Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0457

 

2018 оны 08 сарын 22 өдөр

   Дугаар 221/МА2018/0457

            Улаанбаатар хот

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, гуравдагч этгээд “Д.Ш.Г” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5-д зааснаар нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолын нэхэмжлэгч “Ч” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...1. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр болон Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Буянтын хөндийн адаг газарт ашигт малтмалын үйл ажиллагааг 2003 оноос эхлэн явуулж байсан “Э.Х“ XXК нь ашиглах эрхээ нэхэмжлэгч байгууллага “Ч” ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэн өгч, Ашигт малтмал, газрын тосны газраас “Ч” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр МҮ-006006 дугаар бүхий 105.37 гектар талбай бүхий газрыг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тус компанид Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоолууд гарах үед хүн амын цэвэр усаар хангуулах эрх ашгийг хамгаалах зорилгоор авсан тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээний бүсийн газар буюу одоо маргаж байгаа 30.5 га газар дээр сумын газрын даамалтай газрын ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, ашигт малтмал ашиглах тухай холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрлийн эрх авагдаагүй байсан тул тус компани нь тогтоолын заалтын асуудлуудтай ямар нэгэн байдлаар цаг хугацааны хувьд холбоогүй буюу тухайн үедээ хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гэж үзэх боломжгүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тоггоолуудын талаар “Ч” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд гэж үзэж байна.

2. Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолууд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг давсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль зэрэг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд нийтийн эрх ашгийг хамгаалсан, хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалалтанд авах зорилгоор байгалийн нөөц газрыг хамгаалалтанд авах, мөрөн гол усны эх үүсвэрийг хамгаалах бүхий усны нөөц газар бий болгох, алт олборлох ашигт малтмал ухах үйл ажиллагааг зогсоох, хилийн зааг, шугамыг тогтоох, тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан тухай ашигт малтмалын кадастрын хэлтэст бүртгүүлэх зэрэг үүргийг сумын Засаг даргад үүрэг болгох зэргээр хуулийн хүрээнд гарсан эрх зүйн актууд тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

3. Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор сумдын нутагт орших Буянтын голын хөндий, Бууртын хөндийд ажилласан мэргэжлийн шинжээчдийн багийн 2016 оны тайлан буюу гол дүгнэлт ба саналд: ...“‘Э.Х“ ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбай төвлөрсөн ус хангамжийн эрүүл ахуйн онцгой хамгаалалтын бүс тогтоосон талбайтай давхцалтай байгаа нь тогтоогдсон тул дээрх талбайг хасуулах шаардлагатай байна. Учир нь Буянтын хөндийн газрын доорх усны үндсэн тэжээгдлийн бүс дээр дээрх үйл ажиллагаа явагдаж байгаа тул Буянтын ус татамжийн худгуудад усны түвшний бууралт эрчимжиж нөөцийн хомсдол үүснэ” гэж дүгнэсэн бөгөөд Төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудаас удаа дараа үүрэг даалгавар өгч байсан тул Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д зааснаар гол мөрөн , нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж анхан шатны шүүхийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож , Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолуудыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаанд хамаарах хууль, журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 13 дугаар тогтоолуудын “Ч” ХХК-ийн МҮ-006006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:” 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулж, түүнийгээ үнэлэх замаар бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргах хуулиар тогтоосон журмыг маргаан бүхий шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах хууль, журмын зохицуулалтай харьцуулан дүгнэвэл хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар тогтоосон журмын дагуу газрыг тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах урьдчилсан бэлтгэл хангагдаагүй, эрх бүхий этгээдээс нөхцөл байдлыг урьдчилж тогтоогоогүй байхад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн маргаан бүхий “Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 12 дугаар тогтоолоор “Тус сумын Буянтын хөндийд байрлах хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг орон нутгийн тусгай хамгаалалт”-д, мөн өдрийн “Тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоолоор “Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан Буянтын хөндийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн орчмын хамгаалалтын бүсийн талбайг 5 жилийн хугацаатай тусгай хэрэгцээ”-нд тус тус авч шийдвэрлэсэн нь холбогдох хууль, журамд нийцээгүй, хууль бус болжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 3/-т заасны дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь харьяа нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалт авах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 29-ийн 2/-т өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах; Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ”, 25.1.5-д “тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ...байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд”, Байгаль орчны сайдын 2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах журам”-ын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан шалгуурыг баримтлахаас гадна мөн хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.2-ийн а/ “хамгаалалтад авах үндэслэл, шаардлага, хилийн зааг”, б/ “авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг”, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Газар зохион байгуулат хийх журам”-ын 9-ийн 2-т “...орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг авахтай холбогдсон газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Газрын алба хариуцна”, 11-д “газар зохион байгууллалтыг дор дурдсан үе шатаар гүйцэтгэнэ”, мөн тогтоолын хавсралтаар батлагдсан “Газрыг тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын дагуу орон нутгийн хамгаалалтын бүсэд тогтоох дэглэм, санхүүжилт, хяналт, газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, судалгаа, ашиглах журам тогтоох” гэж заажээ.

Дээрх хууль, журамд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Засаг дарга нь өөрийн ажлын албаны бүтцийн нэгж болох газрын албаар газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, холбогдох судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг төслүүд, тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ, зааг, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсийн дэглэм, санхүүжилт, хяналт, ашиглах журмыг тогтоох зэрэг газрыг тусгай хэрэгцээнд авах бэлтгэл ажлуудыг урьдчилан хийлгэж, улмаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган эдгээр баримтуудыг үндэслэсэн саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, энэ журмаар өргөн мэдүүлсэн саналыг тухайн шатны хурал хэлэлцэж шийдвэр гаргах, хэрэв дээрх хууль, журмаар тогтоосон нөхцөл шаардлага хангагдаагүй бол нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргагчийн хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль журамд заасан шаардлага хангаж ирүүлэхийг харьяа Засаг даргаас шаардах үүрэгтэй байна.

Хавтаст хэрэгт маргаан бүхий тогтоолуудаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахын өмнө Газрын албанаас тусгай хамгаалалттай газар нутгийн схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг төслүүд, тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоож, тусгай хэрэгцээнд авах үндэслэл, ашиглах журмыг урьдчилан тогтоосон, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан талаарх баримтууд авагдаагүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүйн дээр хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээс үзвэл тус хуралд оролцсон зарим төлөөлөгчдөөс “...Буянтын худгууд дээр ...мэргэжлийн шинжээчийн баг ажиллаад ...2017 оноос тус байгууламжийн талаарх газрын доорх усны хайгуул явуулж нөөцийг тогтоож баталгаажуулах ...дүгнэлт гарсан ...өмнө энэ асуудал баримт бичгийн болосруулалт муутай байсан одоо ч гэсэн ...баримтын бүрдүүлэлт дутуу байна ...асуудлыг нягтлан Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ...бусад төлөөллийг оролцуулан ажлын хэсгийг байгуулж дахин нягталж хуульд нийцсэн ...саналыг оруулж ирэх нь зүйтэй ...тухайн газрын давхцал худгуудын байршлыг харуулсан зургийг ...дэлгэцээр харуулсан бол үр дүнтэй байх байлаа ...эрдэмтдийн хийсэн баталгаажуулсан дүгнэлтийг олж авах хэрэгтэй ...хөрсний ...гүний хэсэг гэдгийг тодруулаагүй байна ...ажлын хэсэг байгуулж усны шинжилгээний дүн, хөрсний шинжилгээний дүн, худгийн тэжээгдлийн муж ...хамгаалалтын бүс ямар байх ...хуулийн гаргалгаануудыг тодорхой гаргасан баримтуудыг бүгдийг гаргаж байж шийдвэрээ гаргамаар байна ...төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэр дээр эрүүл ахуйн бүс тогтоосон талаарх болон ...орон нутгийн хамгаалалтад болон тусгай хэрэгцээнд газрыг авахдаа хууль, журмын хүрээнд баримт бичгүүдийг бүрдүүлж дахин хэлэлцэх нь зүйтэй ...” гэх саналууд гарч байснаас үзвэл анхан шатны шүүхийн “хариуцагч маргаан бүхий шийдвэрүүдийг гаргахдаа хууль, журмыг зөрчсөн, тогтоосон ажиллагааг хийгээгүй орхигдуулсан” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх “...хариуцагчийн тайлбарт дурдсан дүгнэлт нь газар нутгийг орон нутгийн хамгаалалт, ...тусгай хэрэгцээнд авахтай холбоогүй, Буянтын хөндийн усны эх үүсвэрийн байдалд судалгаа явуулсан ажлын хэсгийн тайлан байх тул хариуцагчийн тайлбар үгүйгэгдэнэ” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.10-т “эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг”, 3.1.15-д ““ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг” тус тус ойлгохоор, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 11.1.3-т “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах”, 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хавсралтын 3.4-т “ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг газрын доорх усны тухайн ордын нөөц тогтоох гидрогеологийн хайгуул, судалгааны ажлын үед нарийвчлан тогтооно. Энэ судалгаагаар тогтоох газрын доорх уст үеийн зузаан, цооног, дахь ашиглалтын үеийн ундарга, түвшний бууралт, ус дамжуулах чадвар, шүүрэлтийн коэффициент, нүх сүвшилийн коэффициент, усны урсгалын чиглэл, хурд зэрэг үзүүлэлтийг үндэслэн бүсийн заагийг гидродинамикийн аргаар тооцоолж зураглана. Мэргэжлийн байгууллагын хийсэн уг судалгааны дүнг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана” гэж тус тус заажээ.

 Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоож хамгаалах талаар шийдвэр гаргахдаа усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэр, тэжээгдлийн мужийн заагийг мэргэжлийн байгууллагын хийсэн судалгааны дүнд үндэслэсэн хот суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэхээр байх тул хавтаст хэрэгт авагдсан Буянтын хөндийн усны эх үүсвэрийн байдалд хийсэн судалгааны ажлын тайланг дээрх хууль журамд заасан “газрын доорх уст үеийн зузаан, цооног, дахь ашиглалтын үеийн ундарга, түвшний бууралт, ус дамжуулах чадвар, шүүрэлтийн коэффициент, нүх сүвшилийн коэффициент, усны урсгалын чиглэл, хурд зэрэг үзүүлэлтийг үндэслэн бүсийн заагийг гидродинамикийн аргаар тооцоолж зурагласан” газрын доорх усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг газрын доорх усны тухайн ордын нөөц тогтоох гидрогеологийн хайгуул, судалгааны ажлын тайлан, түүнийг үндэслэн гаргасан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

Иймээс хариуцагчийг маргаан бүхий тогтоолуудыг гаргахын өмнө “тухайн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулсан, түүнийгээ үнэлэх замаар бодит нөхцөл байдлыг тогтоосон” гэж үзэх, түүнчлэн хариуцагчийг үйл аижллагаандаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг мөрдлөг болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж тус тус хуульчилжээ.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх хуулиар тогтоосон журмын дагуу “улсын тусгай хамгаалалттай газар; аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бичил уурхайн зориулалтаар олгосон газар” гэсэн ангиллаар нутаг дэвсгэрийнхээ тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргахаар байх тул “маргаан бүхий тогтоолуудад дээрх зориулалтын алинаар нь газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа талаар заагаагүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 12, 13 тогтоолуудаар орон нутгийн хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан газартай нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн MV-006006 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай 30.5 га талбайгаар давхцсан нь тогтоогдсон, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй байна.

Дээрх шийдвэрүүдээр тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан газрын тодорхой хэсэг нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай байхад хариуцагчаас нөхөн олговор төлөх асуудлыг шийдвэрлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр ...ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ...хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар ...ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлын Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг “тусгай хэрэгцээнд авсан”-ыг эрх бүхий байгууллага бүртгэснээр тухайн талбайд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа хориглогдож, тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан зорилго хангагдах буюу энэ талаарх шийдвэр эрх зүйн үйлчлэл үзүүлэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу Сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоолыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байх боловч тус газраас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/4066 дугаар албан бичгээр, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/1212 дугаар албан бичгээр “газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго нь тодорхой бус, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасантай нийцэхгүй байна” гэх тухай мэдэгдсэнээс үзвэл маргаан бүхий тогтоолууд эрх бүхий байгууллагын кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэл үзүүлж хэрэгжих боломжгүй, зорилгодоо нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хууль, журамд заасны дагуу тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авах журамд нийцээгүй, нөхцөл байдлыг урьдчилан тогтоогоогүй, эрх бүхий байгууллагад бүртгэгдэж эрх зүйн үйлчлэл үзүүлэх шаардлага хангагдаагүй болох нь тогтоогдсон байх тул сумын газар нутгийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан маргаан бүхий 12, 13 дугаар тогтоолуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн “...Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12, 13 дугаар тогтоолууд ...хуулийн хүрээнд гарсан эрх зүйн актууд тул шүүх хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ ...Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д зааснаар гол мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласан нь хуул зөрчөөгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шарын гол Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий тогтоолуудыг гаргасны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 28 дугаар тогтоолоор эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоосноос үзвэл хариуцагч нь усны эрүүл ахуйн бүсийг тогтоохоосоо өмнө маргаан бүхий тогтоолоор газрыг тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтад авсан нь тогтоогдож байгааг, хариуцагч нь цаашид хууль, журамд нийцүүлэн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаар дахин шийдвэр гаргах боломжтойг, нэхэмжлэгч “Ч” ХХК MV-006006 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэгтэй хариуцагч маргаагүй атлаа “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж маргасан нь үндэслэлгүйг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ