Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 236

 

Ц.О холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ц.О болон түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 321 дүгээр шүүхийн шийдвэрийг залруулсан шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 30 дугаар шүүхийн тогтоолтой, Ц.О холбогдох 21121394 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, “Баян-Өндөр Манал” компанийн байрны 1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Цийн О.

Ц.О нь “Хэнтий Хангай” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр баригдах байсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилтын 130,000,000 төгрөгийг тус компанийн 5935002169 дугаартай данснаас гаргаж, үүнээс 27,994,334 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ог албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж” шийдвэрлэсэн байна.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамжаар Ц.Ох олбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүхийн тогтоолоор 51 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.О гаргасан гомдолдоо “...“Хэнтий Хангай” ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоол /5 хх-ийн 24/, А.Балжмааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шүүгчийн захирамжийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 2, 9.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтууд мөн Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3.1, 17.3.2, 17.9 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл компанийг төлөөлөх эрх А.Балжмаад байхгүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байгаа нь хуулийг зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 16.3 дугаар зүйлийн 3, 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь заалтуудыг зөрчин анхан болон давж заалдах шатны шүүх Ц.О намайг уг мөнгийг авч хувьдаа ашигласан гэж үзсэн. Гэтэл үүнийг нотлох ямар нэгэн баримт хэрэгт огт байхгүй байхад намайг буруутгасан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хэлсэн саналдаа “Ц.Амгалан нь “Хэнтий Хангай” ХХК-ийн нийт хувьцааны 39 хувийг эзэмшигч гүйцэтгэх захирал, Ц.О нь 22 хувийг эзэмшигч нягтлан байсан. “Хэнтий хангай” ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр баригдах байсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын санхүүжилтын 130,000,000 төгрөгийг 2010 оны 12 дугаар сард компанийн данснаас гарган авч, 32,500,000 төгрөгийг Ц.Амгалан нь өөрийн Хас банкны дансанд, 32,500,000 төгрөгийг Ц.О өөрийн Төрийн банкны дансанд, 65,000,000 төгрөгийг хамтран эзэмшдэг Хаан банкны дансанд байршуулж, 38,000,000 төгрөгийг байгуулллагын тооцоонд захиран зарцуулсан тооцоо бий. Ц.О нь өөрийн Төрийн банкны дансанд байршуулсан 32,500,000 төгрөгийг мөн компанийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан.

Хаан банкны дундын дансанд байсан мөнгөнөөс 27,994,334 төгрөг дутсан бөгөөд үүнийг Ц.Ог завшсан гэх гомдлыг цагдаад гаргаж, шалгагдах үед тус мөнгөөр “Ланд круйзер 105” маркийн машин худалдан авсан бөгөөд тухайн автомашин Ц.Аийн өмчлөлд байсан учир хэрэг хаагдаж байсан түүхтэй. Ц.А өвчний улмаас нас барсны дараагаар нас барагчийн өв залгамжлагч А.Б гомдол гаргаж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг хохирогчоор тогтоосон. Анхан шатны шүүх Ц.Ог гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүхээс хэрэг буцах үед А.Балжмаа компанийн 39 хувийн өв залгамжлагч болсон. Шүүх энэ хэрэгт А.Б-г хохирогчоор тогтоосон ажиллагаа нь хууль бус юм. Учир нь А.Балжмаа “Хэнтий хангай” ХХК-ийн захирлын албан тушаалыг хүлээж авах үндэслэлгүй. Харин компанийг төлөөлөх эрх нь хуулийн дагуу олгогдсон байх ёстой. Гэтэл А.Балжмааг хохирогчоор тогтоосон нь хууль хэрэглээний алдаа болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн тогтоол, магадлал хүчингүй болох үндэслэлтэй.

Мөн Ц.О 27,994,334 төгрөгийг хувийн хэрэгцээнд ашигласан баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдоогүй. Тус мөнгөөр Ц.А “Ланд круйзер 105” маркийн автомашин худалдаж авсан бөгөөд түүнийг нас барсны дараа А.Бийн эгч өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Энэ хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийг Ц.О эс зөвшөөрч, гэм буруугийн асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийг тогтоох нь хамгийн чухал асуудал буюу төрийн сангийн эсвэл Ц.Аийн хөрөнгө эсэхийг тогтоож чадаагүй. Компанийн дундын эзэмшлийн данснаас захирал нь өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж мөнгө гаргасан. Тэгэхээр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү” гэв

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх зохицуулалтын дагуу А.Бг тогтоосон. Анхан шатны шүүх Ц.Ог албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Мөн шүүх тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулж “Хэнтий хангай” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Огийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ц.О нь “Хэнтий Хангай” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийн 27,994,334 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ц.О холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Огийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Ц.Огийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Хэнтий Хангай ХХК-нд олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хохирогчийг буруу тогтоосон гэх шүүгдэгчийн гомдол үндэслэлгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тус компанийн 39 хувийг хувьцааг эзэмшигч А.Бг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулан хэргийг шийдвэрлэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй юм.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Огийн гаргасан “...хохирогчийг буруу тогтоосон, ..хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ...гэм бурууг нотолж чадаагүй” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 321 дүгээр шүүхийн шийдвэрийг залруулсан шүүгчийн захирамж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Огийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН