Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 218/МА2022/00010

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Н.Насанжаргал, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00058 тоот шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

... ******* би Дундговь аймгийн *******гийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар тус байгууллагад *******, *******, *******оор томилогдон ажиллаж байсан. Ажилд анх томилогдсон 2017 оноос эхлэн миний бие төрийн үйлчилгээний ажилтны ёс зүй, чиг үүргийг чандлан хэрэгжүүлж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл 2021 оны 6 сард томилогдсон дарга ******* нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр намайг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ******* захирал намайг дуудаж, ажлаас чөлөөлсөн тухайгаа мэдэгдсэн. Мөн ажлаас халах тушаалдаа ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэсэн байдаг. Манай байгууллагын ажилтнууд 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шинээр томилогдсон ******* даргын Рашаантын ам гэх амралтын газар очиж, ээлжийн амралтаа авсан ажилчдаа гаргаж өгсөн. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан бөгөөд хамт олны дунд маргаан үүссэн. Миний бие тухайн өдөр хэн нэгэнд ямар нэгэн бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт байхгүй. Ямар баримт нотолгоог үндэслэж, ямар зорилгоор намайг ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэж ажлаас халсан нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Би ямар нэгэн байдлаар ******* даргын өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлсэн, эсэргүүцсэн хандлага огт гаргадаггүй, өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байсан. Шүүхийн урьдчилсан ажиллагаа буюу байгууллагын маргаан таслах комисст хандах зорилгоор захирал *******д байгууллагад Маргаан таслах комисс ажилладаг эсэхийг тодруулахад миний хүсэлтийн хариуг олгохдоо намайг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж хамт олон үзсэн тул ажлаас халах шийдвэр гаргасан гэсэн байдаг. Аливаа шийдвэрийг байгууллагын удирдлага гаргадаг. Гэтэл ямар ч баримт нотолгоогүй байхад зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан гэж хамт олон үзсэн гэж намайг ажлаас халсанд туйлын гомдолтой байна. Иймээс намайг ажлаас халсан тушаал нь хууль бус, хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан гэж үзэж байх тул Дундговь аймгийн *******гийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот *******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* *******, *******ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг Дундговь аймгийн *******гийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/09 дугаартай ажлаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр *******ыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халах шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан. Дундговь аймгийн *******гийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.3.3-т хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамаарах 6 төрлийн зөрчлийг зүйлчилж өгсөн. Энэхүү 6 төрлийн зөрчилд *******ын гаргасан зөрчил хамаарахгүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой байгууллагын дотоод журмыг баримтлан ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, цалингийн тооцоог гаргасан. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 160 хоног байна. Хавтаст хэрэгт нийгмийн даатгалын байгууллагын шимтгэл төлсөн баримт авагдсан. Сүүлийн 3 сарын цалингийн дундаж 597.680 төгрөг, үүнийг дунджаар сарын 22 хоногт тооцохоор нэг өдөрт 27.167 төгрөгийн цалинтай байсан байна. Нийт 4.367.420 төгрөг ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын тайлбар, агуулга:

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Харуул *******, *******ийн ажилтай *******ыг 2021 оны 7 дугаар сарын 08-наар дуусгавар болгож Хөдөлмөрийн тухай хуулийн болон байгууллагын Дотоод журам-ын холбогдох заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Учир нь

Нэгдүгээрт манай хамт олон санаачлан 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Мандалговь хотоос зүүн урагш 5 км зайд байдаг Рашаантын ам амралтын газар салхинд гарахаар болсон билээ. Зохион байгуулагч нар нь нягтлан бодогч Ө.Рэнцэнханд, ******* *******, номын санч А.Эрдэнэтуяа нар байсан бөгөөд тусгай хөтөлбөр гаргаж хамт олонд танилцуулсан байдаг. ...7 дугаар сарын 03-ны өдөр бид уралдаан тэмцээнээ голлон зохион байгуулсан бөгөөд орой 19-20 цагийн үед гэр бүлүүдээ дуудаж хамтдаа зугаалга дуустал байсан. ...Тэгтэл 2021 оны 7 дугаар сарын 04-05-ны өдөрт шилжих үүрээр ...нягтлан нөхрийнхөө хамт орж ирээд болсон явдлыг дөнгөж цухуйлгаад хүүхдээ хүргэж өгөөд ирье гээд аймаг явсан. Манай ажиллагсад, гэр бүл бүгд цочирдоод бужигнасан хүмүүс болсон. *******т би 2-уулаа тусдаа уулзъя одоо чамтай ярих зүйл алга гэж хэлээд тэр ч явсан. ...нягтлан Ө.Рэнцэнханд болсон бүх зүйлийг ярьсан. Мөн ажилтнуудаас, тоглож байсан хүмүүсээс зарим нэг мэдэж байгаа зүйлүүдээ ярьцгаасан. Өглөөний 6 цаг болж байхад бид тараад өглөө ажил цугларах үед буюу 7 дугаар сарын 5-ны өдрийн 9 цагт миний бие *******ыг дуудуулж уулзсан.

Хоёрдугаарт *******ын ирэхтэй зэрэгцэн нягтлан Ө.Рэнцэнханд надтай уулзахаар ирсэн тул эхлээд нягтлантай уулзсан. Надад цагдаад хандах гэж байгаа гээд өргөдлөө үзүүлсэн. Мөн арга хэмжээ авахыг хүсээд цагдаа руу явсан. Миний бие *******тай уулзаад бүх л бүтэн байгууллагын хамт олонтой нь, гэр бүлтэй нь чи доромжиллоо. Ёс зүйн ноцтой зөрчил үйлдлээ. Ийм болохоор ажлаас чөлөөлөх гэж байна гэдгээ хэлсэн. ******* даргаа намайг уучлаарай гэж хэлсэн. 7 дугаар сарын 05-ны 15 цагт хамт олноо хуралдуулсан. Амраад явсан болон чөлөө авсан 5 ажилтнаас бусад нь буюу 13 хүнээс 8 нь ирж ажиллагсдын хурал хийсэн. Машиныг хүлээж авах хүн эзгүй 7 дугаар сарын 08-ны өдөр ирсэн болохоор тэр өдөр нь машинаа хүлээж авъя гэж дуудуулсан ч ******* тухайн үед ирэлгүй орой 18 цагийн үед ирээд машин үзүүлсэн тэмдэглэлтэй танилцсан. Машин хүлээж авах хүн Г.Амартүвшин өөр ажилтай байсан болохоор *******т ажлын хэсэг хэлээд машинаа үзүүлсэн байдаг. Би түүнд чи эзгүй байсан болохоор үзлэгийн талаар тайлбар бичээд өг гэж хэлсэн. Тэр өөрөө сууж байгаад бичиж өгчхөөд явсан. Тэрнээс хойш уулзаагүй тушаалыг гардуулж өгөх гээд холбогдоход эмнэлэгт хэвтэж байна гэсэн учир тушаалыг өөрт нь хүргүүлсэн.

Гуравдугаарт ******* нь ажилдаа хариуцлагагүй, зан харьцааны доголдолтой байсан талаар хамт олон хурлын үед хэлж байсан бөгөөд сахилгын арга хэмжээ хүртэл авагдаж байсан байдаг. *******ыг ажлаас нь чөлөөлөхөөр миний оруулсан саналыг хамт олон 100 хувь дэмжсэн учир ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. ******* нь миний ажлыг хүлээж авах хүн бэлэн байсан, өөрийн хүнээ авсан гэх зэргээр дурджээ. Гэтэл өнөөдрийг хүртэл түүний эрхэлж байсан *******ийн ажлын байранд хүн томилоогүй тул манай байгууллага *******гүй, машин гражид тавигдсан байгаа ба *******ыг ажлаас гарснаас хойш огт хөдөлгөөнд ороогүй билээ. Сэтгэл зүйн хүнд дарамтад орсон эмэгтэй ажилтан, цочролд орж шокноос гарч чадахгүй байгаа хамт олон, тэдгээрийн гэр бүлийнхнийг хараад миний бие удирдах ажилтны хувьд хамт олны сэтгэл санааг хэвийг байлгах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй хүний хувьд хамт олон, гэр бүлийн хүрээнд ёс зүйгүй үйлдэл гаргасан *******ыг ажлаас чөлөөлсөн. Олон нөхцөл байдлын улмаас, хууль тогтоомжийн дагуу ******* *******ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

3.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь:

1.Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн *******гийн захирлын 2017 оны 1 сарын 2-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ******* *******ын ажилтан, *******оор томилогдсон бөгөөд Дундговь аймгийн *******гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 7 сарын 5-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

Ажил олгогч нь 2021 оны 7 сарын 5-ны өдрийн Б/09 тоот тушаалыг гаргаж, Т *******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон байгууллагын дотоод журмын 4.3.3-т тус тус заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар чөлөөлөхөд "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлөхөөр хуульчилж өгчээ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан болох нь тогтоогддоггүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж заасан.

Ажил олгогчоос *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 4 3.3 дахь заалтыг баримталсан. Тус заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гэсэн ойлголтод дараах хэлбэрийн зөрчлүүдийг хамруулна гэж тусгаж өгсөн байдаг.

Хэргийн материалд *******гийн захирлын 2018 оны 9 сарын 13-ны өдрийн А/15 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам авагдсан бөгөөд журмын 4.3.3 дахь заалтад 6 төрлийн зөрчлийг зааж өгсөн. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Тухайлбал хөдөлмөрийн гэрээний 4.3.3-т заасан эдгээр 6 төрлийн зөрчлөөс аль нэгийг гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөхөөр ажил олгогч байгууллагаас Хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж өгсөн. Тухайн 6 төрлийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчлөөс гагцхүү аль зөрчлийг нь нэхэмжлэгч ******* гаргасан гэж үзэж ажил олгогчоос чөлөөлөх тушаал гаргасан эсэх нь тодорхойгүй, хуульд нийцээгүй буюу чөлөөлөхөд баримталсан заалтыг хэрэглэхэд хуульд заасан шаардлагыг харгалзан үзэлгүйгээр чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон.

******* нь Дундговь аймгийн *******гийн хамт олны хамтаар 2021 оны 7 сарын 4-ний өдөр буюу амралтын өдрөөр, ажлын бус цагаар хөдөө байж байгаад * гэмт хэрэгт холбогдсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх нь тодорхойгүй, *******ыг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад энэ бол байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил байна гэж үзээд ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл *******ын гаргасан гэх зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн үйлдэл биш юм.

2.Шүүх *******ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар ажлаас чөлөөлснийг ажлаас халсан гэх дүгнэлтийг хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг иш татан, илт мушгин гуйвуулж, илтэд нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан.

Өөрөөр хэлбэл *******ыг 2021,07.05-ны өдөр Б.Рэнцэнхандад бэлгийн хүчирхийлэл үйлдэж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.3.3-т хэд хэдэн зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байх бөгөөд ажилтан уг зөрчлийг гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэйг заасан байна гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтын хэлбэрийг сонгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор үнэлээгүй, ойлгомжгүй байна. *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг баримтлаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зохицуулалтад тавигдах хуульд заасан шаардлагыг ажил олгогч хангаагүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн бөгөөд шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй сахилгын шийтгэлийн хэлбэрийг сонгож, ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00058 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг баримтлан шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж, талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт өгч гарсан, талуудын мэтгэлцээний зарчмыг хангаж, эдлэх эрхийг нь бүрэн хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эдлэх эрхийг зөрчөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндэслэлээр шүүхэд хандсан бол хариуцагч Дундговь аймгийн ******* нь тус байгууллагад *******, ******* *******ийн ажил гүйцэтгэж байсан ******* нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халсан гэж тайлбарлажээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүх маргааныг хянаад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс *******ыг ёс зүйн зөрчил гаргаагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гэж үзэх 6 зүйл заалтад нэхэмжлэгчийн бусдыг хүчирхийлсэн асуудал нь хамаарахгүй гэж гомдол гарган маргаж байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхдээ хөдөлмөрийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гарсан эсэх асуудалд анхаарлаа хандуулж шийдвэрлэсэн байна. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас халахдаа ажилтан *******ыг ажлаас халах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэстэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

Нэхэмжлэгч ******* нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогч нь тухайн байгууллагын ажилтан байсан, нэр төр, сэтгэл санааны ноцтой хохиролд учирсан болохоо хамт олон болон байгууллагын удирдлагад мэдэгдэн байгууллагын ажилтнуудын хуралдаанаар ёс зүйн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэгч ******* нь бусдыг хүчиндсэн гэх хэргийн улмаас эрүүгийн хариуцлага хүлээж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн тухай сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хавтаст хэрэгт нотлох баримтаар авагджээ.

*******гийн зүгээс батлан мөрдөж байсан хөдөлмөрийн дотоод журамд ажилтан нь хамтран ажиллагсад ...-д дарамт шахалт үзүүлэх, доромжлох зэргээр хуулиар хамгаалагдсан эрх чөлөөнд халдахыг эрс хориглохоор заасан байжээ.

Өөрөөр хэлбэл ажлаас халсан үндэслэл нь түүний тухайн үйлдэлдээ эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 134-138-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрлэлт нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч талын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 139/ШШ2022/00058 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 

Х.ГЭРЭЛМАА