Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 839

 

 

 

 

 

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч Б.Ганбулган, 

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Насанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1706040560623 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцсийн буудлын орчимд үйл ажиллагаа явуулах караокед үйлчлүүлж байгаад иргэн Н.Мэндсайханы Самсунг Нөт-5 маркийн гар утсыг ярьчхаад өгье гэж авч зугтаан залилж, 390,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                           яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Э.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Мэндсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:

Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах Караокед ороод 1 цаг гаран суусан байх. Миний утсаар ярьчхаад өгье гээд аваад гарсан. Буцаж орж ирэхгүй болохоор  араас нь гарсан чинь байдаггүй. Миний дараа найз нь гараад ирсэн. Би цаадах чинь байхгүй байна гэхэд тамхи авна гэж байсан энэ хавиар л байгаа байх би олоод ирье гэхээр нь явуулчихсан чинь хоюулаа байхгүй болчихсон. Миний гар утас Нөт-5 гэдэг гар утас одоогоос жилийн өмнө 1.200.000 төгрөгөөр авч байсан. Одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би үнэлгээний тайлантай танилцлаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 38/

 

Гэрч Л.Орхонтамирын мөрдөн байцаалтанд өгсөн:

...ботаникийн караоке бааранд бас нэг эмэгтэйн хамт орсон. Тэнд ганц нэг дуулж байтал Б утсаар ярина гээд нэг танилцсан хүүхний гар утсыг аваад гарсан. Би гар утасны эзэнтэй хамт тамхи татаад үүдэн дээр зогссон. Тэр үед Б утсаар яриад зогсож байсан. Буцаж ороод би 00-ын өрөө орчхоод гараад ирсэн чинь Баянмөнх байхгүй байсан. Цаадах чинь хайчсан бэ гэж асуухад утсаар ярьж байсан чи гараад оруулаад ир гэж хэлсэн. Би баарнаас гартал Б Тамираа ахаа нааш хүрээд ир гэж хэлсэн. Б надад мөнгөгүй болчихлоо явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр такси бариад 3-р хороололын Өргөө кинотеатрын дэргэд би буусан. Б нөгөө такситай цааш явсан. Б надаас салсан оройгоо нөгөө эмэгтэйн гар утсыг ломбардад тавьчихсан юм билээ. Би Бд яагаад гар утсыг нь тавьж байгаа юм бэ гэхэд миний уулздаг хүүхэн байгаа юм хамаагүй ээ би өөрөө зохицуулна гэж хэлсэн. Б тэр эмэгтэй гар утсыг хэдэн төгрөгт барьцаанд тавьсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн: самсунг нөт-5 загварын 2016 онд авсан гар утас хэрэг үйлдэгдэх үе буюу 2017 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар 390.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 33-35/

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8/

 

Шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2017 оны 09 сарын 11-ний өдөр Орхонтамирын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникийн эцэс дээр Мэндсайханы ажил дээр нь ирсэн юм. Ингээд бид Мэндсайханы ажил дээр пиво ууж юм ярьж суусан. Мэндсайханы ажилаас гараад Ботаникийн эцэс дээр караокед орж дуулж пиво уусан. Би Мэндсайханаас утсыг нь гуйж аваад гадаа хүнтэй утсаар яриад зогсож байтал караокеноос үл таних 3 залуу гарч ирээд надтай маргах гээд өдөөд хоргоогоод байхаар нь зам дээр зогсож байсан таксинд ороод сууж байтал Орхонтамир ах гараад ирэхээр нь би дуудаад таксиндаа суулгаад явсан. Би замдаа Орхонтамир ахыг Өргөө кинотеатрын хойд талд айлд хүргэж өгөөд өөрөө Өргөө кинотеатрын урд талд Петровисийн колонкын зүүн талд байдаг Лорд гэдэг ломбардад Мэндсайханы утсыг 150,000 төгрөгийн барьцаанд таксины жолоочийг гуйж тавиулаад хороололд ганцаараа караокед орж пиво ууж сууж байгаад гэртээ харьсан. Би Мэндсайханы ажил дээр уусан пиво болон Ботаникийн эцсийн караокены тооцоог хийгээд мөнгөгүй болчихсон юм. Тэгээд такси бариад мөнгөгүй болохоороо Мэндсайханы утсыг ломбардад тавьчихсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцсийн буудлын орчимд үйл ажиллагаа явуулах караокед үйлчлүүлж байгаад иргэн Н.Мэндсайханы Самсунг Нөт-5 маркийн гар утсыг ярьчхаад өгье гэж авч зугтаан, 390.000 төгрөгний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Э.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Э.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож хийлгэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Э. Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бөөс 240.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Мэндсайхан /ЭН78120601/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 14.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бд цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ