Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 226/МА2022/00018

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12-ны өдөр            226/МА2022/00018                                   Хэрлэн сум

 

 

 

 

Х.Э-, Н.Н-, Н.Б- нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч ХА-н ШШГ,

ХА-н ЦГ-т холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00018/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч  Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Х.Э-, Н.Б-,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 157/ШШ2022/00014 дугаар шийдвэртэй Х.Э-, Н.Н-, Н.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ХА-н ШШГ-419 анги, ХА-н ЦГ-т тус тус холбогдох “Төрийн албан хаагч нарын албан үүргээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйгээс учирсан гэм хорын хохирол 3651 толгой мал, 284.346.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Э-, Н.Н-, Н.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.Э-, Н.Н-, Н.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нэхэмжлэлтэй Б-д холбогдох “Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс мал, хөрөнгөө гаргуулан авах" шаардлага бүхий иргэний хэрэгт маргаж буй эд хөрөнгийг хамгаалахаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 156/Ш32018/00757 дугаартай шүүгчийн захирамж гарч 1611 толгой мал, түүний төл, 613 ямаанаас гарах 184 кг ноолуур /ноолуурыг борлуулсан бол үнэ 19.136.000.00 төгрөг/, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, малын хашаа, саравч зэрэг хөрөнгийг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах зэргээр бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагч Б-д даалгасан.

ХА-н ШШГ нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж маргаан бүхий эд хөрөнгийг битүүмжилсэн.

Шүүх маргааныг хянан шийдвэрлэх явцад Б- болон түүний нөхөр Т нар битүүмжилсэн малыг дур мэдэн захиран зарцуулж ашиглаж байсан.

Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн хөрөнгийн хамгаалалтыг өөрчлүүлэх, тоолуулах талаар удаа дараа Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, ХА-н ШШГ, ХА-н ЦГ-т хандан гомдол гаргасан боловч мал бүхий хөрөнгийг хамгаалах талаар ямар ч арга хэмжээ аваагүй.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нарын хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйгээс болж өнөөдрийг хүртэл бид амьжиргааны эх үүсвэр болох мал, эд хөрөнгөгүй болж хохирсоор байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ипотекийн зээлээр худалдан авсан, одоо амьдарч буй орон сууцаа банкинд хураалгаж гудамжинд гарахгүйн тулд өндөр настай эцэг, эхийнхээ тэтгэвэр, ах дүү нарын дэмжлэгээр арай ядан банкны зээлээ төлсөөр өнөөдрийг хүрсэн. Охин Н.Н-гийн сурч боловсрох, өмсөж эдлэх энгийн хэрэгцээг хангах ч орлогогүй болоод байна.

Иймд иргэн Х.Э-, Н.Н-, Н.Б- бидний Үндсэн хуулиар олгогдсон “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан төрөөс 3818 толгой мал, 284.346.000 /хоёр зуун наян дөрвөн сая гурван зуун дөчин зургаан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ШШГ-419 ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан баталгаажуулах ажиллагааг буюу хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн.

Х.Э-гийн зүгээс мал зарж борлуулаад байна гэх гомдол гаргахад 2019 оны малын тооллогыг аваад, 2018 оны малын тооллоготой харьцуулж үзэхэд 200 гаруй тооны малын зөрүү гарсан. Эд нар малаа үрээд байна уу, борлуулаад байна уу гэдгийг нотлуулахаар цагдаагийн байгууллагад эрх хэмжээнийхээ хүрээнд гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагад хандсан үеэс эхлээд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа түдгэлзсэн.

Хэрэг шалгагдаж байгаад “Б-, Тэгшбуян нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 7-д заасан гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Хэнтий аймгийн Прокурорын газраас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тогтоол гарч эрүүгийн хэргийг хаасан. Уг тогтоолд Х.Э- гомдол гаргаагүй учир тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн захирамж биш, төлбөр авагч, төлбөр төлөгч гэсэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, гагцхүү шүүх ямар шийдвэр гарахаас шалтгаалж урьдчилан хамгаалж, баталгаажуулах тухай захирамж юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6-д “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийн дагуу баталгаажуулна” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх баталгаажуулах ажиллагаа эхэлсэн. 757 дугаартай захирамжид гүйцэтгэх хуудас бичигдээгүй. Гүйцэтгэх баримт бичиг бичигдээгүй учир 44, 56 дугаар зүйлд заасан ажиллагаанууд үүсээгүй.

Энэ иргэний хэрэг 2021 оны 03 сард эцэслэн шийдвэрлэгдсэн, нэхэмжлэгч талд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрх нь одоо ч, цаашид ч нээлттэй хэвээр байгаа. Гэтэл албадан гүйцэтгэх хүсэлтийг одоо болтол өгөөгүй байна.

Б-, Т нар нь 2021 оны 12 сарын 03-ны өдөр хил давж алга болсон гэдэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед болсон асуудал гэдэг нь хавтаст хэргийн нотлох баримтаас харагдаж байна” гэв.

 

Хариуцагч ХА-н ЦГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар Б- битүүмжилсэн малыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхыг тогтоож өгсөн байхад “оторлох” нэрээр тухай сумын нутаг дэвсгэрээс дур мэдэн гарсан байдаг.

Шүүхийн шийдвэрийн ажилтнууд хаана байгааг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсээд 2019 оны 08 сард тус цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тус гомдол мэдээллийг цагдаагийн газар хүлээн аваад 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 193900500 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Энэ хугацаанд иргэн Х.Э-гаас гаргасан гомдол мэдээллийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран тооллого шалгалтыг хийе гэх албан бичиг, хүсэлтийг удаа дараа хүргүүлсэн боловч хамтарч тооллого хийх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Мөрдөгчөөс Б-, Т нарыг албадан ирүүлэхээр тогтоолыг хоёр  ч удаа гаргасан байдаг. Б-, Т нарт эрүүгийн хэрэг үүсгээгүй, яллагдагчаар татаагүй учир ямар нэгэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй байсан.

Б-, Т нар нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны хооронд оршин суугаа газраасаа алга болж, А боомтоор хил гарсан болох нь тогтоогдсон. Эдгээр иргэдийг эрэн сурвалжлагдаж байна гэж интерполын байгууллагад 2 ч удаа хандсан мөрдөгчийн зүгээс эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн байдаг.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс өмнө Б-, Т нар нь шүүхийн хариуцуулсан малыг зарж үрэгдүүлсэн нь нөхцөл байдал тогтоогдож, үүнээсээ үүдээд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гомдол гаргасан байдаг. Тэгэхээр мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Г.Цэнгэлмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч нар нь албан үүргээ биелүүлээгүй, удаа дараа сануулж, гомдол гаргаж байхад ажиллагаа хийгээгүйгээс иргэн Х.Э- хохирсон. Иймд иргэн Х.Э-д хөрөнгө гаргуулж өгөх нь зөв” гэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 157/ШШ2022/00014 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Э-, Н.Б-, Н.Н- нарын нэхэмжлэлтэй ШШГ-419 анги, ХА-н ЦГ-т холбогдох 3651 /гурван мянга зургаан зуун тавин нэг/ толгой мал, 284.346.000 /хоёр зуун наян дөрвөн сая гурван зуун дөчин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 7,996,451 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 142,893 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргаж нэхэмжлэгч нарт олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Э-, Н.Н-, Н.Б- нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

1. Маргааны зүйлийг шүүх тодорхойлсон үндэслэлээр буруу дүгнэж шийдвэрлэсэн байна. Маргааны шаардлага нь Иргэний хуулийн 498 дугаар зүйл бөгөөд анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу “битүүмжилсэн эд хөрөнгө” бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах” 4 дүгээр бүлгийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-т “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөнд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх...” гэж заасан ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуулиар хүлээсэн үүрэг болохыг шүүх анхаарсангүй.

Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж хариуцагч нараас нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 ба 11.2-т заасныг иш үндэс болгосон нь буруу болжээ. Учир нь шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн эд хөрөнгийг битүүмжилж байгаа шүүхийн шийдвэр гарцаагүй биелэх нөхцөлийг хангаж байгаа үйл ажиллагаа юм.

Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн эд хөрөнгө үрэгдээд байгаа талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа нэхэмжлэгчийн үйлдэлд хуульд заасан нөхцөл журмын дагуу ажиллаагүй төрийн албан хаагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь орон гэргүй амьжиргаагаа залгуулах аж ахуйгүй бусдын гэрт хорогдож байгаа үйл баримтад дүгнэлт хийгээгүй байна. Шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэг төрөл тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг чандлан биелүүлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн газрын үүрэг болохыг шүүх анхаарсангүй.

 

2. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэлдээ “...төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хохиролд шалтгаант холбоо байх шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн шууд болон болгоомжгүй үйлдлээс бусдад хохирол учирсан байхыг шаарддаг” гэсэн дүгнэлт хийжээ. Шалтгаант холбоо гэсэн байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх эрүүгийн эрх зүйн ойлголтыг хэрэглэсэн нь буруу болжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь буруу байх бөгөөд Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тодорхой бөгөөд ойлгомжтой хуульчилсан байхад хуулийг чандлан сахих тангараг өргөсөн шүүгч хуулийг дур мэдэн буруу тайлбарлан хэрэглэн Улсын Дээд Шүүх хууль тайлбарлах эрхийг үгүйсгэсэн байна.

 

3. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэлдээ “энэхүү маргаанд төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдож байна. Тухайлбал: ХА-н ЦГ-н газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э хуульд заасан эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс сахилгын шийтгэл хүлээж байсан, энэхүү эс үйлдэхүйгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийсэн боловч яг хуулийн эсрэг дүгнэлт хийж хууль зөрчсөн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр нь ямар ч байдлаар авч үзсэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван ес дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэнцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргажээ.

 

4. Шүүх нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг анхаараагүй байна. Шүүхийн шийдвэр зөвхөн  нотлох баримтад тулгуурлах ёстой бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй энэ талаар дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Х.Э-, Н.Н-, Н.Б- нарын амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Х.Э-, Н.Б-, Н.Н- нар нь хариуцагч ХА-н ШШГ-419 анги, ХА-н ЦГ-т тус тус холбогдуулан “Үндсэн хуулиар олгогдсон бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэснийг баримтлан 3818 толгой мал, 284.346.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ХА-н ШШГ нь “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь гүйцэтгэх хуудас биш учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан бүхий л үйл ажиллагааг явуулах боломжгүй тул манайх хийх ёстой ажиллагааг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй”

 

Хариуцагч ХА-н ЦГ- нь “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө Б- нь битүүмжилсэн малыг зарж үрэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байсан, мөн Б-ыг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байсан тул мөрдөгчийн буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж  тус тус мэтгэлцсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Э-, Х.Б, Н.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох “өв залгамжлалаар ноогдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын хүсэлтээр Х.Б-ын эзэмшилд байгаа 12 толгой тэмээ, 250 толгой адуу, 356 толгой үхэр, 380 толгой хонь, 613 толгой ямаа, нийт 1611 толгой мал, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, 613 толгой ямаанаас гарах 184 кг ноолуур түүний үнэ 19.136.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулах бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагч Н.Б-д даалгасан байна /хавтаст хэргийн 31-32 хуудас/.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 359 дугаартай шийдвэрээр Х.Э-, Н.Н-, Х.Б нараас гаргасан өв залгамжлалаар ноогдох хэсгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Б-аас 1567 тооны мал, түүний төл 391 толгой мал, “Пажеро” машин, 5 ханатай гэр, 4 ханатай гэр, хашаа саравч, 2018, 2019 оны ноолуурын үнэ, мөнгөн тоногтой хэт хутга, эртний хаш чулуун мөнгөн тоноглолтой гаанс зэргийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай тогтоолоор хэвээр үлдээснээр хүчин төгөлдөр болжээ /хавтаст хэргийн 90-124 хуудас/.

 

Хэнтий  аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн  шийдвэр гүйцэтгэгч О.М нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Н.Б-ын эзэмшилд байгаа 5 ханатай гэр, 4 ханатай гэр, 3 толгой тэмээ, 201 толгой адуу, 3 толгой унага, 296 толгой үхэр, 34 толгой тугал, 525 толгой ямаа зэрэг малыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу битүүмжилсэн байна /хавтаст хэргийн 163-167 хуудас/.

 

Талуудын маргааныг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Н.Б- нь битүүмжилсэн мал, эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх үүргээ эс биелүүлж, мал эд хөрөнгийг дур мэдэн зарцуулсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

 

ШШГ-419 ангийн дарга Д.Х-с 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1/927 дугаартай албан бичгээр ХА-н ЦГ-т “хариуцагч Н.Б- битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан” тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгөх талаар гомдол гаргасан, мөн хариуцагч Н.Б-д 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1/967 дугаартай албан бичгээр “цагдаагийн газарт гомдол гаргасан, битүүмжилсэн эд хөрөнгийг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг мэдэгдсэн ба шийдвэр гүцэтгэгч Б.Н-ээс шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн байна /хавтаст хэргийн 191-193 хуудас/.

 

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Э 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, “хариуцагч Н.Б-ыг цагдаагийн нэгдсэн эрэн сурвалжилах ASAP санд үргэлжлүүлэн эрэн сурвалжилах, хил хамгаалах ерөнхий газраас дээрх холбогдогч нарын хилийн лавлагааг дахин гаргуулах, нотлогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоох” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хугацааг удаа дараа сунгасан /хавтаст хэргийн 168- 188 хуудас/ байх бөгөөд Хэнтий аймгийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 273 дугаар тогтоолоор “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 118-119 хуудас/.  

 

            Хил хамгаалах ерөнхий газраас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2-5 а/240 дугаартай албан бичгээр Б.Т, Н.Б- нар нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А авто замын боомтоор улсын хилээр гарсан талаар цагдаагийн газарт хариу албан бичиг ирүүлжээ /хавтаст хэргийн 12 хуудас/.

 

            Хариуцагч ШШГ-419 анги нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 757 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг гаргасан, хариуцагч Н.Б- нь битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан, мөн хариуцагч ХА-н ЦГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдогч Н.Б-ыг эрэн сурвалжилах ажиллагаа явуулж улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон, мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан зэрэг хариуцагч байгууллагуудын хуульд заасны дагуу хийгдсэн ажиллагаануудыг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүх “төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан  хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан” шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг хангажээ.

 

Давж заалдах гомдлын тухайд:   

Нэхэмжлэгч нар нь хариуцагч ШШГ-419 анги болон ХА-н ЦГ-аас Иргэний  хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар гэм хорын хохирлыг шаарджээ.

 

Шаардах эрх хангагдах урьдчилсан нөхцлүүдэд: 1. гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэл, 2.бусдын  эд хөрөнгөнд гэм хор учирсан байх, 3. үйлдэл /эс үйлдэл/ учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, 4.түүний гэм буруу/ санаатай буюу болгоомжгүй байх шинжүүдийг хууль тогтоосон байна. Эдгээр 4 нөхцөл бүрдэж байж гэм хорыг арилгах үүрэг үүснэ.

 

Хариуцагч ШШГ-419 анги болон ХА-ны ЦГ-аас албан хаагчдаас хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас нэхэмжлэгч нарт гэм хор учирсан гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасан зааснаар гэм хорыг арилгах үүрэг үүсээгүй байна. 

 

Түүнчлэн хариуцагч ХА-н ЦГ-н Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Э Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.4-т зааснаар цагдаагийн цолыг бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан сахилгын шийтгэл тул гэм хорын хохирлыг хариуцуулсан хуулийн хариуцлага биш юм.

 

Иймд нэхэмжлэгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.399.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 157/ШШ2022/00014 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.399.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хянатын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.БОЛОРМАА

                                   ШҮҮГЧИД                                    Б.ДЭНСМАА

                                                                                                  Я.АЛТАННАВЧ