШ2022/00112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж, өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ХХК-ийн төлсөн 847,821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН