Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00861

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00861

 

 

Т.Э-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00446 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ГБ ХХК-д холбогдох,

2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, Б.Р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 10,732,596 төгрөгийг гаргуулах,

1.2. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай.

Т.Э- нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ГБ ХХК Суваг удирдлагын газарт хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд ажилд орсон. Г-банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тус ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1914 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Э-г ГБ ХХК-ийн хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8,109,072 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ГБ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 521 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. ГБ ХХК нь Дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 521 дүгээр тогтоолыг биелүүлээгүй, Т.Э-г ГБ ХХК-ийн хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байгаа хугацааны олговрыг гаргуулахаар шүүхэд хандсан. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр 2019 оны 11 сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,676,430 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 625 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 310 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар шийдвэр гаргах өдөр хүртэлх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл ГБ ХХК нь ажилд эргүүлэн томилох тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Т.Э- нь одоо хүртэл ажилгүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг өгөхгүй байгаа.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1914 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Т.Э-гийн 1 сарын дундаж цалин хөлс 1,311,762 төгрөг, 1 хоногийн дундаж цалин хөлс 59,625 төгрөг төгрөг болохыг тогтоосон. Түүний ажилгүй байсан хугацааны олговор нь 2021 оны 2 дугаар сарын 06-ний өдрөөс 2021 оны 10 дүгээр сарын 10-ны өдөр /нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 8 сар 04 хоногийн хугацаанд нийт 10,732,596 төгрөг /1,311,762*8 + 59,625*04/ болж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

ГБ ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагааг гүйцэтгэсэн, бүх талын арга хэмжээг авсан. Нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээд байтал нэхэмжлэгчээс дахин шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 182/ШШ2021/00385 дугаар шийдвэрээр Т.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.ГБ ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэр, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2021/00385 дугаар шийдвэрийг тус тус сайн дураараа биелүүлж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,109,072 төгрөг, 19,676,430 төгрөгийг тус тус олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох нөхөн бичилтийг хийсэн. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байна. Учир нь ГБ ХХК-ийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсноор нэхэмжлэгчийн өмнөх албан тушаал нь цомхотгогдож Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дүгээр шийдвэрт дурдсан ажил албан тушаалд нэхэмжлэгчийг томилох боломжгүй болж түүнд Хөдөлмөрийн тухай хуульд заасан адил чанарын өөр албан тушаалуудад томилох ажиллагааг удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хамт явуулсан. Уг адил чанарын өөр албан тушаалууд нь хуульд заасан дүйцэх албан тушаалд бүрэн нийцэж байгаа бөгөөд зарим талаар түүний эрх зүйн байдал, хөдөлмөрийн нөхцөл /цалин өндөр, төвийн нэгж гэх мэт/-ийг дээрдүүлсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь ГБ ХХК-аас санал болгосон ажлын байруудыг удаа дараа санаатайгаар саад учруулах буюу хүлээн авахаас татгалзахдаа ...шүүхийн шийдвэрт заасан хувийн хэлтсийн менежерийн ажилд орох ёстой, ..хүмүүс удирдах албан тушаалд орох ёстой, цаашлаад шинээр орон тоо бий болго... гэх мэт тайлбарыг өгч, ажиллах байрыг дур мэдэн, өөрийн хүслээр шууд нэрлэн сонгох зэрэг хууль бус үйлдэл гаргасаар цаашид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай болсон.

Хэрэв Т.Э-гийн хүсэлтээр түүний нэрлэн заасан борлуулалт хийдэг, борлуулалтын менежер-ийн албан тушаалд томилох тохиолдолд тухайн албан тушаалд одоо ажиллаж байгаа өөр бусад ажилтны Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөх, байнгын ажлын байранд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хууль бусаар дуусгавар болгох үр дагавар бий болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд өөр бусад гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчигдөнө. Хууль тогтоогчоос мөн энэхүү нөхцөл байдлыг харгалзаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэсэн зохицуулалтыг хуульчилж өгсөн байна. ГБ ХХК нь Хөдөлмөрийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг томилох боломжтой түүний өмнөх ажил албан тушаалтай адил чанарын, шууд томилох боломжтой сул орон тоо бүхий ажил албан тушаалд томилохоор санал болгох үүргээ удаа дараа биелүүлсэн.

Харин Т.Э- нь дээрх нөхцөл байдлыг өөрөө бий болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан атлаа дахин шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,732,596 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй Шүүхийн шийдвэрт дурдсан ажил албан тушаалд нэхэмжлэгчийг томилох боломжгүй болж томилох ажиллагааг удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хамт явуулсан.

Тухайлбал, нэхэмжлэгч ажиллаж байх үед ГБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/-ийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00/03 тоот тогтоолоор батлагдсан бүтэц зохион байгуулалт үйлчилж байсан.

Тухайн үед Сувгийн удирдлагын газарт Хувийн банкны хэлтэс гэх нэгж байсан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд Г-банкны ТУЗ-ийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 00/28 тоот тогтоолоор бүтэц зохион байгуулалтын шинээр баталсан. Уг шинээр батлагдсан бүтцэд Сувгийн удирдлагын газраас Хувийн банкны хэлтэс-ийг татан буулгасан. Мөн ТУЗ-ийн тус тогтоолыг үндэслэн Г-банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 231 тоот тушаалаар Сувгийн удирдлагын газрын бүтцийг баталсан тушаалаас тодорхой харагдана.

Г-банкны ТУЗ-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 00/32 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж дахин шинээр баталсан бөгөөд шинээр батлагдсан бүтцэд Сувгийн удирдлагын газар гэж байхгүй болсон. Г-банкны ТУЗ-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00/33 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж дахин шинээр баталсан бөгөөд шинээр батлагдсан бүтцэд мөн Сувгийн удирдлагын газар гэж байхгүй.

Г-банкны ТУЗ-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00/12 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж дахин шинээр баталсан бөгөөд шинээр батлагдсан бүтцэд мөн Сувгийн удирдлагын газар гэж байхгүй.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж бүтэц зохион байгуулалтыг Г-банкны ТУЗ-ийн 2021 оны 02 сарын 24-ны өдрийн 00/02 тоот тогтоолоор шинээр баталсан бөгөөд мөн Сувгийн удирдлагын газар гэж байхгүй болно.

Дээрх хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаас үзвэл Г-банкны бүтэц зохион байгуулалтад шүүхээс эгүүлэн тогтоосон Хувийн банкны хэлтсийн менежер-ийн албан тушаал нь нэгэнтээ байхгүй болсон бөгөөд байхгүй болсон хугацаанаас хойш мөн хариуцагчаас дахин бий болгоогүй нь тодорхой харагдаж байна.

Иймд өмнөх ажил албан тушаалтай адил чанарын, шууд томилох боломжтой сул орон тоо бүхий ажил албан тушаалд томилохоор удаа дараа санал болгосон ч нэхэмжлэгчээс санаатайгаар авахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нөхцөл байдлыг өөрөө бий болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулан улмаар дахин шүүхэд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ГБ ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн Т.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хүчингүйд тооцсон Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу.

4.2. Нотлох баримтыг зөв үнэлээгүй.

Ажил олгогч ГБ ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр болон 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажил байр Танилцуулах хуудас-ыг үндэслэн ГБ ХХК нь үүргээ биелүүлээгүй гэж үзэж буруутгах боломжгүй гэж дүгнэжээ. Хариуцагч ГБ ХХК нь Т.Э-г ажлаас халснаас хойш болон ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхээр тогтоогдсон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд олон удаа банкны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгджээ. Хариуцагч ГБ ХХК нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн тул Т.Э-гийн ажиллаж байсан хувийн банкны хэлтэс, түүний менежер албан тушаал нь байхгүй болсон тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, өөр ажил албан тушаал санал болгодог.

Нэхэмжлэгч нь Хувийн банкны хэлтэс нь Сувгийн удирдлагын газар харьяалагдаж байсан, хэдийгээр газар хэлтэс нэр нь өөрчлөгдөж, бүтцийн өөрчлөлт хийсэн ч миний хийж байсан ажил, хэлтсийн чиг үүргийг өөр хэлтэс хийж байх тул хариуцагчаас тайлбарлахыг шаарддаг.Хариуцагч нь Т.Э-гийн хүслийг биелүүлэхийн тулд өөр хүнийг ажилгүй болгох эрхгүй гэж тайлбарладаг.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1914 дугаар шийдвэрээр Т.Э-г ГБ ХХК-ийн Хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, Түүний үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас буюу гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгааг огт үнэлээгүй. Мөн хариуцагч ажил санал болгосон нь үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн боловч танилцуулсан ажлын байрны аль ажлын байр нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх талаар дүгнэлт хийгээгүй, эсхүл санал болгосон гэх бүх ажлын байр нь өмнөх ажлын байрны тодорхойлолттой дүйцэх талаар дүгнээгүй. Мөн ГБ ХХК-ийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эсхүл 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн танилцуулах хуудсаар үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа бол аль нь Г-банкны үүргийг биелүүлснийг нотолж байгаа талаар дурдаагүй, энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлийг хэрхэн бий болгож байгаа талаар огт уялдаа бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн нэхэмжлэгч ГБ ХХК нь үүргээ биелүүлээгүй талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагад өргөдөл гаргаж байсан баримтыг мөн үнэлээгүй.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндсэн зарчимаа зөрчиж шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажлын байр санал болгох үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн агуулгаас өөр зүйл шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно... гэх заалтын дагуу нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тайлбарласан.

Нөгөө талаас хариуцагч ГБ ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргасан бол ажлын байр санал болгосон болон үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх боломжтой, гэтэл цалин хөлсний нөхөн олговрын нэхэмжлэлд ажлын байр санал болгосон эсэхийг авч дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэх үндсэн зарчимаа зөрчсөн.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Учир нь ажил олгогч шүүхийн шийдвэр гарсан бол өмнөх ажилтантай тохиролцож ажилд томилох үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлж томилох гэхээр хүлээж авдаггүй. Манай үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй бол нөгөө тал буруу гэх логик буруу юм. Үүнийг засахгүй бол цалин хөлс нэхэмжилсэн үнийн дүн улам нэмэгдэж зогсохгүй. Санал болгосон ажлын байр нь Т.Э-гийн мэргэжилд тохирсон. Банк үүргээ биелүүлснээ нотолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Т.Э- хариуцагч ГБ ХХК-д холбогдуулан

1.1. 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,732,596 төгрөгийг гаргуулах,

1.2. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

А.1. Т.Э- нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ГБ ХХК-ийн Суваг удирдлагын газрын хувийн банкны хэлтэст менежер албан тушаалд ажилд орсон.

 

А.2. Г-банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 300 дугаар тушаалаар Т.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн.

 

А.3. Тус ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1914 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Э-г ГБ ХХК-ийн хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8,109,072 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ГБ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

 

Дээрх шийдвэр, магадлалыг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 521 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 

А.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 15 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,676,430 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 625 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 310 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

 

А.5. Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1914 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Т.Э-гийн 1 сарын дундаж цалин хөлс 1,311,762 төгрөг, 1 хоногийн дундаж цалин хөлс 59,625 төгрөг төгрөг болохыг тогтоосон.

 

А.6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01914 дугаар шүүхийн шийдвэрээр Т.Э-г ГБ ХХК-ийн хувийн банкны хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. ГБ ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, олговорт 8,109,072 төгрөг, 19,676,430 төгрөгийг тус тус олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох нөхөн бичилтийг хийсэн үйл баримт тогтоогдсон.

 

А.7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуучин ажлын байр цомхотголд орсон тухайд талууд маргаангүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 7 ажлын байр санал болгосон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Харин нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуучин ажлын байр цомхотголд орсон тул адил чанарын ажлын байрыг хариуцагч санал болгосон эсэх талаар талууд маргаж байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Комплаенсийн мэргэжилтэн, Салбар тооцооны төвийн харилцааны менежер банкир-1, банкир-2, Банкир-VIP, Цахим хамтын ажиллагааны менежер зэрэг 7 ажлын байр санал болгож, 2-3 удаа шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр уулзалт хийсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

 

Талуудын тайлбар хэргийн баримтаас үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид 6 ажлын байрны танилцуулга өгсөн буюу санал болгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. /1хх168/

 

Харин хариуцагч ГБ ХХК-ийг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9,182,334 төгрөгийг /1999 оны/ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,550,262 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/00446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГБ ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9,182,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгож, үлдэх 1,550,262 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э-гийн ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж холбогдох дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 гэснийг 3 гэж, 3 гэснийг 4 гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД