Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00952

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00952

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01187 дугаар шийдвэртэй

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч И ХХК-д холбогдох

Т ХХК болон И ХХК-уудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээний эрсдэлийн шимтгэлд 72,350,90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөг гаргуулах, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зохигчдын хооронд Банкны баталгааны гэрээний 3.5-д заасныг байгуулсан хүчин төгөлдөр бус тооцуулах, 166,025,639 төгрөгийг хасч тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч, Н.Байгаль, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, Н.Байгаль, Л.Банзрагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: И ХХК нь Т ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 12/17-14 тоот Эх үүсвэргүй банкны баталгааны гэрээ-г байгуулж жилийн 10 хувийн шимтгэлтэй 178,072 ам.долларын баталгааг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 26/1238 тоот албан бичгээр Шанхай констракшн групп ХК-д гаргаж өгсөн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 12/17-61 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан нэрлэн заагдсан эд хөрөнгийг банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, мөн гэрээний 2.2-т зааснаар эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад үлдээсэн байдаг. 54-68УНС улсын дугаартай, Land Cruiser 200, 03-77УНЧ улсын дугаартай, Jeep Grand Cherokee, 12-99УБ улсын дугаартай, авто ачигч, 42-55УБ улсын дугаартай, чулуу бутлагч, 27-12УН улсын дугаартай, авто ачигч, 10-47УБ улсын дугаартай, авто грейдер, 18-99УБ улсын дугаартай, зам индүүдэгч зэрэг тээврийн хэрэгслүүд нь хариуцагчийн бодит эзэмшил ашиглалтад байгаа. Талуудын хооронд байгуулсан Фидуцийн гэрээ-ний 4.1.2-т хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхтэйгээр заасан байх боловч тээврийн хэрэгслүүд нь хариуцагчийн биет эзэмшил, ашиглалтад байгаа учир гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдалтай байна. Т ХХК-ийн зүгээс И ХХК-д эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэлийг төлөх үүргээ хэрэгжүүлэхийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/5188, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/6160, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/542 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн. Хариуцагч И ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдаж банкны зүгээс Шанхай констракшн групп ХК-д банкны баталгаа гаргаж өгсөн өдрөөс эхлэн одоог хүртэл эрсдэлийн шимтгэл болох 72,350.90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, Талуудын хооронд байгуулагдсан дугаартай Банкны баталгааны гэрээ-ний 2.2-т баталгаа гаргасны шимтгэлийг банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу тооцож авна. Эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл жилийн 10 хувь байх ба сар бүрийн 16-ны өдөр 106000047346 тоот дансанд тушаана гэж заасан. Иймд Т ХХК болон И ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/14-14 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу 72,350,90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөгийн шимтгэлийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөмөр, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар нарын тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Т ХХК-тай 12/17-14 тоот Банкны баталгааны гэрээ-г байгуулсан. Үүгээр Шанхай констракшн групп ХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай байгуулсан Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А /К45+000-аас К58-400 хүртэлх/ хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгаа болгож 178,072 ам.долларын баталгааг гаргаж, үнийн дүнгээс 10 хувийн эрсдэлийн шимтгэл төлөх үүргийг манай компани хүлээсэн. Дээрх Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А /К45+000-аас К58-400 хүртэлх/ хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу манай компани нь нийт 1,22,754.75 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн ба үүнтэй холбоотойгоор Шанхай констракшн групп ХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж, холбогдох тайлан актыг үйлдсэн. Үүнээс үзвэл Т ХХК-тай байгуулсан 12/17-14 тоот Банкны баталгааны гэрээ-ний 6.1.1-т ...гэрээнд заасан үүрэг биелэгдэж, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр.... бол гэрээг дуусгавар болно гэж заасан бөгөөд тухайн гэрээний хувьд 178,072 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тайлангаар нотлогдож байна. Түүнчлэн, манай компанийн зүгээс дээрх тайланд дурдсанаар банкны баталгаанд заагдсан үнийн дүнтэй ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор баталгааг цуцлах талаар албан бичгийг Т ХХК болон захиалагч Шанхай констракшн групп ХК руу удаа дараа явуулж байсан. Өөрөөр хэлбэл, Шанхай констракшн групп ХК-иас банкны баталгааг цуцлах тухай албан бичгийг хугацаанд нь хүргүүлээгүй, мөн Банкны баталгааны гэрээ-д зааснаар баталгааг цуцлах нөхцөл бүрдсэн байхад уг эрхээ хэрэгжүүлээгүйд манай компани буруугүй юм. Иймээс Банкны баталгааны гэрээ байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс дээрх тооцоо нийлж, тайлан гаргасан хугацаа болох 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны шимтгэлийг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Шанхай констракшн групп ХК иас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн гэх мэдэгдэл хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдаагүй баримтаар шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

3. Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гантөмөр, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар нарын гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Т ХХК-аас өөрийн үйлчлүүлэгч болон олон нийтэд байнга хэрэглэгдэх урьдчилан тогтоосон нөхцөл бүхий санал болгох гэрээг И ХХК-г зөвшөөрч талууд харилцан итгэлцэж, банкны баталгааны гэрээг үүнтэй холбогдуулан зээлийн эрх нээх гэрээ, фидуцийн гэрээг тус тус байгуулсан байдаг. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээг талууд байгуулсан гэж үзэж байна. Дээрх стандарт нөхцөл бүхий банкны баталгааны гэрээний 3.5-д зааснаар баталгааны хугацаа дууссан боловч үүрэг гүйцэтгэгч банкны баталгааны үндсэн төлбөр, шимтгэлийг төлөөгүй бол гэрээний хугацаа үргэлжлэх агуулгатай тусгаж өгсөн байдаг. Гэтэл гэрээний 2.3-т энэхүү гэрээ нь баталгааг гаргасан өдрөөс баталгааны хүчинтэй хугацаа дуусгавар болох хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө гээд дуусгавар болох хугацааг 2 янзаар тусгасан байдаг. Банкны баталгаа дуусгавар болсон тухай мэдэгдэл үүрэг гүйцэтгүүлэгчээс ирэх юм бол 28 хоногийн дараа гэсэн нэг агуулгатай байна. Гэрээнд заасны дагуу банкны баталгаа гаргах, үүрэг дуусгавар болсон байдал манай компанийн хувьд эрсдэлээ шийдүүлэх хөрөнгө мөнгөний хэрэгцээ байгаа гэсэн агуулгатай байгаа нь банкнаас үйлчилгээ авч байгаа хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм. Банкны баталгааны гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчид И ХХК ажлаа хийж чадахгүй тохиолдолд 178,000 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Шанхай констракшн групп ХХК руу шилжүүлнэ гэж үүрэг хүлээсэн. Үүрэг нь дуусгавар болчихоод байхад шимтгэл тооцох үүрэг нь дуусгавар болохгүй байгаа нь хохиролтой байна. Иймд тухайн гэрээ хэрэгжих хугацааг тодорхойлсон дээр дурдсан гэрээний 3.5-д нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээж авч байгаа И ХХК-д хэт их хохиролтой байгаа нь хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Стандарт нөхцөл бүхий гэрээний утга агуулга ойлгомжгүй байх юм бол тухайн заалтыг санал хүлээн авагч талд ашигтай байдлаар тайлбарлана гэж Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан банкны баталгааны 2.3-т заасны дагуу баталгааны хүчинтэй хугацааг тодорхойлох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. 1,222,754 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар Шанхай констракшн групп ХХК-тай тооцоо нийлсэн. Мөн гэрээний 6.1.1-т зааснаар гэрээнд заасан үүрэг биелэгдэж байж үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байж гэрээ дуусгавар болно гэж байгаа. Зохигчдын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн банкны баталгааны гэрээний 3.5-д Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1, 202.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний тухайн заалтыг хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотой 165,025,639 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Л.Банзрагч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Гэрээний 3.5-д заасныг хүчингүй болгуулах, хэлцлийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж анх сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч тайлбар дээрээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай гэж байна. Сөрөг нэхэмжлэл зөрүүтэй байна гэж харагдаж байна. Гэрээний 6.1.1-т дээрх гэрээнд заасан хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгүүлэгчээс банкны баталгааны дагуу төлбөр нэмсэн шаардлагыг бичгээр ирүүлээгүй бөгөөд гэрээнд заасан үүрэг биелэгдэж гэж байгаа. Баталгаа гаргасан хугацаанд нэр бүхий үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 207 байр, 2 тоот хаягт байрлах 106.37 м.кв 4 өрөө орон сууцыг И ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг банктай барьцааны гэрээ байгуулахдаа эх хувийг нь хүлээлгэж өгнө гэж үүрэг хүлээсэн байж одоо болтол хүлээлгэж өгөөгүй нь энэ лавлагаанаас харагдаж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн яриад байгаа гэрээний 6.1.1-т заасан гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байгаа. Захиалагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ мэдэгдэл нь ирсэн боловч банктай байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Шанхай констракшн ХХК-аас албан бичиг ирэх өдөр хүртэл гэрээний 4.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээний 6.1.1-т нь 2.1 дэх заалттайгаа холбогдохгүй, 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дахь заалтыг зөрчиж байна гэж ярьж байна. Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчсөн, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж, хэлцэл хийсэн бол Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно. Гэвч талууд харилцан тохиролцож, хэрэв та шимтгэлээ хугацаандаа төлөөгүй бол шимтгэл чинь тооцогдоод явна шүү гэдэг үндсэн банкны системийн зарчим үйлчлээд явж байгаа. Энэ нийтэд илэрхий зарчим учраас хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн асуудал биш. Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааныг баримтлан хариуцагч И ХХК-аас 40,173,370.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 166,025,971.25 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг шаардлагаас Батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасныг хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 166,025,971.25 төгрөгийг хасаж тооцох шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч 2014 онд үйлдвэрлэгдсэн, ланд крузер маркийн 54-58 УНС улсын JTBY05JX04073756 арлын дугаартай цагаан өнгийн авто машин, 2012 онд үйлдвэрлэгдсэн JEEP GRAND CHEROKEE маркийн 03-77 УНЧ улсын, IC4RJFBG7CC 277197 арлын дугаартай усан цэнхэр өнгийн суудлын зориулалттай авто машин, 2012 онд үйлдвэрлэгдсэн 19-99 УБ улсын дугаартай, 11202083 арлын дугаартай, шар өнгөтэй ХСМG W500F авто ачигчийн зориулалттай авто ачигч, 2007 онд үйлдвэрлэгдсэн 42-55 УББ улсын, RM 80G00024 арлын шаргал өнгийн RM890 чулуу бутлагчийн зориулалттай чулуу бутлагч, 2013 онд үйлдвэрлэгдсэн 27-12 УН улсын, 1131106 арлын дугаартай шар өнгөтэй ХСМG W500F авто ачигчийн зориулалттай авто ачигч, 2012 онд үйлдвэрлэгдсэн 10-47 УБ улсын, 120117 арлын, шар өнгөтэй GR215 авто грэйдер зориулалттай авто грейдер, 2012 онд үйлдвэрлэгдсэн 18-99 УБ улсын, 3202120263 арлын, шар өнгөтэй XZзам индүүдэгчийн зориулалттай зам индүүдэгч зэрэг 7 нэр төрлийн тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,259,146.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 358,817 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг шаардлагад урьдчилан төлсөн хураамж 2,694,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Т ХХК-аас 988,080 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2021/08638 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1222 дугаар зүйлийн 122.2-т Давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна, 122.3.-д Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Л.Банзрагч нарын давж заалдах гомдлын агуулга: ... Шүүхийн шийдвэр хууль эрх зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. И ХХК, Шанхай констракшн групп ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан Ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцож, 1,222,754.75 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэн тооцоо нийлж, уг замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан гэж үзэж, үүгээр И ХХК-ийн хийж гүйцэтгэх ажил дууссан гэж дүгнэвэл дараах байдлаар тооцооллыг гаргаж шийдвэрлэх нь хууль эрх зүйн үндэслэлтэй байсан. 178,072 ам.доллар 10% = 17,807.2 ам.доллар /жилд/ 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл /2 жил, 6 сар 14 хоног/ хугацаанд 45,225.41 ам.доллар байх тооцоолол гарахаар байтал шүүх дээрх тооцооллыг харгалзаж үзэлгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/17-14 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт ....ажил гүйцэтгэж дууссан тухай мэдэгдэл ирсэн өдрөөс хойш 28 хоногийн хүчинтэй гэж заасныг анхан шатны шүүх харилцан тохиролцсон гэрээ мөн болохыг тогтоож, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн хэлцэл гэж дүгнэсэн боловч хэргийн 12 дугаар хуудаст авагдсан Т ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/542 дугаартай Эрсдэлийн шимтгэл төлөх тухай албан бичигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн. Т ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/542 дугаартай Эрсдэлийн шимтгэл төлөх тухай албан бичигт ... Шанхай констракшн ХХК-аас баталгаа цуцлах мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн бичгээр ирүүлсэн бөгөөд ... гэж тодорхой дурдсан байх бөгөөд тухайн албан бичгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гардан авч тэмдэглэгээ хийснийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн байхад тухайн баримтыг үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн мэдэгдлийг хүлээн аваагүй талаар худал мэдүүлгийг өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 12 дугаар хуудаст авагдсан Т ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04/542 дугаартай Эрсдэлийн шимтгэл төлөх тухай албан бичгээр тус тус нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илтэд худал мэдүүлэг гаргаж байхад шүүх түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийн худал тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцэхгүй болох нь тогтоогдож байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шанхай констракшн ХХК-аас баталгаа цуцлах мэдэгдлийг гаргуулан авах эрх шүүх бүрэлдэхүүнд байсаар байхад хэрэгжүүлж шийдвэрлэж ажиллаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журамд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад сөрөг шаардлагад урьдчилан төлсөн хураамж 2,694,683 төгрөгийг хэвээр үлдээж Т ХХК-аас 988,080 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгосугай гэж заасан байгаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг буюу 166,025,971.25 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг бүхий л талаас үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлээгүй болох нь дээрх тайлбараар хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг бүрэн хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.Нэхэмжлэгч талаас иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчоос гаргах хүсэлт, нотлох байгааг лавлахад нэхэмжлэгчийн зүгээс байхгүй гэх тайлбар хэлсэн. Хэргийн баримт материалтай нэхэмжлэгч тал танилцсан. Танилцах явцдаа нотолгооны хуваарилалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй атлаа шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс хэргийн үйл баримтыг тодруулсан, талуудын хооронд банкны баталгааны гэрээний харилцаа үүссэнг тогтоож, иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглээгүй нь буруу гэх агуулгыг давж заалдах гомдолдоо дурдсан. Уг хуулийн зүйл, заалтыг хэрэглэх эсэх шүүхийн эрх хэмжээний асуудал болохоос биш хэргийн оролцогчоос нотлох баримт дутуу ирүүлсэнтэй холбоотойгоор хуулийн зүйл, заалтыг хэрэглэх хуульд нийцэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянасан болно.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан Т ХХК болон И ХХК-уудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/17-14 дугаар Банкны баталгааны гэрээний эрсдэлийн шимтгэлд 72,350,90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөг гаргуулах, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №12/17-16 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг-ний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч зохигчдын хооронд байгуулсан Банкны баталгааны гэрээ-ний 3.5-д заасныг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 166,025,639 төгрөгийг хасч тооцох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Т ХХК болон И ХХК-уудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12/14-14 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу 72,350,90 ам.доллар буюу 206,199,341.50 төгрөгийн шимтгэлийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд И ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ттай 12/17-14 тоот Банкны баталгааны гэрээ-г байгуулсан. Үүгээр Шанхай констракшн групп ХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай байгуулсан Баянхонгор- Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын 2-А /К45+000-аас К58-400 хүртэлх/ хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх тухай гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгаа болгож 178,072 ам.долларын баталгааг гаргаж, үнийн дүнгээс 10 хувийн эрсдэлийн шимтгэл төлөх үүргийг хүлээсэн байна. /хх.7-8/

6. И ХХК, Шанхай констракшн групп ХХК-уудын хооронд 2016 оны 11 дүгээр сард байгуулсан Ажил гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км б хатуу хучилттай авто замын 2-А хэсгийн барилгын ажлыг туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцож, 1,222,754.75 ам. долларын ажлыг хийж гүйцэтгэн тооцоо нийлж, уг замын барилгын ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогджээ. /1хх.76-93, 153-184, 199-204, 2хх-ийн 141-158/

7. Т ХХК нь И ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №12/17-14 дугаар Банкны баталгааны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр банк үүрэг гүйцэтгэгчийн бүрдүүлсэн баталгааны даалгаврын дагуу 178,072 ам.долларын дүнгээр Шанхай констракшн групп ХХК ажил гүйцэтгэж дууссан тухай мэдэгдэл ирсэн өдрөөс хойш 28 хоногийн хүчинтэй хугацаатай, гүйцэтгэлийн эх үүсвэрийн баталгааг гаргахаар харилцан тохиролцсон байна. /1хх.7-10, 224-226/

8. Уг гэрээний 2.2-т Баталгаа гаргасны шимтгэлийг Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу тооцож авна. Эх үүсвэргүй баталгааны эрсдлийн шимтгэл 10 хувь байх ба сар бүрийн 16-ны өдөр 106000047346 тоот дансанд тушаана гэж, 2.1-т Банк нь үүрэг гүйцэтгэгчийн бүрдүүлсэн баталгааны даалгаврын дагуу 178,072 ам.долларын дүнгээр Shanghai construction group CO.LTD-д ажил гүйцэтгэж дууссан тухай мэдэгдэл ирсэн өдрөөс хойш 28 хоногийн хүчинтэй хугацаатай, гүйцэтгэлийн эх үүсвэргүй банкны баталгаа гаргана гэж тус тус заажээ.

9. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банканд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна.

10. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт .... нэхэмжлэгч талаас Банкны баталгааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Шанхай констракшн групп ХХК-иас Танд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Мэдэгдэл-ийг банканд ирүүлсэн тул хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж байна гэж, хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн шаардах эрхгүй гэж тус тус тайлбар гарган маргажээ.

11. Нэхэмжлэгч нь Банкны баталгааны гэрээ-ний 2.1-т заасны дагуу Шанхай констракшн групп ХХК-д Т ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл ирүүлсэн гэсэн тайлбар гаргажээ. Гэрээний 2.1-д зааснаас үзвэл шаардлага гаргах урьдчилсан нөхцөл нь мэдэгдэл ирсэн байх үндэслэл болно.

12. Шанхай констракшн групп ХХК-аас ирсэн гэх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мэдэгдэл нь хэрэгт авагдаагүй, шүүх хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн шийдвэр гаргах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн тайлбар нотолгооны хэрэгслээр нотлогдохгүй байгаа тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр эрсдлийн шимтгэлийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

13. Шанхай констракшн групп ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Танд ирүүлсэн гэх Мэдэгдэл-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй хэдий ч хариуцагч И ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 40,173,370 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүх уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

14. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 12/17-14 дугаар Батлан даалтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.5-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 166,025,971.25 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 988,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО