Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 200

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй,

 Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   М.Батсуурь

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0883 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Э-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0883 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-ийг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 6 хоногийн хугацааны цалин 2.923.935 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурдаж шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 883 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

           3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... нийслэлийн Засаг дарга нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30 1.15-д зааснаар “...нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2019/01 тоот дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/1007 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Нийслэлийн Боловсролын газрын гаргасан санал, комиссын дүгнэлттэй маргаан үүсгээгүй буюу гаргасан зөрчил /Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг/ үгүйсгээгүй.

            4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн улмаас ажлаас чөлөөлсөн болохоос үр дүнгийн гэрээ байгуулдаг, төсвийн шууд захирагчийн хувьд /нийтийн эрх зүйн хэмжээг зөрчсөн/ гэж чөлөөлөөгүй.

           5. Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагыг удирддаг төрийн үйлчилгээний албан тушаалтан юм.

           6. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан.

          7. Нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлд зааснаар байнгын ажлын байран дээр хугацаагүй гэрээг харилцан тохиролцож байгуулсан.

           8. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол” шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан. Мөн 129 дүгээр зүйлийн 129.1-т “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан.

            9. Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3.1-т “хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь шүүхэд харьяалагдах бөгөөд тэдгээрийн дотор ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харьяаллын шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ” гэсэн байна.

          10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

          11. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0883 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

   13. Нэхэмжлэгч Д.О-ээс “нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамж”-д холбогдуулж маргаан үүсгэсэн, уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр” буюу захиргааны акт мөн болно.

   14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн ... -ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ... ойлгох”-оор, 14 дүгээр зүйлийн 14.1-д “... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд ... нэхэмжлэл гаргах”-аар тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Д.О-ээс “захиргааны акт”-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүх хүлээн авч харьяалан шийдвэрлэсэн нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн харьяалал зөрчиж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

 15. Түүнчлэн,  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30 1.15-д “.../нийслэлийн Засаг дарга нь/ цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон ... нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр заасан, тухайн тохиолдолд “нийслэлийн боловсролын газрын санал” нь захиргааны акт биш, Засаг даргын захирамж нь бие даасан захиргааны акт болох тул “... нэхэмжлэгч Нийслэлийн боловсролын газрын гаргасан санал, комиссын дүгнэлттэй маргаан үүсгээгүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.

16. Шүүхүүд нэхэмжлэгч Д.О-ийг “зөрчил гаргаагүй” гэж дүгнээгүй, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргаас 3 өдрийн захиргааны чөлөөг 3 цэцэрлэгийн эрхлэгчид ижил нөхцлөөр олгосон, 3 цэцэрлэгийн эрхлэгч чөлөөний хугацааг хэтрүүлсэн байхад 2 цэцэрлэгийн эрхлэгчид “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан атлаа нэхэмжлэгч Д.О-ийн хувьд захиргааны чөлөөтэй байсан хугацааг ажил тасалснаар тооцож, “ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулсныг “...ялгамжтай, тэгш биш хандсан, хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулаагүй, шийтгэл нь зөрчлийн шинж байдалтай тохироогүй” гэж үзсэн, хяналтын шатны шүүх уг дүгнэлтүүдийг буруутгахгүй.

17. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, өөрөө үгүйсгээгүй /байхад/ ... шүүх буруу шийдсэн” гэх агуулгатай хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0883 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 180 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА