Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00859

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00859

 

 

 

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00477 дугаар шийдвэртэй,

Г.Э-ийн нэхэмжлэлтэй

Ц.М-ад холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г.Э-, Ц.М- нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 4,000 ам.доллар, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 17,000 ам.доллар, нийт 28,000,000 төгрөг, 21,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байрны *** тоот дахь 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.М-аас зээлийн гэрээний үүрэг 40,500,000 төгрөг 31,400 ам.доллар буюу 116,061,274 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч Ц.М- нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч мөнгөө төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах гэхэд нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст энэ талаар заагаагүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгөд ямар ч ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Э-, Ц.М- нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 4,000 ам.доллар, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг 17,000 ам.доллар, нийт 28,000,000 төгрөг 21,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Г.Э- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн хуулийн 65.1.8-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах байсан. Иргэний хуулийн 75.2.18 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил бөгөөд энэхүү хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж байгаа бол барьцааны гэрээнд заасан хариуцах хэмжээгээр хариуцах ёстой болохоос 116,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ганбаатар, Г.Уранцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Өмнө нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шүүхээс шийдвэрлээд дууссан. Гэтэл нэхэмжлэгч энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар уг нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч тал барьцааны гэрээнээс татгалзсан ба барьцааны шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Э-, Ц.М- нарын байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013787 дугаартай, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байрны *** тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах хэлбэрээр хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасан. 30,000,000 төгрөгийн, нэг жилийн хугацаатай зээлийн гэрээг 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ба тус гэрээний гүйцэтгэлийг хангуулах үүднээс барьцааны гэрээг хамт байгуулсан.

Мөн тус хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдахад дараах үндэслэл, урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн байхаар байна. Үүнд, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан буюу Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж заасны дагуу үл хөдлөх барьцаа эд хөрөнгийн шаардах эрхээ зөвхөн шүүхийн албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэрийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. Гэтэл Г.Э- нь тогтоосон журмаар үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардах эрх нь үүссэнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд тус шаардах эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргаагүй болно.

Мөн үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Миний зүгээс үүргийн гүйцэтгэлээ барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ямар нэгэн баталгаа энэ хугацаанд гаргаж өгч байгаагүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал нь зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлэгдэх зохицуулалттай тул энэ шаардлага мөн хангагдаагүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн гэсэн ч шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаар бүхий захирамж гарснаас хойш 6 жил гаруй хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа мөн л дууссан болно. Иргэний хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

3. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шаардаж буй 116,061,274 төгрөгийг бүхэлд нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах хэлбэрээр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээний 1 дэх хэсэгт Зээлдүүлэгч Г.Э- зээлдэгч Ц.М- нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ-ний барьцаанд 45,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байна гэж тодорхой заасан. Хариуцагч Ц.М-ын зүгээс дээрх орон сууцыг гуравдагч этгээдээс зөвшөөрөл авч барьцаалахдаа зөвхөн 30,000,000 төгрөгийн хэмжээнд барьцаалах зөвшөөрөл авч барьцаанд тавьж, барьцааны гэрээг танилцуулж байсан. Харин нэхэмжлэлийн нэмж нэхэмжлээд байгаа ам.доллар нь уг барьцааны гэрээнд хамааралгүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч Г.Э- мэдэж байгаа болно.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар 116,061,274 төгрөгийг хариуцагч Ц.М- нь хүлээн зөвшөөрсөн ч уг шүүгчийн захирамжаар талууд 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 116,061,274 төгрөгийг хэмжээнд хангуулахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Гуравдагч этгээд Ц.Ганбаатар, Г.Уранцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Гуравдагч этгээдүүдийн зүгээс Ц.М-ад 2011 онд өөрийн өмчлөлийн орон сууцыг 30,000,000 төгрөгийн хэмжээнд барьцаалах эрхийг олгож итгэмжлэл олгосон. Тухайн үед Ц.М- нь олгосон итгэмжлэлийн хүрээнд 30,000,000 төгрөгийг Г.Э-ээс зээл авсан тухайгаа бидэнд мэдэгдэж, гэрээг танилцуулж байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс барьцааны гэрээнд хамааралгүй буюу 75,561,274 төгрөгийн хэмжээгээр хэтрүүлэн барьцааны үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрсөн. Дээрх барьцааны гэрээний дагуу үндсэн хүүгийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 10,500,000 төгрөг, нийт 40,500,000 төгрөгийн хэмжээнд барьцааны хөрөнгөөр хангуулах нь хууль болоод гэрээнд нийцнэ.

Мөн Иргэний хуулийн 75.2.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өмнө нь уг зээлийн гэрээний маргаантай асуудлыг шийдвэрлүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа. Зээлийн гэрээний үндсэн дээр барьцааны гэрээг байгуулдаг. Зээл болон барьцааны гэрээ нь дангаараа өөр асуудал зохицуулах боломжгүй. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тасалдсан гэж зөв дүгнэсэн.

Барьцаа хөрөнгөөр хангуулж болохгүй байдалд орсон учраас хууль болон гэрээ хэлцлийн хүрээнд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дэмжиж байна.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч болон гуравдагч этгээд нар гомдолд дурдсан асуудлын талаар ямар нэгэн нотлох баримт, тайлбар гаргаж өгөөгүй. Хэрэв барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангах үүргийг биелүүлэхгүй бол үүргийг барьцаагаар хангах үр дагаврыг авчирдаг. Тэгэхээр барьцаагаар хангах үр дагавар нь үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил өмчлөлтэй холбоотой эрх, үүрэг үүснэ. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж үзэх боломжтой. Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг тодруулж, шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Ц.М-ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г.Э-, Ц.М- нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г.Э- нь 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдэгч Ц.М-ад шилжүүлэх, зээлдэгч Ц.М- нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг, сарын 3 хувийн хүүтэй эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд Ц.Ганбаатар, Г.Уранцэцэг нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013787 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байрны *** тоот дахь 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, гэрээг нотариатоор гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаар захирамжаар нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Ц.М-ад холбогдуулан 116,061,274 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нэхэмжилснийг хариуцагч зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Уг захирамжид 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн болон 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг талууд эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. Энэ захирамжаар барьцааны гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байна.

 

4. 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээний 1 дэх заалтад зээлдүүлэгч Г.Э-, зээлдэгч Ц.М- нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд 45,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэж тохиролцсон. Энэ барьцааны гэрээнд Г.Э-, Ц.М- нарын хооронд байгуулагдсан бусад зээлийн гэрээний үүрэг хамааралгүй байгааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, уг барьцааны гэрээний зүйлээр гүйцэтгэх үүрэгт талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 11-ниий өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хамааралтай болно. Харин 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээнд заагаагүй, энэ талаар барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт ороогүй байна.

 

5. Үндсэн зээлийн гэрээний үүрэг болох 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй тул барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардах эрх нь Иргэний хуулийн 87 дүгээр зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар салшгүй эрх тул мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-т заасан үүрэг гүйцэтгэснээр дуусгавар болох учиртай. Иймд дээрх гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэл гаргаснаар уг хугацаа дахин тоологдоно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэл нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нөлөөлөхгүй тул шийдлийг хэвээр үлдээв. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/00477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА