Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00740

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00740

 

 

 

Р.Ц, А.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/00402 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Ц, А.О нарын хариуцагч Г.Дд холбогдох ХХХ дүүрэг, 00 дүгээр хороо ххх зусланд байрлалтай 307 м.кв газрын талийгаач Ц.Гд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Р.Ц, Ц.Б нарыг тогтоож, 2,800,000 төгрөгийг гаргуулах, тухайн газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гараашид оруулсан хөрөнгө 25,028,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ХХХ дүүрэг, 00 дүгээр хороо, ххх зусланд байрлалтай 307 м.кв газрын өөрт оногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох, газрыг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн 3,982,228 төгрөгөөс нэхэмжлэгч нарт олгох, тухайн газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох, ххх дүүргийн 00 дугаар хороо ххх хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц.Г нь 2015 оны 07 дугаар сараас БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ходоодны хорт хавдар өвчний улмаас 2017 оны 07 дугаар сард нутагтаа ирээд мөн оны 10 дугаар сард хагалгаанд орж, удаан хугацаанд химийн болон туяа эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Химийн болон туяа эмчилгээ өндөр хоруу чанартай учраас уг эмчилгээний үед агаарт байлгах шаардлагатай гэж эмч нар зөвлөсөн, мөн түүний эх Р.Ц өндөр настай, цаашид ээжийгээ агаарт байлгах шаардлагаар Ц.Г болон төрсөн ах, эгч, дүү нар бүх мөнгийг гаргаж Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, ххх зусланд байршилтай 307 м.кв газрыг иргэн Б.Баас 8,400,000 төгрөгөөр худалдан авч Ц.Гийн нэр дээр бүртгүүлэн уг газарт 8х10м.кв хэмжээтэй, дотроо нойлтой, халаалт, дулааныг цахилгаанаар шийдсэн хувийн сууцыг 50,000,000 гаруй төгрөгөөр 2018 онд барьж ашиглалтад оруулсан. Талийгаач Ц.Г нь БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа Г.Дтэй гэрлэлтээ бүртгүүлсэн. Г.Д нь уг газар болон хувийн сууц, түүн доторхи эд хөрөнгийг бий болгоход хөрөнгө гаргаагүй боловч одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Талийгаач Ц.Г нь Г.Дтэй гэрлэхээс өмнө 2002-2010 онуудад А.Отэй гэрлэлтээ бүртгүүлэн 2003 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.Бийг төрүүлсэн. Р.Ц болон 2003 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн Г.Б нар нь талийгаач Ц.Гийн хууль ёсны өв залгамжлагч учир түүний нэр дээр бүртгэлтэй эзэмшил газраас өөрт оногдох хэсгийг авах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ххх дүүргийн тойргийн нотариатч Д.Од өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлж хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүүлсэн. Ц.Гийг нас барсны дараа өв хөрөнгөтэй холбоотой маргаан эхэлж, хоорондоо ярилцах боломжгүй болсон тул шүүхэд хандсан. ХХХ дүүрэг, 00 дүгээр хороо ххх зусланд байрлалтай 307 м.кв газар нь талийгаач Ц.Гийн нэр дээр бүртгэлтэй тул Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар талийгаачид оногдох хэсгийг Г.Д, Р.Ц, Г.Б нар тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй. Иймд газрыг хариуцагчийн эзэмшилд үлдээн худалдаж авсан үнэ болох 8,600,000 төгрөгөөр газрыг үнэлж, Р.Ц, Г.Б нарт 2,800,000 төгрөгийг гаргуулна.

Дээрх газар дээр баригдсан хувийн сууцыг Р.Цийн хүүхдүүд мөнгөө нийлүүлэн 50,000,000 гаруй төгрөг зарцуулан түүнд барьж өгсөн тул өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Түүний тус хувийн сууцанд оруулсан хөрөнгө нь барилгын материал худалдан авсан зарлагын баримт болон охин Ц.Оийн банкны дансны хуулгаар нийт 25,028,000 төгрөг болно. Р.Ц нь тухайн хувийн сууцны хамтран өмчлөгч хэдий ч цаашид Г.Дтэй хамтран эзэмшиж, ашиглах боломжгүй учраас Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2 дахь хэсэгт зааснаар хувийн сууцанд оруулсан хөрөнгөө шаардах эрхтэй тул ХХХ дүүрэг, 00 дүгээр хороо ххх зусланд байрлалтай 307 м.кв газар дээр баригдсан 8х10 м.кв талбайтай хувийн сууцанд оруулсан 25,028,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Миний бие нөхөр Ц.Гтэй 2012 онд танилцаж дотносоод 2015 оны 07 дугаар сар хүртэл Дарь-Эхэд байрлах хашаа, байшинд амьдарсан. Бид 2015 оны 07 дугаар сард БНСУ руу ажиллахаар явж, миний бие 3 сарын хугацаанд хоолны газарт ажиллаж байгаад Монгол Улсад ирсэн. Дараа нь эргэж БНСУ-д очоод бид хамтдаа 4 сарын турш төмрийн үйлдвэр, цаасан хайрцагны үйлдвэр, эмийн үйлдвэр, попкорны үйлдвэр, усан үзмийн талбайд ажиллаж, цагийн ажил хийж 2 өрөө орон сууцны мөнгө хуримтлуулсан. Энэ үед нөхөр маань эмнэлэгт үзүүлж ходоодны хорт хавдартай гэдгээ мэдээд буцаж ирээд банкны дансгүй тул өөрсдийн мөнгийг нөхрийн дүү Ц.Оийн ГБ ХХК дахь дансанд хийсэн. Гэтэл удалгүй нөхрийн бие муудаж Хавдар судлалын үндэсний төвд хэвтэж, эмчилгээнд шаардагдах эм, тарианы мөнгийг цувуулан авсан. Бид өөрсдийн мөнгөөр Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, ххх зуслан байрлалтай 307 м.кв газрыг иргэн Б.Баас 7,000,000 төгрөгөөр худалдан авч 7х8 хэмжээтэй хувийн сууцыг 35,000,000 төгрөгөөр барьж 2018 оны 10 дугаар сард шинэ байшинтай болсон. Энэ байшинг босгохын тулд бид хоёр нийгмийн халамжийн тэтгэврийн зээл авч, өөрсдийн үнэт эдлэлээ барьцаанд тавьж бараа материалыг худалдан авсан. Энэ хөрөнгө нь Ц.Г бид хоёрын дундын өмч хөрөнгө юм. Иймд Р.Ц, А.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Газар эзэмших эрхийг нөхөр Ц.Гийн нэр дээр бүртгүүлсэн, хувийн сууцны өмчлөл маргаантай байгаа тул үл хөдлөхийн гэрчилгээ аваагүй, миний бие энэ сууцандаа амьдарч байна. Нөхөр маань нас барсан тул энэ газрын хууль ёсны өвлөгч болох эх Р.Ц, охин Ц.Б нарт оногдох хэсгийг өгөхөд татгалзахгүй. Харин шүүхээр тогтоосон үнэлгээ болох 3,000,000 төгрөгийн хэмжээнд газрыг үнэлж оногдох хэсгийг гаргуулна. Уг газар дээрх хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө нөхөр маань нас барсан тул уг сууцны өмчлөгчөөр тогтоолгоно. Мөн миний бие Ц.Гтэй гэрлэлтээ бүртгүүлсэн тул түүний нэр дээр бүртгэлтэй ххх дүүрэг, 00 дугаар хороо, Гацууртын Шар хоолойн амд байрлалтай газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү. Харин ххх дүүрэг, 00 дугаар хороо, Д-д байрлалтай газрын шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга: Маргаан бүхий газрыг 8,400,000 төгрөгөөр худалдаж авсан нь банкны дансны шилжүүлгээр тогтоогдож байгаа тул шинжээчийн үнэлгээгээр үнэлж, оногдох хэсгийг өгнө гэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ц.Г нь 2017 оны 09 дүгээр сард хагалгааны дараа химийн болон туяа эмчилгээ хийлгэхэд эмнэлэгт ойрхон гээд 2017 оны 12 дугаар сараас эхлэн 2018 оны 06 дугаар сар хүртэл ххх дүүргийн 14 хорооны 64 дүгээр байрны 62 тоотын хоёр өрөө орон сууц түрээсэлсэн, БНСУ-д ажил хийж олсон цалингаа эмнэлгийн шинжилгээ, хагалгаа, эм тарианы зардал, орон сууц хөлслөх төлбөр болон бусад хэрэглээнд зарцуулсан. Харин Г.Д энэ хувийн сууцыг бий болгоход хөрөнгө оруулаагүй, энэ талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд уг хувийн сууц нь Г.Д-гийн өмч гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар ххх дүүргийн 00 дүгээр хороо ххх хаягт орших гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээтэй 307 м.кв талбайтай газрын талийгаач Ц.Г-д оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Г.Д, Г.Б, Р.Ц нарыг тогтоож, хариуцагч Г.Д-гээс 2,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О, Р.Ц нарт олгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбайтай газар дээрх 8х10 хэмжээтэй 4 улирлын сууц, гараашийн 45 хувьд оногдох хэсэг 13,754,700 төгрөгийг хариуцагч Г.Дгээс гаргуулж нэхэмжлэгч Р.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,273,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Зуунмод хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбайтай газар дээрх 8х10 хэмжээтэй 4 улирлын сууц, гараашийн 55 хувийн өмчлөгчөөр Г.Дг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45 хувийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар Ц.Г-ийн эзэмшлийн ххх дүүргийн 00 дугаар хороо ххх хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай, 000619564 тоот эрхийн гэрчилгээтэй газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох Г.Д-гийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжаас 181,356 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г.Д-гээс тэмдэгтийн хураамж 59,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О, Г.Ц нарт, 226,723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ц-д, хариуцагчийн төлсөн тэмдэгтийн хураамжаас 494,439 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэгч Р.Цаас 242,006 төгрөг гаргуулж хариуцагч Г.Дд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. ххх ХХК нь шинжээчийн дүгнэлтдээ газар, орон сууц, гараашийг бүхэлд нь үнэлж, газар, орон сууц, гараашийн үнэлгээг тус тус тусгасан. Үнэлгээний тайланд тусгасан үнэлгээгээр маргаан бүхий газрын өвд ногдох хөрөнгийг тодорхойлон хуваарилах нь хуульд нийцнэ.

6.2. Мөн анхан шатны шүүхээс маргаан бүхий орон сууцыг "...нэхэмжлэгч Р.Цийн оруулсан хөрөнгөөр 2018 оны 10 дугаар сард шинээр барьж ашиглалтад оруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлохдоо охин Ц.О-ийн дансаар дамжуулан хөрөнгө оруулсан Ц.Г-ийн шилжүүлсэн гэх 12,400 ам.доллараас газрын төлбөр, эмчилгээний төлбөрийг шилжүүлээд дууссан гэх үндэслэлгүй тайлбарыг гаргаж, нөхөр Ц.Г бид нарын БНСУ-д хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Нэхэмжлэгч Р.Ц тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй, цалингийн зээлтэй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог, орлогын эх үүсвэргүй тул тухайн хувийн сууцанд хөрөнгө оруулах боломжгүй бөгөөд хувийн сууцанд оруулах хөрөнгийн эх үүсвэртэй талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Ц.Г бид хоёр БНСУ-аас 20,000 орчим ам.долларыг Ц.Гийн төрсөн дүү Ц.Од өгч түүний дансаар дамжуулан газрын төлбөр, хувийн сууцны зарим барилгын материалын үнийг шилжүүлж байсан. Анхан шатны шүүх Ц.Гийн нэрээр бичигдсэн бараа материалын баримтыг үндэслэн Р.Ц-ийг хөрөнгө оруулсан гэж үзсэн. Учир нь нэхэмжлэгч Ц.Оийн данснаас газрын төлбөр шилжүүлсэн баримтыг Ц.Г дамжуулан шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн атлаа Ц.Гийн БНСУ-д ажиллаж байхдаа Ц.Од шилжүүлж өгсөн мөнгөнөөс бусад бараа материалыг худалдан авсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хувийн сууцанд хөрөнгө оруулж, тухайн сууцанд амьдрах сонирхолгүй байсныг нотолно. Нэхэмжлэгч нь барилгын материалын баримтыг нууцаар авч өөрийн мэтээр тайлбарладаг. Анхан шатны шүүх эдгээр зарлагын баримтыг үндэслэн Р.Цийг хувийн сууцанд хөрөнгө оруулсан гэж үзсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Маргаан бүхий хувийн сууцыг барихаар шилжүүлсэн мөнгөөр барилгын материалууд худалдан авсан гэх баримт хэрэгт авагдсан нь Ц.Г, миний бие болон Ц.О-тэй хамааралтай харилцаа бөгөөд нэхэмжлэгч Р.Ц-д хамааралгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлоор хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Р.Ц, А.О нар нь хариуцагч Г.Дд холбогдуулан ХХХ дүүрэг, 00 дүгээр хороо ххх зусланд байрлалтай 307 м.кв газрын нас барагч Ц.Гд оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Р.Ц, Ц.Б нарыг тогтоож, 2,800,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Р.Ц нь тухайн газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гараашид оруулсан хөрөнгө 25,028,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ХХХ дүүрэг, 00 дүгээр хороо, ххх зусланд байрлалтай 307 м.кв газрын өөрт оногдох хэсгийн өвлөгчөөр тогтоолгох, газрыг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн 3,982,228 төгрөгөөс нэхэмжлэгч нарт олгох, тухайн газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох, ххх дүүргийн 00 дугаар хороо ххх хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

1. Ц.Г, Г.Д нар нь 2012 оноос хамтын амьдралтай байсан, БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчид дээрх хугацаанд БНСУ-д хөдөлмөр эрхэлж байсан үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 19, 140 дэх талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хил хамгаалах Ерөнхий газрын 2-5а/242 тоот лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

1.а. Мөн Ц.Г, Г.Д нар нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж бий болгосон мөнгөн хуримтлал болох 12,400 ам.долларыг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Г-ийн нэр дээр ххх ХХК-д шинээр данс нээж хугацаагүй хадгаламжид хийсэн, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Зуунмод хаягт орших 307 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг 8,400,000 төгрөгөөр худалдан авч, уг газрыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Б.Баас Ц.Гд шилжүүлж, улмаар Ц.Г-ийн нэр дээр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн үйл баримтууд хэргийн 1 дүгээр хавтасны 7, 13, 169 дэх талд авагдсан газар эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээ, Ц.О-ийн ххх ХХК-ийн данснаас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газрын үнэ 8,400,000 төгрөгийг шилжүүлсэн баримтуудаар тогтоогджээ.

 

1.б. Түүнчлэн, Ц.Гийн нэр дээр бүртгэлтэй дээрх газар дээр 8х10 хэмжээтэй хувийн сууц, гараашийг шинээр барьж 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан, Ц.Г өвчний улмаас эмчлүүлж байгаад 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нас барсан үйл баримт хэргийн 1 дүгээр хавтасны 6, 57-58 дахь талд авагдсан нас барсны гэрчилгээ, тэтгэмжийн дэвтэр зэрэг баримтаар тогтоогдсон.

 

Ц.Г 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нас барснаар өв нээгдсэн, түүний нэр дээр бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Зуунмод хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээтэй 307 м.кв талбайтай газар нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх хөрөнгө гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

2. Нас барагч Ц.Г, А.О нарын дундаас 2003 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.Б төрсөн, мөн Р.Ц нь нас барагч Ц.Гийн төрсөн эх болох нь хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч Г.Б, Р.Ц нар нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч Ц.Гийн хууль ёсны өвлөгч гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нар нь нас барагч Ц.Гд оногдох хөрөнгөөс өвлөгдөх хэсгийг шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

2.а. Анхан шатны шүүх ххх дүүргийн 00 дүгээр хороо ххх хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхийн 00008505 дугаар гэрчилгээтэй 307 м.кв талбайтай газар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нас барагч Ц.Г, Г.Д нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэж, дээрх газрын 50 хувь нь эхнэр Г.Д-д оногдох хэсэг бөгөөд нас барагч Ц.Г-д оногдох 50 хувийг эхнэр Г.Д, охин Г.Б, эх Р.Ц нар адил хэмжээгээр өвлөх эрхтэй байх тул газрын эзэмшлийг хариуцагч Г.Дд үлдээж, газрын үнэ 8,400,000 төгрөгийн 50 хувь буюу нас барагч Ц.Гд оногдох 4,200,000 төгрөгийг 3 өвлөгчид хувааж, хариуцагчаас 2,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

2.б. Хариуцагч нь газраас нэхэмжлэгч нарт оногдох хэсгийн талаар маргаагүй, харин газрын үнэлгээний хувьд маргаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээгээр үнэлнэ гэсэн боловч хариуцагчаас гаргасан Фейр валуэшн ХХК нь зөвхөн хувийн сууцыг 27,000,000 төгрөгөөр үнэлсэн бол, шинжээчээр ажилласан ххх ХХК нь газрыг 3,982,228 төгрөгөөр, хувийн сууцыг 46,452,157 төгрөгөөр, гараашийг 7,314,285 төгрөгөөр нийт 57,748,671 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Маргаж буй газрыг 8,400,000 төгрөгөөр худалдан авсан нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсоноос гадна дээрх шинжээчийн дүгнэлт нь өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй тул анх худалдаж авсан үнэлгээгээр нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /6.1/

 

3. Учир нь маргаан бүхий газар дээр 8х10 хэмжээтэй хувийн сууц, гараашийг шинээр барьж 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан ба тухайн хувийн сууцны өмчлөх эрх, үнэ, оруулсан хөрөнгийн хэмжээний талаар талууд маргасан.

 

3.а. Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо Зуунмод хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв талбайтай газар дээр 8х10 хэмжээтэй 4 улирлын сууц, гараашийг нас барагч Ц.Г, Г.Д нар нь өөрсдийн хөдөлмөр эрхэлж бий болгосон мөнгөн хуримтлалаас болон нэхэмжлэгч Р.Ц-ийн оруулсан хөрөнгөөр шинээр барьж 2018 оны 10 дугаар сард ашиглалтад оруулсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 20-48, 169 дахь талд авагдсан нас барагч Ц.Г-ийн дансны хуулга, зарлагын баримт, барилгын материал худалдан авсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

3.б. Дээрх маргаан бүхий хувийн сууц өөр өөр этгээдүүдийн эд хөрөнгө нийлж, холилдсоны дүнд буюу дундын хөрөнгөөр бий болсон бөгөөд тухайн хөрөнгийн өмчлөгчид шинээр бий болсон хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хууль зөв хэрэглэжээ.

 

3.в. Анхан шатны шүүх талуудын гаргасан өөр өөр үнэлгээгээр хувийн сууцны үнийг тогтоох үндэслэлгүй, Хаан банк ХХК дахь Ц.Гийн депозит дансны хуулгаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 12,400 ам.долларын зарлага гаргасныг /тухайн өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 2,465 төгрөг/ 30,566,000 төгрөгөөр үнэлж, 30,566,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар тогтоогдсон 13,754,700 төгрөг буюу уг сууцны 45 хувьд ногдох хэсгийг хариуцагч Г.Д-гээс гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /6.2/

 

4. Нэхэмжлэгч нар тухайн газар дээр баригдсан 8х10 хэмжээтэй сууц, гараашид оруулсан хөрөнгө 25,028,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон барилгын материалын зарлагын баримтыг үндэслэн 13,754,700 төгрөгийн шаардлагыг хангаж, Ц.О-ийн ххх ХХК дахь данснаас шилжүүлсэн мөнгөн дүнг нэхэмжлэх эрхийг Р.Ц-д олгосон талаар баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 11,273,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

4.а. Хариуцагч Г.Д нь ххх дүүргийн 00 дүгээр хороо ххх хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 307 м.кв газрын нас барагч Ц.Г-д оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр охин Г.Б, эх Р.Ц нарыг тогтоох талаар маргаагүй, харин тус газрын өөр оногдох хэсгийг өвлөгчөөр тогтоолгох болон газрын үнэлгээнд маргаж ххх ХХК-ийн шинжээчийн үнэлсэн 3,982,228,57 төгрөгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, үндсэн нэхэмжлэлийн татгалзал гэж зөв дүгнэжээ.

 

4.б. Анхан шатны шүүх Г.Д-г маргааны зүйл болох хувийн сууц, гараашийг дангаар өмчлөх эрхтэй болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж уг хувийн сууцыг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй байх тул түүнд оногдох 55 хувийн өмчлөгчөөр тогтоож, үлдэх 45 хувийн өмчлөх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4.в. Түүнчлэн, хэргийн 2 дугаар хавтасны 26 дахь талд авагдсан ххх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 тоот захирамжаар олгосон 2016 оны 04 дүгээр сарын 05-ны 000619564 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр ххх дүүргийн 00 дугаар хороо ххх хаягт орших гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай бүхий газрыг Ц.Г эзэмших эрхтэй болох нь тогтоогдсон байна.

 

4.г. Дээрх газар нь гэрлэгчдийн гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгө болох нь гэрчилгээ олгосон огноо болон нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар хуваарьт хөрөнгө гэж дүгнэж хариуцагчийг хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/00402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,473 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ