Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00870

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00870

 

Д.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/00881 дугаар шийдвэртэй

Д.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б, Э.Э нарт холбогдох

38,055,033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2012 оны 08 дугаар сарын сүүлээр Б.Б, Б.Э нар нь танай хүү Ядамсүрэн 10,000,000 сая вон аваад ир гэсэн, би удахгүй Солонгос Улс руу явах гэж байна гэхэд нь Д.М нь итгэж 10,000,000 воныг өгсөн. Тухайн мөнгийг авахдаа Б.Э нь хүү Б.Болортулгын хамт ирж авсан байдаг. Хариуцагч нарыг тухайн үедээ худлаа хэлж авсан болохыг сүүлд мэдэж 2013 оны 01 дүгээр сард цагдаагийн байгууллагад хандсан. 3 жил гаруйн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хаагдсан. Цагдаагийн журмаар шалгагдаж байх хугацаанд иргэний журмаар эрэн сурвалжлуулж байсан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар бодсон бөгөөд 10,000,000 вон буюу 24,000,000 төгрөг гаргуулах байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,055,033 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн бэ гэвэл 1-рт тухайн 10,000,000 воныг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Голомт банкнаас зарласан сарын 1,15 хувийн хүүгийн ханшаар бодож тооцвол жилд 1,150,000 төгрөг олох байсан. Өөрөөр хэлбэл 9 жилийн хадгаламжийн хүүнд 10,350,000 төгрөг олох байсан. 2-рт тухайн 10,000,000 воныг өгөхийн тулд Хаан банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн мөнгийг буцааж 18,322,233 төгрөг болгож төлсөн. Иймд зээлийн хүүнд төлсөн 3,322,233 төгрөг, 3-рт 2013 оноос 2020 он хүртэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж 8, 9 жил цагдаагийн байгууллагаар явсан байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Солонгосын цагдаагийн байгууллага руу албан бичиг явуулсан, тодруулга авсан байдаг. Тухайн ажиллагааны орчуулгын зардалд нийт 382,800 төгрөг төлсөн. Хариуцагч нар 2012 оны 08 сард Солонгост очсоны маргааш Г.Ядамсүрэнд 10,000,000 воныг өгсөн гэдэг боловч тухайн хугацаанд Г.Ядамсүрэн нь сүлжээ тэр бүр бариад байдаггүй газар тариа хураалтын ажил хийхээр явсан байсан. Хэдийгээр гэрч Б.Алтантогос нь тухайн 10,000,000 воныг Г.Ядамсүрэн авсан гэсэн ч тухайн гэрч нь хариуцагч нартай гэр бүлийн хамааралтай хүмүүс. Иймд тухайн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Тухайн гэрч мэдүүлэгтээ Б.Э нь мөнгийг БНСУ-д ирсний маргааш өгсөн гэдэг. Гэтэл тухайн хугацаанд Г.Ядамсүрэн нь тариа хураалтад ажиллахаар явсан хамт байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Дээрх баримтаас мөнгө өгсөн гээд байгаа, мөн гэрч Б.Алтантогосын Г.Ядамсүрэн тус мөнгийг авсан гэдэг гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй болно. Хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргийг хүлээдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Б.Б, Б.Э нар нь 2012 оны 08 дугаар сарын сүүлээр Д.Мтай холбогдож танай хүү Ядамсүрэн 10,000,000 вон аваад ир гэж хэллээ би удахгүй Солонгос Улс руу явах гэж байна гэхэд нь хариуцагч нарт итгэн 10,000,000 вон хүргэж өгсөн. 10,000,000 воныг Г.Ядамсүрэнд хариуцагч Б.Э нь хүргэж өгсөн, хэдэн төгрөг байсан гэдгийг ч мэдээгүй. Харин хариуцагч Б.Б нь Солонгос Улс руу тухайн үед яваагүй, Д.Мгаас мөнгө аваагүй, Г.Ядамсүрэн гэдэг хүнтэй уулзаагүй. Энэ асуудлаар 2013 онд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад гэрчүүдээс авсан мэдүүлэгт Г.Ядамсүрэн нь Б.Алтантогостой хамтран зоогийн газар, рестораны үйл ажиллагаа явуулахаар Монголоос Солонгос Улс руу Б.Алтантогосын ээж Б.Эээр дамжуулан мөнгө авахуулсан бөгөөд Солонгос Улсдаа тухайн зоогийн газрыг нээн ажиллуулсан байдаг. Улмаар тус хэргийг хянан шалгаж байх явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Б.Э нь 10,000,000 воныг Г.Ядамсүрэнд өгөөгүй гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй гэсэн дүгнэлт гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа тайлбараар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардлагаа гаргаж байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт болон эрүүгийн хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр Б.Э нь Д.Мгийн өгсөн 10,000,000 воныг Солонгос Улсад аваачиж өгсөн гэдэг нь харагддаг. Мөн нэхэмжлэгч Д.М нь анх 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цагдаад өргөдөл гаргахдаа ...миний хүү Г.Ядамсүрэн нь Солонгос Улсад Б.Алтантогос гэдэг охинтой танилцаж, дотно болсон. Цаашдаа гэрлэх бодолтой байна. Хамтдаа Солонгос улсад зоогийн газрын үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байгаа тул барьцаа мөнгө 10,000,000 вон хэрэгтэй байна гэдэг асуудлыг ярьсан тул 10,000,000 воныг Э гэдэг хүнээр дамжуулж өгсөн гэдэг. Мөн Г.Ядамсүрэн тухайн мөнгийг аваагүй гэдгийг түүний гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй. Учир нь Г.Ядамсүрэн нь шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ би Б.Алтантогосыг ажлын шугамаар танина, бусад байдлаар танихгүй гэдэг ч хэрэгт авагдсан баримт болон бусад мэдүүлгүүдээр хамт амьдарч байсан гэдэг нь тогтоогддог. Хариуцагч Б.Э 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Солонгос Улс руу ниссэн. Солонгос улсад очсоны маргааш Д.Мгийн өгсөн 10,000,000 воныг Г.Ядамсүрэнд аваачиж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.3, 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Б.Эээс 19,700,000 төгрөгийг гаргуулан Д.Мд олгож, нэхэмжлэлээс 18,355,033 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Бд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс 256,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хын давж заалдах гомдлын агуулга: ...Талуудын хооронд даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Гэтэл Иргэний хуулийн 399 дүгээр зүйлээр зохицуулсан даалгаврын эрх зүйн харилцаа үүссэн байхын тулд Б.Э нь гэрээний үүрэг хүлээх хүсэл зоригтой байсан байх шаардлагатай. Анх Б.Эийн охин Б.Алтантогос ээж рүүгээ яриад би Г.Ядамсүрэн гэх залуутай танилцаж дотно нөхөрлөх болсон цаашдаа гэр бүл болох бодолтой байгаа та Г.Ядамсүрэнгийн ээж Д.Мгийн өгч явуулах мөнгийг аваад ирээч, воноор нь авбал илүү ашигтай байна гэж хэлсэн учраас сайхан сэтгэлийн үүднээс охиныхоо найз залууд туслая гэж бодож тухайн мөнгийг БНСУ-руу авч явсан. Энэ нь Б.Э анхнаасаа үүрэг хүлээх хүсэлт зориггүй байсан буюу даалгаврын гэрээ байгуулагдаагүйг харуулж байна. Мөн Б.Э нь 10,000,000 воныг аваачиж өгөхдөө ямар нэгэн төлбөр аваагүй, хэдийгээр даалгаврын гэрээг хариу төлбөргүйгээр байгуулж болох ч Б.Э мөнгө БНСУ-д Г.Ядамсүрэнд аваачиж өгөхдөө хариу төлбөр аваагүй нь үүрэг хүлээх хүсэл зориг анхнаасаа байгаагүй, сайхан сэтгэлийн үүднээс тусалсан гэдгийг баталж байна. Анхан шатны шүүхээс яг ямар үндэслэлээр гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзэж байгаа, Д.М, Г.Ядамсүрэн нарын хэнийг гуравдагч этгээд гэж үзэж байгаа, яг ямар ашиг байгаа талаар огт дурдаагүй. Хэрэв даалгаврын эрх зүйн харилцаа үүссэн гэж үзвэл анхнаасаа Д М нь 10,000,000 воныг буцааж авч ирэх агуулга бүхий даалгавар өгөөгүй, Г.Ядамсүрэнд өгөөрэй гээд Б.Ээд өгсөн Уг үйлдэл нь тухайн мөнгөний эрх Г.Ядамсүрэнд шилжихээр тохирсон гэж үзэх үндэслэл болно. Энэ тохиолдолд хэрвээ нэхэмжлэл гаргах үндэслэлтэй гэж үзвэл Г.Ядамсүрэн нь надад өгөөгүй гэх байдлаар нэхэмжлэл гаргах ёстой атал шүүх Д.Мг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж буруу дүгнэлт гаргасан. Мөн Б.Эийг татгалзал тайлбараа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэх боловч хариуцагчийн хүсэлтээр Б.Алтантогосоос гэрчийн мэдүүлэг авч, тухайн үед болсон үйл явдал, 10,000,000 воныг Г.Ядамсүрэнд хүлээлгэж өгснийг тодруулан гэрчийн мэдүүлэг авсан нь болсон үйл баримтыг тодруулж, хүлээлгэж өгсөн гэдгээ боломжит нотлох баримтаар нотолсон.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хийгдсэн ажиллагаа, түүнийг бэхжүүлэн авсан тэмдэглэлүүд нь нотлох баримтаар тооцогдоно. Дээрх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан аливаа баримт хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтад тооцогдохгүй гэх агуулгыг илэрхийлж байхаас гадна Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүхийн харилцан уялдаа, холбоо хамаарлыг үгүйсгэсэн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2536 дугаартай Прокурорын тогтоол одоо ч хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэвч хүсэлтийг хангаж хавтаст хэрэгт баримтуудыг оруулсны дараа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан баримтыг үнэлэх боломжгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

Б.Э нь анх эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үеэсээ өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгийг аваачиж өгсөн гэдгээ хэлсээр ирсэн бол Д.Мянгамаагийн тухайд анх цагдаад өгсөн өргөдөлд дурдсан зүйлээ дараа нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ өөрчилсөн, Г.Ядамсүрэн нь хамтран амьдарч байсан гэдгээ үгүйсгэж Б.Алтантогосыг ажил хэргийн шугамаар л таньдаг гэж мэдүүлэг өгсөн зэрэг нь нэхэмжлэгч болон түүний хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн.

10,000,000 воныг тооцохдоо шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс ... 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан тул мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг мөн өдөр гэж үзнэ... гэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн заалт нь тухайн мөнгийг төлөх өдрийнх бус, гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар, гэрээ байгуулагдаагүй бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох зохицуулалт. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Б, Э.Э нарт холбогдуулан 38,055,033 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Ээд өгсөн 10,000,000 вон буюу 24,000,000 төгрөг, олох ёстой байсан орлогод 10,350,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 3,322,233 төгрөг, орчуулгын зардалд нийт 382,800 төгрөг нийт 38,055,033 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Б.Э 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Солонгос Улсад очсон. Солонгос Улсад очсоны маргааш Д.Мгийн өгсөн 10,000,000 воныг Г.Ядамсүрэнд аваачиж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.М хариуцагч Б.Ээд 10,000,000 воныг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. Зохигчид энэ талаар маргаагүй.

6. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, даалгавар өгөгч нь хөлс төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл, талуудын харилцан тохиролцсон байдал, гэрээ хэрэгжих явцаас үзэхэд даалгаврын гэрээний шинжийг агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Э нь 10,000,000 воныг Г.Ядамсүрэнд шилжүүлэн өгсөн болохоо нотлосон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд 3,800,000 төгрөгтэй тэнцэх бараа, бэлэн мөнгө хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар уг мөнгийг нэхэмжлэгчид төлөх мөнгөнөөс хасаж тооцох нь зүйтэй байна гэж зөв дүгнэсэн.

9. Харин тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна. Нэхэмжлэгч нь 10,000,000 воныг хүлээлгэж өгөх үед Монгол төгрөгтэй харьцах ханш 1.25 төгрөгтэй тэнцэх хэмжээний байсан, 3,800,000 төгрөгийн барааг воноор буцаан төлөх үүрэгт тооцон өгсөн өдөр буюу 2012 оны 8 дугаар сарын Монгол төгрөгтэй харьцах ханш 1.25 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжлэгчийг 3,040,000 воныг хүлээн авсанд тооцож, үлдэх 6,960,000 воныг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт болох воны Монгол төгрөгтэй харьцах ханш 2.4 төгрөгөөр тооцож 16,704,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна. /хх.5/ Энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

10. Харин нэхэмжлэгч Д.Мгийн зээлийн хүүд төлсөн мөнгийг Б.Эийн буруугаас учирсан хохирол буюу Б.Эийн үүрэгтэй шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй, мөн Д.М нь олох ёстой байсан орлогыг арилжааны банкны хадгаламжийн хүүгийн хэмжээгээр тооцож 10,350,000 төгрөг, зээлийн хүү 3,322,233 төгрөг, мөн орчуулга, тээвэр, нотариатын зардалд 382,800 төгрөгийг нэхэмжилсэн боловч уг хохирлыг хариуцагч Б.Эийн буруугаас шалтгаалсан гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 16,704,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,351,033 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/00881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...19,700,000 гэснийг ...16,704,000 гэж, ...18,355,033 гэснийг ...21,351,033 гэж,

2 дахь заалтын ...256,450 гэснийг ...241,470 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 256,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО