Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/1126/з |
Дугаар | 198 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 198
Канад Улсын иргэн Ж-ны
гомдолтой,
Буянт-Ухаа дахь Гаалийн газрын
гаалийн улсын байцаагч Ж.М-т
холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ж.М-ын 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 0123732 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, торгуульд төлсөн болон хураасан мөнгийг буцаан гаргуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0090 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 241 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагч Жан Зэжун, түүний орчуулагч н.Хулан, гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Ж.М нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0090 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3, 6.6 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 55 дугаар зүйлийн 55.1, 58 дугаар зүйлийн 58.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч Канад Улсын иргэн Ж З-ний гомдлыг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсаар ногдуулсан хураасан 210.892 юань, 976 ам.доллар, торгуулийн 12.567.995 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 241 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.4, 228 дугаар зүйлийн 228.2, 228.3-д заасныг баримтлан гомдол гаргагч Канад улсын иргэн Ж-ны Буян-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ж.М-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, торгуульд төлсөн болон хураасан мөнгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч гаалийн улсын байцаагч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... гомдлын хууль зүйн үндэслэлийн талаар, ЗХХШТХ-ийн 7 дугаар зүйлд Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны буюу хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй бүрэн тогтоох талаар тодорхой журамлаж, энэхүү ажиллагааг зайлшгүй явуулахыг шүүхэд үүрэг болгожээ.
4. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар нотлогдож тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг буруу тайлбарлаж, хэргийн бодит нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь ЗХХШТХ-ийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, магадлалд “... гомдол гаргагч Ж нь 210892 юань, 976 ам.долларын валютыг биедээ авч явсан хэрнээ Монгол Улсын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хөтлөөгүй буюу улаан гарцыг сонгоогүй, гаалийн ногоон гарцыг сонгон гаалийн хяналтын бүс уруу нэвтэрсэн төдийгүй гаальд мэдүүлэх бололцоо олгосон байхад авч явсан валютын хэмжээг худал мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байх тул их хэмжээний валютыг гаальд мэдүүлэхээс зайлсхийж, худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль журмын дээрх заалтуудад нийцсэн байна” гэж дүгнэжээ.
5. ЗХХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
6. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтан нь гаалийн хяналт шалгалт хийсэн хяналт шалгалтын улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэйн зэрэгцээ, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдлыг бүрэн нотлож, тогтоож чадаагүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж анхан шатны шүүх хуралдаан дээр зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд оролцсон гэрч, хариуцагч нарыг оролцуулан хэргийн доорх нөхцөл байдлыг бүрэн тогтоосон.
7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гомдол гаргагч нь Монгол Улсаас БНХАУ уруу, өөрөөр хэлбэл Монгол Улсаас гарах чиглэлд зорчиж байсан. Гарах чиглэл буюу явагчийн талд гаалийн улаан, ногоон гарц байхгүй, мөн нисэх буудлын аюулгүйн бүс, гаалийн хяналтын бүс давхцаж байдаг, тухайн үед нисэх буудлын аюулгүйн бүсийн рентгенээр тээшээ шалгуулаад зогсож байхад гаалийн ажилтан байгаагүй, зөвхөн нисэх буудлын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байсан, рентгенээр шалгуулаад гарч ирэхэд гаалийн ажилтан ирж гаальд мэдүүлэх бараа, эд зүйл байгаа эсэхийг асуухад “мөнгө байгаа” хэмээн Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4 дэх хэсэгт зааснаар амаар мэдүүлж, мэдүүлгийн хуудсыг авсан зэрэг нөхцөл байдал бүрэн тогтоогдсон.
8. Тодруулбал, Ж нь Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4 дэх хэсэгт зааснаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийнхээ тухай амаар мэдүүлнэ” гэж хуулиар тогтоосон журмын дагуу гаалийн улсын байцаагчид мэдүүлжээ. Мөн дээрх зүйлийн 55.9-д заасан “зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийн хуудас авсан ч хяналт, шалгалтын гаалийн улсын байцаагч түүний паспортыг хураан авснаас шалтгаалан мэдүүлгийг бүрэн бөглөөгүй (паспортын дугаар, паспортын хүчинтэй хугацаа, олгосон байгууллагын нэр зэргийг паспортоос харж бичих боломжтой), улмаар мэдүүлгийн хуудасны доор “Хэрэв тодруулах зүйл байвал гаалийн байцаагчаас асууж мэдүүлгийг бичих” талаар санамжид бичигдсэний дагуу мэдүүлгийг хэрхэн бичих талаар тухайлбал, тэрээр мөнгөө 2 цүнхэнд хувааж хийсэн байснаа мэдүүлэгт хэрхэн бичихийг гаалийн улсын байцаагчаас асуух, туслалцаа авахыг хүссэн ч хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч мэдүүлгийг хураан авч, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагчид шилжүүлсэн байдаг. Энэ талаар буюу гаалийн мэдүүлэгт Ж-ны гарын үсгийг нь сүүлд нөхөж зуруулсан талаараа хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлснээр энэ нөхцөл байдал тогтоогдсон.
9. Гэтэл давж заалдах шатны шүүх “Ногоон гарцыг сонгосон”, өөрөөр хэлбэл мэдүүлэх эд зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн гэж хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг гуйвуулан буруу дүгнэсэн, ийнхүү нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэснээр хуулийг буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна.
10. Шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримт бөгөөд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр зөрчлийг илрүүлсэн гэх хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон этгээдийг гэрчийн эрх үүргийг тайлбарлан, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулан гэрчээр байцааж тэрээр дээрх байдлын талаар тодорхой мэдүүлсэн. Эндээс гомдол гаргагч нь гаальд мэдүүлэх валют байгааг амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлж дуусаагүй байсан нөхцөл байдал тогтоогдсон байхад “худал мэдүүлсэн” гэж дүгнэсний дээр үйлдлээр мэдүүлэх “улаан, ногоон гарц” хилээр гарах явагчийн талд байхгүй атал “ногоон гарц сонгож гаалийн хяналын бүс рүү нэвтэрсэн” хэмээн ташаа дүгнэснээс хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ.
11. Ийнхүү давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, нотлогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, харин ч хэрэгт байхгүй нөхцөл байдалд дүгнэлт хийсэн нь ЗХХШТХ-д заасан хэргийн нөхцөл байдлыг тогтоох талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Ийнхүү хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргах үндэслэл болсон юм.
12. Шийтгэлийн хуудсаар Жан Зэжунд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т зааснаар “... Гаалийн байгууллагад худал мэдүүлсэн” гэж шийтгэл ногдуулсан. Энэ зүйлд “Зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн эсхүл валютийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
13. Хуулийн энэ заалтаас үзэхэд шийтгэл зөвхөн зөрчилтэй төлбөрийн хэрэгсэлд хамаарна. Ж100,000 юанийг мэдүүлж, харин 110,892 юань, 976 ам.долларыг мэдүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оын 11 дүгээр сарын 25-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Гэтэл гомдол гаргагчийн гаалийн мэдүүлэгт бичсэн болон бичээгүй гэх бүх мөнгийг хурааж, торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ, үүнд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэнтэй холбоотой.
14. Дээр бичигдсэнээр гомдол гаргагч нь бичгээр мэдүүлэхдээ хэдийгээр мэдүүлгээ бүрэн бөглөж дуусаагүй байсан ч гаалийн мэдүүлэгт бичигдсэн үнийн дүнгээр мэдүүлсэн гэж үзвэл, валютыг дутуу мэдүүлсэн буюу үнийн дүнг худлаа гэж үзвэл зөрчилтэй төлбөрийн хэрэгсэл нь түүний дутуу мэдүүлсэн дүнгээр буюу мэдүүлэгт бичигдээгүй дүнгээр байхад мэдүүлсэн болон мэдүүлээгүй бүх валютыг хурааж, тэр дүнгээс торгууль ногдуулсан нь огтоос үндэслэлгүй, үүнийг үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу хэрэглэжээ.
15. Хэрэв гаальд дутуу мэдүүлсэн гэж үзсэн юм бол ямар үндэслэлээр бүх мөнгийг хурааж, үнийн дүнтэй нь тэнцэх мөнгөөр торгох шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй.
16. Хэргийн нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаанаар бүрэн тогтоосон тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэн шийдвэрлэх боломжтой байсан.
17. Иймд ЗХХШТХ-ийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
19. Канад Улсын иргэн Жнь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ-223 рейсийн нислэгээр зорчихоор Чингис Хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ бэлнээр биедээ авч яваа валютыг зорчигчийн барааны гаалийн мэдүүлэгт “100,000 юань” гэж мэдүүлсэн атлаа гаалийн хяналт шалгалтаар нийт 210,892 юань, 976 ам.доллар бэлнээр биедээ авч явсан гаалийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 128 дугаартай “... мэдээлэл хүлээн авсан тухай”, “... зөрчил илрүүлсэн тухай”, “хяналт шалгалт хийсэн тухай”, “хураан авсан эд зүйлийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай” тэмдэглэлүүд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, “... их хэмжээний гадаад валют болох 110,892 юань, 976 ам долларыг дутуу мэдүүлсэн, ... мэдүүлэхээс зайлсхийн улсын хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Канад Улсын иргэн Жан Зэжунд холбогдуулан 1903000184 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
20. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж заасан, түүнчлэн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг /ойлгох/”-оор, 57 дугаар зүйлийн 57.2-т мэдүүлэгчийн үүргийг нарийвчлан заасны дотор гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах, гаалийн мэдүүлгийн маягтыг үнэн зөв бөглөх, мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах үүргийг мэдүүлэгчид хариуцуулсан байх тул Канад Улсын иргэн Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингис Хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийг нэвтрэхдээ биедээ авч явсан 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, тухайн тохиолдолд бэлнээр биедээ авч явсан нийт 210,892 юань, 976 ам.долларын зарим хэсгийг буюу 110,892 юань, 976 ам долларыг мэдүүлээгүй нь дээрх хуулийг зөрчсөн зөрчил мөн болно, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “... гаальд мэдүүлэх валют байгааг амаар мэдүүлсэн, бичгээр мэдүүлж дуусаагүй байсан” гэх зэрэг гомдлыг хүлээж авах боломжгүй.
21. Иймд, Канад Улсын иргэн Ж-ны Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэхээр биедээ авч явсан 110,892 юань, 976 ам долларыг хуульд заасан журмын дагуу гаальд мэдүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т “.../гаалийн байгууллагад/ худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
22. Анхан шатны шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн, “... зорчигчийг мэдүүлэг бөглөхөд туслалцаа зөвлөгөө өгөөгүй, шууд зөрчлийн шинжтэй гэж үзэн хяналт шалгалт явуулсан” гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу болжээ.
23. Харин, хариуцагч гаалийн улсын байцаагч Ж.М 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаартай шийтгэлийн хуудсаар Канад Улсын иргэн Ж-ны гаалийн байгууллагад мэдүүлсэн 100,000 юань, мэдүүлээгүй 110,892 юань, 976 ам долларыг бүхэлд нь хурааж, нийт 210,892 юань, 976 ам.долларын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,567,995.1 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн нь буруу, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т “... зөрчилтэй валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг хурааж, ... зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасантай нийцээгүй гэж үзлээ.
24. Давж заалдах шатны шүүх энэ хуулийн заалтыг маргааны үйл баримтад холбогдуулж, Зөрчлийн тухай хуулийн хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т заасныг тайлбарлан хэрэглээгүй, “зөрчилтэй валют” гэх хуулийн томьёолол, зорчигчийн мэдүүлсэн валютыг ямар учраас зөрчилд тооцсон талаараа тайлбарлаагүй нь буруу байна.
25. Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно” гэж заасан, тухайн тохиолдолд, зөрчилд холбогдогч Жнь зорчигчийн барааны гаалийн мэдүүлэгт “100,000 юань”-ийг бэлнээр биедээ авч яваагаа мэдүүлсэн, уг мэдүүлгийг гаалийн улсын байцаагч хүлээн авсан, анхнаасаа “... их хэмжээний гадаад валют болох 110,892 юань, 976 ам долларыг дутуу мэдүүлсэн” гэх зөрчилд холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, хариуцагч уг үйл баримттай маргаагүй тул Зөрчлийн тухай хуулийн хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т заасан “зөрчилтэй валют” нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй “110,892 юань, 976 ам доллар” байна, харин мэдүүлсэн “100,000 юань”-ийн хувьд зөрчилтэй валют биш, энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
26. Эдгээр үндэслэлээр, гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 241 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0090 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Гаалийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг 100,000 юаньтай тэнцэх хэмжээний валютад ногдох хэсгээр бууруулж, хураасан 100,000 юанийг буцаан олгохыг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Канад Улсын иргэн Ж З-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Канад Улсын иргэн Ж З-д буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА