Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00860

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00860

 

 

Б.Э-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00602 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ТЦ ХХК-д холбогдох,

Ажлын хөлс 24,575,248 төгрөг гаргуулах үндсэн, хохирол болон материалын үнэ 31,040,370 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Б.Э- хариуцагч ТЦ ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 20,113,252 төгрөг, нэмэлт ажлын хөлс 12,694,000 төгрөг, материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1,186,748 төгрөг, нийт 34,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, шүүх хуралдааны явцад ажлын хөлсний үлдэгдэл тооцоог буруу тооцоолсон үндэслэлээр багасгаж, 10,694,500 төгрөг, нийт 24,575,248 төгрөг гаргуулахаар шаардсан.

ТЦ ХХК-ийн захирал Б.М- нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.Б-тэй Хан-Уул дүүргийн 15 хороо, LS plaza-д байрлах Hi Mongolian hotpot рестораны И-март дахь салбарын интерьер дотоод заслыг ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Ажиллах хүч дутмаг байсан тул Д.Б- нь Б.М-тай тохиролцсоны дагуу Б.Э- надаар гүйцэтгүүлэхээр болсон бөгөөд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын төлбөрөөс 24,440,500 төгрөгийг авсан асуудлаар маргахгүй. Дээрх ажлын төлбөрөөс үлдэгдэл 10,694,500 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээнд заагдаагүй нэмэлт ажил болох цахилгаан монтаж, гал тогооны тааз, салхивч, өрлөг, шавар, интернет, камержуулалт зэрэг ажлуудыг мөн хийж гүйцэтгэж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр СН ХХК-ийн Hi Mongolian hotpot рестораны захирал Б.Н-д хүлээлгэн өгсөн. ТЦ ХХК нь дотоод засал, цахилгаан, сангийн зураг, төсвийг гаргасан. Гэтэл ТЦ ХХК-ийн зүгээс цахилгааны утасны ажлын хөлсийг төлөөгүй. Б.М- нь гэрээнд заасан болон нэмэлт ажлын хөлсийг өгөхгүй байсан тул СН ХХК-ийн Hi Mongolia hotpot рестораны захирал Б.Н-тэй уулзахад гэрээний дагуу ТЦ ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ТЦ ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 10,694,500 төгрөг, нэмэлт ажлын хөлс 12,694,000 төгрөг, материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1,186,748 төгрөг, нийт 24,575,248 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Бид СН ХХК, ТЦ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр Д.Б- гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Д.Б- нь ажил амжихгүй, давхар ажилтай болчихлоо гээд Б.Э-т ажлыг шилжүүлсэн. Б.Э-ийн нэхэмжилж байгаа зүйл нь ор үндэслэлгүй юм. Б.Э- нь ажлаа огт хүлээлгэж өгөөгүй, дутуу хийсэн. Гэрээний үнийн дүн дээр ажлын хөлсөө 35,135,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 10,540,500 төгрөг, явцын төлбөр 10,540,500 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь ажил дуусахаар өгөхөөр болсон. Нийт гүйцэтгэх ажил болон түүний хөлс, төлбөрийн задаргааг тохиролцсон ба нийт үнийн дүн 43,919,252 төгрөгөөс компанийн шимтгэл 8,783,850 төгрөгийг ТЦ ХХК нь авахаар харилцан тохиролцсон. Нийт ажлын хөлс буюу 35,135,000 төгрөг төлөх байснаас бид гар дээр нь 24,440,500 төгрөг бэлэн өгсөн бөгөөд дансны хуулгыг хавсаргасан. Гэтэл 23,800,000 төгрөгийн ажлын хөлс авсан, үлдэх 20,119,252 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ажлын үлдэгдэл 14,054,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, бүрэн хийж дуусгаагүй, хавсралтад дурдсан зарим ажлыг хийгээгүй, зарим ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой байсан учир бид эдгээр ажлыг дахин өөрийн зардлаар өөр хүмүүсээр шинээр хийлгэсэн болно. Б.Э-ийг ажлаа бүрэн хийж дуусгахыг удаа дараа өөрийнх нь барьдаг 88073314 дугаарын утсаар болон амаар шаардаж байсан боловч элдэв шалтаг тоочин ажлыг хийж дуусгаагүй болно. Утсаар ярьсан бичлэгийг хавсаргасан. Өнөөдрийн байдлаар Б.Э-т хэрвээ ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгасан бол нийт 10,694,500 төгрөг өгөх ёстой байсан. Бидний зүгээс дутуу хийсэн ажил болон огт хийгээгүй ажил, мөн доголдолтой хийсэн ажлын хөлсийг бид өгөх үүрэггүй. Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажлын үр дүнг хүлээн авч үүний дараа хөлс төлөх үүргийг захиалагч хүлээдэг. Иймд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй, хийгээгүй ажлын хөлс 16,892,180 төгрөгийг төлөхгүй ба харин ч эсрэгээрээ Б.Э-оос илүү төлсөн цалинг буцаан гаргуулах болно. Цахилгааны холболт 12,694,000 төгрөгийг огт өгөөгүй гэж нэхэмжилсэн боловч цахилгааны ажлын хөлсийг 5,694,800 төгрөгөөс гарт олгох буюу компанийн шимтгэл 20 хувийг хасаад 4,555,840 төгрөг болж байсан ба энэ үнийг тэгшлэн 4,500,000 төгрөгөөр цахилгааны ажлыг хийхээр тохиролцсон. Харин хаанаас гэнэт ямар учиртай 12,694,000 төгрөгийг ажлын хөлс гаргаж ирснийг бол мэдэхгүй байна. Б.Э-т 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8,000,000 /цалин 4,500,000 төгрөг, материалын үнэ 3,500,000 төгрөг/, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр материал 3,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр материал 2,845,000 төгрөг, нийт 13,845,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнээс гүйцэтгэгчийн гаргаж өгсөн материалын төсөвт 6,063,100 төгрөг байсан хэдий ч зарим утас хүчин чадал хүрэхгүй гэх шалтгаанаар захиалагчаас материалын үнэ нэмж авч нийт 9,345,000 төгрөгийг цахилгааны материалд өгсөн. Харин ажлын хөлсийг нь бүрэн өгсөөр байтал түүний хийсэн цахилгааны ажил нь доголдолтой буюу 2.5 ПГБ-р холбосон ширээний кабел нь хайлсан учир дахин цахилгааны утас болон бусад материалд бид 1,000,000 төгрөг зарцуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч ТЦ ХХК-аас нэхэмжлэгч Б.Э-т холбогдуулан хариуцагчид илүү олгосон цалин 6,197,800 төгрөг, материалын үнэ 15,149,370 төгрөг, доголдлын улмаас учирсан хохирол 5,477,000 төгрөг, хугацаа хожимдуулсан алданги 4,216,200 төгрөг, нийт 31,040,370 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Анх Б.Э-той биш Д.Б-тэй хийсэн гэрээнийхээ дагуу ажлыг хөлсийг нь төлөөд ажлаа хийлгэх ёстой. Ажлынхаа хөлсийг төлөөд явж байтал Б.Э- ажлаа дуусгадаггүй, ажилчид нь ирдэггүй, чанарын шаардлага хангаагүй хийсэн учраас өөр хүмүүсээр ажлаа дуусгуулсан. Нийт 35,135,000 төгрөг ажлын хөлсөнд өгөхөөр гэрээ хийсэн. Үүн дээр нийт гар дээр 24,440,500 төгрөгийг олгосон. Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанар харшлахгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болно гэсэнтэй нийцэж байх тул Б.Э-той хамтарч ажилласан. Б.Э-ийн хэлээд байгаа шиг материал тасалдаад, захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болоод ажил хоцорсон зүйл байхгүй. Би Б.Э-т 30,201,200 төгрөгийг материалын үнэ гэж данс руу нь шилжүүлж өгсөн. Надад авсан материалын баримт гээд 16,928,730 төгрөгийн баримтыг өгсөн. Зөвхөн энэ дээрээс тооцож үзэхэд 13,272,000 төгрөгийн материалын үнийг шамшигдуулсан байна. Зөвхөн цахилгааны утас гэхэд 1 метрийг нь 2,300 төгрөгөөр авсан гэдэг. Жишээ нь зах зээлийн дундаж ханшаар 1м, 2.5-тай утас нь метр нь 700 төгрөг байдаг. Тухайн үеийн ханшаар үнийн саналыг хавсаргаад өгсөн. Мөн тухайн барилга дээр огт ороогүй прүүс буюу 700,000 төгрөгийн баримтыг бас өгсөн байсан. Материалын мөнгөн дундаас мөнгө шамшигдуулсан, давхар үнэгүй зардал гаргасныг бид нэхэмжлээгүй. Хэрэв нэг бүрчлэн баримтуудыг шүүгээд, зах зээлийн бодит ханшаар шүүгээд харахад Б.Э- нь материалын мөнгөнөөс хэдэн төгрөг шамшигдуулсан нь харагдана. Ямар нэг доголдлыг арилгуулахаар хугацаа өгөөд, ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол захиалагч тал уг доголдлыг өөрөө арилгаж, түүнтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүргийн гүйцэтгэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог. Бид нар Б.Э-ийн хийсэн цахилгааны ажлаас болоод материалд 977,000 төгрөг, цахилгааны утсыг хуулахад 480,000 төгрөг, ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг гэж нэмэлтээр өгсөн. Гэрээний үүргийн дагуу алдангийг тооцсон.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ТЦ ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэлээр гаргаж байна гэж ойлголоо. Бид ажлыг СН ХХК-ийн захирал Б.Н-д хүлээлгэж өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Нөгөө талаар илүү олгосон цалин 6,197,800 төгрөг гаргуулна гэсэн. Илүү олгосон цалин гээд байх юм, аль ажил дээр илүү цалин олгосон гэж байгаа нь тодорхойгүй байна. Ажлын хөлсөнд 24,440,500 төгрөг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд бол Д.Б- гарын үсэг зураад, 8,783,800 төгрөгийг компанийн шимтгэлд авна гээд тохирсноо Б.Э-той тохирсон мэтээр яриад байх юм. Компанийн шимтгэлд 8,783,800 төгрөгийг өгнө гэдгийг Б.Э- хүлээн зөвшөөрөөгүй. Мөн 35,135,000 төгрөгөөс илүү 6,000,000 төгрөгийн цалин олгосон гээд нэхээд байгааг ойлгохгүй байна. Хоёрдугаарт. Материалын үнэ 15,149,370 төгрөгийг бас гаргуулна гээд байна. Материалын зардал, ажлын хөлс бүгд ТЦ ХХК-ийн данс руу орсон гэдэг нь дансны хуулгаар нотлогддог. Б.Э- нь өөрөө мөнгө гаргаж материал авсан. Материалын зардлыг тухай бүрд нь ТЦ ХХК нь Б.Э- руу шилжүүлээд, Б.Э- нь шилжүүлсэн мөнгөөр нь материалаа авч байсан. Өгсөн мөнгөөр нь материал аваад, зарцуулаад явж байсныг өнөөдөр 15,149,370 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаарт. Доголдлын улмаас учирсан хохирол 5,477,000 төгрөг гаргуулна гэж байсан. Хэрэв доголдол гарсан юм бол Барилгын тухай хуулиар тухай бүрд нь актаа тавиад, засуулаад явах ёстой. Гэтэл ажлын акт ч байхгүй. Нөгөө тал нь ажлаа хийгээд дууссан байхад доголдол гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги 4,216,000 төгрөг гаргуулна гэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээнээс алдангийн талаар харсангүй. Иргэний хуулийн ямар заалтыг бариад, ямар алданги нэхэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй нэхэмжлэл байна. Hi Mongolian hotpot ресторан болон ТЦ ХХК нарын хооронд ажлыг хүлээж авсан талаар акт байхгүй. Дараагийн өөр хүмүүсээр ажлыг гүйцэтгүүлээд, өөрөө хүлээлгэж өгсөн юм шиг яриад байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасны дагуу Б.Э-оос хүлээж аваад, ТЦ ХХК-ийн Б.М-ын данс руу ажлынхаа хөлсийг шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хэрэв материалын зардал дутуу, алданги, цалин хөлсний зөрүүг нэхэх нэхэмжлэлийг ТЦ ХХК гаргах эрхгүй. Энэ бүх санхүүжилт, зардал, материалын хөлсийг Hi Mongolia hotpot ресторан гаргасан. ТЦ ХХК нь хүнээр ажлаа гүйцэтгүүлчхээд, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр нэхэхэд үүнийг төлөхгүйн тулд үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТЦ ХХК-аас нэмэлт ажлын хөлс 12,694,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож, илүү нэхэмжилсэн 11,881,248 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Э-оос 5,477,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ТЦ ХХК-д олгож, хариуцагчийн илүү нэхэмжилсэн 25,563,370 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг, хариуцагч ТЦ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,160 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ТЦ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 218,054 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т, нэхэмжлэгч Б.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 102,582 төгрөгийг гаргуулж хариуцагч ТЦ ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэлээс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 10,694,500 төгрөг, материалын зардал 1,186,748 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

Сөрөг нэхэмжлэлээс доголдлын улмаас хохирсон гэх 5,477,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд мөн гомдолтой.

Б.Э- нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу ТЦ ХХК-ийн баталсан төсөв, зурагт заагдсан ажлуудыг гүйцэтгэн рестораны захирал Б.Н-д хүлээлгэн өгсөн. Тухайн үед мэргэжлийн хяналт тус рестораныг хүлээн аваагүй, төсөвт тусгаагүй нэмэлт ажлуудыг хийх шаардлагатай болсон ажлуудыг хийж 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. ТЦ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- нь ажлыг ирж хүлээж авахгүй байсан ба Б.Н-эс ямар нэгэн гомдлын шаардлага өнөөдрийг хүртэл гаргаагүй.

Энэ тухай шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Н- тодорхой мэдүүлсэн. Б.Н- нь бичгээр миний хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан. Ажлын хөлс болон материалын зардалд Б.М-ын Хаан банк дахь 507624069 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 21-ний хүртэлх хугацаанд Б.Н-ийн Хаан банк дахь 5220027538 дугаар данснаас 154,010,850 төгрөгийг шилжүүлсэн.

Мөн сөрөг нэхэмжлэлд ...2.25 мм-р холбосон ширээний кабел нь хайлсан... гэсэн ба ТЦ ХХК нь дотоод заслын зураг, сангийн зураг, цахилгааны зураг зэргийг гаргасан. Б.Э- нь холболтыг ТЦ ХХК-иас гаргаж өгсөн зураг, өөрсдийнх нь баталсан төсвийн дагуу цахилгааны утсыг ППВ 2,5мм х2 гэж заасны дагуу татсан ба энэ талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд зураг, төслийн талаар тодорхой заасан бөгөөд шүүхээс мөн л бүрэн, бодитой үнэлэлт өгөөгүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 2,800 вт хүчдэлтэй плитка холбох ёстой байтал 3,600 вт хүчдэлтэй плитка холбосноос цахилгааны утас даацаа даахгүй гэмтэл гарч ажил гүйцэтгэсний дараа дахин хийх шаардлага тавьсныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-тажилтан гэрээгээр хүлээх үргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай хийх ажлын жагсаалт, нарийн хэмжээ бүхий зураг мэргэжлийн зөвлөгөө зааварчилгаагаар хангах үүрэгтэй, 1.3-т батлагдсан зураг төслийн дагуу... мөн Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т ...буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүргүүдээ үл биелүүлсний улмаас үүссэн үр дүн юм. Гэрээний үлдэгдэл төлбөр 10,694,500 төгрөг, материалын зардал 1,186,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тухай шийдвэртээ тусгаагүй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт ажлын хөлс гэх 12,694,000 төгрөг гаргуулсаныг зөвшөөрөхгүй.

Гэрч Б.Н-ийн мэдүүлсэн ... нэмэлт ажил буюу агааржуулалт болон камер суурилуулалтын ажлыг Б.Э-оор хийлгэсэн, тухайн үед суурилуулах камерын мөнгийг Б.Э-г өгсөн, харин ажлын хөлсийг ТЦ ХХК-д шилжүүлсэн гэсэн мэдүүлгээс нэмэлт ажлын хөлсийг СН ХХК-аас ТЦ ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэмэлт ажлын хөлс 12,694,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Сөрөг нэхэмжлэлээс 25,563,370 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй.

Б.Э- нь үүргээ биелүүлээгүй, гипсэн хийц, шагри хийх, обой наах зэрэг ажлыг бүрэн хийж дуусгаагүй, хавсралтад дурдсан шал, хананы булан ам дарагч хийх, шалны модон гарниз хийх, МДФ хийц, хананы зураг чимэглэл лого, хөшиг тогтоох; эсгий болон хулдаас, хуулга наах, цэвэрлэгээ хийх ажлыг огт хийгээгүй. Хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй /хананы гипсэн хийц 1 тал, будаг, замаск, эмүлсний ажил болон төмрийн будгийн ажил бүхэлдээ/ буюу доголдолтой хийж гүйцэтгэсэн.

Удаа дараа утсаар болон амаар шаардахад хийгээгүй. Дахин өөрийн зардлаар, өөр хүмүүсээр шинээр хийлгэсэн бөгөөд нийт 16,892,180 төгрөгийн ажлыг дахин хийлгэсэн.

Цахилгааны ажлын хөлс гэх төлбөрт цахилгааны ажлын материалын зардал 6,063,100 төгрөг, ажлын хөлсөнд 5,694,800 төгрөгөөр, нийт 11,757,900 төгрөгөөр талууд тохиролцсон болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 11, 70 дугаар талд авагдсан баримтаар, уг цахилгааны нэмэлт ажлын хөлсөнд Б.Э-ийн 5017085719 тоот дансаар 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахилгаан материал цалин жонуд НМ гэх утгаар 3,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цахилгаан материал цалин жонуд НМ гэх утгаар 8,000,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 11,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдоно.

Гэрч Б.Н- мэдүүлэхдээ камер суулгасан ажлын хөлсийг Б.Э-т өөрт нь өгсөн хэмээн мэдүүлсэн, уг камер суурилуулах ажил нь материал болон ажлын хөлсийн хамт 800,000 төгрөгөөр харилцан тохиролцсон.

Гэтэл Б.Н-ийн зүгээс нийт 2,774,300 төгрөгийн ажлын хөлс шилжүүлсэн. Б.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт ...гүйцэтгээгүй ажлын төрөл, тоо хэмжээ, ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй болон доголдолтой хийсэн ажлын талаар маргаагүй. Үүнтэй холбогдох гэрээнүүд болоод ажлын төлбөр шилжүүлсэн дансны хуулгыг тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Манай компанийн зүгээс материалын зардалд нийт 27,908,100 төгрөгийг Б.Э-т дансаар шилжүүлсэн. Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар, гэрээгээр тохирсон ажлыг өөр бусдаар хийлгэсэн ажил гүйцэтгэх гэрээнүүд, түүний төлбөрийг шилжүүлсэн баримт болох дансны хуулга, СН ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээн авсан тухай тодорхойлолт зэргээр тус тус нотлогдоно.

Б.Э- нь нэмэлт ажлын хөлс гэж яг ямар ажлыг хэрхэн тооцож шаардаж байгаагаа нотлоогүй. Нэмэлт ажлыг Б.Н-, Б.Э- нар тохиролцон улмаар ажлын хөлсийг Б.Э-т төлж байсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Б.Э- нь СН ХХК-ийн захирал Б.Н-тэй харилцан тохиролцож нэмэлт ажил хийж, түүний төлбөрийг Б.Н-, Б.Э-т шилжүүлж байсан зэргээс үзвэл Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-, Б.Н- нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, дээрх төлбөрийг Б.Н-эс шаардах эрхтэй, ТЦ ХХК-аас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авахад төлөхөөр харилцан тохиролцон болохоос биш шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг төлбөр төлснөөр ажлыг хүлээж аваад үр дүнг дүгнээд байгаа асуудал огт байхгүй

Б.Э- нь нийт хэдэн төгрөгийн бараа материал авсан, хэрхэн зарцуулсан тухай тооцоогоо хийхгүй, авсан материалын тооцоогоо хий гэхэд элдэв шалтаг тоочин явсаар байсан. Сүүлд нийт 16,928,730 төгрөгийн материал авсан баримтыг Номин-Эрдэнэд үлдээсэн байсныг би олж авсан бөгөөд миний шилжүүлсэн 27,908,100 төгрөгөөс 10,979,370 төгрөгт материал огт аваагүй болохыг сүүлд мэдсэн. Мөн энэхүү заслын ажилд 2 метрийн урттай мод нэг ширхэг ч ороогүй, манай ажилд болон материалын төсөвт ийм мод огт тусгаагүй атал 2 метрийн мод 110ш үнэ нийт 1,470,000 төгрөг гэх баримтыг хавсаргасан байсан. Цахилгааны төсөвт цахилгааны утас 2.5мм*2 фазтай 1200 метр орохоор тусгасан атал 1 фазтай утас 3000 метрийг авч үргүй зардал гаргаж, захиалагчийн материалыг зориулалтын дагуу арвилан хэмнэлттэй ашиглаж, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах, үлдэгдэл материалыг ажил гүйцэтгэж дууссаны дараа захиалагчид шилжүүлэх үүргээ үл биелүүлээд зогсохгүй 2.5мм*1 фазтай цахилгааны утасны зах зээлийн дундаж ханш 1 метр нь 800 төгрөг байхад 1 метрийг 1700 төгрөгөөр буюу хаана ч байхгүй өндөр үнээр авсан байгаа юм. Товчхондоо 1 метр тутмаас 900 төгрөг буюу нийт 2,700,000 төгрөгийн хуурамч зарлагын баримт бүрдүүлж хувьдаа завшсан .Ингээд цахилгааны утасны үнийн зөрүү 2,700,000 төгрөг, 2 метрийн мод 110 ширхэгийг авсан гэх 1,470,000 төгрөг, материалын мөнгөнөөс дутаасан 10,979,370 төгрөг, нийт 15,149,370 төгрөгийг Б.Э-оос гаргуулахаар нэхэмжилсэн.Шилжүүлсэн мөнгөн буюу 27,908,100 төгрөгт материал авсан бол энэ тухайгаа Б.Э- өөрөө нотлох үүрэгтэй.

 

8. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Ажлыг чанаргүй, доголдолтой хийсэн, цаг хугацаанд хийж гүйцэтгээгүй, ажлаа хаяж явсан. Манай компанийн зүгээс удаа дараа Б.Э-той утсаар ярьсан нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Уг баримтаар тухайн этгээд ажилдаа ирдэггүй, ажилчид нь алга болсон, хийсэн ажил нь доголдолтой болсон, дахин засвар хийх шаардлагатай, өөр этгээдээр хийлгэнэ, ажлыг хугацаанд хийж дуусгахгүй бол нэмэлтээр өөр этгээдээр хийлгэнэ гэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн баримтууд хэргийн материалд авагдсан. Гэрээнд заасны дагуу үндсэн цалин хөлсийг өгдөг байсан. Энэ нь банкны хуулга болон бусад нотлох баримтууд нотлогдоно. Чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн талаар давхар байгуулсан гэрээ болон төлбөрийн баримт байгаа. Доголдол илэрснийг фото зургаар баримтжуулан ямар байсныг засвар хийсний дараа ямар болсныг баталгаажуулсан. Цахилгааны ажилд бүх кабель утаснууд хайлж шатсаныг өөр хөдлөнгийн компаниар дүгнэлт гаргуулж, юуны улмаас үүссэн болохыг нотлуулж, бүх утаснуудыг сольсон. Энэ талаар удаа дараа Б.Э-т хэлж засварлахыг шаардсан боловч одоог хүртэл огт ирээгүй. Ажил гүйцэтгэсний дараа 5 жилийн баталгаа өгдөг байхад одоог хүртэл нэг ч удаа газар дээр ирж засвар үйлчилгээнд оролцоогүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Материал авахуулахаар дансанд нийт 30,201,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 5,000,000 төгрөгийн материал худалдаж авсан баримтуудыг гаргаж өгсөн. Бусад мөнгийг хувьдаа завшсан. Бид тэрний дагуу баримтыг хавсаргаж өгсөн. Нэмэлт ажил хийсэн талаар гэрээ огт байхгүй. Б.Н-ийн хувийн данснаас өөр рүүгээ шилжүүлж авсан гүйлгээ байдаг. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр агааржуулалт салхивчны ажилд 2,274,600 төгрөг, давхар Б.Н-эс 2 удаагийн гүйлгээгээр сантехникийн цалин 500,000 төгрөг гэж Б.Н-эс авсан байж дахин компаниас нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

9. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч ТЦ ХХК-д холбогдуулан

1.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 20,113,252 төгрөг,

1.2. Нэмэлт ажлын хөлс 12,694,000 төгрөг,

1.3. Материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1,186,748 төгрөг, нийт 34,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, шүүх хуралдааны явцад ажлын хөлсний үлдэгдэл тооцоог буруу тооцоолсон үндэслэлээр багасгаж 10,694,500 төгрөг, нийт 24,575,248 төгрөгийг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

А.1.ТЦ ХХК-ийн захирал Б.М- нь Д.Б-тэй 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И-март дахь салбарын рестораны интерьер заслын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Д.Б- нь ажиллах хүч дутмаг учраас гэрээнд заасан хугацаанд дээрх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, ТЦ ХХК-тай тохиролцоод Б.Э-оор уг ажлыг гүйцэтгүүлэхээр болсон талаар талууд маргахгүй тайлбарлаж байна. /1хх6-7/

 

А.2. Хариуцагч ТЦ ХХК нь СН ХХК /захирал Б.Н-тэй/-тай 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээт ажлын туслан гүйцэтгэгчээр дээр дурдсанаар Д.Б- ажиллахаар болсон боловч ажил гүйцэтгэгчийг сольж, Б.Э- ажилласан. Ийнхүү гэрээ байгуулан ажиллуулахдаа хавсралтад дурдсан ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн дотор гүйцэтгэж дуусахаар, ажлын хөлс 35,135,000 төгрөг байхаар /1хх8/ хавсралт №1-р тохиролцсон. Энэхүү төлбөрийн урьдчилгаа 10,540,000 төгрөгийг ажил эхлэхэд, 10,540,000 төгрөгийг ажлын явцад, үлдэх 14,054,000 төгрөгийг ажил дуусахад буюу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авахад төлөхөөр харилцан тохиролцсон.

 

Харин хавсралт №2-т зааснаар нийт гүйцэтгэх ажлыг болон түүний хөлс, төлбөрийн задаргааг тохиролцсон ба ажлын хөлсний үнийн дүн 43,919,252 төгрөгөөс компанийн шимтгэл 8,783,850 төгрөгийг ТЦ ХХК нь авахаар нийт гарт олгох 35,135,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

 

А.3. ТЦ ХХК, СН ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг 1 дүгээр хавсралтаар 119,495,600 төгрөгөөр харилцан тохиролцож, захиалагч СН ХХК нь ажил гүйцэтгэгч ТЦ ХХК-д 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 50,963,950 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг өгөхөөр талууд харилцан тохиролцсон.

 

А.4. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, LS plaza-д байрлах Hi Mongolia Hotpot рестораны И-март дахь салбарын интерьер, дотоод заслын ажлын ерөнхий захиалагч нь СН ХХК, ерөнхий ажил гүйцэтгэгч нь ТЦ ХХК байх бөгөөд туслан гүйцэтгэгчээр иргэн Б.Э- ажилласанд талууд маргаангүй.

 

А.5. Дээрх гэрээгээр Б.Э- нь ажлын хөлсөнд 24,440,500 төгрөг авсан баримт хэрэгт авагдсан.

 

А.6. Ажил дуусгавар болж ажлын үр дүнг ерөнхий захиалагч буюу СН ХХК-ийн захирал Б.Н- хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

 

В. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хувьд дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

В.1. Нэхэмжлэгч нь ТЦ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 20,113,252 төгрөг гаргуулах үндэслэлээ Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, ажлын хөлс нийт 43,919,252 төгрөг өгөхөөс 23,800,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 20,119,252 төгрөгийг авах ёстой гэсэн бол хариуцагч Ажлын хөлс 43,919,252 төгрөг биш 35,135,000 төгрөг. Үүнээс 24,440,500 төгрөгийг өгсөн. Ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, бүрэн хийж дуусгаагүй, хавсралтад дурдсан зарим ажлыг огт хийгээгүй, зарим ажил нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой. Хэрэв Б.Э- ажлаа бүрэн гүйцэт хийсэн бол 10,694,500 төгрөг л өгөх ёстой байсан гэж маргасан. Анхан шатны шүүхээс ажлын хөлсийг үлдэгдэл 10,694,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

 

В.2. Нэмэлт ажлын хөлс 12,694,000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

 

В.3. Материалын зардал 1,186,748 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

Мөн сөрөг нэхэмжлэлээс доголдлын улмаас хохирсон гэх 5,477,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдолтой байна.

 

Нэхэмжлэгч нь нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг захиалагч СН ХХК-ийн захирал Б.Н-д хүлээлгэн өгсөн талаар тайлбарлаж, гэрчээр Б.Н-ийг асуусан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг бусад баримтыг үндэслэн нэмэлт ажлын хөлс 12,694,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Учир нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих нийт ажлын хөлс болоод нэмэлт ажлын хөлсийг ерөнхий захиалагч СН ХХК-ийн захирал Б.Н- нь ажил гүйцэтгэгч ТЦ ХХК-д шилжүүлснийг хариуцагч няцааж чадаагүй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлага 1.3. буюу материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1,186,748 төгрөгт холбогдох шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Учир нь энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

С.1. Сөрөг нэхэмжлэлээс 25,563,370 төгрөгт холбогдох шаардлагуудыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Сөрөг нэхэмжлэлээс илүү олгосон цалин гэх 6,197,800 төгрөг /Урьдчилгаа авсан атлаа хийгээгүй ажлын хөлс, чанарын шаардлага хангаагүй ажлын үнэ болох нийт 16,892,180 төгрөгөөс хэрэв ажлаас зохих ёсоор гүйцэтгэсэн бол авах ёстой байсан 10,694,500 төгрөгийг хасч үлдэх 6,197,800/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Мөн материалын үнэ 15,149, 370 төгрөг, / Материалын үнэ 27,908,100 төгрөг дансаар шилжүүлснээс 16,928,730 төгрөгт материал авсан. Үлдэх 10,979,370 төгрөгт материал огт аваагүй, мод авсан гэх 1,470,000 төгрөг, зах зээлийн дундаж ханшаас метр тутмаас 900 төгрөгөөр илүү үнээр авсны зөрүү 2,700,000 төгрөг/ гаргуулна гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажлын үр дүнг нэгэнт захиалагч хүлээгээд авчихсан байгаа тохиолдолд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлаа бүрэн хийсэн эсэх, доголдол зэргийг нотлох үүрэг, тооцоо нийлэх үүрэг хариуцагчид буюу ерөнхий ажил гүйцэтгэгчид ногдох юм.

 

Гэвч энэ талаарх нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй. Хэрэгт гэрчээр асуугдсан Б.Н- нь Б.Э- нийт ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн талаар мэдүүлэг өгсөн. Б.Э-ийн гүйцэтгэвэл зохих нийт ажлын хөлс 35,135,000 төгрөг болох баримт хэрэгт авагдсан. Уг 35,135,000 төгрөгийн 70 хувь нь 24,594,500 төгрөг болох бөгөөд Б.Э-ийн ажлын хөлсөнд авсан 24,440,405 төгрөгийг хасч тооцоход 154,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хариуцагчаас нэмж гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлээс доголдлын улмаас учирсан хохиролд 5,477,000 төгрөг гаргуулах шаардлага нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон. Уг баримтуудыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна.

 

Харин хугацаа хожимдуулсны алдангид 4,216,200 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон. Талуудын гэрээнд алдангийн хэмжээг 1 хувь гэж тохиролцсон нь хууль бус байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус гэрээний заалтаар анз шаардах эрхгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг агуулгын хувьд хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 12,694,000 гэснийг 12,848,000 гэж, 11,881,248 гэснийг 11,727,248 гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 218,054 гэснийг 220,518 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,632 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,237 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД