Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0427

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2018/0427

Улаанбаатар хот

 

 

 

 

“Б х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэртэй, “Б х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэрээр: Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.19-д заасныг баримтлан “Б х х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Сонгон шалгаруулалтын холбогдох хууль журмаа зөрчиж гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “С б н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн/-ийн 628 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч болох “Б х х” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч “Б х х” ХХК нь 2018 оны 1-р сарын 02-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр анхан шатны шүүхийн 128/Ш32018/0244 дугаартай захирамжаар Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг дахин гаргасан билээ.

Ийнхүү Сонгон шалгаруулалтын холбогдох хууль журмаа зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “С б н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн 628 дугаартай шийдвэрийн хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтын зарласан нөхцөл, зохих журмын дагуу цаг хугацаанд нь тендерийн материалаа хүргүүлэн оролцсон хуулийн этгээдүүдийн тендерийн материалыг зохих журмын дагуу дахин хянан шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг үүсгэн шийдвэрлэсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу маргаан бүхий сонгон шалгаруулалтын баримт бичиг /Сонгон шалгаруулалтын санал/-т үзлэг явуулсан бөгөөд үүний үндсэн дээр тодорхой баримт, мэдээллийг цуглуулан авсан байдаг. Энэхүү мэдээллийн үндсэн дээр нэхэмжлэгч тал нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр хамтран хариуцагчаар Сонгон шалгаруулалтын комиссын даргыг татах хүсэлийг гаргасан боловч шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн “Сонгон шалгаруулалтын комиссын Дарга нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байдаг тул хамтран хариуцагч татах шааролагагүп” гэх тайлбарыг үндэслэн хүсэлтийг хүлээн аваагүй.

Хэрэг маргаанд хариуцагчаар оролцох нэхэмжлэгч сонгодог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү сонгох эрхэд халдан хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй шийдвэр болжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр үндэслэн хамтран хариуцагчаар “Сонгон шалгаруулалтын комиссын дарга”-ыг татах хүсэлтийг хангахгүй байх хуулийн үндэслэл алга байна.

Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан бөгөөд сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулсан албан тушаалтан нь Сонгон шалгаруулалтын комиссын дарга /Кадастрын хэлтсийн дарга/ байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/Ш32018/3409 дүгээр захирамжаар нэхэмжлэгч талаас гарган өгсөн дуу дүрсний бичлэг бүхий нотлох баримтыг хэргийн оролцогчдын хэн алиных нь хүсэлтгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлан хэрэгт авагдсан 1 ширхэг СD бүхий дүрс бичлэгийг хэргийн материалаас хассан.

Энэ нь Захиргааний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй гэсэн заалтыг илтэд зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн дуу дүрсний бичлэгийг гаргуулан авах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-д заасан үүргийг хэрэгжүүлэн гарган өгсөн, шүүхээс шаардах эрхийг эдлэхээр гаргасны нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь ойлгомжгүй байна.

Нөгөө талаар анхан шатны шүүхийн дээрх захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “... хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг нотлох баримтаас хасна” гэсэн ойлголтоос өөр ойлголт гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хуурамч. хууль бус аргаар олж авсан гэх талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр байхгүй байхад урьдаас таамаглал дэвшүүлэх замаар нотлох баримтаас хасч байгаа нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасанчлан нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч эсхүл хамтран хариуцагчид нь хэн нэгийгээ томилох замаар өөрсдийгөө төлөөлүүлэн оролцож болохыг зохицуулсан. Учир нь хэргийн оролцогч С.Д нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Кадастрын хэлтэс /Сонгон шалгаруулалтын комиссын даргаас тус тус итгэмжлэл аван хэрэг маргаанд оролцсон байгаа/

Хэрэв анхан шатны шүүх шийдвэрлэх ажиллагааны явцад олж цуглуулсан баримтыг үндэслэн хариуцагч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс биш гэж үзсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй болно. Гэвч анхан шатны шүүх 25.2-д заасан үүргээ биелүүлээгүй нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 1.2-т “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Ашигт малтмал, газрын тосны газар/ зохион байгуулахааар зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст бие дааж захиргааны акт гаргах эрх бүхий Сонгон шалгаруулах комисс, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нар тус тус гаргасан байна” гэж дүгнэсэн атлаа хамтран хариуцагчаар сонгон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06-р сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралт “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шадгаруулалтын комиссын бүрэлдэхүүн” шалгаруулалтын комиссын дарга /Кадастрын хэлтсийн дарга/-ыг татах үүргээ үндэслэлгүйгээр хэрэгжүүлээгүй нь ихэд ойлгомжгүй байна.

Шийдвэрийн 14 дэх талд “С б н” ХХК-ийн төлөөлөл 2017 оны 10-р сарыи 12-ны өдрийн 07 цаг 00 минутаас өмнө саналаа өгөхөөр ирсэн гэсэн ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад ирсэн мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-д заасныг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болжээ

Мөн “Харин тодорхой бус С б н ХХК-иас үл хамаарах шалтгаанаар сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга 17 цаг 00 минутаас өмнө уг компанийн санал хүргүүлээгүй тул саналыг хүлээн авахгүйгээр санал бүртгэх дэвтрийг хааж тэмдэглэл үйлджээ” гэж дүгнэхдээ Сонгон шалгаруулалтын саналыг бүртгэх дэвтрийг ишлэжээ. Гэвч энэхүү дэвтрээс тодорхойгүй ямар ч шалтгаан олж харагдахгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүх тодорхой бус нөхцөл байдал, хэрэгт авагдаагүй үйл баримтад дүгнэлт өгсөн, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхэд хуулиар үүрэг болгосон арга хэмжээг хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2, 106.4-д заасныг зөрчсөн шийдвэр байх тул өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хамтран хариуцагчийг таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч “Б х  х” ХХК нь анх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын томилсон Сонгон шалгаруулалтын комиссын хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах, хамгийн өндөр үнэлгээ авсан дараагийн оролцогч Б х х ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахыг даалгах” шаардлага гаргасан боловч  нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүхээс хугацаа тогтоосны дараа гаргасан нэхэмжлэлдээ зөвхөн Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар тодорхойлжээ.

            Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... сонгон шалгаруулалтын комиссын хууль бус ажиллагаа байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч хариуцагч Кадастрын хэлтсийн даргын буруутай үйлдэл биш тул нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй” гэж дүгнэсэн байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчаар Сонгон шалгаруулах комиссыг татуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа дээрх байдлаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна.” гэж заасантай нийцэхгүй байна.

            Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхтэй бөгөөд Сонгон шалгаруулалтын комисст холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай.

            Учир нь нэг талаас нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх буюу ямар эрхээ хэрхэн хамгаалуулах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч дээрх хуулийн 53.3-д зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хугацаа тогтоож нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын гаргасан захиргааны актын улмаас хөндөгдсөн, уул эрхээ хамгаалуулахаар шаардлагаа гаргах, зөвтгөн өөрчлөх боломжийг шүүхээс олгож байх үүрэгтэй.

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6.2-т “Сонгон шалгаруулалтын комиссын гишүүн нь геологи, уул уурхай, зураг зүй, хууль эрх зүйн мэргэжилтэй, геологийн судалгаа, хайгуул, ашиглалтын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай байна” гэж, 10.1-д “комисс нь ... хамгийн өндөр оноо авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар дүгнэлт гаргаж төрийн захиргааны байгууллагын даргад ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл эрх бүхий этгээдийн тушаалаар томилогдсон тусгай мэргэжлийн этгээдээс бүрдсэн, бие дааж дүгнэлт гаргах эрх бүхий, байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр зохион байгуулагдсан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан захиргааны байгууллага гэж үзэхээр байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, сонгон шалгаруулах комиссын дүгнэлт, үйл ажиллагааны талаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөх эсэхийг тодруулж, мөн хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар татах эсэхийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмаар явуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч “Б х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ